Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

Сургалтын хөтөлбөрийн хөгжил, судалгаа, шийдвэрлэх асуудлууд

Нийтлэлч багш нарын клуб | 2017-01-05

Сургалтын хөтөлбөрийн хөгжил, судалгаа, шийдвэрлэх асуудлууд

О.Пүрэв1, А.Энхтогтох2, Д.Түвшинжаргал3, С.Гэндэнжамц4

1Боловсролын хүрээлэнгийн ЭШ-ний тэргүүлэх ажилтан, Sc.D, проф.,

2,3,4СХСС-ны секторын ЭША, M.Ed.

Хураангуй

      Манай улсад хэрэгжиж ирсэн, одоо хэрэгжижбайгаа сургалтын хөтөлбөр (киррикюлим)-ийн хөгжлийн чиг хандлага, өнөөгийн байдлыг боловсролын философийн зонхилох урсгал чиглэл, хөгжлийн түүхэн тоймд нь үндэслэн түүхчлэх, харьцуулах болон тоон судалгааны аргаар шинжлэв. Боловсролын философийн орчин үеийн урсгал, чиглэлийн үнэт зүйлс, ерөнхий боловсролд хэрэгжиж ирсэн сургалтын хөтөлбөрүүдийн зорилго, бүтэц, агуулгыг нь олон улсын чиг хандлагатай харьцуулан судалж, мөн манайд хийгдсэн хэд хэдэн судалгааны үр дүнг авч үзэв. Монголын ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр нь өөрийн улсын боловсролын төв байгууллагын оролцоо, эрдэмтэд, багш нарын судалгаа, туршлага, гадаадын хөгжингүй улсуудын хөтөлбөр судлалын судалгааны зарим ололтод тулгуурлан хөгжиж, Эх орны ерөнхий боловсролын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан нь судалгаагаар илрэв. Манай улсад сургалтын хөтөлбөр ялангуяа, ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийн талаар Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны болон эрдэм шинжилгээ, аргазүйн байгууллагаас хөтөлбөр судлалын шинжлэх ухааны үндэстэй судалгаа, боловсруулалт, хэрэгжүүлэлтийг залгамж чанартай, тогтвортой хийхэд дутагдал байгаа нь судалгаанаас харагдав. Бүх шатны боловсролын сургалтын хөтөлбөрүүдийг цаашид шинжлэх ухааны үндэстэй боловсруулах, үнэлэх, хэрэгжүүлэх, эдгээрийг бодлогын хувьд залгамж чанартай болгох шаардлагатай байна. Бидний хөндөж буй хөтөлбөр судлалын шинжлэх ухаанч зарим санаа, загвар, оролдлогуудыг бүтээлчээр ашиглаж, хэрэглэж болох юм. 

Түлхүүр үгс: Боловсролын философи, сургалтын

 хөтөлбөр судлал, хөтөлбөрийн өөрчлөлт

        I.     СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР (КИРРИКЮЛИМ)-ИЙН  ФИЛОСОФИ ҮНДЭСЛЭЛ, ХӨТӨЛБӨРИЙН ХӨГЖЛИЙН ТОЙМЫН ТУХАЙД:

            Сургалтын хөтөлбөрийн зорилго, агуулга, бүтэц, үр дүнгийн тухай боловсролын философийн хэд хэдэн урсгал, чиглэлийг өнөөгийн олон улс хийгээд манай улсад баримталж байна. Эдгээр философи үндэслэгээ баримтлалын зонхилох нь переннеализм (perennialism), эссенциализм (essentialism), прогрессивизм (progressivism), экзистенциализм (existentialism), нийгмийн реконструктивизм (social reconstructionism) зэрэг билээ. Бүдүүвчээр харуулъя.

Бүдүүвч 1. Боловсролын философийн зонхилох урсгал, чиглэлүүд

Одоо тухайн философи урсгал, чиглэлүүдийн гол үнэт зүйлийг судалгаагаар харьцуулан дурдъя. Үүнд:

            Переннеализм: Гол төлөөлөгч: Плато (Plato нтө 427-347), Аристотель (Aristotle нтө 384-322), Томас Акуинас (Thomas Aquinas1225-1274), Роберт Хатчинс (Robert Hutchins 1899-1977). Переннеализм нь сургалтад хэзээ ч “хуучрахгүй” сургаал, үзэл бодол, ном зохиол, шинжлэх ухааны зарчим, хууль бий гэж үздэг. Өөрөөр хэлбэл, хүн төрөлхтний буй болгосон үнэт мэдлэгийг хойч үедээ өвлүүлж, эзэмшүүлэхийг чухалчилна. Үнэт мэдлэг нь суралцагчдад асуудлыг шийдвэрлэх боломж, чадвар төлөвшүүлдэг гэж үзнэ. Сургалтын үйл ажиллагаа нь универсал мэдлэг, үнэн хийгээд үнэ цэнийг ухааруулах, хэлэлцэх, дамжуулахад чиглэдэг.  Академик сургалт нь цөөн тооны авьяаслаг, гоц ухаантнуудад зориулагдаж, улмаар лидерүүдийг төрүүлнэ гэдэг. Техник мэргэжлийн сургалт нь олон нийтэд хамаарна хэмээнэ. Мөн их сургуулиуд чадварлаг багш, оюутан суралцагчдын оюуны ордон байх ёстой гэж үздэг.

Эдгээрээс үзвэл, переннеализм нь багш төвтэй сургалтын философи үндэслэгээ болдог.

Эссенциализм: Гол төлөөлөгч: Хирч (Hirch 1928-), Монтинер Адлер (Montiner Adler 1902-2001), Ричард Уолкр (Richard Walker 1679–1764).Хүүхэд, залуучууд, иргэдийг нэгдмэл соёл иргэншилтэй болох зан үйлийг төлөвшүүлэх, эх оронч үзлийг дээдлэх, академик мэдлэг эзэмшүүлэх дэвшилтэт арга, аргачлалд тулгуурласан багшлах технологийг үндэслэн дэвшүүлдэг байна. Сургалтын үндсэн (цөм) хөтөлбөр нь академик агуулга, бүтэцтэй суурь мэдлэг, чадвар эзэмшүүлэхэд чиглэх ёстой гэдэг.

Эссенциалистууд математик, шинжлэх ухаан (байгалийн ухаан), түүх, уран зохиол болон гадаад хэл зэрэг хичээлүүд нь “core curriculum” буюу үндсэн (цөм) хөтөлбөртэй байна хэмээн үзнэ. Боловсролын бодлого ба сургалтын хөтөлбөрийн философи үндэслэгээний нэг болох энэ чиглэл багш, сургуулийн удирдлага нь суралцагчдад юу хэрэгцээ, сонирхолтой байгааг үл харгалздагаараа сул талтай. Багш нар болон сургуулийн зүгээс баримталж буй бодлогын дагуу хөтөлбөрийн агуулга, бүтцийг гаргах бөгөөд, энэ шаардлагыг хангахуйц чанартай сургалт, мөн сахилга бат, дэг журам зэргийг чухалчлан үздэг байна.

