Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

Алекс Ким: Хэлийг хэрэглээ талаас нь биш боловсрол талаас нь эзэмш

Чөлөөт булан | 2017-01-02

Алекс Ким: Хэлийг хэрэглээ талаас нь биш боловсрол талаас нь эзэмш

Монгол залуус гадаадын шилдэг их, дээд сургуульд элсэн суралцах, олон улсын зах зээлд мэргэжлээрээ ажиллахад нэн тэргүүнд хэлний бэрхшээл тулгардаг. Юуны өмнө олон улсын түвшин тогтоох шалгалт болох IELTS, TOEFL-д бэлдэхэд тэдэнд багагүй бэрхшээл тулгардаг бөгөөд хэд хэдэн удаа шалгалт өгсөн ч хүссэн оноогоо авч чадахгүй байх нь бий. Иймээс бид энэ удаагийн зочноор TESOL зэрэгтэй, англи хэлний мэргэшсэн багш А.Нямдорж буюу Алекс Кимийг урьсан юм. 

Сурагч байхдаа зуны амралтаараа жуулчдад зураг худалдаж, хөтөч, орчуулагчаар ажиллаж явсан тэрээр хэл сурахын тулд ямар нэгэн сургалтад сууж байгаагүй ажээ. Ингээд гадаад хэлийг шимтэн суралцагч хүн бүхэнд зориулсан сонирхолтой ярилцлагыг та бүхэнд хүргэж байна. 

I. ХЭЛ СУРНА ГЭДЭГ ЕРӨӨСӨӨ Л ЦАГ ЗАРЦУУЛАХЫН НЭР ЮМ ШҮҮ ДЭЭ. ҮҮНЭЭС ӨӨР ХЯЛБАР, ДӨТ ЗАМ ГЭЖ БАЙХГҮЙ

Алекс Ким: Хэлийг хэрэглээ талаас нь биш боловсрол талаас нь эзэмш

-Зөвхөн гадаад хэл гэлтгүй, аливаа зүйлийг сурахад хүн бүхэнд өөрийн гэсэн өвөрмөц арга барил байдаг шүү дээ. Таны хувьд гадаад хэлийг өөриймшүүлэхэд хамгийн их түлхэц болсон арга, зуршил юу байсан бэ?

Манай ээж их ухаалаг, түшигтэй хүн бий. Миний хамгийн сайн зөвлөгч. Ээж намайг тавдугаар ангид байхад төрсөн өдрөөр минь англи хэлний толь бичиг, хэтэвч бэлэглэж байсан юм. Янз бүрийн жижиг сэдвүүдийг англиар нь хуулж бичээд, дараа нь орчуулаад, шинэ үгийг нь галиглаж бичдэг байлаа. Тухайн үед өдөрт нэг сэдэв орчуулах зорилт тавьж юмаа хийдэг байсан. Орчуулга сайн хийгээд ирэхээр үгийн баялаг сайжраад зогсохгүй тухайн хэлний бүтцийг зөв эзэмшихэд сайнаар нөлөөлдөг. Гол нь би өөрөө англи хэлэнд тун дуртай байсан учраас шөнөжингөө сууж хичээллэх үе цөөнгүй байлаа. Хэл сурахад хамгийн их нөлөөлсөн эхний зуршил маань энэ байх.

Англи хэлийг эх хэл шигээ сурсан нууц бол ердөө байнгын бэлтгэл юм

Үүнээс гадна зургаадугаар ангийн сурагч байхдаа Гандан, Сүхбаатарын талбай дээр гадны жуулчдад зураг зардаг байлаа. Ингэж явахдаа англиар өөрийгөө илэрхийлэх, гадаад хүмүүстэй харилцах чадварт суралцаж эхэлсэн. 7-р ангид ороод уран зохиолын ном уншиж эхэлсэн. Ер нь миний хувьд зав л гарвал ном уншдаг, номоос кайф авдаг хүүхэд байлаа. Одоо ч цаг гаргаж ном уншдаг. Тухайн үед уншсан номынхоо дагуу тэмдэглэл хийж бараг 20,30-аад дэвтэр дуусгаж байсан.

Ингээд тасралтгүй хоёр, гурван жил орчуулга хийж, ном уншсаны хүчинд үгийн баялаг маань эрс дээшилж, том том уран зохиолын номуудыг уншаад ойлгох хэмжээнд хүрсэн байсан. Англи хэлийг сайн эзэмшсэн ихэнх хүмүүсийг ажиглаад байхад Бүгд л УНШИЖ СУРСАН байдаг. Уран зохиолын ном уншиж хэл сурна гэдэг бол хамгийн ТОХИРОМЖТОЙ АРГА гэж би хувьдаа боддог. Хэл сурах тухай олон зөвлөгөө, арга байдаг ч үүний дотроос зөв уншлага хийнэ гэдэг тухайн хэлийг сайн сурах хамгийн үр дүнтэй аргын нэг юм. Нөгөөтэйгүүр зөв уншаад сурчихвал эргээд амьдралд олон талаар үр өгөөжөө өгдөг. 

Эндээс харахаар хэл сурна гэдэг ерөөсөө л цаг зарцуулахын нэр юм шүү дээ. Үүнээс өөр хялбар, дөт зам гэж үгүй. Англи хэлийг эх хэл шигээ сурсан нууц бол ердөө байнгын бэлтгэл юм.

 

 

-Англи хэлээ сайжруулахын тулд бид яах ёстой вэ?

-Би хувьдаа англи хэлний дүрмийг оюутнууддаа хоёр янзаар хуваан тайлбарлаж өгдөг. “Unnaturally” болон “Naturally” дүрэм гэж хуваадаг. Unnaturally дүрэм гэхээр бидний сайн мэдэх дүрмийн ном дээрх хэл сурч буй хүмүүст зориулсан жишээ өгүүлбэр дээр тулгуурлаж тайлбарласан дүрмүүд юм. Жишээ нь: Петр эмнэлэгт ажилладаг. Алекс бол эмч юм гэх мэт.

Иймэрхүү дүрмээр явсаар байвал англи хэлний хэрэглээ дунд шатаас ахихгүй, өөрийн санааг аман болон бичгийн хэлээр илэрхийлэхдээ хязгаарлагдмал болно гэсэн үг. Хэл сурч байгаа хүн энэ байдалдаа анализ хийхгүй бол 5-10 жил ч шат ахихгүй байх аюултай. Үр дүнд нь өөрийн итгэлийг алдаж мөн бусдад ч буруу үлгэр дуурайлал болдог.

Хоёр дахь ангилал буюу Naturally дүрэм гэдэг нь англи хэл дээр ном унших, кино үзэх, дууны үг буюу шүлэг сонсох гэх мэт аргаар хэлээ сайжруулахыг хэлж байгаа юм. Эдгээр арга нь хүний хэлний хэрэглээг илүү утга төгөлдөр болгодог бөгөөд хамгийн гол нь сэтгэхүй гэдэг зүйлийг сайн суулгаж өгдөг. Ном уншаад ирэхээр өмнө нь дутуу гаргадаг байсан санаагаа ийм бүтэц ашиглаад илэрхийлж болох юм байна шүү дээ гэх мэтээр хэрэглээний чадвараа дээшлүүлж эхэлдэг.

