БАГШ ЯРЬЖ БАЙНА

Багшлах гэж юу болохыг ойлгуулсан түүх

2019-07-03 10:08

С.Жагдал Ахмад багш

Багш болсон анхны жил хичээлийн эрхлэгч Чимэдбалдир “За чи манай нэг ахмад багшийг дагаж ажиллана. Үгэнд нь сайн орж байгаарай. Сайн багш болъё гэвэл энэ багшаас сайн суралцаарай” гэж захин намайг Рэнцэндорж багштай уулзуулав. Тийнхүү уулзахад өргөн ханхар цээж бүхий өндөр сүрлэг биед нь элбэгжүү монгол дээл их сайхан зохисон, нэлээд ихэмсэг дүртэй, дөчөөд насны багш харагдсан. Рэнцэндорж багшийн анх харагдсан энэ дүр байдал, багшлахуйн арга туршлагатайгаа миний санаа сэтгэлд тодоос тод байдаг юм.

Нэг өдөр Рэнцэндорж багш надтай зориуд уулзаад, “За хө чи миний хичээлд завтай цагтаа сууж бай, асуух зүйл гарвал асууж байгаарай” гэв. Би тэгээд зав л гарвал багшийнхаа хичээлд суудаг болсон. Хичээлд нь сууж байхад янз бүрийн л юм бодогдоно. Дунд сургуулийн сурагч насаа дурсана. Хүүхдүүдийн ярианаас би монгол хэлний мэдлэгээ сэргээдэг байв. Зарим үгийг алдаж бичсэнээ зөв бичгийн дүрэм ёсоор мэдэж авна. Өөрийн физик, математикийн хичээлээ санаандаа төлөвлөж сууна.

Ийнхүү би 20 гаруй цагийн хичээлд суучхаад явж байтал Рэнцэндорж багш дуудаж байна. Ангид ороод уулзтал “За чи овоо хэдэн цагийн хичээлд суулаа. Юу сурав? Надаас сурах юм байна уу” гэв. Би тулгамдаад ээрч мууран “Хүүхдүүд их ярих юм” гээд хэдэн өгүүлбэр хэлсэн санагдана. Багш маань мушийн инээснээ “ Дахиад хичээлд суу. Болоогүй байна” гэв. “Юу нь болоогүй юм бол доо. Өөрөө надад тэг, ингэ гэж зааж хэлээгүй байж, болоогүй байна гээд байх юм” гэж гоморхон бодож билээ.

Нэг өдөр багшийн хичээлд сууж байхдаа тооныхоо дэвтрийг засаж байв. Нэг мэдэхнээ, багш маань миний дэргэд ирчихсэн “Чи хичээлд сууж байна уу? Дэвтэр засаж сууна уу?” гэж асуугаад, юу ч хэлж амжаагүй байхад минь яваад өгөв. Тэр өдрийг би багшаас эмээж, зугтаасаар байгаад өнгөрөөлөө. Өглөө хичээлдээ ирсэн чинь багш маань дуудаж байна. Би ч айсаар очсон. Гэвч багш маань загнасангүй, харин хичээлд хэрхэн бэлтгэдэг, хичээлээ яаж заадгаа яриад, “Одоо багш нь танай ангид чиний хичээлд сууя” гэдэг байгаа. Би түргэн авч, хичээлийн бэлтгэлээ базаагаад амжлаа. Ашгүй тэр өдөр хичээлд минь суусангүй. Маргааш суух нь дээ гэж бодоод хичээлдээ сайтар бэлтгээд авлаа. Бас багш ирсэнгүй. Бэлтгэл сайтай хичээлүүдээ заахад сайн болж байв. Харамсалтай нь Рэнцэндорж багш маань суусангүй. Өмнөх хичээлээ сайн бэлтгэж заасан тул дараагийн хичээлдээ бүр илүү бэлтгэх шаардлагатай болно. Ийнхүү би хичээлээс хичээлд бэлтгэлээ сайн базааж заасаар, багшийг сууна гэж хүлээсээр тэр долоо хоног өнгөрсөн юм.