Дээрхээс үзвэл, боловсролын энэхүү хоёр философи нь багш “төв”-т сургалтын суурь үндэслэгээ болдог. Мөн сургалтын үндсэн (цөм) хөтөлбөрийг өөрчилж, шинэчлэж байх тал дээр эл хоёр философи үзэл санаа нэгддэг аж. Харин переннеализм нь эссенциализмыг суралцагчдад хэт их ачаалал өгөх мэдээлэл бүхий сургалтын хөтөлбөр, агуулгыг чухалчилдаг хэмээн шүүмжлэлтэй хандаж, улмаар хоорондоо зөрчилддөг тал бий.

            Прогрессивизм: Гол төлөөлөгч: Жон Дью (John Dewey 1859-1952), Нэл Ноддингс (Nel Noddings 1928-), Вильям Килпатрик (William H.Kilpatrick 1871-1965), Боид Боде (Boyd Bode 1873 – 1953). Прогрессивизмын чиглэлийнхэн суралцагчдын хэрэгцээ, сонирхолд нийцсэн curriculum ямар байхыг онцлон заагаад, мөн суралцагч тус бүрийн хувийн онцлог, авьяас сонирхлыг харгалзсан сургалтыг чухалчилдаг. Хувь хүн хүсэл, хэрэгцээ, сонирхолдоо нийцсэн боловсрол эзэмших ёстой гэж үздэг. Хөтөлбөрийн агуулга нь суралцагчдын сонирхол, асуулт тавих зэргийг өдөөж байхад чиглэнэ. Суралцагчид хөтөлбөрийн сэдвүүдээс сонгох, багш ба суралцагч хамтран суралцахуйн төлөвлөлтөө хийх, өөрсдийн санал бодлоо солилцох, аливаа асуудлаар шийдэл гаргах боломж нээлттэй байна. Суралцагчид багш, эцэг эхийнхээ хий гэснээр бус, харин өөрийн туршлага, ойлголтын үндсэн дээр нийгэм, соёлын орчныг идэвхтэйгээр өөрчлөх, хөгжүүлэх тохиолдолд тэдний сэтгэл ханамжтай байдаг гэж үзнэ. Прогрессивистууд сургалтын уламжлалт хөтөлбөрийг үгүйсгэдэг. Харин үүний оронд суралцагчийн идэвхтэй үйл ажиллагаа, туршилт сорил, асуудал шийдвэрлэх арга барил, туршлагаа хөгжүүлэх хөтөлбөр боловсруулах нь чухал гэдэг. Прогрессивизм нь АНУ-ын боловсролын бодлогын цөм үндэслэгээ болдог ажээ.

Экзистенциализм: Гол төлөөлөгч: Фёдр Достоевский (Fyodor Dostoyevsky 1821 –1881), Фридрих Ницше (Nietzsche 1844-1900), Жан-Поль Сартр (Sartre 1905-1980), Максин Грийнэ (Maxine Greene 1917-), Анна Аренде (Anna Arende 1906-1975). “Хүүхэд бол насанд хүрэгчид бус” учраас тэдний тоглох үйл ажиллагааг эн тэргүүнд тавьдаг. Хувь хүн өөрөө л хувь заяа, сайн сайхан хийгээд үнэнийг эрж хайж байх ёстой. Энэ чиглэлийнхэн хувь хүн үйл ажиллагааныхаа сонголтыг оновчтой хийсний үр дүнд мэдлэг, үнэт зүйлийг эрхэмлэнэ. Эдгээрийн үндсэн дээр “би” үзэл баримтлал бүтээдэг гэдэг. Суралцахуйд өөрийн удирдлага, зохицуулалтыг гол үнэт зүйл болгож, харин багш, суралцагчид өөр хоорондоо нээлттэй, чин сэтгэлийн харилцаан дээр хөгжих ёстой.  

Нийгмийн реконструктивизм: Жон Дью (John Dewey 1859-1952), Жан Пиаже (Jean Piaget 1896-1980), Бэлл Хүкс (Bell Hooks 1952-).  Энэ урсгал, чиглэлийн гол үзэл санаа нь сургалтын хөтөлбөр нийгмийг өөрчлөн шинэчлэх, илүү сайн сайхан болгоход чиглэх ёстой. Нийгмийн реконструктивизм сургалтын хөтөлбөр нь суралцагчдын хувь туршлага, нийгмийн үйл ажиллагаа, идэвхтэй оролцооны асуудлуудыг агуулж байна. Жишээлбэл, нийгмийн тэгш бус байдал, эдийн засаг, хэрэглээний хомстол, ядуурал, өлсгөлөн, хүчирхийлэл, терроризм, соёлын ялгаатай байдал, байгаль орчны доройтол зэрэг нийгэм, соёл, байгаль орчны тулгамдсан асуудлуудыг хөтөлбөрт тусгаж, түүгээр холбогдох асуудлыг шийдвэрлэж байх ёстой гэж үзнэ.

Боловсрол, сургалтын хөтөлбөрийн талаарх монгол философи баримтлалын гол үзэл санаа: Хүний орших, хөгжихүйн үндэс, түүний сэтгэл [Бэгз, Пүрэв нар, 2012]. Сэтгэлийг эзэмдвэл бие нь хаа холдох вэ? Хүний сэтгэл, оюун ухаан хоёр арга билгийн шүтэлцээтэй. Хүний сэтгэл оюуны тэнцвэрт шүтэлцээ нь зөв хүмүүжил, боловсролынх нь үндэс болно. Хүн эхлээд сэтгэлийн хүмүүжил олж байж, мэдлэг, боловсролтой болох ёстой. Мөн Монголчууд “дээд баян эрдэм” хэмээн үздэг нь манай боловсрол, сургалтын монгол философи үндэслэгээ юм. Гол төлөөлөгч: Будда, Нагаржунай, Чингис хаан, Данзанравжаа, Дэмчигдорж (Ч.Дангаа) зэрэг болно. 

Манай улсад сургалтын хөтөлбөр ялангуяа, ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөр хөгжиж ирсэн түүхэн байдалд сургалтын онол, арга зүйн үүднээс тойм  судалгаа, шинжилгээ хийхэд, тухайлбал,  1925 оноос сургуулийн хөтөлбөр, 1931 оноос хичээлийн программ, 1960-аад оноос хичээлийн хөтөлбөр, 1990-ээд оноос  сургалтын агуулга, агуулгын үлгэрчилсэн хүрээ”, 2000 оноос цөм агуулга, агуулгын үлгэрчилсэн хүрээ, 2010 оноос Үндэсний сургалтын хөтөлбөр, 2012-2013 оноос цөм хөтөлбөр гэсэн нэрээр боловсруулж, амьдралд хэрэгжүүлж ирсэн. Харин 1998 оны боловсролын стандартад “Цөм хөтөлбөр” гэдэг нэр томьёог  манайд анх хэрэглэжээ.