Англи хэлийг сайн сурсан хүмүүсийн олонхи нь САЙН УНШИГЧИД байдаг

Учир нь тухайн номыг унаган англи хэлтэй эсвэл түүнтэй дүйхүйц хэмжээний хэлний мэдлэгтэй хүн бичсэн байдаг. Ялангуяа сайн номноос санаа хоорондын холболт, дүр илэрхийлэх, нийгмийн байдлыг илэрхийлсэн дүрслэл зэрэг хэл сурч буй хүнд асар хэрэгтэй ойлголтуудыг өгч чаддаг.

Мөн кино үзсэнээр ярианы чадвар, сонсголыг сайжруулахад их тустай.  Тухайлбал, хэл сурч байгаа хүнд жинхэнэ орчныг мэдрүүлээд зогсохгүй унаган англи хэлтэй хүмүүсийн ярианы хурдыг барьж авах, өдөр тутмын хэрэглээний үг хэллэгийг төвөггүй тогтоох гэх мэт давуу талтай. Ялангуяа Монголд хэл сурах орчинг бүрдүүлэх хэцүү тул кино үзэх нь өөрт хийж буй хөрөнгө оруулалт болно.

Эндээс юуг ойлгож болох вэ гэвэл, Unnaturally дүрмээр хэтэрхий их яваад байвал практик хэрэглээ дутагдахын сацуу түвшин ахидаггүй. Эсрэгээрээ дан ганц Naturally дүрмийг голлоод байвал онолын мэдлэг үгүйлэгддэг. Иймээс дээрх хоёр дүрмийг ХОСЛУУЛАХ нь хамгийн тохиромжтой.

Зорилтот ажлаа дуусгаагүй байж өөр зүйл эхлээд байвал амьдрал дутуу ажил, сэтгэл гутралаар дүүрнэ шүү дээ

-Та өмнө нь баклаврын зэргээ хамгаалахаар Монголд суралцаж байхдаа англи хэлийг заах арга зүйгээр магистр хамгаалсан гэж сонссон. Ер нь яагаад англи хэлний багш гэдэг мэргэжлийг сонгосон юм бэ?

-Тийм ээ,баклавраар эхний жил суралцаж байхдаа Кембриджийн Их Сургуулиас англи хэлийг олон улсад заах эрх буюу CELTA, DELTA зэргийг авсан. Уг хоёр зэрэг нь англи хэлний багш нарын хувьд нэлээд хүнд даваа байдаг. Голчлон Европ, Латин Америк гэх мэт улсуудад англи хэл заахад шаарддаг зэрэг юм. Үүний дараа Английн Йоркийн Их сургуульд англи хэлийг хоёрдогч хэл болгон заах чиглэлээр (TESOL) Боловсролын магистрийн зэргээ хамгаалсан. Учир нь Америк, Англид TESOL зэрэгтэй багш нар л хичээл заах эрхтэй байдаг. Энэ хугацаанд олон ч газар ажиллаж, олон ч шавьтай болсон төдийгүй мэргэжлийн хүрээнд танигдаж, багагүй туршлага хуримтлуулсан.

Мэргэжил сонголтын хувьд өөрийн авьяасыг олж харсан болохоор сонгосон гэж боддог. Хүмүүсийн хүслийг бодит болгох, үүгээр дамжуулж олон олон шинэ боломжуудыг илрүүлэх гэх мэт өргөн хүрээгээр харж, миний чадах зүйл энэ юм байна гэдгийг ойлгосон. Миний мэргэжил ажил биш хобби учраас юу юунаас илүү мэргэжилдээ хайртай. Мөн энэ боломжийг ашиглаад үргэлж миний талд бат зогсдог, дутуу байхад бүрэн болгодог, хальж явахад тэгш болгодог дотны найз Жон болон үе үеийн шавь нартаа талархаж, бахархаж явдагаа хэлмээр байна.

Алекс Ким: Хэлийг хэрэглээ талаас нь биш боловсрол талаас нь эзэмш

-IBT-TOEFL-ийн бичих хэсгийн хянагч багшаар ажилладаг бас IELTS-ийн шалгалтын албан ёсны бэлтгэгч багш гэдгээр тань мэдэх хүмүүс цөөнгүй бий. Та одоо ямар ажил дээр  төвлөрч ажиллаж байгаа вэ?

-Надад IELTS-ийн шалгагч багш болох уу эсвэл IBT TOEFL-ийн шалгагч багш болох уу гэдэг хоёр сонголт гарч ирсэн. Тухайн үед англи хэлийг заах эрхээ авчихсан байсан бөгөөд IBT TOEFL-ийн 117 оноо, IELTS-ийн 9 оноотой байсан. Гэтэл мэргэжил нэгт багш Сандро маань IBT TOEFL-ийн шалгагч болохыг зөвлөж би ч цаашдын карьерийг бодож IBT TOEFL-ийн шалгагч багш болохоор шийдсэн. Сандро багш энэ салбарт 1984 оноос хойш өнөөг хүртэл ажиллаж байгаа туршлагатай мэргэжилтэн юм л даа. Би нэг салбартаа үнэнч, тууштай ажиллаж буй хүмүүсээр их бахархдаг учраас уг багшийн саналыг хүндэтгэж үзээд, сонголтоо хийсэн.

IBT TOEFL-ийн  шалгагч багшаар өмнө нь хоёр ч удаа ажиллаж байгаад ажлын ачааллаас болоод түр завсарласан. Энэ ажилд долоо хоногт нийтдээ 52 цаг зарцуулж, нэлээд ачаалттай ажилладаг. Харин 2016 оны гуравдугаар сараас ихэнх цагаа “IELTS Friend” гээд өөрийн номын төсөл дээр ажиллахад зарцуулж байна. Энэ номыг академик IELTS-ийн шалгалтанд бэлдэж буй хүмүүст зориулсан бөгөөд шалгалтын бичих, унших гэсэн хоёр хэсэгт түлхүү анхаарсан. Контентын агуулга, жишээ гаргах, сурагчдад туршиж үзэх гэх мэт зүйл дээр голлон ажиллаж байна даа.

-Танаас ярилцлага авах гээд бараг хоёр долоо хоногийн өмнөөс асуухад ихэнх ажлаа төлөвлөчихсөн гэж байсан. Нэлээд завгүй, шахуу хуваарьтай ажилладаг юм шиг санагдсан. Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Ажлын нэг өдөр хаана, аль улсад байгаагаас хамаарч өөр өөр байдаг. Энд ерөнхийдөө өглөө 5 цагт босоод хоёр аяга цэвэр ус ууснаар өдрийг эхлүүлдэг дээ. Олон цагаар тасралтгүй суудаг, бичиж төлөвлөх зүйл ихтэй учраас фитнесст явах, эрүүл амьдралын зуршлуудаас хэрэгжүүлэхдээ маруухан. /инээв/

Үдээс өмнө тухайн өдөр хийх ёстой үндсэн ажлынхаа 50 хувийг амжуулдаг

Дараа нь 5-5.30 цагийн хооронд өдөр хийх ажлын төлөвлөгөөгөө гаргана. Долоо хоногийн, сарын, жилийн төлөвлөгөө гэж тус тусад нь гаргадаг. Ингээд 5.30-10.30 цагийн хооронд тухайн өдөр хийх ёстой ажлынхаа 50 хувийг хийж дуусгадаг. 11-15 цагийн хооронд гадуур хүмүүстэй уулзах, номын шинэ бүлгийг шивж оруулах, өгүүлэл бичихэд зориулдаг. 16-20 цагийн хооронд номын төслийнхөө хүрээнд ажилладаг. Үндсэн ажил маань ерөнхийдөө 21 цагт дуусдаг.

