БАГШ ЯРЬЖ БАЙНА

Байгууллагын соёл

Сэтгэл хүрсэн газарт бие хүрдэг

Та байгууллагынхаа соёлын талаар бодож байв уу?

Та ямар хувь нэмэр оруулдаг вэ?

“Байгууллагын соёл” гэдэг ойлголт багшийн хувьд содон сонсогдож магадгүй. Гэхдээ бид хамт олны дотор ажиллаж, нийгмийн дотор амьдардаг. Хувь хүн, хүүхдүүдийн хувьд ч хувийн соёлын тухай ярьдаг. Байгууллага үүнтэй ижил өөрийн гэсэн соёлтой байдаг.

Та аль нэг ЕБС эсвэл цэцэрлэгт ажиллаж байна. Таны өдөр тутам юу хийж, хэрхэн ажиллаж байгааг тань хүүхдийн эцэг эх, тэр бүү хэл хамтран ажилладаг багш нар тань ч тэр бүр мэддэггүй. Харин таны хэрхэн ажиллахыг тухайн ажиллаж байгаа байгууллагын соёл зохицуулж байдаг бөгөөд ямар соёлоор ажиллах нь таны ажиллаж байгаа байгууллагад тогтсон соёлоор тодорхойлогдох нь бий.

Энэ нь та анх ямар соёл бүхий байгууллагад ажиллаж эхэлнэ тийм соёлоор ажиллаж сурдаг. Таны соёлын энэхүү тал таны хэрэглэгчид болох сурагчид болон тэдний эцэг эхчүүдэд өдөр тутам шууд харагддаггүй боловч тэд үйл ажиллагааны тань үр дүнгээр дамжин мэдэрдэг.  Хэрэглэгч болсон сурагчид тэдний эцэг эхчүүд таны байгууллагын маш бага хэсгийг харж байдаг ба үүнийг яг л далайд хөвж яваа мөсөн уулын ил харагддаг хэсэгт ижил байдлаар төсөөлөн загварчилж болдог.

Мөсөн уулны маш бага хэсэг нь усны мандал дээр ил харагддаг ч агуу Титаник хөлгийг живүүлэх хүчтэй байдгийг бид мэддэг. Аливаа байгууллага зөвхөн энэ байгууллага “ЮУ” хийдэг вэ? гэсэн асуултын хариултыг харуулж ажилладаггүй бөгөөд үйл ажиллагаа нь Энэ байгууллага “ЯАЖ” ажиллаад байна вэ? гэсэн асуултад хариулагдахуйц нь илүүтэй байдаг.

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүд ижил зорилгын төлөө ажиллаж байгаа, үйл ажиллагаа, төсөв зардлын хувьд ч ижил байдаг бөгөөд харин тэд хоорондоо тухайн байгууллагад ажиллаж байгаа ажилтнуудын хамтдаа бүтээсэн соёлоор ялгардаг. Тэгэхээр шууд утгаараа зөв соёлтой байгууллага илүү амжилттай байх боломжтой байдаг гэж ойлгож болно. Бид тэрхүү зөв соёл гэж юу болох, түүнийг бүтээхэд та хэрхэн оролцох талаар зөв ойлголттой байж хамтран ажиллах хэрэгтэй болдог.

Байгууллагын соёлыг бид төсөөлж тодорхойлбол “Янз бүрийн орчинд ямар үйлдэл хийх, хэрхэн харах, аливаад хэрхэн хандахаа мэдрэх ерөнхий таамаглалуудын цуглуулгыг байгууллагын соёл гэнэ”.

Энэ нь багш та хэзээ, хаана, юу хэлж болох болохгүй, аливаад хэрхэн хандаж байгаагаа илэрхийлэх эсэх талаар хувийн ойлголтоо нэгтгэхийг ийнхүү нэрлэж байгаа хэрэг болно. Сурах бичиг, онолын номуудад байгууллагын соёл гэж юу болох талаар 150 гаруй тодорхойлолт байдаг.

Багийн гишүүдийн үр дүнтэй хамтран ажиллах эрмэлзэл, тэмүүлэл бий болохуйц хамтаар хүлээн зөвшөөрөгдсөн, үнэт зүйл, итгэл үнэмшил, хэм хэмжээг байгууллагын соёл гэнэ.