1990–ээд оноос боловсруулж хэрэгжүүлсэн боловсролын стандарт, сургалтын хөтөлбөрүүд нь олон улсын чиг хандлагад баримжаалсан давуу талтай байна. Үүнийг дараах хэсэгчилсэн шинжилгээгээр харуулж болно. Үүнд: (Хүснэгт 1-ийг үзнэ үү).

Хүснэгт 1. 1998-2016 онд хэрэгжсэн сургалтын хөтөлбөрүүдийн бүтэц,

агуулгын хэсэгчилсэн тойм шинжилгээ (Суурь боловсролын жишээн дээр)

 

Зорилго, зорилт

Агуулга, бүтэц

Аргазүй, хэрэглэгдэхүүн

Үнэлгээ

Сургалтын хөтөлбөрийн онцлог

Боловсролын стандартын тогтолцоо: бага, дунд боловсрол.

Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төв, (1998 он)

 

 

Суурь боловсролын стандарт нь төр, иргэд, олон нийтийн хүн амд үзүүлэх суурь боловсролын үйлчилгээний нэгдмэл байдлыг хангах, суралцагчдын хөгжлийн наад захын төвшинг тодорхойлсон нийтлэг бөгөөд дахин давтан хэрэглэхээр сонирхогч талууд харилцан тохиролцож, сургалт хүмүүжлийн чанарт тавигдах шаардлага, шалгуур хэмжүүрийг тодорхойлсон норматив баримт бичиг юм.

(1998 оны стандартын 2 дахь тал)

Судлагдахуун тус бүрийн зорилтуудыг чадвар байдлаар гаргасан.

Суурь боловсролын түвшинд суралцагчдын хүрэх наад захын мэдлэг, чадварын тогтолцоо, хүрээг тодорхойлсон.

Судлагдахуун бүрийн агуулгын түвшин, зорилт, цөм хөтөлбөрийг анги бүрээр тодорхойлсон.

 

Аргазүйн хувьд тодорхой шийдэл хийгээгүй байна. Харин байгалийн ухааны чиглэлийн судлагдахуунуудын дадлага ажлын чиглэлийг гаргасан байна.

 

 

Үнэлгээ тодорхой бус байна.  

 

Энэхүү стандарт нь судлагдахуунд  суурилж, сурагчдад мэдлэг, чадвар эзэмшүүлэхэд чиглэгдсэн байна.

 

Эл стандарт нь бага, дунд боловсролын агуулгыг анх удаа стандартчилж өгсөн онцлогтой байна.

Монгол улсын стандарт MNS5420-14:2004

Бага, дунд боловсролын стандартуудын зорилго нь: Суралцагчдыг хариуцлагатай, бодит чадвартай, бүтээлч иргэд болон хөгжихөд нь шаардагдах цогц чадамжийг төлөвшүүлэхэд чиглэсэн үндэсний киррикюлимыг боловсролын стандартад нийцүүлэн төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх, хөгжүүлэх ажлын чанарыг хэмжин үнэлж хөгжилд хөтлөхөд оршино.

Судлагдахуун  бүрийн агуулгыг айд тулгуурлан стандартчилсан.

 

 

Аргазүйн хөгжлийн үндсийн зарчим нь:  

-Боломжийг тэнцүү олгох

-Судлах агуулгыг сонгох зарчим

-Багшлахуйн зарчим

-Суралцахуйн зарчим

-Технолгийн зарчим

-Үнэлгээний зарчим

 

Суралцагчдад хөгжих цогц чадамжийг танин мэдэхүйн түвшний шалгуураар  үнэлнэ.

 

Суралцагчдын цогц чадамжийг үнэлэх шалгуур болон жишиг даалгавруудыг тодорхойлж өгсөн онцлогтой.

Агуулгын стандартаас боловсролын стандартад шилжих алхам хийсэн.

Тухайн стандарт нь (2004) цогц чадамжид суурилсан, тухайн боловсролын хэрэгцээ, агуулга, үнэлгээ, аргазүйн хөгжлийн үндэс зэрэг бүтэцтэйгээрээ шинэлэг юм.

Боловсролын хүрээлэн.  ЕБ-ын 11 жилийн сургуульд 2006-2008 оны хичээлийн жилд мөрдөх сургалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх зөвлөмж, хичээлүүдийн агуулгын үлгэрчилсэн хүрээ. УБ. (2006 он)

Хичээлүүдийн агуулгын үлгэрчилсэн хүрээ нь боловсролын стандартыг  хэрэгжүүлэх зорилго бүхий үндэсний сургалтын хөтөлбөр (киррикюлим)-тэй болох хүртэлх хугацаанд хэрэглэх баримт бичиг.

Анги бүрийн судлагдахуунуудын агуулгын (юунд сурахыг) үлгэрчилсэн хүрээг гаргасан.

Тодорхой бус байна.

Харин зөвлөмжид  ямар нэг байдлаар тусгаж өгчээ.

Тодорхой бус байна.

Харин зөвлөмжид  ямар нэг байдлаар тусгаж өгчээ.

Судлагдахуунуудын агуулгын хүрээг анги бүрээр гаргасан.

БСШУЯ. Ерөнхий боловсролын сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, зөвлөмж. УБ. (2008-2012 он)

 

 

Судлагдахуун бүрийн хүлээгдэж буй ерөнхий үр дүн (хүлээгдэж буй тодорхой үр дүн) буюу зорилтыг тодорхойлсон.

Үндэсний сургалтын хөтөлбөрүүдийн хүлээгдэж буй ерөнхий үр дүнг мэдлэг, ойлголт, чадвар, хэрэглээ болгоход чиглэсэн зорилтуудыг тодорхойлсон.

Агуулга, бүтэц:

-   Мэдлэг

-   Чадвар

-   Хэрэглээ/Хандлага

-   Үнэлгээ

 

Аргазүй нь өөр өөрийн шийдэлтэй.

Агуулгыг хэрэгжүүлэх онцлогийг тайлбарлах байдлаар аргазүйн шийдэл хийгдсэн.

Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зөвлөмжийг боловсруулан түгээсэн.

Хүлээгдэж буй үр дүн биелэгдэж буй эсэхийг шалгах, үнэлэх байдлаар үнэлгээг авч үзсэн. Эзэмшсэн мэдлэг, чадвар, хэрэглээг түвшинчлэн үнэлэхийг зорьсон.

 

Үндэсний хөтөлбөр нь  хүлээгдэж буй ерөнхий үр дүнгүүдийг тодорхой болгосон ба тухайн боловсролоор эзэмших мэдлэг, чадвар, хэрэглээ/хандлагыг тодорхойлсон онцлогтой.

Бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөр, УБ, 2014, 2015, 2016

(Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр, гарын авлага, УБ. 2015, 18-22 дахь тал)

... сурагч бүрийг сурах арга барил, амьдрах ухаан, шинжлэх ухааны суурь мэдлэг, чадвар, бие даан бүтээлчээр суралцах чадвар эзэмших, үндэсний хэл, түүх, соёлоо дээдлэн хөгжүүлэх, ардчилсан, хүмүүнлэг үзэлтэй иргэн болон төлөвших боломж олгоход оршино.

Зорилт:

-   Сурах хүсэл сонирхолтой, сурах үйлээ удирдан өөрийн удирдлагатай суралцдаг бүтээлч хариуцлагатай иргэн болох

-   Үндэсний хэл, соёл, түүх, уламжлалаа хүндэтгэн, өвлөн хэрэгжүүлдэг, хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлсийг дээдлэн эрхэмлэдэг, хүн, байгаль, нийгэмтэй зүй зохистой харилцдаг иргэн болох

-   Бүтээлчээр сурах арга барилтай, насан туршдаа суралцах чадвартай иргэн болох

-   Шинжлэх ухааны мэдлэг, ойлголтыг эзэмшин, амьдрал үйлдээ хэрэглэх чадвартай иргэн болох

Бүтэц:

-   Нийтлэг үндэслэл

-   Цөм хөтөлбөрийн зарчим

-   Цөм хөтөлбөрийн зорилго, зорилт

-   Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх зохион байгуулалт

-   Цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ

 

Бүтэц:

-   Цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх аргазүй орчин

-   Цөм хөтөлбөрийн хэрэгжүүлэх төлөвлөлт

 

 

Цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ

-  Үнэлгээний зорилго, зорилт

-  Үнэлгээний зарчим

-  Үнэлгээний төрөл, хэлбэр

-  Үнэлгээний шалгуур

-  Үнэлгээний арга хэрэгсэл

-  Сургуулийн менежмент ба үнэлгээний үйл явц 

 

 

Цөм хөтөлбөрт  суралцагчдын хүрэх  зорилго, зорилтыг  нэгдмэл байдлаар тодорхойлох оролдлого хийж,

сурах арга барил, шинжлэн судлах аргыг тодорхой тусгасан шинэлэг талтай бөгөөд үнэлгээний зорилт, үнэлгээний шалгуурыг цогцоор тодорхой болгосон зэрэг онцлогтой байна.


Дээрх хэсэгчилсэн шинжилгээгээр илэрсэн дутагдал:

-        Сургалтын хөтөлбөрийг богино хугацаанд өөрчилж, шинэчилсэн.

-        Судлагдахууны агуулгыг мэдлэг, чадвар, хэрэглээний хүрээнд  эзэмших суралцахуйн зорилтын тоо олон.

-        Сургалтын хөтөлбөрийн агуулга хэт их буй нь багш төвт философи голлон баримталж байсантай холбоотой.

-        1990 оноос хойш хэрэглэсэн сургалтын хөтөлбөр нь сурагч төвтэй хандлагыг  хэрэгжүүлэхэд анхаарсан ч сургалтын хөтөлбөрийг сайжруулах, боловсруулах, үнэлэх дүгнэх орчилт үе шатыг тогтоогоогүй. Үүнд хөгжингүй улс орнууд сургалтын хөтөлбөрөө сайжруулах, үнэлэх, шинэчлэх хугацаа дунджаар 10 жил байгааг харгалзах.

-        Сургалтын хөтөлбөрийг богино хугацаанд боловсруулж байгаа нь сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүний чанарт сөрөг нөлөө үзүүлж байна зэрэг болно.

II. СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР (КИРРИКЮЛИМ) –ИЙН ХӨГЖЛИЙН ШИНЖИЛГЭЭ:

Бид сургалтын хөтөлбөрийн философи үндэслэлийн талаар дээр товч дурдсан. Одоо сургалтын хөтөлбөрийн дидактик (сургалтын онол, аргазүй) шинжилгээнээс товч тодруулъя.

Сургалтын хөтөлбөрийн дидактик асуудал нь сургалт (сурах, сургах үйл явц)-ыг бүрдүүлдэг олон элементийг задлан шинжилж, тайлбарладгаараа боловсрол судлаачид, багш, сурган хүмүүжүүлэгчдийн анхаарлыг ихээхэн татсан, боловсрол судлалын шинжлэх ухаанд харьцангуй шинэ, бас эрчимтэй хөгжиж байгаа судалгааны чухал талбар билээ.

Манай улсад сургалтын хөтөлбөр (киррикюлим) гэдэг ойлголтыг олон янзаар тодорхойлж, ойлгож, хэрэглэж байна. Тухайлбал:

-       Сургалтын хөтөлбөр нь тодорхой төрлийн судлагдахууны (хичээлийн) сургалтыг төлөвлөх, зохион байгуулах, заах, үнэлэх дүгнэх үндэс болдог

-       Нийгэм ба суралцагчдын хэрэгцээ, тэдгээрийн талаарх үзэл, хандлага, баримтлал; зорилго зорилт; агуулга буюу судлагдахуун; явуулах арга зам /арга зүй, сурах орчин, үнэлгээ гэсэн 5 бүрэлдэхүүн хэсэг бүхий систем мөн [Лувсандорж, 2004]

-       Сургалтын хөтөлбөрийн бүтэц: хамрах хүрээ – үндэслэл – зарчим - зорилго, зорилтууд – агуулга - арга зүй – үнэлгээ – хөтөлбөрийн шалгуур

-       Тухайн сургалтаар олгох өөр хоорондоо уялдаатай мэдлэг, чадвар, тогтсон хандлагын талаар урьдчилан тогтож, түүнийг хэрхэн олгох, суралцагчдыг хэрхэн үнэлж дүгнэхийг урьдчилан төлөвлөсөн баримт бичиг, багш болон суралцагчийн сургалтын үйл ажиллагааны удирдамж юм. [Пүрэв, 2013]

-       Олон улсын түвшинд “Сургалтын явц дахь үзэгдлүүдийн хоорондоо нягт дотоод уялдаа холбоотой болохын тодорхойлолт, баталгаануудын (тухайн үзэгдлийг тайлбарлан төрөлжүүлсэн, системчилсэн бүтцийг бий болгосон) цогц” байдгаараа сургалтын хөтөлбөр бол онол юм [Gail, 1982] гэх зэргээр тодорхойлсон байна. 