Мөн унших нь өдрийн төлөвлөгөөнд заавал багтдаг, нэг зуршил болж хувирсан гэж хэлж болно. Яг л зарим хүмүүс Солонгосын олон ангит кино үзэх дуртай байдаг шиг. Миний хувьд оройны 23 цагаас 01.00 цагийн хооронд уран зохиолын ном, сүүлд гарсан мэргэжлийн холбогдолтой ном өгүүлэл унших, интернэтээс сүүлийн үеийн мэдээ мэдээлэл зэргийг авахад зарцуулдаг. Нийт 4-5 цагийг унтахад зарцуулдаг. Хийж байгаа ажлаа бүрэн дуусгаж байж дараагийн ажил руугаа шилждэг зантай хүн учраас зарим тохиолдолд бүтэн өдөржингөө ажлаа хийгээд суух үе ч бий.

Зорилгодоо тааруулсан иймэрхүү хуваарийг амьдралдаа хэвшүүлчихвэл аяндаа цаг гэдэг зүйлийг хайрлаад ирдэг юм байна лээ.Одоо бол ямарч гоё кино эхлүүлсэн дээд тал нь 15 минут үзээд л дуусгаж чадалгүй өөр зүйл хийдэг болсон. Хааяа нэг чухал өдрүүд, үйл явдалд цаг гаргалгүй яахав ээ. Гэхдээ залуу хүн учраас өөрийгөө таних, сорих, хөгжүүлэх гэх мэт зүйлсэд аль болох цагаа ухаалгаар зарцуулахыг хичээж байна. 

Олон улсын тавцанд гарч ажиллахаас урьтаж өөрийн зорилгодоо таарсан тэвчээртэй байх ёстой. Эхлүүлсэн ажлаа дуусгаж, эцсийг нь үздэг байх нь юу юунаас илүү чухал

-Олон ажлыг зэрэг амжуулж чаддаг, амжилттай хүмүүсийг хараад байхад тодорхой нэг зуршлыг амьдралдаа дадал болгосон байдаг. Таны хувьд?

-Өдөр бүрийг хамгийн үр бүтээлтэйгээр өнгөрүүлэх нь миний чухалчилдаг зарчмуудын нэг. Хэтийн зорилгодоо хүрэхийн тулд өнөөдрийг өөрийн хэмжээнд хамгийн үр дүнтэйгээр өнгөрүүлснээр би ирээдүйд хэн болох, ямар үр дүнд хүрэх вэ гэдгээ бодитойгоор тодорхойлж чадна. Жишээ нь, Чи хүнд өвдсөн байлаа гэж бодоход ядаж англи номынхоо нэг хуудсыг гүйлгээд харчих хэрэгтэй. Огт юм хийхгүй байхаас л дээр шүү дээ.

Чанар гэдэг зүйлийг ч мартаж болохгүй. Хэл сурч байхад ганц үг гэж гололгүй цээжлээд байвал хэзээ нэг өдөр хангалттай үгийн баялагтай болсон байх вий. Ямар ч хэлийг сурах үйл явц удаан байдгийг санаж, өөрийн ЖИНХЭНЭ ИТГЭЛИЙГ алдахгүй байх нь л чухал.

Хоёрдугаарт, би тэмдэглэл хөтлөхийг амьдралынхаа салшгүй зуршил болгосон. Унтахынхаа өмнө тухайн өдөр болсон бүх процессийг бичиж тэмдэглэдэг. Үүнд хийж буй ажил, намайг тойрон хүрээлж байгаа хүмүүс, хийж амжуулсан зүйл, дуусгаагүй ажил гээд бүгдийг бичдэг. Тэмдэглэл хөтлөх нь олон талаар ашигтай. Дараа нь уншихад хийж буй ажлынхаа явцыг мэднэ, удаашралтай байвал сайжруулах гарцыг эрэлхийлнэ. Мөн өөрийн болж бүтэхгүй байгаа зан чанарыг мэдэхэд дэмтэй. Өөртөө дүгнэлт хийнэ гэдэг бас л нэг үр дүнтэй арга.

Нөгөөтэйгүүр хүмүүсийг танихад их тус болдог шүү. Тэмдэглэлээ гурав юм уу зургаан сарын дараа уншихад ам, ажил нь зөрсөн, итгэл эвдсэн, сөрөг бодолтой хүмүүсийг дорхноо таньж болдог. Тухай бүртээ бичиж тэмдэглээд, анализ хийгээд явбал дараа нь том эрсдэл хүлээхээс өөрийгөө хамгаалах боломжтой. Юм болгоныг заавал алдаж байж онох ёстой биш шүү дээ. Өөрийн зорилгод хэрэгтэй, үргэлж дэмждэг, хэцүү үед тусалдаг хүмүүсийг эрт таньж, асуудлыг хамтран шийдэх нь амжилтад хүрэх замыг хоёр дахин хурдасгадаг.

-Бидний үеийн залуусыг ажиглаад байхад юмыг ихэвчлэн ерөнхий байдлаар төлөвлөдөг, тэр бүр цаасан дээр буулгах нь бага юм шиг санагддаг л даа. Гэтэл бичих, бодох хоёр асар их ялгаатай шүү дээ. Тэгэхээр таны ярианаас зорилгодоо хүрэхийн тулд өдөр бүр бичээд, үр дүнг нь хянаад явах нь хамгийн үр дүнтэй юм байна гэж ойлголоо.

-Тийм шүү. Англи хэл сурах процесс дээр ч гэсэн энэ аргыг хэрэглэж болно.

-Монгол багш анх удаа академик IELTS-ийн шалгалтанд бэлдэж буй хүмүүст зориулсан ном гаргах гэж байгаад баяртай байна. Номынхоо тухай дэлгэрүүлж яривал?

-Ном маань 2017 оны IV ээлжинд хэвлэгдээд гарчих байх. IBT TOEFL болон IELTS-ийн шалгагч багш нараас зөвлөгөө авч, хамтарч ажиллаж байгаа. Номын хувьд IELTS-ийн шалгалтын бичих, унших гэсэн хоёр хэсэгт хуваагдаж байна. Бичгийн хэсгийн I, II-р даалгаврын заавар, зөвлөмж мөн 5-8 онооны түвшинд бичигдсэн 300-гаад жинжэнэ шалгалтын эссэ багтсан. Үүнээс 7,8 онооны эссэнүүд нь жинхэнэ IELTS-ийн багшаар шалгагдсан учраас IELTS-ийн бичгийн хэсэгт тааруухан оноо аваад байдаг хүмүүст том тус болох болов уу. Мэдээж IELTS-ийн шалгалтанд бэлтгэдэг багш нарт хэрэгтэй гарын авлага болох байх.

Хэлийг хэрэглээ талаас нь биш боловсрол талаас нь эзэмших хэрэгтэй

Унших хэсэг нь нийт 4 бүлгээс бүрдэж байгаа. Үүнд: Олон сонголттой асуултанд амжилттай хариулах, эргэлзээтэй асуултыг яаж хийх, идэвхгүй үгсийн сан буюу түгээмэл хэрэглэгддэггүй академик үгсийн сан сайжруулах, оноогоо сайжруулах гэх мэт контент тусгагдсан. Ерөнхийдөө IELTS-ийн шалгалтын бичих болон унших хэсэгт 7 оноонд зорьж буй хүмүүст зориулагдсан.