Үүний утгыг дэлгэрүүлж харвал байгууллагын соёл гэж:

  • Байгууллагын дотоод амьдрал
  • Байгууллагын дотор оршин тогтнох байдал
  • Байгууллагын ажилтнуудын ажлынхаа талаар бодох
  • Бодсоноо үйлдэл болгох
  • Тухайн байгууллагынхаа нэгэн хэсэг, гишүүн нь байх асуудлыг хэлнэ.

Байгууллагын соёл тухайн байгууллагад ажиллаж байгаа ажилтнууд юуг үнэн бөгөөд зөв гэж бодож байгаа нь байгууллагын соёлыг тодорхойлдог эхний хүчин зүйл байдаг. Эерэг соёлтой байгууллагын хувьд ажилтнууд нь байгууллагынхаа зорилгод хүрэхэд эергээр нөлөөлөх зүйлсийг зөв гэж бодож тийм үйлдэл хийж эерэг үр дүнг авчирдаг. Учир нь байгууллагын соёлд тухайн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн юу бодож байгаа, юу ярьж байгаа, мөн юу хийж байгаа үйлдлүүд орно. Бодол нь үг болж, үг нь үйлдэл болдог болохоор эерэг зөв үйлдэл хийхийн эхлэл нь эерэг зөв бодол байдаг учир тэр. Байгууллагын соёл эерэг бөгөөд хүчтэй байгаа хэмжээгээрээ та энэ ажлыг яагаад хийж байгаа талаарх ойлголт тодорхой болохын зэрэгцээ хийж байгаадаа итгэлтэй болдог.

Харин энэ соёл танаас эхэлдгийг ойлгох нь чухал юм. Та өөрийн ажиллаж байгаа байгууллагад ямар соёл тогтсон байгааг үйлдлээрээ харуулж байдаг. Тэгээд таны харьяалагдаж байгаа ЗАН, секц, багш нарын нэгдлүүд тухайн нэгжид харьяалагдаж байгаа хүмүүсийн хийж буй үйлдэл таны ажиллаж байгаа байгууллагын багийн буюу бүлгийн түвшний соёлын илэрхийлэл болно. Эдгээр ЗАН, нэгдэн танай сургуулийн, танай цэцэрлэгийн соёлыг бүтээдэг бөгөөд эхлэл нь болсон та эерэг, зөв соёлын үйлдлүүдийг хийж байж байгууллага нийтээрээ эерэг соёлыг бүтээдэг. Ийм байдлаар түвшин бүрд тогтсон соёл тодорхой хугацаанд үргэлжлэн байгууллагад оршдог бөгөөд шинэ хүн ажилд орж ирэхэд өмнө байсан соёлын нөлөөнд ордог. Энэ нь байгууллагын соёлын түвшин эргээд багийнхаа түвшинд нөлөөлж, багт байгаа соёлын илрэлүүдийг та дагаж мөрдөх болдог гэсэн үг. Заримдаа эрс өөрчлөлтийг нэг хүн хийсэн түүхүүд бий. Өөрөөр хэлбэл өөрийн гэсэн хүчтэй соёлтой хүн шинээр ирж манлайлж чадах тэр үед багийн ч байгууллагын ч соёл өөрчлөгддөг. Эерэг соёлыг бүтээн түгээх талаасаа танд ч ийм боломж байгааг бодож байнга эерэг зөвийг бүтээхийн төлөө ажиллаарай. Таны ажиллаж байгаа байгууллага эерэг, зөв соёлтой болж байж “Боловсрол” чанартай, үр дүнтэй гэдэг дүгнэлтэд хүрэх болно. Учир нь хаана ямар соёл давамгайлна тийм үр дүн гардаг. Байгууллагын соёл юунаас бүтдэг талаар сонирхож байна уу? Бид соёлын тухай ярихаар харагдах байдал, гадна талыг бодох нь олонтоо. Орчин нь сайхан, үзэгдэх байдал нь эвтэйхэн байх гэх мэт. Энэ бол байгууллагын соёлын ил харагдах тал бөгөөд үүний цаана эх булаг нь болж байдаг элементүүд зөв байж гаднах илрэл нь зөв болно. Дараах зургаан элемент байгууллагын соёлыг бүтээж байдаг.

