БАГШ ЯРЬЖ БАЙНА

ЕБС-ийн сурагчдын мэргэжил сонголтыг 8-р ангиас эхлэх нь үр дүнтэй

МУИС-ийн “Ажил мэргэжил судлал” магистрын зэрэг олгох хөтөлбөрт яагаад хамрагдах болов?

Би 2011 оноос хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг улсдаа ганц сургууль болох Монгол-Солонгосын Политехник Коллежид нийгмийн ажилтнаар ажилласан. Ажлынхаа явцад суралцагчидтай их уулзаж, ярилцана. Уг нь мэргэжлийн боловсрол манай улсад их үнэ цэнтэй байгаа ч үүнийг зарим сурагч, залуус ойлгодоггүй. Политехник коллежид элсэж байгаа суралцагчдыг зорилготой, зорилгогүй гэж ангилж болохоор санагддаг.

Зорилготойгоор манай сургуулийг сонгосон суралцагчид мэргэжлээ, сургуулиа, төгсөөд гарах ажлын байраа судалчихсан, ирээдүйд бэлтгэлтэй байдаг. Тэр их хүсэл тэмүүллээрээ амжилттай суралцдаг. Харин зорилгогүй суралцагчдын тоонд бусдын ятгалгаар, гэр бүл, ойр дотныхныхоо тулгалтаар, шилжилт хөдөлгөөн дагаж ирсэн, эсвэл найз нөхдөө дуурайсан, түр зуурын сэтгэл хөдлөлөөр хандсан залуусыг оруулж болно. Тэд мэргэжил, сургуулиа бодож үзэхгүй, судлаагүй учраас эргээд олон хүндрэл бэрхшээл, сөрөг үр дагаврыг өөртөө бий болгодог. Манай сургуульд мэргэжлийн хичээлийн 80 хувь нь дадлага, үлдсэн нь онол заадаг учраас мэргэжилдээ дур сонирхолгүй бол халшрах, амжилтгүй суралцах, сургуулиа орхих тохиолдол ч их байгааг би анзаарсан юм.

Цоож болгон түлхүүртэй байдаг шиг хүн бүрт өөрийн сонирхол, чаддаг зүйл байдаг. Түүнийгээ л таньж мэдэж, өөрийнхөө хүссэн мэргэжлээ сонгох хэрэгтэй. Мэргэжлийн боловсрол санамсаргүй сонголт биш, үнэхээр хүсч, бодож, зорьсон сонголт байгаасай гэж би хүсдэг. Тийм ч учраас тус хөтөлбөрийн талаар сонссон даруйдаа ажил мэргэжлийн чиг баримжаа олгох чиглэлээр мэргэших сонголтыг хийсэн дээ.

Хөтөлбөрийн зорилго? Ямар онцлог, давуу талтай вэ?

Монголд анх удаа “Ажил мэргэжил судлал”-н магистрын хөтөлбөрийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран Монгол Улсын Их Сургууль дээр 2017 оны 9 сараас хэрэгжүүлж эхэлсэн. Хөтөлбөрийн давуу тал нь ХБНГУ- ын Хөдөлмөрийн агентлагийн харьяа Хөдөлмөрийн дээд сургуулийн профессорууд бидэнд хичээл орсон. Миний харж байгаагаар биднийг илүү практикт чиглүүлэн бэлтгэсэн бөгөөд онолоор үзсэн зүйлээ амьдралд ашиглаж чадахуйцаар дадлагажуулсан нь олон давуу талын нэг нь юм.

Магистрын зэрэг олгож байгаа сургалтын хувьд дадлага гэдэг үг их содон сонсогдож байна. Та бүхэн хаана дадлага хийсэн бэ?

Манай ангийнхан хөдөлмөр эрхлэлтийн төрийн үйлчилгээний байгууллагууд болон хөдөлмөр эрхлэлтийн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй төрийн бус байгууллагууд дээр дадлага хийсэн.

Миний хувьд “Өөрчлөлтийг чиглүүлэгч” төв дээр ангийнхаа 3 магистрантын хамт 45 хоногийн мэргэших дадлагаа хийсэн.

Өөрчлөлтийг чиглүүлэгч төвийг яагаад сонгох болов?

“Өөрчлөлтийг чиглүүлэгч” төв хөдөлмөр эрхлэлтийн салбарт олон жил тууштай үйл ажиллагаа явуулж байгаагаас гадна АМЧБО үйлчилгээг ерөнхий боловсролын сургуулиуд дээр тусгай хөтөлбөр болгон амжилттай хэрэгжүүлж байгаа байгууллага юм. Тусгай хөтөлбөр гэдэг нь одоогийн байдлаар ЕБС-ийн 8, 9-р ангийн сурагчдад бүтэн жилийн турш АМЧБО хичээл орж байгаа гэж тайлбарлаж болно. Хичээлийн агуулгад:

  • Сурагчдын хөгжил төлөвшил, өөрөө өөрийгөө танин мэдэх хичээлүүд
  • Мэргэжил сонголтын хичээлүүд сууж өгсөн байдаг.

АМЧБО зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа бусад байгууллагуудтай харьцуулахад зөвхөн нэг удаа лекц, яриа хэлбэрээр явж, мэргэжилсонголтын сорил ажиллуулаад өнгөрөх бус сурагчдыг 8-р ангиас мэргэжил сонголтод шат дараатайгаар чиглүүлж байгаа нь сурагчдад өөрийгөө танин мэдэж мэргэжлээ зөв сонгоход нь маш том давуу тал болж байгаа нь анзаарагдсан.