Түүнчлэн сүүлийн 20-иод жилийн судалгаа, шинжилгээ, мэтгэлцээн болон практик үйл ажиллагааны дүнд сургалтын хөтөлбөр (киррикюлим)-ийг “тодорхой бүрэлдэхүүн хэсэг бүхий зорилго-үр дүнд чиглэсэн, хөгжин боловсронгуй болж байх нээлттэй тогтолцоо, бага, дунд боловсролын стандартыг хэрэгжүүлэх зорилгоор боловсруулсан сургалтын удирдамж баримт бичиг” хэмээн тодорхойлжээ.

Сургалтын хөтөлбөр (киррикюлим) нь суралцагчдын хөгжил, төлөвшилд зориулсан хөдлөнги (статик) хийгээд өөрчлөмтгий (динамик) тогтолцоо бүхий өргөн агуулгатай бөгөөд жишээ нь, тодорхой төрлийн судлагдахууны (хичээлийн) сургалтыг төлөвлөх, зохион байгуулах, үнэлэх, дүгнэх удирдамж болдог ба мөн сургалтын төлөвлөгөөгөөр тогтоосон хугацаанд, санхүүгийн болон хүний нөөцийн тусламжтайгаар хэрэгждэг онцлогтой байна.

Үндэсний сургалтын хөтөлбөрийг хэрхэн хөгжүүлж, хэрэгжүүлж байгааг Их Британий Боловсрол Судлалын Үндэсний Нийгэмлэгийн дэргэдэх Олон Улсын Мэдээллийн Төв хэмээх олон улсын судалгааны байгууллага судалж, үр дүнг нь жил бүр өөрсдийн эрхлэн гаргадаг Олон улсын хөтөлбөр ба түүний бүтэцчилсэн хүрээ INCA цахим архивт хадгалдаг аж. Энэ архивт хадгалагдсан Америк, Ази, Европ, Австрали тивийг хамарсан дэлхийн 20 улс  дараах үнэт зүйлсийг  боловсролын болон сургалтын хөтөлбөрийн агуулга, бүтцүүдэд тусгасан байна. Үүнд:

-       Хувь хүний хөгжил, хувь чанар, нийгэмшихүй

-       Тэгш боломж, соёлын ялгаа

-       Сурагчдыг амьдрал, ажилд бэлтгэх суурь мэдлэг,чадвар, ойлголт

-       Бичиг үсгийн боловсрол, гадаад хэл

-       Математикийн суурь чадвар

-       Шинжлэх ухаан, технологийн чадвар

-       Иргэний боловсрол, ардчилал, соёл

-       Эрүүл мэнд, бие бялдрын хөгжил, эцэг эхийн оролцоо

-       Сурлагын амжилт

-       Сэтгэхүйн хөгжил

-       Үндэсний эдийн засгийн бүтээмж

-       Бүтээлч сэтгэхүй, насан туршид суралцахуй зэрэг болно.

Эдгээр улсуудын сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлалд  шинэ зууны суралцагчийн дүр төрхийг дараах байдлаар тодорхойлсон  байна. Үүнд:

-       Бүтээлч, шүүмжлэлтэй сэтгэх

-       Насан туршдаа суралцан хөгжих

-       Мэдээллийг  оновчтой сонгон хэрэглэх

-       Асуудалд хариуцлагатай хандаж, оновчтой шийдвэр гаргах зэрэг болно.

Гадаадын 20 улсад дараах 22 зорилгыг нийтлэг байдлаар тодорхойлсон байгааг [Sharon О’ Donnell, 2008] өөрийн улсын ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн зорилготой харьцуулж үзвэл (Хүснэгт 2):


Хүснэгт 2. Зарим улс орнуудын ба Монголын сургалтын хөтөлбөрийн зорилгын харьцуулалт

Улс орнуудын боловсролын сургалтын хөтөлбөрийн  зорилго

Монгол улсын бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрын зорилго, зорилт

-       Хувь хүний хөгжил

-       Үнэт зүйл, ёс зүй

-       Дотоод ертөнцийн хөгжил, мэдрэмж,  шашин

-       Нийгмийн хөгжил

-       Хувь хүний шинж чанарууд (төлөвшил)

-       Тэгш боломж /олон соёлын

-       Үндэсний эдийн засаг

-       Ажил /албан тушаал/ амьдралд бэлтгэх

-       Үндсэн ур чадварЛитерац, бичиг үгсийн болон тоон чадвар

-       Шинжлэх ухаан/ технологийн ур чадвар

-       Ирээдүйн боловсролын суурь мэдлэг/ур чадвар/ ойлголт

-       Иргэншил/нийгэмлэг/,ардчилал

-       Соёлынөв уламжлал

-       Бүтээлч байдал

-       Гадаад хэлний ур чадвар

-       Хүрээлэн буй орчин/ тогвортой хөгжил

-       Эрүүл мэнд

-       Насан туршийн боловсрол

-       Эцэг эхийн оролцоо

-       Суралцахуйн тусгай хэрэгцээг хангах (бэрхшээлтэй болон авьяастай сурагч) г.м.

-       Хувь хүний төлөвшилтэй байх

-       Ёс зүйн хэм хэмжээг баримтлах

-       Эрүүл аж төрөх дадал хэвшилд суралцах

-       Сурах арга барилтай болох

-       Амьдрах ухаанд суралцах  

-       Шинжлэх ухаанч хандлагатай болох

-       Мэдлэг, чадвартай болох

-       Бие даах чадвар эзэмших

-       Бүтээлчээр суралцах чадвартай болох

-       Үндэсний түүх, соёл, уламжлалаа дээдлэх

-       Хүн төрөлхтний нийтлэг үнэт зүйлийг эрхэмлэх

-       Хариуцлагатай иргэн болох

-       Өөрийн удирдлагатай суралцах

-       Хүн, байгаль, нийгэмтэй зохистой харилцах

-       Насан туршдаа суралцах

-       Ардчиллыг дээдлэх

-       Мэдлэг, чадвараа ахуй амьдралдаа хэрэглэх

-       Үнэт зүйлийг дээдлэх

-       Шийдвэр гаргах

-       Суралцах чадвартай байх

-       Эзэмших мэргэжлийн суурь чадамжтай болох

Судалгаанд оролцсон ихэнх улсуудын  2000-2008 онд ЕБ-ын хүрээнд хийсэн шинэчлэл нь боловсролын түвшин бүрийн хүлээгдэж буй үр дүнг бодитой, хүрэхүйцээр тодорхойлох, судлагдахууны хүрээг хичээлээр хязгаарлахгүй онол, дадлагыг хослуулах, тогтвортой хөгжлийн бодлого, хүүхдийн эрх, жендерийн тэгш байдал, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг сургалтын хөтөлбөрт түлхүү оруулахад чиглэсэн байна.  Эдгээр улсуудаас  Франц, Герман, Шинэ Зеланд зэрэг улсуудад хөтөлбөрийн шинэчлэл хийх болсон шалтгаан, үндэслэл нь Олон улсын үнэлгээний байгууллагын дүн мэдээтэй хамааралтай байв.