  1. Хэм хэмжээ, үнэт зүйл
  2. Зан үйл ба ёслолын арга хэмжээ
  3. Түүх ба домог
  4. Тоглоом ба тоглогчид
  5. Бэлгэ тэмдэг
  6. Хэл

Элемент бүрийг товч тайлбарлабал:

  • Хэм хэмжээ, үнэт зүйл – Байгууллагын соёлын мөн чанар нь түүний хэм хэмжээ болон үнэт зүйлд тусгагдсан байдаг. Хэм хэмжээ нь байгууллага дахь хувь хүн болон бүлгүүдийн зан үйлийг захирах зүйл хэмээн тооцогддог. Энэ нь батлагдсан дүрэм журам мэт байгууллагын гишүүд биеэ хэрхэн авч явахыг заасан албан бус журам юм. Зан үйлийн хэм хэмжээ нь томоохон стандарт журмаас авхуулаад цайны өрөөнд хэн хаана суух, хүмүүс ямар хувцас өмсөх ёстой гэх мэтийг хэлж өгдөг жижиг дүрмийг багтаадаг. Хэм хэмжээ нь тодорхой хүмүүс боловсруулж хэрэгжүүлдэг гадаад дүрэм байдаг бол үнэт зүйл нь байгууллагын гишүүн бүр өөрсдийн зан үйлийн талаар сонголт хийхдээ дагаж мөрддөг дотоод зарчим юм.
  • Үнэт зүйл гэдэг нь байгууллагын янз бүрийн асуудал, орчинтойгоо холбогдох арга замтай холбоотой хувь хүн аливаа зүйлийг үнэтэй, чухал гэж тооцдог итгэл үнэмшлийг хэлнэ.
  • Үнэт зүйл нь хэм хэмжээтэй харьцуулахад зан үйлд илүү их нөлөө үзүүлдэг. Үнэн хэрэгтээ, үнэт зүйлийг зөвхөн зан үйлд нөлөөлөх зарчим хэмээн тооцоод зогсохгүй зан үйл дотор биеллээ олсон зарчим хэмээн үзэх нь илүү зохистой.
  • Байгууллагын үнэт зүйл гэдэг нь байгууллагын ихэнх гишүүдийн хамтаараа хүлээн зөвшөөрсөн зүйлийг хэлнэ.

Зан үйл ба ёслолын арга хэмжээ – Ёслолын арга хэмжээ гэж арга барил, зан үйлийн стандартчилсан, дэлгэрэнгүй, цогц арга хэмжээг хэлнэ. Байгууллагын ёслолын арга хэмжээний нэг жишээ нь хурал юм. Байгууллага албан ёсны хурал зохион байгуулахдаа хэрэглэж буй ёслолын

 

арга хэмжээний цар хүрээ нь зөвлөгөөн болон ажиллагчдын оролцоог хэрхэн үнэлдгийг харуулна. Албан ёсны хурал нь оролцогчдын анхаарал сулрахаас урьдчилан сэргийлэхэд чиглэдэг.

Бейер ба Трайс (1987) нь байгууллагын зан үйлийн дор дурдсан хэлбэрийг санал болгосон байна. Үүнд:

  • Хүлээн зөвшөөрөх зан үйл (тухайлбал, шинэ ажилтныг танилцуулах ёслол, хүлээн авах үйлдэл);
  • Бууруулах зан үйл (тухайлбал, удирдах албан тушаалтныг олны өмнө ажлаас нь халах, хариуцлага алдсан үйлдлүүдийг нийтээр нь ойлгуулах үйлдэл);
  • Сайжруулах зан үйл (тухайлбал, сайн ажилтныг урамшуулах, эерэг зөв байгааг нийтэд таниулах үйлдэл);
  • Шинэчлэх зан үйл (тухайлбал, баг бүрдүүлэх, аливаа үйл ажиллагааг өмнө хийж дадаж заншсанаас өөрөөр илүү үр дүнтэйгээр хийх арга барилд сургах);
  • Зөрчлийг бууруулах зан үйл (тухайлбал, баг нэгжүүд хийж байгаа ажлынхаа талаар чөлөөтэй ярилцдаг болох, хэн хэний оролцоо ямар байхыг ойлголцох, үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчид хамтын хэлэлцээр хийх);
  • Уялдуулах зан үйл (тухайлбал, хийж байгаа үйл ажиллагаа бүхэн зөвхөн тухайн багийн л ажил бус байгууллагын ажил болохыг ойлгуулах, ажил бүхний уялдаа холбоог ойлгож хийдэг болох).