Даваа гаргийн өглөө хичээлээ заахаар ангидаа орсон чинь багш маань арын ширээнд ханхайгаад сууж байх нь тэр. Би ч сандраад тэр цагийг хэрхэн өнгөрөөснөө мэдсэнгүй. Ямар боловч багшид “шалгалт” өгчихлөө гээд өөрийгөө тайвшруулан бодоод, дараагийн хичээлдээ ортол багш маань сууж байдаг байгаа. Бас л сандарч байна. Гэхдээ өмнөхийг бодвол гайгүй. Тэр хичээл дажгүй өндөрлөлөө. Тэгээд хоёр давсан бөх шиг болж аваад, сүүлийн цагийн хичээлд өөр ангид ортол багш маань бас л сууж байв. Багш маань танай ангид сууна гэж хэлсэн тул өөр ангийн хичээлд төдийлөн сайн бэлтгэлгүй заагаад явсан юм. Тэр хичээлд урьдчилан сайн бодож, боловсруулж бэлтгээгүй болоод ч тэр үү, ялгавартай хандлаа гэх болов уу гэж бодогдон бас л сандарч байв. Бэлдсэн хичээл, бэлдээгүй хичээл хоёрын ялгаа надад ойлгогдож байв. Рэнцэндорж багш үүнийг надад ойлгуулах, “амсуулах” л гэж хичээлүүдэд минь ийнхүү сууж байгааг гадарлалаа. Багш маань юу ч хэлэлгүй 10 гаруй цагийн хичээлд минь суусан. Гэвч би багшид үзүүлсэн хичээлүүдээсээ өөрөө өөртөө сургамж авч байлаа. Айдас сандрал минь арилж, багшийн өөрийн нь хичээлүүдийг бодон, хичээлдээ бэлтгэн, улам сайн хичээл багшид үзүүлэхийг хичээдэг болж билээ.

Багш нэг өдөр дуудаад “За хоёулаа чиний хичээлийн талаар ярилцъя” гэв. Би ч жаахан эмээсхийн багштайгаа ширээнд суулаа. Багш маань хэлж байна. “Чи хичээлдээ сайн бэлтгээд , хичээгээд заагаад байвал, уг нь сайн багш болох хүн байна. Аль ч ангийн хичээлд сайн бэлтгэж бай. Хичээлээ сонирхолтой болгон зааж бай. Самбар дээр олон бодлого өөрөө бодож өгч байна. Энэ сайн хэрэг боловч, хүүхдүүд чинь бүгдээрээ бодож сурахгүй байна шүү. Багш нь хичээлд бэлтгэн бичсэн конспектоо өгье. Сайн уншиж, ийм байдлаар хичээлдээ бэлтгээрэй. Дахиад миний хичээлд суугаарай. Одоо чи хичээлд сууж сурах байх аа” гээд сургамжтай сайхан зөвлөгөө өгч билээ.

Надад хичээл гэж юу болох, багшилна гэдэг яахыг хэлдгийг тэгж ойлгуулсан хүн

Багшийн тэр битүү, угсраа ажиллагаан дотор би бодол эргэцүүлэлд автаж, өөрийн ухааралтай болж байлаа. Хэрэв багш шууд л тэг ингэ гээд “лекцэлчихсэн” бол би хэр хурдан ухаарах байсан бол. Намайг тэгж “халааж”, сандрааж, юм бодуулан байж эцэст нь надтай үе тэнгийн хүн шиг харилцан байж өгсөн Рэнцэндорж багшийн зөвлөгөө сургамжтай яриаг би мартдаггүй юм. Тэр сургамж нь багшийн гавьяат болохын эхлэл, алдартай, тайлбартай дасгалын аргаа үүсгэхэд хүргэсэн болохыг би сүүлд мэдсэн.

Мэдээллийн эх сурвалж: Багшийн хөгжил сэтгүүл 7-р дугаараас

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019