II. ХЭЛНИЙ ЧАДВАРАА ДЭЭШЛҮҮЛЭХ БУЮУ ТҮВШИН НЭМЭХИЙГ АКАДЕМИК АНГЛИ ХЭЛНИЙ ЧАДВАРТАЙ ХОЛЬЖ ОЙЛГОДОГ

 

 

-Бидний ярианы сэдэв англи хэл дээр төвлөрч байгаа учраас ярилцлагынхаа дараагийн хэсэгт академик англи хэлний тухай хөндөх нь зүйтэй байх. 2000 он гарснаас хойш дэлхийн хэмжээнд академик түвшний англи хэлний хэрэгцээ, шаардлага эрс нэмэгдсэн. Үүнийг дагаад тодорхой стандартууд гарч, IELTS, TOEFL гэх мэт олон улсын түвшин тогтоох шалгалтууд ч боловсронгуй болж байна. Тэгвэл академик англи хэл гэж чухам юу вэ?

-Академик англи хэл гэдэг бол үндсэндээ англи хэлний боловсрол юм. Нийтэд ойлгомжтой тайлбарлахын тулд иймэрхүү байдлаар тайлбар хийе. Бид хэлний чадвараа дээшлүүлэх буюу түвшин нэмэхийг академик англи хэлний чадвартай хольж ойлгоод байдаг. Хэлний чадвар /Language skill/ ба академик чадвар /Academic skill/ гэсэн хоёр ойлголт дараахь зүйлсээр ялгаатай.

Англи хэл гэдгийг зөвхөн дүрэм, үгсийн сангаар төсөөлдөгөө болих хэрэгтэй. Бусад нарийн детал зүйлсийг мэдэж л байж IELTS, IBT TOEFL-ийн бодит өндөр оноонд хүрнэ.

Хэлний чадварт: дүрэм /grammar/; үгсийн сан /vocabulary/, үсэглэх /spelling/, дуудлага /pronunciation/, цэг таслал тэмдэгийг ашиглах /punctuation/, үг үсгийг том жижгээр эхлэх /captilization/ гэх мэт чадварууд ордог.

Эдгээр чадварууд нь Европын сүлжээгээр:

  • A1 /эхлэн суралцагч/
  • A2 /анхан шат/
  • B1 /дунд шат/
  • B2 /ахисан дунд шат/
  • C1 /гүнзгий шат/
  • C2 /ахисан гүнзгий/ гэх мэт түвшингээр хэмжигдэнэ. Үүнийг ХЭЛНИЙ ТҮВШИН НЭМЭХ гэж хэлээд байгаа юм. Нэг түвшин ахихад стандарт цагаар 2 сар хэрэгтэй.

Харин академик англи хэлний тухайд:

  • Skimming буюу гүйлгэж унших
  • Scaning буюу сонгож унших
  • Skipping буюу өөрийн зорилгод тааруулан мэдээллийг алгасч унших
  • Summarizing буюу товч дүгнэлт хийх
  • Synthesizing буюу нэгтгэн дүгнэх, анализ хийх
  • Paraphrasing буюу өөрийн үгээр найруулан бичих
  • Notetaking буюу тэмдэглэл хийх
  • Keyboarding буюу компьютер дээр шивэх гэсэн чадварууд ордог.

Академик чадварууд маань англи хэлийг хэр сайн хэрэглэдэг вэ гэдгээр хэмжигддэг. Тэгэхээр чи гүнзгий түвшин байлаа гээд англи хэлийг сайн эзэмшчихлээ гэсэн үг огт биш юм. Цаг хугацаа зарцуулж байж л сайн эзэмшинэ, сайн хэрэглэгч болно. Товчхондоо бол тухайн хүний хэлний чадвар хэчнээн сайн байсан ч академик англи хэлний чадвар нь тааруу бол TOEFL, IELTS-ийн даалгаврыг амжилттай гүйцэтгэж чадахгүй, цаашлаад гадны их сургуулиудад сурах боломжгүй гэсэн үг.

Академик түвшний чадвар гэдэг нь тухайн хүн англи хэлийг хэр сайн хэрэглэдэг вэ гэсэн шалгуураар хэмжигдэнэ

Тухайлбал, лекцийг тэмдэглэх чадвар, өгөгдсөн даалгаварт тааруулна эссэ бичих, олон төрлийн ялгаатай мэдээллийг нэгтэж өөрийн үгээр найруулна бичих зэрэгт дээр дурьдсан академик чадварууд цөм хэрэгтэй юм.

Академик англи хэлэнд олон үг цээжилсэн, дүрмээ сайн мэддэг байх нь хангалтгүй.Жишээ авъя л даа. Академик IELTS-ийн шалгалтын унших хэсэгт их дээд сургууль, коллежид үздэг сурах бичгүүдээс түүвэрлэн авсан гурван том хэмжээний сэдэв байх ба 60 минутын дотор эдгээр даалгаварыг хийх ёстой. 2150-2750 үгтэйтекстийн ихэнх хувийг академик түвшиний үг хэллэг бүрдүүлдэг.

Нэг хэсэгт дунджаар 20 минут зарцуулна гэсэн үг. Өгөгдсөн текстийг дээрх хугацаанд багтааж бүгдийг нь уншина гэвэл яавч цагтаа амжихгүй.Тиймээс шалгалтаа амжилттай давахын тулд бидэнд дээр дурьдсан Skimming, Scaning, Skipping гэх мэт чадварууд хэрэг болж байгаа юм.  Түүнчлэн Англи, Америкийн их сургуулиудад хичээл дээр ч тэр бие даалт ч тэр судалгаа шинжилгээ голдуу хийх тул найруулан бичих, уншихтай холбоотой академик чадваруудыг маш сайн хөгжүүлэх хэрэгтэй. Хэлний чавдар сайн байлаа гээд гадаадад амжилттай сурч чадна гэсэн үг биш.

-Ихэнх залуус хэлний чадвараа хангалттай хэмжээнд дээшлүүлээгүй байж IELTS, TOEFL-ийн шалгалтанд бэлдэх гэж яардаг нь буруу юм шиг санагддаг?

Би шавь нартаа байнга хэлдэг үг бий. “Бүү яар” гэж. Гадаадад сурах мөрөөдөл, IELTS/TOEFL-ийн шалгалт, англи хэл сурах гэдэг бүгд цогц ойлголт юм. Эхлээд  англи хэлний түвшингээ гүнзгий шатанд хүргэж байж дараа нь IELTS/TOEFL-ийн шалгалтанд бэлтгэх хэрэгтэй. Учир нь шалгалтын оноо чиний түвшингээс шууд шалтгаалдаг.

Хэл сурч байгаа хүмүүс зөв арга барилаа олон олтол тууштай нэг замаар явах ёстой

Жишээ нь, IELTS 7 оноо, IBT TOEFL 94 оноог C1 буюу гүнзгий шатны мэдлэгтэй байж авна гэсэн үг. Гүнзгий шатны мэдлэгтэй дээрээс нь академик чадваруудыг /стратеги, тактик/ эзэмшиж байж дээрх оноог авна.

Гадаадад сурах хамгийн эхний даваа буюу хэлний оноогоо авсаны дараа гадны их сургууль руу тэтгэлэг хүссэн өргөдөл илгээх гэх мэт алхмууд явагддаг. Гэхдээ энэ хооронд хийгдэх алхамууд, үйл явц бас л төвөгтэй.

