БАГШ ЯРЬЖ БАЙНА

Сургалтын хөтөлбөр төлөвлөгөө боловсруулах нь

2019-07-04 10:20

Хөтөлбөрийг хөгжүүлэгчид санал болгож, багш нар цэгцэлдэг

Сургалтын хөтөлбөр нь сургалтын зорилго, агуулга буюу заах сэдэв, тэдгээрийн дэс дарааг тогтоож өгсөн, суралцахуйн үйл ажиллагааг зохион байгуулах удирдамж баримт бичиг юм. Дэлхийн олон улс орон, түүний дотор манай улс боловсролын бодлого, зорилго, зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд дараах хөтөлбөрүүдийг түвшин бүрээр боловсруулан хэрэгжүүлж байна. Үүнд: Сургалтын хөтөлбөрийн түвшин:

  • Үндэсний хэмжээнд- Сurriculum (сургалтын цөм хөтөлбөр)
  • Орон нутаг, сургууль- Syllabus (Сургуулийн сургалтын хөтөлбөр), Жилийн төлөвлөгөө, Ангийн төлөвлөгөө
  • Багш- (Судлагдахууны төлөвлөгөө) Жилийн төлөвлөгөө, Нэгж хичээлийн хөтөлбөр, Ээлжит хичээлийн төлөвлөлт

Сургуулийн хөтөлбөр гэж юу вэ? Хэн хэрхэн боловсруулах вэ?

Сургууль бие даасан байгууллага тул түүний менежментийг боловсронгуй болгох, сургуулийн удирдлагын оновчтой төлөвлөлт бүхий, үр дүнтэй үйл ажиллагаа нь боловсролын чанар, сургалтын үр дүн, боловсролын шинэчлэлийн гол түлхүүр гэж үзэх байр суурь улам бүр хүлээн зөвшөөрөгдөж байна. Үүний нэг баримт нь Эдийн Засгийн Хамтын Ажиллагааны Байгууллагын зохион байгуулдаг PISA (Program for International Student Assessment) суралцах чадварын үнэлгээ болон шийдвэр гаргахад сургуулийн оролцох байдал хоёрын харьцаагаар үнэлэхэд Финланд улс хамгийн өндөр үзүүлэлттэй, Австри улс дундаж орчим, Грек улс хамгийн бага үзүүлэлттэй байсан байна. Финланд нь ЕБС-ийн сурагчдын сурлагын амжилт, хөгжлийн үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж буй улсын нэг байх үндэс нь сургуулийн бие даасан байдал, менежмент, багш нартаа олгосон академик эрх чөлөө нь нөлөөлж байна гэсэн таамаглал дүгнэлтийг тус улсын боловсролын туршлагыг судалсан мэргэжилтэн, багш нар онцлон дурдаж байгаа билээ.

Сургуулийн сургалтын хөтөлбөр боловсруулах үзэл санаа нь сургалтын хөтөлбөрийн (curriculum) хөгжлийн нэг шинэ шат болон 1950-аад оноос эхэлсэн гэж үздэг.

Сургуулийн хөтөлбөрийн талаарх эрдэмтдийн тодорхойлолт өөр өөр боловч, түүнийг боловсруулах үйл явц, үр дүн нь чухал гэдэгтэй бүгд санал нийлдэг. Сургуулийн хөтөлбөрийн талаарх хэд хэдэн байр суурь, ойлголтыг авч үзье. Үүнд:

  • Сургуульд суурилсан сургалтын үйл явц. Энэ үйл явцын үед сургууль, сурагчид хамтын үйл ажиллагаа, хэлэлцүүлэг, төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээгээр дамжуулан төрөл бүрийн эх сурвалж, нөөц, хөгжлийн хөтөлбөрүүдийг ашигладаг. (Eggeston, 1980)
  • Сургуулийн сургалтын хөтөлбөрийг сургууль дээр төвлөрөн боловсруулж, хэрэгжүүлдэг боловч нийгмийн хүрээг хамардаг. Тухайлбал төв болон орон нутгийн байгууллага, засаг захиргаа, сургуулиудын үүрэг хариуцлагыг хуваарилах замаар, сургууль, багш нар сургуулийн хүрээнээс гадуурх нөөц, хүчийг ашиглаж болдог. (Huang Zhengjie, 1985)
  • Сургуулийн хөтөлбөр боловсруулах нь “доод түвшин”-ээс эхлэн “оролцоо”-нд тулгуурладаг онцлогтой. Энэ нь багш, сурагчдын туршлага дээр суурилсан хамтын бүтээл, шийдвэр бөгөөд үүгээрээ боловсролын философи болохын зэрэгцээ сургалтын удирдлага, сургалтын шинэчлэлийн арга юм. (Марш нар,1990)

Сургуулийн хөтөлбөр яагаад хэрэгтэй вэ?