Түүх ба домог – Байгууллагын соёл нь тухайн байгууллагын бүтээсэн түүх болон домог мэт ам дамжсан ярианд тусгагдсан байдаг. Домог яриаг ихэвчлэн байгууллагын түүхэнд тохиолдсон домогт шинж чанар бүхий хийсвэрээр зохиосон түүх гэж үздэг. Түүх яригчид хэд хэдэн төрөл байдаг: Түүхчид – Тохиолдсон чухал үйл явдлын талаар ямар нэг хэтрүүлэггүйгээр ярьдаг хүмүүс

  • Тоймчид – Өнгөрсөн болон одоо үед эрх мэдлийн төлөө тэмцлийн тухай түүх яригчид
  • Еванглистууд – Байгууллагын үнэт зүйлийн тухай түүх яригчид
  • Шүүмжлэгчид – Байгууллагын домог дахь худал хуурмагийг илчилж, баатруудыг доош хийх гэсэн хүмүүс
  • Хов зөөгчид – Тухайн үеийн үйл явдлыг харуулсан бодит түүхийг ярих бус хүмүүсийн харилцаа холбоо зэрэг жижиг зүйлийг сонирхогчид
  • Тагнуул – Янз бүрийн бүлгүүдийн хооронд үйл ажиллагаа, төлөвлөгөөний тухай зөв буруу мэдээлэл өгөхөөр элдэв зүйл ярьдаг хүмүүс.
  • Шинээр ажилд орж байгаа хэн нэгийн хувьд тухайн байгууллагын ажилтнуудыг шууд таньж мэдэх боломж хязгаарлагдмал ч хэн юу ярьж байгаа зүгээр нэг сонсоод өнгөрөх бус агуулгын талаас нь дүгнэн бодож хэн нь хэн болохыг ялгаж ойлгохыг хичээж байх нь зүйтэй.
  1. Тоглоом ба тоглогчид – Аливаа байгууллагын хийж байгаа үйл ажиллагааг тэдний эрхлэн хийж байгаа “ТОГЛООМ” гэж нэрлэн ажиллагчдыг нь тэрхүү тоглоомоор “ТОГЛОГЧИД” гэх нь олонтоо. Энэ бол хүн төрөлхтний хийж байгаа ажлаа энгийнээр харах, ажлаа ачаалал зовлон гэж харалгүй тоглож байгаа мэтээр сэтгэх, ажилдаа дуртай байгаагаа илэрхийлэх үйлдэл юм. Тийм болохоор бид “Тоглоомынхоо дүрмээр тоглоорой” гэж ярилцдаг. Энэ бол дүрэм журмаа баримталж ажиллаарай гэсэн утгатай бөгөөд тэгж ажиллаж чадаж гэмээ нь амжилтад ойртох болно. 
  • Бэлгэ тэмдэг – Бид байгууллагын лого, үүдээр оронгуут харагдах байдал, шагналууд, ханаараа дүүрэн өлгөсөн өргөмжлөл, дурсгалын зүйлс, лого, ажилтнуудын форм зэргийг байгууллагын харагдах байдал мэтээр бодсоор ирсэн. Гэтэл эдгээр нь байгууллагын соёлын нэг л хэсэг юм. Зөвхөн дээр нэрлэсэн төдийгөөр хязгаарлагдахгүй илүү өргөн хүрээг хамардаг. Үүнд: Байгууллагын лого, логогоор илэрхийлэгдэх өнгө, харагдах байдал (ажилтнуудын форм)
  • Өрөө тасалгааны байршил (нэг өрөөнд сууж байгаа хүмүүсийн шинж чанар)
  • Албан тушаал (түүнийг ойлгож хүндэлж байгаа байдал)
  • Нэрийн хуудас
  • Тусгай хангамж зэрэг багтах
  • Хэл – Байгууллагын соёлын элементүүдийн нэлээд чухал хэсэг бол “ХЭЛ” юм. Энэ бол тухайн байгууллагын ажилтнууд хоорондоо ямар хэлээр ярьж байгаа тухай асуудал бус ярьж байгаа үгийнхээ цаана ямар утгыг ойлгож байгаа тухай асуудал юм. Бид гадна талдаа нэг ижил үгээр ярилцаад байгаа мэт боловч өөр өөрөөр ойлгох нь олонтоо. Харин соёлын энэ элемент энэхүү ойлголтууд нь ижил болсон эсэх талаас ажиллах боломжийг олгож байдаг. Үүнд “Нийтлэг үгийн сангийн хомсдол”-ыг судлаачид өргөнөөр тайлбарладаг бөгөөд энэ нь ямар үгийн цаана хэн, юуг, хэрхэн ойлгож байгааг илэрхийлнэ. Бүгдээрээ хариуцлага гэж ярьдаг ч үнэн хэрэгтээ хариуцлагын талаарх хувийн ойлголт нь ялгаатай байдгийг энд хэлж байгаа болно. Энэхүү ойлголтуудын зөрүүнээс байгууллагын ажлын амжилт шалтгаалах нь бий. Харин түүнийг бодит ажил болгоход аливааг ойлгож байгаа ойлголт нь тохирч байх нь чухал юм.