Алекс Ким: Хэлийг хэрэглээ талаас нь биш боловсрол талаас нь эзэмш

Шилдэг, сайн гэсэн тодотголтой их сургуульд сурна гэдэг бас л амаргүй даваа. Одоо яая гэхэв зорилго, мөрөөдөл чинь чамаас ийм л цаг хугацаа, хичээл зүтгэл, хатуужлыг шаардаж байна. Тиймээс чи англи хэлийг сурахаар шийдсэн бол, IELTS/TOEFL-ийн шалгалтанд бэлтгэхээр санаа шулуудсан бол, гадаадад сурах хүсэлтэй бол эдгээр зүйлсийг бүгдийг нь хооронд холбо гэж зөвлөмөөр байна.

Нэгэнт англи хэл сурахын тулд сэтгэл зүй, цаг хугацаа, санхүүгээ зориулсан бол нэг сумаар хоёр туулай гэдэг шиг эх орондоо байхдаа сайн бичээд, сайн уншаад сурчих хэрэгтэй. Хэлний шалгалт бол зөвхөн л эхний даваа юм. Жинхэнэ даваанууд их сургуульд л эхэлдэг.

IELTS-ийн бичих хэсгийн 1, 2-р даалгаврыг бэлдэнэ гэдэг давхар их сургуульд хэрэгтэй чадвараа эзэмшиж байнаа гэсэн үг. Иймээс IELTS/IBT TOEFL-д бэлдэнэ гэдэг нь бидэнд олдож буй давуу тал юм.

-Эдгээр шалгалтанд ямархуу байдлаар өөрийнхөө сэтгэл зүйг бэлтгэвэл өндөр оноо авах боломжтой вэ? Та эдгээр шалгалтыг өгөөд амжилттай давсан хүний хуьд зөвлөгөө өгнө үү?

-Манай ихэнх залуус IBT TOEFL юмуу IELTS зэрэг олон улсын англи хэлний түвшин тогтоох шалгалтыг нэг, хоёр өгөөд хүссэн оноогоо авч чадахгүй байх тохиолдол түгээмэл. Миний хувьд PBT TOEFL-ийг гурван удаа, IBT TOEFL-ийг хоёр удаа өгч байж хүссэн оноондоо хүрсэн.

Ер нь өндөр оноо авч байгаа хүмүүсийг ажиглаад байхад хоёр янзын хүмүүс байдаг. Нэгдүгээрт, гадаадад олон жил амьдарсан, ахлах сургуулиа дүүргэсэн англи хэлний суурь мэдлэг сайтай хүмүүс байдаг. Хоёрдугаарт, амьдралынхаа зорилгыг бүрэн ухамсарласан хүмүүс байдаг. Харин залуус хэн нэг хүнийг шалгалтанд өндөр оноо авсан гэхээр хамгийн түрүүнд “Яаж бэлдсэн бэ, ямар сурах бичиг хэрэглэсэн бэ, ямар сургалтын төвд суусан бэ” гэж их асуудаг. Тухайн хүн ямархуу их хүч хөдөлмөр гаргасан эсвэл хэр суурь сайтай вэ гэдгийг нь огт сонирхдоггүй. Үр дүнд нь ингэж асуусан хүний итгэл, хүч хөдөлмөр талаар болдог. Юу ч бүтэхгүй. Бодит байдал дээр та хэл сурах зорилгоо гүйцэт ухамсарлаагүй бол мянган шилдэг зөвлөгөө сонсоод, мянга оролдлого хийгээд ч бодитой үр дүнд хүрч чадахгүй. Тэдгээр зөвлөгөөнүүд зөвхөн зорилгоо жинхэнээсээ ойлгосон хүнд л хэрэгждэг.

Зорилгоо бүрэн ухамсарласан,өөртөө бүрэн итгэсэн хүнээс л жинхэнэ ХҮЧ, ХӨДӨЛМӨР гардаг. Зорилгоо ухамсарлаагүй бол мянган шилдэг зөвлөгөө сонсоод, мянга оролдоод БОДИТОЙ үр дүнд хүрч чадахгүй

-Гадаад хэлийг бие дааж суралцах чадвар хүн бүрт харилцан адилгүй. Заримдаа мэргэжлийн хүнээс, багшаас, сургалтын төвөөс чиглэл, сурах арга барил олж авах шаардлагатай байдаг. Тэгвэл өөрт хэрэгтэй чиглэл өгч чадахаар сургалтын төвийг яаж олох уу? Ямар шалгуур тавих нь зүйтэй вэ?

-Англи хэлний сургалт хайж байгаа бол сургалтын төвийн нэрнээс илүү багшлах боловсон хүчин маш чухал. Үүний зэрэгцээ би бэлэн билүү гээд өөрөөсөө асуугаад үзэх хэрэгтэй. Англи хэлний чадварыг эзэмшихэд англи хэлний мэргэшсэн багшаар заалгах эсвэл цаг хугацаа, хүч хөдөлмөр зарцуулан системтэйгээр өөрөө эзэмшиж болно. Бие дааж судалж байгаа тохиолдолд мэргэжлийн хүнээс зөвлөмж авах нь зүйтэй. Аль ч замыг сонгосон бай ЦАГ ХУГАЦАА ЗАРЦУУЛАХ, ТУУШТАЙ БАЙДАЛ хамгийн чухал.

IELTS, TOEFL-д бэлдэхээр сургалтын төв хайж буй залууст хандаж хэлэхэд эхлээд хэлний түвшингээ C1 advanced буюу гүнзгий шатанд хүргэсний дараа сургалтанд суугаарай гэж зөвлөмөөр байна. Сургалтаар шалгалтыг хэрхэн амжилттай давах, тестийн бүтэц, стратеги гэх мэт зүйлсийг заадаг болохоос англи хэлний чадвар нэмэхгүй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.

Тухайн хичээл сонирхолтой эсвэл уйтгартай байна уу гэдэг нь чухал биш. Гол нь ҮР ДҮН

Боловсон хүчний тухайд, академик англи хэлийг мэргэшсэн багш заах, эсвэл унаган англи хэлтэй хүн, англи хэлний түвшин тогтоох шалгалтанд өндөр оноо авсан хүн заана гэдэг огтоос өөр ойлголтууд юм. Бид эхлээд англи хэлний багш дараа нь академик англи хэлний багш болж мэргэшдэг юм л даа. Унаган англи хэлтэй гэдэг нь “төгс” мэргэжлийн гэсэн үг биш бөгөөд ийм хүмүүс заах арга зүйн хувьд дутмаг байдаг. Тэдний олонхи нь “Good user of English” буюу IELTS-ийн оноогоор төлөөлүүлвэл 7.0-7.5 оноотой хүмүүс байдаг. Хэлний орчинг мэдэх учраас суралцагчийн сэтгэлзүйг өөрчлөхөд тустай.

Шалгалтанд өндөр оноо авсан хүн бол тухайн стандартыг нарийн мэдэхгүй, тэнд болдог нарийн процессийг биеэр туулж үзээгүй байдаг. Хэлний чадвар сайн ч, академик англи хэлний заах арга зүй сул байдаг. Цаашид мэргэших шаардлагатай.

Харин академик англи хэлний мэргэшсэн багш нар:

  1. Тухайн хэлийг маш сайн эзэмшсэн. IELTS-ийн оноогоор төлөөлүүлвэл 8.0-9.0 онооны түвшинд 
  2. Орчныг сайн мэддэг, академик англи хэлнийг хэзээ, хаана, юунд хэрэглэх вэ гэдэг талаар стандарт ойлголт сайтай
  3. Заах арга зүйн хувьд өндөр түвшинд бэлтгэгдсэн. Суралцагчийнхаа хэл сурах сул талыг давуу тал болгон өөрчилж чаддаг.