  • Үндэсний хэмжээнд мөрдөж буй сургалтын хөтөлбөрт сурагчдын эзэмших чадварууд, суралцахуйн зорилтуудыг тусгасан хэдий ч орон нутаг, сургууль, сурагч нэг бүрийн онцлог, хэрэгцээг хангахад учир дутагдалтай
  • Сурагчдын нийгмийн амьдралын хэрэгцээг зөвхөн анги, танхимд явагддаг сургалтаас гадна өөр арга хэлбэр, үйл ажиллагаагаар дамжуулан хангахад сургуулийн хөтөлбөр туслах учиртай.
  • Орон нутгийн өвөрмөц орчинд түүний нөөц болон онцлогийг давуу тал болгон ашиглах боломж олгодог.
  • Суралцагчдын мэддэг зүйлийг “сурах бичиг, хөтөлбөр дээр байгаа учраас” хэмээн заах нь суралцагчийн хөгжилд ахиц гаргахгүй. Хэдийгээр суралцагч амжилттай суралцаж байгаа боловч сургууль дээрээ цагийг сэтгэл хангалуун, үр бүтээлтэй өнгөрөөж, нийгэмшиж чадахгүй байгаа бол сургуулийн зүгээс онцгойлон анхаарч, асуудалдаа суурилсан зорилго, зорилтыг сургуулийн бүх түвшний хөтөлбөр, төлөвлөлт, үйл ажиллагаанд тусгах шаардлагатай.
  • Сургууль хамт олноороо сайн менежмент зохион байгуулалттай ажилласан ч үр дүн хангалтгүй байх нь байдаг. Иймээс үр дүн яагаад хангалтгүй байв гэдэгт дүн шинжилгээ хийж, түүнийг шийдвэрлэж, сайн боловсрол олгохын төлөө хамт олноороо хичээж ажиллах шаардлагатай. Өөрийн сургууль болон суралцагчдыг сайн мэдэж, тухайн жилд тохирсон оновчтой зорилго, зорилт дэвшүүлж, түүндээ хүрэхийн тулд сайтар төлөвлөсөн сургалтын үйл ажиллагааг тууштай хэрэгжүүлснээр амжилтад хүрнэ.

Сайн сургуулийг бий болгоход төлөвлөлт, хэрэгжилт, үнэлгээ, сайжруулалт гэсэн PDCA (Plan, Do, Check, Action) циклээр удирдах нь үр дүнтэй гэж үздэг. Зорилгоо тодорхойлж, үйл ажиллагаагаа төлөвлөж, түүнийгээ нэг жилийн турш хэрэгжүүлнэ. Хэрэгжүүлсэн сургалтын үйл ажиллагааг үнэлж, үр дүнд нь үндэслэн ирэх жилийн сургалтын үйл ажиллагааг сайжруулна. Энэ тасралтгүй хэрэгжих үйл явцад багш, хамт олон нэгэн цул болж оролцох сургуулийн менежментийг бий болгох нь чухал.

“Сургуулийн хөтөлбөрийн менежмент” гэдэг нь сургуулийн зорилго, зорилтын хүрээнд төлөвлөсөн үйл ажиллагаанд тулгуурлан сургуулийн хөтөлбөрийг боловсруулж, нийт багш нар нэгдмэл, тодорхой зорилгын дор сургалтынүйл ажиллагаа явуулахыг хэлнэ. Багш нарын өдөр тутам гүйцэтгэдэг төвөгтэй, олон төрлийн ажлуудыг хөнгөвчлөх үүднээс зорилго болон үйл ажиллагаагаа тодорхой, уялдаатай болгосноор тэдний ажлыг үр ашигтай болгох менежмент юм.

Сургуулийн үйл ажиллагааг нэгдсэн менежментээр зохицуулдаг ба тэр нь сургуулийн хөтөлбөрийн менежмент юм. Энэ бүхнийг дүгнээд үзвэл, сургуулиудын өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж ирсэн менежментээс онцгой шинэ зүйл биш боловч сургуулийн зорилго ба өдөр тутмын үйл ажиллагааг уялдуулан, нэгдмэл зорилго, нэгдсэн төлөвлөгөөтэй нийт суралцагч, багш нар тодорхой чиг шугамыг барин боловсрол эзэмших мөн боловсрол олгох үйл явц юм.

Доор танилцуулах 4 үндсэн төлөвлөлтийг нэгдмэл зорилгод үндэслэн боловсруулах нь чухал юм. Үүнд:

  1. Сургуулийн менежментийн загвар
  2. Сургалтын үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө
  3. Нэгж хичээлийн хөтөлбөрүүд
  4. Ээлжит хичээлийн төлөвлөлтүүд

Эдгээрийн тухай товч авч үзэцгээе.