Нөгөө талаасаа тус хичээлээр зөвхөн мэдээлэл өгөх түвшинд яриад орхидоггүй, зөвлөгөө, чиглүүлгийн дагуу хийх зүйлсийг багтаасан “МЭРГЭЖИЛ СОНГОЛТ ба БИ” дасгал ажлын дэвтэр сурагч бүрт байдаг.

Энэ талаар тодруулах зүйлс байна: Энэ хичээлийг хэн явуулдаг вэ?

Энэхүү ажлаа сурагчдын хамгийн ойрын хүн болох ангийн багштай хамтран хичээлээс гадуурх үйл ажиллагаа цагаар явуулдаг. Анги удирдсан багшид бүх материалыг бэлтгэж өгдөг ба багшийг Мэргэжил сонголтын хичээл заахад зөвлөн чиглүүлж бэлтгэдэг. Эцэг, эхчүүдэд тус хичээлийн талаарх мэдээллийг эцэг, эхийн хурлын үеэрээ багш нар маань дамжуулчихна. “МЭРГЭЖИЛ СОНГОЛТ ба БИ” ажлын дэвтрийн гэр бүлийнхэнтэйгээ ярилцаж хийх дасгал ажлуудаар дамжуулан гэр бүлийнхэнтэйгээ ярилцах боломжийг олгодог. Би төгссөнөөсөө хойш “Өөрчлөлтийг чиглүүлэгч” төвдөө энэ хөтөлбөрийг хариуцан ажиллахын хажуугаар практикт үргэлжлүүлэн суралцсаар байна. Бид хичээлийнхээ явцыг хянаж, багш нартайгаа эргэх холбоотой ажилладаг. Багш нарын ч, сурагчдын ч, эцэг, эхчүүдийн ч сэтгэл ханамж өндөр байгаа.

ЕБС-ийн сурагчдын мэргэжил сонголтыг чиглүүлэх ажлыг 8-р ангиас эхлэн хийж байгаа жишээг та ярьж байна. Ер нь хэддүгээр ангиас эхэлбэл тохиромжтой юм бэ?

Нийтлэг дүр зургаар бол сурагчид төгсөх ангидаа л энэ талаар улам их санаа зовдог. Харин 10-р ангидаа сонгон суралцах хичээл сонгодог болсонтой холбоотойгоор санаа зовдог үе нэгээр нэмэгдсэн.

9-р ангиа төгсөөд сурагчид ахлах ангид дэвшин суралцах бол сонгон суралцах хичээлээ, Политехник коллеж, МСҮТ-д элсэх бол мэргэжлээ, сургуулиа сонгох буюу эхний сонголтоо хийдэг үе. Энэ сонголт руу зөв чиглүүлэхийн тулд цаанадаж 8-р ангиас нь эхлэн чиглүүлж байх хэрэгтэй болж байгаа юм. Ийм ч учраас би “Өөрчлөлтийг чиглүүлэгч” төвийн хэрэглэж буй аргыг дэмжиж, түүнд суралцан хамтран ажиллаж байгаа.

Хөтөлбөрийн төгсөгчид чухам ямар чадваруудыг эзэмшиж төгсөх вэ?

Манай хөтөлбөрийн хүрээнд 10 гаруй хичээл заасан. Энэ бүхний үр дүнд бид ажил мэргэжлийн талаар хүний амьдралын туршид зөвлөгөө, үйлчилгээ үзүүлж чадахуйц болсон гэж бодож байна. Тодруулбал, ажил мэргэжлийн зөвлөгч нь аль ч насны, ямар ч боловсролтой, нийгмийн ямар ч хүрээний хүнтэй ажил, мэргэжлийн хөгжил, төлөвлөгөөний талаар ярилцаж, зөвлөгөө өгөх чадавхтай байх ёстой. Тийм л чадварт суралцаж байгаа, тэдэнд чиглэж ажиллахаар бэлтгэж байгаа гэж хэлж болно. Цаашилбал, хөдөлмөр эрхлэлтийн хүрээний бусад олон асуудлаар байгууллагад ч тулгарсан асуудлын хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлнэ.

Энэ хөтөлбөрт ЕБС-ийн багш нар суралцаж давхар мэргэших боломжтой, тэдэнд сурахад маш их давуу талууд ч бий. Онлайнаар сурдаг анги ч нээгдсэн. Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар сурагчид ч, эцэг эхчүүд ч мэргэшсэн зөвлөхөөс зөвлөгөө авч дадаагүй байна. Багш нараасаа зөвлөгөө авах нь нийтлэг байгаа шүү дээ. Тиймээс багш нар бэлтгэгдсэн байдаг бол зөв чиглүүлэхээс гадна өөрийнхөө зөвлөж чиглүүлэх боломжгүй зүйлсийг мэргэшсэн зөвлөхийн тусламжтайгаар өгдөг хамтын ажиллагаа тогтож мэргэжил сонголттой холбоотой олон асуудлууд шийдэгдэнэ дээ гэж би хардаг.

Мэдээллийн эх сурвалж: Багшийн хөгжил сэтгүүл 7-р дугаараас

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 2796
  • Өчигдөр 6253
  • Сүүлийн 7 хоног 34149
  • Энэ сард 132032
  • Нийт 263647

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019