Монголд англи хэлний боловсрол нэг үеэ бодоход сайжирч байна гэж боддог. Гэхдээ Засгийн газраас академик англи хэлний боловсрол ба мэргэжлийн англи хэлний багш бэлтгэж гаргах тал дээр онцгой анхаарах шаардлага байсаар байна. Их дээд сургуулиудын англи хэлний хөтөлбөрийг олон улсын түвшинд нийцүүлэн, гадаадаас мэргэшсэн багш нарыг урьж ажиллуулж багш нарын заах арга барилыг сайжруулах хэрэгтэй байна. Мөн ЕБС-ийн багш нарыг IELTS/TOEFL-ийн оноотой болгож хэлний чадварыг нэмэх шаардлагатай байна.

Ямар ч хэл дээр САЙН ХЭРЭГЛЭГЧ болох нь хэл сурч буй хүмүүсийн гол зорилго

Туршлагагүй, мэргэжлийн бус хүмүүсээр заалгуулснаас үүдээд хэл сурагчид залхах, хэлний төвүүдэд итгэл алдрах хандлага байна шүү дээ. Энэтхэг ядуурлыг бууруулж ажлын байр нэмэгдүүлэхийн тулд англи хэлний боловсролыг нийтэд системтэйгээр хөгжүүлсэн байдаг. Харин манайд англи хэл хоёрдогч хэл гэсэн тодотголтой явдаг хэрнээ хэрэглээ төдийхнөөр хязгаарлаж байгаа нь харамсалтай. Уг нь бол англи хэлний боловсролыг ДЭЛХИЙН БОЛОВСРОЛЫН СУУРЬ гэдгийг ойлгоод гаргууд эзэмшихийн тулд хичээх хэрэгтэй шүү дээ.

III. 100 ХУВИЙН ТЭТГЭЛЭГ ГЭЖ БАЙДАГ БОЛ БИДЭНД 110 ХУВИЙН БОЛОМЖ БИЙ

Алекс Ким: Хэлийг хэрэглээ талаас нь биш боловсрол талаас нь эзэмш

-Ярилцлагынхаа дараагийн хэсэгт залуусын хамгийн их сонирхдог тэтгэлгийн талаар ярья гэж бодлоо. Гадаадад суралцахаар зорилго тавьсан залуучууд хамгийн түрүүнд юунаас эхлэх хэрэгтэй вэ?

-Хамгийн түрүүнд тэтгэлэг олддог юм шүү гэсэн итгэлийг өөртөө бий суулгах хэрэгтэй. Би үе үеийн шавь нартаа хэлдэг юм. 100 хувийн тэтгэлэг гэж байдаг бол та нарт 110 хувийн боломж байгаа шүү гэж.

Элсэлтийн хорооны хүмүүст “улаан алим” сонин биш, “ногоон алим” сонин.

Мөн гадаадад суралцах хүсэл маш олон оролдлогын үр дүнд бий болдог боломж гэдгийг ухамсарлаж, тэтгэлэг авсан хүмүүс болоод интернэттэй сайн нөхөрлөөрэй. Мэдээлэл их чухал шүү.

Иймээс хайлт хийхдээ дараах вэб сайтуудыг ашиглаж болох юм. Үүнд: College Resource NetworkScholarshipDeskCappex гэх мэт. 

Түүнчлэн ямар зэрэг хамгаалж байгаагаас шалтгаалаад харилцан адилгүй хэлний оноо шаарддаг. Тухайлбал, баклаврын түвшинд сурахаар бол IELTS 6.5/ IBT TOEFL 80, магистрийн түвшинд IELTS 7.0/ IBT TOEFL 94 оноо шаардлагатай. Том их сургуулиуд бол голчлон IELTS 7.5/ IBT TOEFL 102 оноо шаарддаг.

Дараагийн шатанд бид зөв ч бай буруу ч бай өөрөө туршаад үзэх хэрэгтэй. Бид тэтгэлэг хаанаас авах, яаж хамрагдах уу гэдэг зөвлөгөөг зөндөө уншсан. Гадаадад суралцсан хүмүүсийн туршлагыг ч их сонссон. Одоо бидэнд зөвхөн АЛХАМ ХИЙХ л дутуу байна. Томоохон их сургуулиудийн тэтгэлэг зарлагдаж эхлэхэд шаардлагуудыг нь бүрэн дүүрэн хангахгүй байсан ч, тэнцэхээргүй байсан ч өргөдлөө өгөөд үзэх хэрэгтэй. Ядаж л цаашид бусад тэтгэлэг хүсэхэд шаардлагатай материалууд чинь нэг нэгээрээ бүрдэж эхэлнэ ээ гэсэн үг. Шилдэг их дээд сургуулиуд руу явуулсан материал чинь дахиад хаана ч ашигласан гологдохгүй гэдгийг санах хэрэгтэй.

Хэв маягт баригддаггүй, чөлөөтэй сэтгэдэг оюутныг сонгогдох магадлал өндөр болсон.

Иймэрхүү алхамуудыг тасралтгүй хийсээр байвал нэгдүгээрт, чиний motivation letter улам боловсронгуй болно. Хоёрдугаарт, олдсон боломжийг сайн ашиглаж сурна. Гуравдугаарт, бусдаас нэг алхам илүү алхаж байна гэж ойлгох хэрэгтэй. Зоригтой хүнд хаа нэг газраас боломж гараад ирдэг.

Нэмж хэлэхэд чиний хэлний мэдлэгээс хамаарч сайн тэтгэлэгийн мэдээлэл олж авах боломж тэлэгдэнэ гэдгийг бүү мартаарай.Хэл сайн байх тусам чиний мэдээлэл хайх чадвар нэмэгдэгнэ гэсэн үг. Хувь багатай тэтгэлэг олсон бол хүртэх ёстойгоо л хүртэж гэдэг юм болно доо.

-Сурах зорилго тавихаас эхлээд сургуульдаа элсэн суралцах хүртэлх хугацааг хэрхэн тооцоолвол тохиромжтой вэ?

-Энэ бол тухайн хүний аль улс руу, ямар сургуульд явах вэ гэдгээс хамаарна. Хичээлийн шинэ жил эхлэх хугацаа харилцан адилгүй. Тиймээс сонгосон их сургуулийнхаа албан ёсны цахим хаягаас тодорхой мэдээлэл авсны дараа сурах төлөвлөгөөг гаргавал тохиромжтой. Ерөнхийдөө нэг жилийн өмнөөс эхлэвэл зүгээр. Энэ хооронд IELTS/TOEFL-ийн шалгалтнаас гадна олон зүйлийг амжуулах хэрэгтэй. Жишээ нь, хэд хэдэн эссэ бичих, өргөдөл гаргах, хэрэв ахлах сургуулиа төгсөөд шууд Америкт сурах бол бусад стандарт шалгалтууд болох ACT, SAT, SAT Subject Test гэх мэт шалгалтанд бэлтгэх, мастераар сурах бол GRE, GMAT гэх мэт.

Чиний хэлний мэдлэгээс хамаарч сайн тэтгэлэгийн мэдээлэл олж авах боломж нэмэгдэнэ гэдгийг бүү мартаарай

Сүүлийн үед голчлон GRE оноог шаардаж байна. Нэмж хэлэхэд гадагшаа сургуульд сурахын тулд хэт яарах хэрэггүй. Боломжтой болтлоо хүлээ. Гэхдээ зүгээр хүлээх биш хэлний мэдлэгээ дээшлүүлж, сургуулиудад өргөдлөө өгөх өгсөөр л байх хэрэгтэй. Магадгүй их сургуулийн нэгдүгээр курсээсээ эхлээд төгсөх хүртлээ ч бэлдэж болно шүү дээ. Төгсөөд мастерийн зэргээ Кембриж, Оксфорд, Харвард, Стэйнфорд гэсэн том том сургуулиудад хамгаалж болно. Яагаад болохгүй гэж?