Сургуулийн менежментийн загвар

Юуны өмнө “Сургуулийн менежментийн загвар”-ыг боловсруулна. Энэ нь сургуулийн ерөнхий дүр төрхийг буулгасан нэгдсэн зураглал юм. Үүнийг боловсруулснаар тухайн жилийн сургуулийн зорилго, сургалтын үйл ажиллагааны уялдаа холбоо тодорхой болно. Ямар суралцагчийг бэлтгэхийн тулд ямар зорилго тавьж, түүндээ хэрхэн хүрэх вэ гэдгийг энэхүү загвараар тодорхой харуулна. Ингэснээр нийт багш, асран хамгаалагчид нь тухайн сургууль энэ жил ямар зорилгод хүрэхээр юу хийх гэж байгааг тодорхой мэдэж сургалтын үйл ажиллагаагаа оновчтой явуулах боломжтой болно. Тус загвараар дэвшүүлсэн зорилго ба үйл ажиллагаатай хамааралгүй, шаардлагагүй ажлуудыг хэрэгжүүлэх эсэх талаар дахин хэлэлцэх, ирэх жилийн ажил руу шилжүүлэх зэргээр ажил сонголтын шалгуур болгон ашиглах боломжтой.

Сургуулийн менежментийн загварт дэвшүүлсэн сургуулийн зорилго, зорилтод хүрэх үйл ажиллагааг илүү тодорхой болгон нарийвчилсан сургалтын үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө /сургалтын жилийн төлөвлөгөөг/ боловсруулж, тэр төлөвлөгөөг илүү тодорхой болгон нэгж хичээлийн хөтөлбөрийг боловсруулдаг, нэгж хичээлийн хөтөлбөрийн дагуу ээлжит хичээлийн төлөвлөгөөг боловсруулж хичээл заана. Энэхүү хоорондоо уялдаатай төлөвлөлтүүд нь нэгдсэн зорилго ба өдөр тутмын үйл ажиллагааг нэгтгэх боломжтой болж үр ашигтай, үр дүнтэй, чанартай боловсрол олгох нөхцөл нь болно.

Сургуулийн менежментийн загвар боловсруулахын тулд дараах үйл ажиллагааг зохион байгуулна. Үүнд:  

1.2 .Сургуулийн зорилго, тэргүүлэх зорилтуудаа тодорхойлох:

Сургуулийн бүх ажилтан, багш нар хамтран сурагчдын хувьд хөгжүүлэх шаардлагатай чиглэлд төвлөрөн тэргүүлэх зорилтуудыг томьёолох нь чухал. Сургуулийн зорилго нь энэ хичээлийн жилд сургууль сургалтын үйл ажиллагаагаар дамжуулан юу хийх, ямар үр дүнд хүрэхийг харуулна. Зөвхөн сургуулийн менежментийн асуудлууд бичигдсэн байвал сургуулийн хувьд хамгийн чухал бүрэлдэхүүн болох хүүхэд орхигдоно. Сургууль бол хүүхдэд боловсрол олгох зорилготой тул энэ чиглэлээр юу хийхээ олон зүйлийг харгалзан сайтар тунгаасны эцэст тодорхойлно.

Сургуулийн зорилгоо тодорхойлоод орхивол учир дутагдалтай. Сургуулийн багш, хамт олон “Өөрийн сургуулийн зорилгыг мэдэхгүй” бол зорилго тодорхойлоогүйтэй адил. Мөн “Зорилгоо мэдэж байгаа ч өөрөө уг зорилгыг биелүүлэхийн тулд юу хийхээ мэдэхгүй” байвал мөн л учир дутагдалтай. “Сургуульд ажиллаж буй нийт багш, хамт олон сургуулийн зорилгоо сайтар ойлгож, дор бүрнээ юу хийхээ сайн мэдэж байх” нь сургуулийн менежмент үр дүнтэй хэрэгжих нөхцөл нь болдог.

1.3. Сургуулийн менежментийн загвар боловсруулах

Сургуулийн менежментийн загвар (Grand design) гэдэг нь сургуулийн удирдлага зохион байгуулалтыг хялбаршуулан харуулсан зураглал гэж хэлж болно. Харин энэ үе шат бол тэрхүү зураглалыг бодит амьдрал дээр хичээлтэй уялдуулах үйл ажиллагаа юм. Тухайлбал, “Сурлагын амжилтыг ахиулах” гэсэн зорилго дэвшүүлж, “Өөрийгөө илэрхийлэх чадварыг сайжруулах” гэсэн тэргүүлэх зорилт тавьсан бол хичээл бүр дээр анхаарах зорилтыг “Илтгэл тавих боломжийг бүрдүүлэх” гэж тодорхойлж болно. Өдөр бүр бүх хичээлээр хэрэгжүүлэх боломжтой зорилго, зорилт байхад тийм боломжгүй зорилго, зорилт ч мөн байдаг шүү дээ. Хэзээ, аль судлагдахууны аль нэгж хичээл дээр хэрэгжүүлэх талаар багш нар харилцан ярилцаж, боломжтой ба боломжгүй хэсгүүдийг мэдэж авснаар харилцан нөхөх байдлаар ажиллах нь зүйтэй. Ингэж хамтран ажиллах нь “Хөтөлбөрийн менежмент” юм.

Мэдээллийн эх сурвалж: Багшийн хөгжил-Үндсэн сургалтын гарын авлагаас

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019