БАГШ ЯРЬЖ БАЙНА

ТХБ-ын зорилт 4-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд бид юу хийж байна вэ?

2019-06-03 12:30

Дэлхийн, бүс нутгийн болон манай орны хөгжлийн ололт амжилт, бэрхшээл, зөрчил нь бидэнд цаашид хөгжих шинэ нөхцөл, боломжийг нээж өгч байна. Улс орнууд энэ чиглэлээр өргөн хүрээний судалгаа хийж өөр өөрийн боловсролын асуудлыг шийдэж байна. Энэ хүрээнд манай оронд бодлогын болон судалгааны түвшинд зарим ажлууд хийгдэж, бид их ярьж бичиж байгаа боловч тодорхой үр дүнд хүрч хэрэгжүүлж буй ажлууд хомс, бас удаашралтай гэж үзэхээр байна. Энэ хүрээнд БХ-ийн захиалгаар МУИС, МУБИС-ийн судлаачдын баг мэдлэг, чадвар, хандлага нь ажиглагдахуйц, хэмжигдэхүйц байх шалгуурыг тооцож үзэн дэлхийн чиг хандлага болон өөрийн орны боловсролын түүх, онцлогийг тусган боловсруулсан ирээдүйд монгол суралцагчийн эзэмших компетенцийн нэгэн судалгааны ажлын үр дүнг танилцуулья (Оюунцэцэг. Н ба бусад, 2017).

21 дүгээр зуунд монгол суралцагчийн зайлшгүй эзэмших 8 түлхүүр компетенц (8К)-ийг сонгож, “Тоонон” загварыг бүтээлээ. Нүүдэлчин Монголчуудын эдийн соёлын нэг үндсэн хэсэг болсон гэр юм. Тооно нь гэрт гэрэл гэгээ оруулж, утаа уурыг гаргах зориулттай бөгөөд хөндлөн гулд чагт тэмдэгтэй дугуй цагираг хүрээтэй. Бас тооныг ертөнцийн бичил загвараар нарны бэлгэдэл болж байсан бол хүний бие эрхтнээр бэлгэдэхэд толгой, тэргүүнээр төсөөлөн ойлгодог байна. Иймд бид дээрх бэлгэдлийн үүднээс гэрийн тооныг монгол сурагчийн эзэмших түлхүүр компетенцийн загвараа болгож сонгон авсан. Тус тоонон загварт суралцагчийн эзэмших компетенцийн 4 багц, тэдгээрт хараглзах 8 компетенцийг тооны чагттай дугуйд тус тус харуулсан байна.

Хэл, соёл:

- Хэлний компетенц

- Соёл, түүхийн компетенц

 

Шинжлэх ухаан:

  • Математик, байгалийн шинжлэх ухаан, технологийн компетенц
  • Мэдээлэл, харилцааны технологийн компетенц

 Хөгжил, шинэчлэл:

  • Суралцахуй, шинэчлэхүйн компетенц
  • Санаачилга, ажил хэргийн компетенц

 Хүн, нийгэм:

  • Хувь хүний компетенц
  • Нийгэмшихүйн компетенц

Ийнхүү түлхүүр компетенцийг хувь хүний болон нийгмийн түвшинд амжилт гаргахад хувь нэмэр оруулах, нэгдмэл шаардлагыг хэрэгжүүлэх түүнчлэн янз бүрийн нөхцөл байдалд төвөгтэй шаардлага, сорилттой тулгарахад хэрэглэгдэх, хувь хүн бүрд ач холбогдолтой байх гэсэн шалгууруудыг хангасан байхаар боловсруулжээ. МкКлеландын онолын дагуу энэ 8 компетенц тус бүрд харгалзах мэдлэг, чадвар, төлөвшлийг тодорхойлж өгчээ. Энэхүү загварын компетенцийн “Хөгжил шинэчлэл” багцын “Суралцахуй, шинэчлэхүйн” компетенцийн мэдлэг, чадвар, төлөвшлийг хэрхэн тодорхойлсныг жишээлэн харуулъя.

Жишээ 1: ХЭЛ, СОЁЛ: Хэлний компетенц

а) Эх хэлээрээ харилцах

Хэлний компетенц нь хэл шинжлэл (үгсийн сан, дуудлага, зөв бичгийн дүрэм), нийгмийн хэл шинжлэл (мэдлэгээ хэрэглэх), санаа бодлоо солилцох, хэлээр харилцах явц дахь гарах бэрхшээлийг даван туулах гэсэн хэсгээс бүрдэнэ. Энэ нь ойлголт, бодол санаа, мэдрэмж, бодит байдал, үзэл бодлоо амаар болон бичгээр илэрхийлэх, тайлбарлах; нийгэм соёл, гэр бүлийн харилцаа, боловсрол эзэмших, ажил хөдөлмөр эрхлэх гэх мэт бүхий л орчинд хэлийг бүтээлчээр хэрэглэх, тухайн нөхцөлд тохируулан харилцагчдаа зүй зохистой хариу үйлдэл үзүүлэхэд ашиглах мэдлэг, чадвар, хандлага юм. Эх хэлний компетенц нь төрөлх хэлээ эзэмшихээс эхлэх бөгөөд ертөнцийг таньж мэдэх, тайлбарлах, бусадтай харилцах чадвартай салшгүй холбоотой. Хэл бол нийгэм болон хувь хүмүүсийн харилцааг зохицуулж байдаг төдийгүй мэдлэг бүтээх гол хэрэглүүр болдог. Сонсох-ярих, унших-бичих чадвар нь бичиг үсгийн боловсролын суурь болж, улмаар мэдээллийг хүлээн авах, боловсруулах, санаа бодлоо солилцох, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, мэдлэгээ хуваалцах, өөртөө мэдлэг бүтээх боломжийг олгодог.

 

Багшийн хөгжил-үндсэн сургалтын гарын авлагаас:

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019