-Тэгвэл SAT, ACT, GRE, GMAT ямар стандарт шалгалтууд байдаг вэ?

-SAT, ACT бол Монголын ЭЕШ-тай ойролцоо шалгалт юм. Америкийн их дээд сургууль, коллежид суралцахаар төлөвлөж буй сурагчид болон нэг жилийн чөлөө авсан бол уг шалгалтыг өгдөг.  Эдгээр нь нэлээдгүй чухал шалгалтууд.

Мастерийн зэргээ Кембриж, Оксфорд, Харвард, Стэйнфорд гэсэн том том сургуулиудад хамгаалж болно. Яагаад болохгүй гэж?

SAT шалгалт дотроо хоёр төрөлтэй:

Ерөнхий SAT буюу Reasoning Test. Үүнд: Унших, бичих, математик гэсэн хэсгүүд багтана. Зарим сургуулиуд SAT SUBJECT TEST шаарддаг. Тэдгээрт математик, физик, хими, түүх гэх мэтнарийн мэргэжлийн хичээлүүд багтана.

Харин GRE, GMAT нь мастерийн зэргээр их дээд сургуулиудад тэтгэлэгээр сурахад шаардлагатай стандарт шалгуултууд юм. GRE шалгалтыг инженерчлэл, шинжлэх ухаан, техник технологийн салбарт хамаарах мэргэжлээр сурах оюутнууд өгдөг. Мөн унших, бичих, математик гэсэн хэсэгтэй байна. Бизнес, санхүүгээр сурах хүмүүсээс GMAT шалгалтыг шаарддаг.

Монгол залуусын бичсэн эссэний агуулга, санааг харахад монгол сэтгэхүйгээ орхигдуулаад байх шиг санагддаг

-Монгол оюутнууд сургуульд элсэх өргөдөл гаргахдаа юун дээр алддаг вэ?

-2016 оны байдлаар Кембрижийн их сургуульд 16750 хүнээс элсэн орох хүсэлт ирж түүнээс 3457 материалыг хүлээж авсан. Тэгэхээр Элсэлтийн хороонд “улаан алим” сонин биш, “ногоон алим” сонин. Өөрөөр хэлбэл хэв маягт баригддаггүй, чөлөөтэй сэтгэдэг оюутныг сонгогдох магадлал өндөр болсон. Монгол залуусын бичсэн эссэний агуулга, санааг хараад байхад Америк, Европ сэтгэхүй үнэртээд, монгол сэтгэхүйгээ орхигдуулаад байх шиг санагддаг.

Ярилцлагын төгсгөлийн буюу дөрөв дэх хэсэгт IELTS-ийн шалгалттай холбоотой зөвлөмжийг уншигчиддаа хүргэж байна

IV. ШАЛГУУЛАГЧ ЗӨВХӨН ДҮРЭМ, ҮГЭН ДЭЭР АНХААРСАН БОЛ НИЙТ ОНООНЫХОО ТАЛ ХУВИЙГ Л АВАХ БОЛОМЖТОЙ

Алекс Ким: Хэлийг хэрэглээ талаас нь биш боловсрол талаас нь эзэмш

-IELTS, шалгалтын эссэг яаж дүгнэдэг вэ? Ер нь бичих чадвараа яаж системтэйгээр сайжруулах вэ?

-IELTS-ийн тухайд бичих хэсгийн хоёрдугаар даалгаврыг (TASK II) дөрвөн шалгуураар дүгнэдэг. Үүнд: 

  • 1. Task response (эссэний асуултыг хэр сайн ойлгосон байдал)
  • 2. Cohesion and coherence(эссэ хэр логиктой уялдаа холбоотой бичсэн ба санаа хооронд, өгүүлбэр хоорондын холбоосыг хэр ашигласан байдал)
  • 3. Lexical resources (ямар түвшиний үг хэллэг ашигласан, үгийн сонголт, холбоо үг хэр оновчтой ашигласан эсэх)
  • 4.Grammatical range and accuracy (дүрэм болон түүнийг оновчтой ашигласан эсэх)

Сайн эссэ бичихийн тулд эхлээд сайн онооны эссэнүүдийг маш сайн унших хэрэгтэй. Хүмүүсийг ажиглаад байхад эхний ээлжийн бэлтгэлд бие дааж эссэ бичих гэж оролддог ч төдийлөн сайн үр дүнд хүрч чаддаггүй. Эссэ бичиж чадахгүй байгаа бол 20-50 нь Sample Essay-нүүдийн үгийг нь солиод хуулаад биччих. Эсвэл гол санаануудыг нь өөрийн үгээр тайлбарлан бичих замаар эхлэх хэрэгтэй. Үүний үр дүнд ядаж л нүдэнд хэдэн үгнүүд дасаад, эссэ чинь БИЕТЭЙ болж эхэлдэг.

Ярих чадвараа сайжруулахын тулд долоо хоногт хамгийн багадаа 8 цагийг зарцуулах хэрэгтэй

Дараагийн удаа өгөгдсөн асуултын дагуу өөрөө бичиж үзэх хэрэгтэй. Үүний дараа багшаар засуулж, зөвлөгөө авах нь зүйтэй. Бичих хэсэг дээр л гэхэд гүнзгий түвшний хэмжээнд өгүүлбэр бичсэн хэрнээ санаа хоорондыг оновчтой холбож чадаагүй, холбоос үгнүүдийг зөв ашиглаагүй бол IELTS-ийн шалгалтанд 5 оноо л авна. Харин ахисан дунд түвшний мэдлэгтэй, хэрэглээгээ сайн мэддэг, логиктой бичсэн бол IELTS-ийн шалгалтанд 6 оноо авах жишээний.

-Бие даан бэлдэж байгаа хүмүүс алдаагаа хэрхэн хянах боломжтой вэ?

-Pauline Cullen гэдэг хүний “Common mistakes at IELTS” advanced, intermediate гэсэн хоёр хэвлэл ном бий. Үүнийг нухацтай судалчихвал өөрсдийн эссэгээ боломжийн түвшинд засаад сурчихна. Мөн Richard Brown, Lewis Richards нарын IELTS ADVANTAGE-WRITING гээд сурах бичиг их зүгээр. Нэмж хэлэхэд “Oxford Writing Tutor” ном  академик түвшний бичгийн чадвараа бие даан хөгжүүлэхэд нэн хэрэгтэй гарын авлага бөгөөд IELTS-д 7-оос дээш, IBT TOEFL 100+ дээш оноо авахаар зорьж буй хүмүүст тохиромжтой.

Алекс Ким: Хэлийг хэрэглээ талаас нь биш боловсрол талаас нь эзэмш

Эдгээрийг судлахаас өмнө дээрх зөвлөгөөний дагуу 30-50 эссэг хуулах байдлаар бичээд үзчих хэрэгтэй. Ядаж үгнүүд чинь нүдэнд ороод ирнэ, санаа хоорондыг хэрхэн холбож байна, өгүүлбэрийн холбоосыг хэрхэн зөв ашиглах тал дээр суурь мэдлэгтэй болчихно.

