БАГШ ЯРЬЖ БАЙНА

Б.Лхагвабаяр: Багш тасралтгүй хөгжих ёстой

БСШУСЯ-ны Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн албаны дарга Б.Лхагвабаяртай багшийн мэргэжил дээшлүүлэх чиглэлээр зохион байгуулдаг сургалт, үйл ажиллагаануудын талаар ярилцлаа.

-Сайн байна уу. Та Багшийн мэргэжил дээшлүүлэх институт ямар үйл ажиллагаа явуулдаг талаар товч танилцуулахгүй юу?

Сайн байна уу? Манай институт нь БСШУСЯ-ны харъяа сургалт арга зүйн байгууллага юм. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн ерөнхий эрдмийн багш нар болон насан туршийн боловсролын төвийн багш нарын мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах чиглэлээр олон төрлийн сургалт болон багшийн хөгжлийг дэмжсэн олон талт үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг. Тухайлбал багш, удирдах ажилтны мэргэжлийг дээшлүүлэх чиглэлээр 4 төрлийн сургалт зохион байгуулж байна.

-Сургалтынхаа талаар дэлгэрэнгүй тайлбарлахгүй юу?

Манай байгууллагаас үндсэн, төрөлжсөн, захиалгат, сонголтот гэсэн 4 төрлийн сургалтыг зохион байгуулдаг. Тухайлбал:

  1. Боловсролын тухай хуулийн 40.8-д заасны дагуу жил бүр улсын хэмжээнд ЕБС, цэцэрлэгт 1,5,10 дахь жилдээ ажиллаж буй багш, удирдах болон бусад ажилтнуудад МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ ҮНДСЭН СУРГАЛТ-ыг онлайн /35 хоног/ болон танхим/5 хоног/-ын хэлбэрээр зохион байгуулдаг бөгөөд жил бүр 6000-7000 багш, ажилтан хамрагддаг.
  2. 2019 оноос багш, ажилтан бүрийн хөгжих, мэргэжлээ дээшлүүлэх ялгаатай хэрэгцээг хангах зорилгоор СОНГОЛТОТ СУРГАЛТ-ыг манай байгууллагын арга зүйчид болон сургалт зохион байгуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран 2019 оны 1-6-р сард зохион байгуулсан. Сонголтот сургалтын хүрээнд багшийн хөгжлийг дэмжих 46 сургалтын хөтөлбөрийг боловсруулсон бөгөөд эдгээр хөтөлбөрүүдээс багш, ажилтан өөрийн хэрэгцээндээ тохируулан хөтөлбөрөө сонгон суралцах боломжтой юм.
  3. Манай институтийн арга зүйчид боловсролын болон бусад төрийн, төрийн бус байгууллагын хэрэгцээнд үндэслэн захиалгаар ЗАХИАЛГАТ СУРГАЛТ зохион байгуулдаг.
  4. Боловсролын бодлого шийдвэрийг танилцуулах, хэрэгжүүлэх арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилготой ТӨРӨЛЖСӨН СУРГАЛТ-ыг жил бүр зохион байгуулж байна.

Энэ жилийн тухайд сургалтын хөтөлбөрийн сайжруулсан үр дүнг танилцуулан хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор хичээлийн шинэ жилээс өмнө “Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх арга зүй” сургалтыг БСШУСЯ болон боловсролын салбарын мэргэжлийн байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Сургалтад Монгол улсын ЕБС, цэцэрлэгийн 44014 багш, удирдах ажилтнууд хамрагдана. 08 сарын 15-23-нд орон нутагт 27189 багш, удирдах ажилтанд амжилттай зохион байгуулсан бол 08 сарын 27-30-нд Нийслэлийн 16825 багш, удирдах ажилтанд зохион байгуулагдах бөгөөд бэлтгэл ажлууд бүрэн хангагдаж, өнөөдрөөс сургалт маань эхэлж байна.

-Танай байгууллага гадаад харилцааны чиглэлээр бусад улсын багш нараас туршлага судлах болон багш нараараа гадаадад мэргэжил дээшлүүлэх чиглэлээр хэрхэн хамтран ажиллаж байна вэ?

Манай институт Япон, БНСУ, ОХУ, БНХАУ зэрэг олон улс орнуудын боловсролын байгууллагуудтай хамтын ажиллагаатай ажилладаг. Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд багш нараа гадаад улсад сургалтад хамруулах, туршлага судлуулахын зэрэгцээ гадаад улсуудаас хүрэлцэн ирсэн зочин багш нараар монгол багш нартаа сургалт зохион байгуулах, харилцан туршлага судлах чиглэлээр олон төрлийн сургалт, үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг.