Байгууллагын соёлын талаар буруу ойлгох, буруу ойлголттой байх явдал нэлээд элбэг байдаг. Энэхүү буруу ойлголтуудыг нэгтгэвэл:

  1. Байгууллагын соёлыг өөрчлөхөд амархан байдаг.
  2. Байгууллага бүр өөрийн гэсэн нэг л соёлтой байдаг.
  3. Зөвхөн бурхан, эсвэл байгууллагын удирдлага л байгууллагын соёлыг өөрчилж чадна.
  4. Байгууллагын соёлыг өөрчлөхөд том хэмжээний төлөвлөгөө шаардлагатай.
  5. Байгууллагын соёлыг өөрчлөх нь бусад ажлыг бодвол ач холбогдол багатай байдаг.
  6. Ямар нэгэн томоохон өөрчлөлт хийхгүй бол байгууллагын соёл тэр хэвээрээ л байдаг.
  7. Байгууллагын соёлыг өөрчлөх нь хэтэрхий нийлмэл ойлголт юм.
  8. Байгууллагын соёлыг өөрчлөх нэг л төрлийн арга зам байдаг зэрэг болно. Өөрийнхөө ойлголт ямар байгааг дүгнээд үзээрэй. Бид хийе бүтээе гэж бодвол түүндээ хүрдэг.

Энэ бүхнээс нэгтгэж харвал байгууллагын соёлын илрэлүүд нь эерэг, сөрөг байдлаар бидэнд мэдрэгддэг. Өөрийнхөө орчин тойронд болоод байгаа үйлдлүүдийг анзаараарай. Аль баганад байгаа үйлдлүүд илүүтэй анзаарагдаж байна вэ? Энэ бол таны ажиллаж байгаа байгууллагад ямар соёл тогтсон байгааг олж харах нэг цонх гэж ойлгож болно. Аль баганад байгаа үйлдлүүд олонтоо анзаарагдана та бүхэн хамтраад тийм л соёлыг бүтээсэн болно. Учир нь байгууллагын соёлыг тухайн байгууллагад ажиллаж байгаа хүн бүр оролцож хамтдаа бүтээдэг.

Нөхцөл байдлууд

Сөрөг

Эерэг

  1. Асуудал үүсэхэд

Минийх биш

Яаж шийдвэрлэх вэ?

  1. Ямар нэг зүйлийг хийхэд

Миний хийх ёстой ажил биш

Би хийж чадах байх

  1. Уулзалт цуглаанд

Зөвхөн сонсогчоор оролцох

Ямар асуудал гарав, яаж шийдэх вэ?

  1. Шинэ асуудал үүсэхэд

Ярвигтай, оролцох хэрэггүй

Юу нь буруу болов, яах ёстой вэ?

  1. Шинэ үзэл баримтлал санал болгоход

Үүнийг хэрэгжүүлэхгүй байх олон шалтгаан байна.

Сонирхолтой санаа байна, хийгээд үзье.

Байгууллагын эерэг соёлыг бүтээхэд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл бий. Үүнийг судлаачид бүлгээр сэтгэх үзэгдэл гэж нэрлэдэг.