-Үгийн сангийн баялагаа сайжруулах хамгийн зөв арга бол ном унших гэж та дээр дурьдсан. Тэгвэл номыг яаж уншвал хамгийн тохиромжтой вэ?

-Англи хэл сурч байхад надад ч бас ийм бэрхшээл тулгарч байсан. Би уран зохиолын ном уншиж байхдаа дөрвөн шатыг ашигладаг байсан. Нэгдүгээрт, юу ч ойлгохгүй байсан уншаад дуусгах хэрэгтэй. Ядаж л би нэг ном уншаад дуусгачихсан шүү гээд сэтгэлд өег байдаг. /инээв/ Хоёрдугаарт, толь бичиг ашиглах. Ингэхдээ болж өгвөл англи-англи толь бичиг ашиглах хэрэгтэй. Гуравдугаарт, дахин унших. Гэхдээ жаахан ойлгохгүй байх талдаа хэвээр. Сүүлийн шат буй дөрөвдүгээрт, дахиад л дахин унших. Энэ бол хамгийн урамтай үеүдийн нэг. Ингээд урам төрөөд ойлгоод ирэхээр цаашдаа аяндаа номын амтанд ордог.

Өөрийнхөө түвшинд тохирсон Penguin readers юм уу, Кембрижээс гаргадаг түвшин түвшинд зориулсан номнуудаас сонгож уншиж болно. Ер нь номыг эхэн үедээ өөрийгөө хүчилж байж л уншихгүй бол хаягдаад өнгөрөх нь элбэг. Эдгээрээс гадна сурагчиддаа Follow reading буюу ДАГАЖ УНШИХ аргыг зөвлөдөг. Эхэндээ дагаж уншихад хэцүү санагддаг ч явцын дунд үгийн дуудлага, өргөлт сайжирна, ярианы чадварт ч сайнаар нөлөөлдөг.

-Тэгвэл ярих хэсэгт юун дээр анхаарах ёстой вэ?

-IELTS-ийн ярианы чадварын шалгуурууд дээр жишээ авъя л даа. Энэ хэсэгт:

  • Fluency and Coherence (уялдаа холбоотой, гацалт багатай ярьж буй байдал)
  • Lexical Resource (Үг сонголт, үгийн баялаг)
  • Grammatical Range and Accuracy (дүрмээ хэр оновчтой ашиглах чадвар)
  • Pronunciation (дуудлага) гэсэн дөрвөн шалгуур тус бүрээр 25 оноо өгдөг. Нийлээд 100 оноог 9 онооны дундаж руу шилжүүлж тооцно.

Энэ хэсэгт үгийн өргөлт, өгүүлбэрийн өргөлт хийх нь маш чухал. Хэрэв тухайн шалгуулагч зөвхөн дүрэм, үгэн дээр анхаарсан бол нийт онооныхоо тал хувийг л авах боломжтой. Тиймээс кино үзэх, sample speaking test үзэх хэрэгтэй гэж яриад байгаа юм шүү дээ.

Номыг эхэн үедээ өөрийгөө хүчилж байж л уншихгүй бол хаягдаад өнгөрөх нь элбэг

Үүнээс гадна ярих чадвараа сайжруулахын тулд долоо хоногт хамгийн багадаа 8 цагийг зарцуулах хэрэгтэй. Бидэнд тэр бүр унаган англи хэлтэй хүн олддоггүй учраас хамтрагчтай болоод хамтдаа бэлдвэл тохиромжтой гэж зөвлөмөөр байна. Хамрагчтайгаа бэлдэхдээ аль болох шалгагч болон шалгуулагчийн дүрд тоглох хэрэгтэй. Ингэж бэлдсэнээр жинхэнэ шалгалтан дээр сандрах нь багасна. Шалгалчийг найзаа гэж төсөөлөөд ярих хэрэгтэй.

 

 

Ганцаараа бэлтгэл хийхдээ Youtube-ээс жишиг ярианы шалгалтыг үзэж шалгагчийн асуултыг хуулж бичээд, өөрөөсөө асууж хариулах байдлаар давтаад үз. Ингэхдээ өөрийнхөө хариултыг дуу хураагуурт бичиж аваарай. Дараа нь өөрийнхөө хариултыг сонсоод видеон дээрх хүнтэй ижил байна уу гэдгийг харьцуулж харах хэрэгтэй. Мөн санаагаа баяжуулах нь чухал. Нэр, нас, үндэс асуувал үнэн бодитоор нь хариулах шаардлагатай. Үүнээс бусад тохиолдолд асуултын хариулт чинь худлаа ч байж болох учраас асуулт бүр дээр аль болох хугацаа алдалгүй хариултаа өгөхийг хичээгээрэй.

Дагаж уншихад хэцүү санагддаг ч явцын дунд үгийн дуудлага, өргөлт сайжирна, ярианы чадварт ч сайнаар нөлөөлдөг

Ядаж ярианы дундуур гацахдаа хүртэл англи гацалт хийж сурах хэрэгтэй. “Oh well..”, “Let me see..” гэдэг ч юм уу, унаган хэлтэй хүмүүсийн ашигладаг үг хэллэгийг өөрийн болгох нь чухал. Ингэж байж л шалгалтанд бодит өндөр оноо авч чадна. Түүнчлэн ярианы чадвараа сайжруулахаар зорьж буй хүмүүст Jason West-ийн I Still Can't Speak English /холбоосон дээр дараад номыг татаж авах боломжтой/ номыг ашиглаад үзэхийг зөвлөж байна. 

-Бидний саналыг хүлээн авна уншигчдад маш үнэтэй зөвлөгөө өгсөн танд баярлалаа.

-Залуучуудад зөв ойлголт өгөх боломжийг олгосон та бүхэнд ч бас баярлалаа. Магадгүй шавь нар маань бичлэг үзээд гайхах байх. Миний номын төслийн хүрээнд хичээлд минь хамрагдаж байсан шавь нартаа хандаж хэлэхэд багш нь монгол хүн шүү. Монголд англи хэл заах болоод сурах орчинг бүрдүүлэхэд хүндрэлтэй байдгийг бодолцож хичээлийн турш англиар ярьж байсан юм. Ядаж нэг ч болов хүнтэй англиар яриг, нэг ч гэсэн утасны мессежийг англи хэл дээр бичиг, сэтгэхүйгээ өөрчилж хувь хүний хариуцлагаа нэмээсэй гэж бодсондоо тухайн үед хэлээгүй юм шүү. 

Ингээд шавь нар болох Хонгороо, Отгоо, Тулгаа, Энхбат (Chelsea), Баясах, Халиун, Булгаа, Сондор гэх мэт тэтгэлэг авсан оюутнууд, мөн АШУҮИС-ын чадварлаг багш нар болон Энхжин, Туул, Золоо, Жаргал, Энхбилэг (Babi), Туяажаргал (Popy), Хашгэрэл, Ариука, Буянхишиг, Одко, Наранцэцэг, Лхагвасүрэн зэрэг олон монгол шавь нартаа цаашдын сурлага хөдөлмөр, ажил амьдралд нь өндөр амжилт хүсье. Ирээдүйд таньд юу тохиолдохыг мэдье гэвэл одоо юу хийх гэж буйгаа бод гэдэг үг байдаг. Ирж буй шинэ оноо гал цогтой, өөдөө тэмүүлэлтэй угтаарай. 

Эх сурвалж: http://eagle.mn/r/21964

Багшийн хөгжил.
Багшийн хөгжил.
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?