БАГШ ЯРЬЖ БАЙНА

Өөрийн үнэлгээг хэрхэн хийх вэ?

2019-08-06 17:20

Хүн өөрийнхөө алдаа дутагдлыг өөрөө олж харж, ойлгоогүй тохиолдолд түүнийгээ засах нь бүү хэл, бусдын “үнэлж дүгнэх болон шүүмжилж” хэлэхэд хүлээн авахад бэлэн бус байдаг нь бидний өдөр тутмын амьдралаас тодорхой харагддаг. Иймээс өөрийн алдаа, дутагдлаа өөрөө олж харах ганц арга зам нь “өөрийн үнэлгээ” юм.

Бид “өөрийн үнэлгээ” (self-evaluation) гэдэг үгийг сонсож, танил болсоор овоо хэдэн жил болж байгаа ч түүний утга учрыг бас л буруу, зөрүү ойлгож, хэрэглэсээр өдий хүрч байгааг болоод түүний үр өгөөжийг, бид наад зах нь сургууль дээр багшийн ажлыг үнэлэхэд “өөрийн үнэлгээ”-г ямар зорилгоор яаж ашиглаж байснаа болон одоо түүнийг ашиглаж байгаа байдлаасаа харж болно.

Хүн “өөрийнхөө ололт амжилт”-д тайвширснаар төдийлөн ахиж, хөгждөггүйг бид өөрсдийнхөө болоод салбарынхаа амьдрал, үйл ажиллагаанаас харж болно. Боловсролын хувьд “тайвшрал бол хоцрогдлын эхлэл болдог” гэж ойлгоход нэг их алдаа болохгүй.

Ямар ч үнэлгээнд “шалгуур” гэдэг ихээхэн чухал зүйл байдаг. Бидний өнөөдрийг хүртэл нэг их олж хараагүй явсан алдаа маань чухам энэхүү энэ “шалгуур”-т байсан. Ихэнхдээ тодорхой “шалгуур”-гүйгээр үнэлж ирсэн.

“Өөрийн үнэлгээ”-г ч ялгаагүй, өөр өөрсдийнхөө бодол санаагаар өөрсдөдөө “дүн” тавих маягаар ойлгож ирсэн.

Үнэндээ бол “үнэлгээ” гэдэг нь “дүн тавих” биш, харин ямар дүн тавихынхаа үндэслэлийг олж гаргахад чиглэсэн үйл ажиллагаа байдаг.

Иймээс “үнэлгээ өгөх” гэхийн оронд “үнэлгээ хийх” гэх илүү оновчтой хэллэг байх талтай.

Багш хүний хувьд өөрийнхөө үйл ажиллагаанд бодитой “үнэлгээ хийх”- ийн тулд өөрийнхөө ажлын байрны тодорхойлолтын хэрэгжилтийн “үр дүнд тавигддаг шаардлага”-уудыг тодорхой чиглэлийн ажлынхаа “шалгуур” болгоход нэг их алдаа болохгүй. Бүр цаашилбал, боловсрол, сургалтын үйл ажиллагааныхаа чанарын гол шалгуурыг “суралцагчдынхаа хичээл, сурлагадаа хандаж байгаа байдал, түүнд гарч буй ахиц, өөрчлөлт”-өөр тооцох нь боловсролын хүмүүнлэг үйлчилгээг эрхэмлэж байгаа үед нэг их буруутахгүй. Хамгийн гол нь багш Та өөрөө өөрийнхөө өмнө ямар зорилго, зорилтыг тавьж ажиллаж байгаагаас л бүх зүйл хамаарна. “Өөрийн үнэлгээ”-ний шалгуур нь та өөрийнхөө өмнө ямар зорилго тавин ажиллаж байгааг шууд харуулах болно. Мөн таны өөрийнхөө нийгмийн үүрэг, зорилгоо чухам “юу гэж ойлгодгийн илрэл байна. Иймээс Та “өөрийн үнэлгээ”-ний шалгуураа өөрийнхөө ажил, мэргэжлийн үүрэг, зориулалттай холбон тодорхойлох нь чухал болно. Үүнд таны мэргэжлийн онол-арга зүйн мэдлэг, итгэл үнэмшил, өөрийн тань сэтгэлгээний байр суурь багагүй нөлөөтэй байх болно. Тухайн сургуулийн удирдлага, хамт олны нэг чухал үүрэг нь сургуулийнхаа нийгмийн үүрэг, өөрсдийн үйл ажиллагааны бодлого, чиг зорилгыг нийтээрээ хэлэлцэн тодорхойлж, түүндээ багш, ажилтан нэг бүрийн гүйцэтгэх үүргийг тодорхой ойлголцоход оршино.

Ингэж харилцан ойлголцсон үүрэг, зорилтоо багш, ажилтан нь ажлынхаа “өөрийн үнэлгээний шалгуур” болгосноор, хүн бүрийн болон сургуулийн “үйл ажиллагааны үнэлгээний шалгуур” нэгэн чиг хандлагатай болж багш нар ажлын байран дээрээ арга барилаа сайжруулан хөгжих нөхцөл бүрдэх боломжтой болох юм.

Багш мэргэжлийн хөгжлийн өөрийн үнэлгээний дараах загварыг ашиглан хөгжих хэрэгцээ, шаардлагаа тодорхойлоорой.

Эх сурвалж: Багшийн хөгжил-Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын гарын авлагаас-1

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019