Нэгэн бүлгийн гишүүд нэгэн адил сэтгэж, нэгэн адилаар биеэ авч явахыг гэнэ. (Ирвин Женис 1970) Бүлгээр сэтгэх үзэгдэл эерэг соёлын орчинд ч илрэх нь олонтоо. Энгийнээр харахад хүмүүс эв найрамдалтай, ойлголцоод хамтран ажиллаж байгаа мэт харагдавч үр дүн сөрөг байх нь бий. Гадна талдаа илрэх илрэлийг судлаачид дараах байдлаар тогтоожээ. Үүнд:

  • Үр дүнд хүргэх боломж олгох зөрчлөөс зайлсхийдэг – зөрөлдөхгүй байгаагаа санал нийлж байгаа мэт харагдуулавч асуудлыг улам хурцатгах, гүнзгийрүүлэх нь бий.
  • Өөдрөг санааг хүлээн зөвшөөрөхгүй – Гайхалтай санаа бүхэн анх сонсоход солиотой мэт сонсогддог тухай бид ярилцдаг. Магадгүй анх сонсоод ухаалаг мэт сонсогдохгүй байлаа ч ирээдүйд илүү том боломж авчрах санааны утга учрыг олохоосоо өмнө нухчин дардаг байдал амьдралд элбэг.
  • Хэзээд нэгэн адил сэтгэдэг – хүн төрөлхтөн хөгжин өөрчлөгдөж байна. Энэ нөхцөл байдал ч ажил, амьдрал ч биднийг бүгд ижил байх боломжгүй болгож байна. Гэтэл нэгэн багийн эсвэл бүлгийн гишүүд бүгд ижил сэтгэх, ямар нэг хариу үйлдэл хийхдээ ижил байх зэрэг үзэгдэл танд танил байж магад. Дунд нь хэн нэгэн өөрөөр харж, өөрөөр сэтгэж байгаа хүн байлаа ч саналаа хэлж чадахгүй байх, хэлбэл таагүй нөхцөл үүсэхийг мэдэж байгаагаасаа болж хэлэлгүй өнгөрөх нь бий. Үүнийг хэзээд нэгэн адил сэтгэх хэмээн тайлбарлаад байгаа юм.
  • Үйл ажиллагаанд гарч болзошгүй сэтгэл зовоом алдааг нухчин дарах сонирхолтой– байгууллагын үйл ажиллагаа, түүний үр дүнг хамгийн сайн мэдэж байдаг хүмүүс бол тухайн байгууллагын ажилтнууд өөрсдөө байдаг, аль нэг дарга удирдлагаас илүү ажлыг гардан гүйцэтгэж байгаа хүмүүс илүү сайн мэдэж байдаг. Гэтэл аль нэгэн зүйл сөрөг үр дагавар авчрахыг мэдсээр байж дуугаралгүй өнгөрч, тийм алдаа гарахыг хэлэх бодолтой хүний амыг барих нь ч бий. Үр дагаврыг нь бүгдээрээ хамтдаа хүртдэгийг мэддэггүйгээс болж хийгддэг энэ алдаа байгууллагад бүхлээр нь сөрөг үр дүнг авчирдаг.
  • Бүлгийн гишүүд хуурмаг дүгнэлтэд үндэслэн найдвартай байдал, өөртөө итгэх итгэлийг өгдөг. Бид энд ийм олон жил ингэсээр л ирсэн юм гэх бодолдоо суурилан өөртөө итгэх итгэлийг өгөх тохиолдол цөөнгүй. Гэтэл өнөөдөр өөртөө итгэх итгэл өмнөх туршлагад тулгуурлахаас илүү мэдлэг, чадвар, зөв хандлагад суурилж байна. Шинэ, эерэг санаа ярьж байгаа хүнийг хүлээн зөвшөөрөлгүй өөрийнхөө харж байгаа, хүсэж байгаа руу шахахын тулд хийдэг энэ үйлдэл байгууллагын үр дүнд сөргөөр нөлөөлж байгааг тэр бүр ухаарахгүй байх нь элбэг.