Даяаршил, бүс нутагшил хийгээд мэдээллийн технологийн зуун дахь хөгжлийн хувьсал, өөрчлөлтүүд нь хувь хүний амьдралын чанарт шинэ шаардлага дэвшүүлж, өөрөөр хэлбэл, хувь хүн өөрийн амьдралын болон нийгмийн байр сууриа өндөржүүлэхийн тулд өөрийгөө удирдах, аж төрөх чадвартай байх, бие хүн болж төлөвшихөд нь сургалтын хөтөлбөрийн чиг үүрэг, зориулалт, агуулга, бүтэц, хэрэгжилт, үнэлгээг нэн тодорхой болгох шаардлага тулгарч байна. Хувь хүн нийгмийн амьдралын аливаа өөрчлөлтийг угтан харах, өөрчлөлтөд бэлэн байх, тогтвортой хөгжих чадвар нь сургалтын хөтөлбөр, түүний хэрэгжилтийн үр дүнд биелэлээ олж байх зүй тогтолтой.

Бүдүүвч 2. Сургалтын хөтөлбөрийн статик, динамик хөгжлийн үе шатууд

Бүдүүвч 3. Сургалтын хөтөлбөрийн хөгжлийн загвар [Olivia, 2004]

2016 оны 1 дүгээр сараас 6 дугаар сар хүртэлх хугацаанд аймаг, нийслэлийн лаборатори ба лаборатори бус (лаб., лаб. бус) 37 сургуулийн 3 ба 7 дугаар ангийн 807 багшаас мэдээлэл цуглуулсан судалгааны үр дүнд шинжилгээ хийсэн байна (Хүснэгт 2). 

Хүснэгт 3. Бага, суурь боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн

эмпирик судалгааны үр дүнгээс

Хөтөлбөрийн бүтэц

Судалгааны үр дүн

(Бага, суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр, УБ, 2014, 2015 он)

Зорилго

Нийт багш нарын 90% нь “цөм хөтөлбөр нь олон шинэлэг санаа агуулсан” гэдэгтэй санал нэгдсэн. 4 багш тутмын 3 нь “цөм хөтөлбөрийн судлагдахууны зорилго, зорилтуудыг ойлгодог” гэжээ. Суралцахуйн зорилт ба цөм хөтөлбөрийн зорилгын уялдаа холбоог ойлгомжтой гэж (лаб. 42%, лаб. бус 30%)  үзэж байна.

Хэрэгжилт

Нийт судалгаанд оролцсон багш нарын 70 гаруй хувь нь цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүйн зарчмыг ойлгодог гэсэн боловч цөм хөтөлбөрийг ойлгож, хэрэгжүүлэхэд хялбар эсэхэд хоёрдмол байр суурьтай байна.

Гэвч, лаб. сургуулийн багш нарын 78-иас дээш хувь, лаб. бус сургуулийн багш нарын 2/3 нь “цөм хөтөлбөр хэрэгжсэнээр сурагчдын идэвх сайжирч байна” гэж үзжээ.

Агуулга 

Судалгаанд оролцсон багш нарын  (лаб. 37%, лаб. бус 28%) “цөм хөтөлбөр агуулга ихтэй тул бүгдийг нь заахад цаг хүрэлцдэггүй” гэж үзсэн.  Цөм хөтөлбөр нь “хэт олон чадвар олгох зорилготой тул шинэ мэдлэг олгох цаг бага” гэдэгтэй багш нар (лаб. 36%, лаб. бус 26%) санал нийлжээ.

Аргазүй

Лаб. болон лаб. бус сургуулийн 80.7% нь “ялгаатай түвшний сурагчдад ялгаатай үйл ажиллагаа, даалгавар төлөвлөх нь маш чухал” гэсэн ч 51.4% нь “ялгаатай түвшний сурагчдад ялгаатай үйл ажиллагаа, даалгавар төлөвлөх амаргүй байдаг” гэжээ. Мөн, 65% нь “ялгаатай түвшний сурагчдад ажиллахад хичээлийн цаг хүрэлцэхгүй” гэж үзсэн бол 45% нь “ялгаатай түвшний мэдлэг, чадвар бүхий сурагчдад зориулж ялгаатай түвшний үнэлгээний зорилт, шалгуур боловсруулахад хүндрэлтэй байдаг” гэжээ.

Үнэлгээ

Нийт багш нарын 72% нь “сурагчдын хөгжил, төлөвшлийг дэмжих, түүнийг үнэлэх ажлыг тогтмол хийдэг” гэсэн байхад 64% нь “хичээлээр сурагчдын хөгжил, төлөвшлийг үнэлж чаддаг” гэжээ. 69% нь “сурагчдын хөгжил, төлөвшлийг үнэн зөв үнэлэхэд цаг их ордог” гэсэн. 32% нь “сурагчдын хандлагын үнэлгээний шалгуур хэт ерөнхий тул үнэлэхэд хүндрэлтэй байдаг” гэж үзсэн бол багш нарын тал хувь ялгаатай байдал гэдгийг ихэвчлэн сурлагын амжилтаар тодорхойлжээ. Мөн 21% нь “надад сурагчдыг хөгжил, төлөвшилд сургах, үнэлэх туршлага дутаж байна” гэн бол 36% нь “хангалттай туршлагатай” гэж өөрсдийгөө үзжээ. Үнэлгээний зорилт, шалгуурт үндэслэн хичээлийг төлөвлөх боломжийн талаар асуухад багш нарын 53% нь “цөм хөтөлбөрийн үнэлгээний зорилтоос хичээлийн үнэлгээний шалгуурыг гаргах боломжтой” гэжээ. 5 багшийн 1 буюу 20% нь “суралцахуйн зорилтын үнэлгээний шалгуур хангалттай SMART биш” гэжээ. Багш нар нь эцсийн үнэлгээг зөв сонгож, ашиглах тал дээр санал хуваагдсан. ¼ нь “үнэлгээний хэрэгслийг оновчтой сонгон ашиглах амаргүй байдаг” гэсэн бол багш нар эцсийн үнэлгээний тестийг боловсруулах чадавхийн талаар 24% нь “суралцахуйн зорилт (хөтөлбөрийн зорилгод) үндэслэн эцсийн үнэлгээний даалгавар боловсруулах нь хүндрэлтэй байдаг” гэв. Хөндлөнгийн үнэлгээний талаар 40% нь “Боловсролын үнэлгээний төвийн хөндлөнгийн шалгалтууд суралцах чадварыг үнэлдэггүй” гэсэн бол “сургууль, дүүргийн БГ-ын хөндлөнгийн үнэлгээгээр хийж буй даалгаврууд нь цөм хөтөлбөрт нийцүүлэн өөрчлөгдөөгүй хэвээр байгаа”  хэмээн 34% нь үзэв. Нийт багш нарын 32% нь ”сурагчдын чадварыг багшийн ажиглалтаар үнэлэхэд хүндрэлтэй байдаг” гэсэн бол 30% нь “чадварт суурилсан жишиг даалгаврууд боловсруулахад хүндрэлтэй” гэв. Сурагчдын өөрийн үнэлгээ талаар лаб. сургуулийн 10 багш тутмын 5, лаб. бус сургуулийн 3 багш тутмын 1 нь “сурагчдын өөрийн үнэлгээ найдвартай гэхэд эргэлздэг” байна. Гэвч багш нар (лаб. 91% ба лаб. бус 86%) “сурагчдыг зөв үнэлэхэд сурагчид илүү идэвх сонирхолтой, хариуцлагатай болдог” гэдэгтэй санал нийлжээ.