Энэ бүхэн танаас ангид мэт санагдаж байж болох ч таны ажиллаж байгаа байгууллагын соёл танаас ангид байх боломжгүй юм. Дээрх үйлдлүүдийн илрэлийг та их ойроос харах боломж ч байдгийг судлаачид тодорхойлсон нь бий. Доорх үзэгдлүүд ойр орчимд тань амь бөхтэй байгаа бол анхаарах хэрэгцээ тулгарсныг илтгэнэ. Үүнд:

  • Бусдыг буруутгах, алдааг тэдэнд тохох
  • Юунаас ч айхаа больсон ялангуяа ирээдүйд бий болох сөрөг үр дагавраас айхаа больсон /өөрөө төсөөлж харж чадахгүй байх нь олонтоо/ гишүүд нь өөрийн чадавхыг хэт өндөрт өргөж удирдагчаа шүтэж удирдлагынхаа нүдийг бодит байдлыг харж чадахаа больтол хаах
  • Бодит биш хэвшмэл болсон зүйл болон шинжлэх ухаанч бус, дадал болсон, үзэл сурталчилсан санаанд үндэслэн тайлбар хийх
  • Байгууллагын ажилтнууд хийж байгаа ажлынхаа үр дагаврыг тоодоггүй, болж байгаа үйл явдал, үзэгдлээс ангид гадуур орших байдал ажиглагддаг.

Өөрийн ажиллаж байгаа байгууллагынхаа соёлыг ойлгохыг хичээгээрэй. Та энэ л соёлын дотор оршин байж эерэг зөв болгох хэрэгцээ байгаа бол хамтдаа бүтээж илүү их амжилт руу тэмүүлэх боломж бүрдэх болно.

Өнгөрсөнгүй өнөөдөр гэж байдаггүй. Таны ажиллаж байгаа байгууллагын соёлыг өнгөрсөн цаг үед энэ байгууллагад ажиллаж байсан хүмүүс хамтдаа бүтээн өнөөдрийг хүрсэн байгаа. Үүнд: Салбарын онцлог, тухайн ард түмний ертөнцийг үзэх үзэл, удирдаж байсан хүмүүсийн алсын хараа гэх мэт нөлөөлөх зүйлс олон. Тэр бүхний нэгдэл болж бүтээсэн соёлын орчинд та орж ирсэн. Харин энэ цаг үед энэ байгууллагад ажиллаж байгаа та бүхэн байгууллагынхаа соёлын өнөөгийн дүр зургийг бүтээлцэж байна. Соёл тань танай сургууль /цэцэрлэг/ руу ороод очиход л харагдаж мэдрэгдэхийн зэрэгцээ та бүхний хэрэглэгч үйлчлүүлэгчдэдээ /сурагч, хүүхдүүддээ/ хүлээн зөвшөөрөгдсөн байдал, үндсэн ойлголтод оршин байдаг. Олж мэдэх боломж оршин байх газар нь байгууллагын тань бүтэц, дүрэм журамд суусан байхын зэрэгцээ та бүхний өдөр тутамдаа хийж байгаа үйлдэлд суурилан илэрдэг.

Аливаа үйл ажиллагаа тухайн хүний зан чанараар илэрч гарах бөгөөд та, танай байгууллагыг жижүүрээс эхлэн бусад хүн танай байгууллагыг дүгнэж байдаг нь үүнтэй холбоотой. Магадгүй маш үр өгөөжтэй олон сайхан ажил хийсэн ч ганцхан тааруу үйлдлээрээ үүнийгээ баллах нь бий. Учир нь энд л байгаа юм. Тийнхүү амжилттай байгаагаа хүлээн зөвшөөрүүлэхэд та болон тантай хамтрагчдын мөн үйлчлүүлэгч болох суралцагчид тэдний эцэг эхийн сэтгэл хангалуун байх нөхцөлийг бүрдүүлэгч хүчин зүйлс нь танай байгууллагад тогсон ЭЕРЭГ СОЁЛ юм. Та үүнийг бүтээлцэхэд оролцдог. Өөрийн гэсэн үүрэг гүйцэтгэдэг. Эерэг соёлыг хамтдаа бүтээгээрэй. Ямар хувь нэмэр оруулах боломж байгааг мэргэжил дээшлүүлэх энэхүү сургалтаас авч явах болно гэдэгт итгэж байна.

Эх сурвалж: Багшийн хөгжил-Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын гарын авлагаас-1

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 2781
  • Өчигдөр 6253
  • Сүүлийн 7 хоног 34134
  • Энэ сард 132017
  • Нийт 263632

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019