Дээрх эмпирик судалгаагаар илэрсэн сул тал:

-       Аргазүйн хувьд: Суралцах олон талын хэрэгцээг хангах болон сурагч нэг бүрийн сурах чадварт тохирсон үйл ажиллагаа зохион байгуулахын ач холбогдлыг өндөр үнэлж байгаа ч, эдгээр үйл ажиллагааг зохион байгуулах нь бэрхшээлтэй байгаа юм байна.

-       Үнэлгээний хувьд: Сурлагын амжилтын үр дүн болон шалгуур үзүүлэлтийг тодорхойлох, үнэлгээний тохирох арга хэрэгслийг сонгох, төлөвлөх, явцын болон сурагчийн өөрийн үнэлгээний талаар багш нарын ойлголт дутмаг, нэгдмэл бус байна.

-       Багш нарт мэргэжил дээшлүүлэх сургалт хэрэгцээтэй байна.

Боловсролын хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сард ЕБС-ийн 10 дугаар анги бүхий 367 сургуулиас авсан судалгааны үр дүнгээс харахад, бүрэн дунд болосвролын сургалтын цөм хөтөлбөрийн заавал судлах, заавал сонгох, сонгон гүнзгийрүүлэх хичээлүүдээр сурагчид  сонголт хийж байгаа нь онцлог байв. Хичээл сонголт хийлгэх, сургуулийн мэдлийн цагийг хэрэгжүүлэх, мэргэжлийн багш нар илүүдэх, дутагдах, кредитийн үнэлгээг хэрэгжүүлэх, сурах бичиг хэвлэгдэхгүй байх, боловсролын баримт бичгийн агуулгын зөрүү гарах зэрэг бэрхшээлүүд тулгарч байгаа ч сургалтын хөтөлбөрийг сонголттой болгоход ахиц гарсан гэж үзэж байна.

2016 оны  4-9 дүгээр сард Дээд боловсролын хөгжлийн асуудлаар Монголын их, дээд сургуулиудын 300 гаруй багш нарыг хамруулан хийсэн зарим судалгааны үр дүнгээс үзвэл, “Дээд боловсролын үйлчилгээний чанарыг дээшлүүлэхийн тулд гол нь ямар асуудлыг шийдвэрлэх шаардлагатй талаар судалгаанд оролцогчдын өгсөн саналын хувь: Багшийн хандлага, арга барилын өсөлт, хөгжил – 56.3%, Элсэгчдийн суурь түвшин – 55.5%, Орчин үеийн стандарт хангасан сургалтын орчин – 43.8%, Мэргэжлийн хөтөлбөрүүдийн чанар  36.7%, Сургалтыг нийгмийн хэрэгцээтэй уялдуулах – 37.5%, Сургалт – Эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн холбоо – 28.9%, Дээд боловсролын бодлого, үйл ажиллагааны ШУ-ы үндэслэл – 19.5%” гэсэн баримтууд илэрсэн байна.

Манай улсын дээд боловсролын салбарт нэн түрүүнд засууштай зүйлийн талаар гарсан саналын тойм: ЕБС-ийн сургалтын чанар мэдэгдэхүйц унаж байгааг анхаарах. Удирдлагыг намаас хараат бус, тогтвортой ажиллуулах, боловсролын бодлого залгамж чанартай байх. Гадаадын сургуулиудын бүтэц, туршлагыг тэр хэвээр нь шууд хуулахгүй, өөрийн улсын нөхцөлд тохируулж буулгах” хэмээн тэмдэглэсэн байна.

III. СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙН ТАЛААР ЦААШИД ШИЙДВЭРЛЭХ АСУУДЛУУДААС:

-     Сургалтын хөтөлбөрт Монгол хүний үнэт зүйлийг эрхэмлэж, суралцагчийн суралцахуйг дэмжсэн, суралцагчийн бүх талын оролцоог тооцсон, хувийн эрх, эрх чөлөө, сонголтыг хүндэтгэсэн зэрэг үнэт зүйлүүдийг тодорхой тусгаж, хэрэгжилтийн үр дүнг үнэлэх, улмаар харьцангуй нээлттэй хөтөлбөрүүдэд шилжих

-        Хөтөлбөр нь суралцагчийн хувийн болон нийгмийн хэрэгцээ, сонирхол, мэргэжил сонголт, алба ахихуйд нийцсэн байх

-        Юунд суралцуулахыг чухалчлахаасаа илүү яаж суралцах буюу сурах хэв маяг, арга барил, ялангуяа, судлан шинжлэх арга барилд суралцахуйг бүхэлд нь дэмжих

-        Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн (гадаадын улсуудын сургалтын хөтөлбөрийг хуулбарлах бус) үйлийн, сэтгэлзүйн, материаллаг иж бүрэн орчинг хөгжүүлэх  

-        Сургалтын хөтөлбөрийн боловсруулалт, хэрэгжилтийн чанарын үнэлгээг хэрэгжүүлэх механизмыг төгөлдөржүүлэх

-        Сургалтын хөтөлбөрийн үр дүн болох суралцагч нэг бүрийн сурлагын чанарт онцгой анхаарч (ЕБС-ийн сургалтын чанар мэдэгдэхүйц унаж байгаа гэсэн дүгнэлт бий), үр дүнгийн болон явцын үнэлгээний арга, чадавхийг цогц хөгжүүлэх 

-     БСШУСЯ-ны хувьд хийж болох нэг сонголт бол хөтөлбөрийн үнэлгээний хүрээг дахин хянан үзэж, сайжруулах, үнэлгээ (ялангуяа явцын үнэлгээ)-ний чиглэлээр мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг тасралтгүй сайжруулах, явцын болон өөрийн үнэлгээний гарын авлага, материалыг боловсруулж, түгээх

-   Цаашид сургалтын хөтөлбөр-стандарт (curriculum-standart)  бий болгох шинжлэх ухаан, философийн үндэслэгээг нухацтай тодруулж байж, үндэсний түвшний шийдвэр гаргах

- Сургалтын хөтөлбөрийг хөгжүүлэхдээ, суралцахуй ба багшлахуйн философийг тэнцвэртэй харгалзахын сацуу суралцагч төвт сургалтын философи баримтлалуудыг өөриймшүүлж, тууштай мөрдөх

ДҮГНЭЛТ

Багш төвтэй сургалт нь боловсролын философийн эссенциализм ба переннеализм чиглэлд суурилдаг байна. Боловсролын энэхүү хоёр философи нь багш “төв”-тэй сургалтын суурь үндэслэгээ болдог бөгөөд тухайн улс орны боловсролын бодлогод үйлчилдэг байна. 1990 оноос өмнөх манай улсын ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрүүд эдгээр философийн хүрээнд хийгдэж байсан нь судалгаанаас харагдав.

- 1990 оноос хойш  манайд хийгдэж, хэрэгжиж ирсэн сургалтын хөтөлбөрүүдийн  зорилго, агуулгын бүтцийг шинжлэхэд, философи баримтлал нь прогрессивизм, экзестенциализм, нийгмийн конструктивизм зэрэг чиглэлүүдийн хүрээнд  байжээ хэмээн дүгнэж болохоор байна.

-   Бид боловсролын философийн суралцагч төвт урсгал, чиглэлийн үнэт зүйлсээс сургалтын хөтөлбөрийн зорилго, агуулга, аргазүй, үнэлгээний хэсэгт тусгах оролдлогыг хийж байна.  

-     Сургалтын хөтөлбөрийн тойм судалгаанаас үзвэл, Монголын бага, суурь, бүрэн дунд боловсролын хөтөлбөр нь өөрийн улсын эрдэмтэд, багш нарын судалгаа, туршлага болон гадаадын хөгжингүй улсуудын сургалтын хөтөлбөр судлалын судалгааны зарим ололтод тулгуурлан хөгжиж ирсэн байна.

- Манай улсад сургалтын хөтөлбөр ялангуяа, ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийн талаар Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны болон эрдэм шинжилгээ, аргазүйн байгууллагаас хөтөлбөр судлалын шинжлэх ухааны үндэстэй судалгаа, боловсруулалт, хэрэгжүүлэлтийг залгамж чанартай, тогтвортой хийж чадахгүй байгаа нь бидний судалгаанаас ажиглагдав. Бүх шатны боловсролын сургалтын хөтөлбөрүүдийг сургалтын хөтөлбөр судлал (киррикюлим)-ын шинжлэх ухааны үндэстэй боловсруулах, үнэлэх, хэрэгжүүлэх орчил (цикл)-ыг зайлшгүй тогтоон мөрдөх шаардлагатай байна.

-        Суурь, бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрт (2015, 2016 он) тусгасан судлан шинжлэх арга барил болон үнэлгээний зорилт, шалгуур үзүүлэлтийг тасралтгүй, залгамжтайгаар цаашид хөгжүүлэх         

-        Сургалтын хөтөлбөрийг судлах, боловсруулах, хэрэгжүүлэх үйл ажиллагааг шинжлэх ухааны тодорхой үндэслэлтэй болгохын тулд бидний хөндөж буй хөтөлбөр судлалын шинжлэх ухаанч зарим санаа, загваруудыг бүтээлчээр ашиглаж, хэрэглэж болох юм.  

Эш татсан, ашигласан ном зохиол

1.        Бэгз, Н., Пүрэв, О., Энхцогт, Н., Баттогтох, Д., Баярцэцэг, Б., Мягмар, П., Лхагвасүрэн, Ц., & Тунгалаг, П. (2012). Боловсролын философи. УБ: Соёмбо принтинг

2.        Пүрэв, О. (2013). Монголын боловсрол, сургалтыг хүмүүншүүлэх онол, арга зүйн зарим асуудал. УБ: Бит пресс. 177

3.        Лувсандорж, Ц. (2004). Кирриклюм хөгжил ба боловсролын стандарт. УБ, 3

4.        Содномваанчиг, Г., нарын хамтын бүтээл. (2001). Монголын бага, дунд боловсролын агуулга, арга зүйн хөгжлийн товч тойм (1911-2000 он). УБ. 22

5.        Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төв. (1998).Суурь боловсролын агуулга, Боловсролын стандартын тогтолцоо. УБ: СХҮТ-ийн хэвлэх цех, 2

6.        МУГЯ. (1999). Сургалтын арга зүй. УБ. 55

7.        МУБСШУЯ, БСХХ, (2001). Сургалтын менежмент. УБ. 99 

8.        Стандартчилал, хэмжилзүйн үндэсний төв. (2004). Бага, дунд боловсролын стандарт MNS 5420-14:2004. УБ. 55

9.        Боловсролын хүрээлэн. (2006).   ЕБ-ын 11 жилийн сургуульд 2006-2008 оны хичээлийн жилд мөрдөх сургалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэх зөвлөмж, хичээлүүдийн агуулгын үлгэрчилсэн хүрээ. УБ: Од свит, 6

10.    БСШУЯ. (2014). Бага боловсролын сургалтын цөм хөтөлбөр. УБ. 17

11.    БСШУЯ. (2015). Суурь боловсролын сургалтын цөм хөтөлбөр. УБ. 19

12.    БСШУЯ. (2016). Бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөр. УБ. 13

13.    (2001). Чанартай боловсрол хєгжлийн баталгаа (илтгэлүүдийн эмхтгэл). УБ. 135

14.    БСШУЯ. (2016). Боловсролын салбарын хөгжил – Боловсролын чанарт нөлөөлж буй сургуулийн хүчин зүйлс, Дунд хугацааны тайлан. 26-30, 63

15.    БСШУ-ны сайдын 202 дугаар тушаал. (2002). Бага, дунд боловсролын киррикюлим, стандартыг шинэчлэн хөгжүүлэх үзэл баримтлал.

16.    БСШУ-ны сайдын 236 дугаар тушаал. (2006). Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын талаар баримтлах бодлого.

17.    БСШУ-ны Сайдын 20 дугаар тушаал. (2007). СӨБ-ын сургалтын талаар баримтлах бодлого.

18.    Алтангэрэл, О. (2016, 11 дүгээр сарын 03). Дээд боловсролын хөгжлийн асуудлаар хийсэн зарим судалгааны үр дүн. Өдрийн сонин, 15

19.    Gail McCutcheon. (1982). What in the World is Curriculum Theory, Theory into practice, Curriculun Theory. 19 

20.    Lounsbury, H.J & Gordon F.V. (1978). A Curriculum for the Middle School Years. New York: Harper & Row,138

21.    Peter F.Olivia. (2004). Developing the curriculum. Boston: Pearson education. 139

22.    Shuayb, M. &O’Donnell, S. (2008). Aims and Values in Primary Education: England and other countries (Primary Review Research Survey 1/2), Cambridge: University of Cambridge Faculty of Education.

 

Багшийн хөгжил.
Багшийн хөгжил.
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?