Тухайлбал Монгол-Солонгос багш солилцооны хөтөлбөрийг БНСУ-ын Боловсролын яам, ЮНЕСКО-ийн Ази-Номхон далайн бүсийн олон улсын ойлголцлын боловсролын төвтэй хамтран  2012 оноос хойш жил бүр зохион байгуулж байна. 2019 онд “Монгол-Солонгосын багш солилцооны хөтөлбөр”-ийн хүрээнд Солонгос улсаас 9 багш  зочин багшаар ирж, Дархан-Уул, Төв аймгийн Эрдэнэ сум, Хан-уул дүүргийн 118, Багануур дүүргийн нийт 5 сургуульд ажиллаад буцсан. Монгол улсаас 12 багш Солонгос улсын 6 сургуульд 3 сарын хугацаатай ажиллаж, туршлага судалсан. 8 дахь жилдээ үргэлжилж байгаа уг хөтөлбөрт Монгол улсаас 172, Солонгос улсаас 148 багш хамрагдаад байна.

            Тус хөтөлбөрийн хүрээнд БНСУ-аас ирсэн зочин багш нар ЕБС-ийн багш нарт зориулан “Англи хэл заах арга зүй”, “Бага боловсролын туршилтат хичээлийг зохион байгуулах арга зүй”, “Байгалийн ухааны хичээлийг шинэлэг арга зүйгээр зохион байгуулах нь” “Солонгос хэл-анхан шатны сургалт”, “Технологийн хичээл заах арга зүй” зэрэг таван  чиглэлээр мэргэжлийн багш нарт 14 хоногийн хугацаатай сургалт зохион байгуулсан.

Мөн энэ зун БНСУ-ын Жинжү их сургууль, Чүнчонбүг аймгийн Боловсролын газар, Дэлхий иргэний боловсрол судалгааны төв зэрэг байгууллагуудтай хамтран 3 удаагийн ЗУНЫ СУРГАЛТ-ыг бага боловсрол, байгалийн ухааны 180 багшид зохион байгуулсан.

Танай байгууллагаас багш нарын хичээлээ заахад тулгамдаж байгаа асуудлыг нь шийдвэрлэх,мэргэжил, арга зүйгээ дээшлүүлэх хэрэгцээг нь тодорхойлох чиглэлээр судалгаа хийдэг үү?

            Сургалтын хэрэгцээний судалгааг тогтмол хийдэг. Бид жил бүр 6000-7000 багшийг хамруулдаг мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад бүртгүүлсэн багш нараасаа сургалтын хэрэгцээний судалгааг авч, түүндээ үндэслэн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрөө боловсруулдаг. Мөн сургалт бүрийн дараа сэтгэл ханамжийн судалгааг авч боловсруулан тайлан, санал зөвлөмж боловсруулан дараагийн сургалтууддаа тусган ажилладаг.

-Багш нар өөрийн мэргэжлийн чиглэлээсээ өөр чиглэлийн сургалтад хамрагдах боломжтой юу?

Жил бүр зохион байгуулагддаг 1,5,10 дахь жилдээ ажиллаж байгаа багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх ҮНДСЭН СУРГАЛТ-д өөрийн мэргэжлийн чиглэлээрээ хамрагддаг. Харин дээр дурдсан СОНГОЛТОТ СУРГАЛТ-д багш 46 хөтөлбөрөөс өөрийн хүсэл сонирхлоороо сонгон суралцах боломжтой. 

-Танайхаас зохион байгуулдаг сургалтууд төлбөрийн хувьд хэд вэ?

-Захиалгат сургалтаас бусад сургалтууд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ байдаг.

-Танай байгууллагаас зохион байгуулдаг онлайн сургалт хэрхэн явагддаг вэ?

Жил бүр ЕБС,цэцэрлэгт 1,5,10 дахь жилдээ ажиллаж буй  багш, удирдах болон бусад ажилтны мэргэжил дээшлүүлэх ҮНДСЭН СУРГАЛТ нь онлайн болон танхимын хэлбэрээр нийт 40 хоногийн хугацаанд зохион байгуулагддаг. Үүнээс 35 хоног онлайнаар суралцсаны дараа 5 хоног танхимын сургалтад хамрагддаг. Онлайн сургалт нь сонголттой бөгөөд “Мэргэжлийн онол, арга зүй”, “Багшийн хөгжил”, “Суралцагчийн хөгжил”, “Сургалтын менежмент”, Мэдээлэл харилцааны технологи” гэсэн үндсэн 5 сэдвийн хүрээнд 124 агуулгаас багш чөлөөт сонголт хийж суралцах боломжтой байдаг.

-Багш ажлын байрандаа мэргэжлээ дээшлүүлэх, хөгжихөд нөлөөлөх хамгийн чухал хүчин зүйл юу вэ?

Багш тасралтгүй хөгжих ёстой. Нийгэм маш хурдтай хөгжиж, суралцахуй өөрчлөгдөж байгаа учраас багш нар маань мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлэх, шинийг эрэлхийлэх, суралцах хүсэл тэмүүлэл, санаачлагатай байх нь хамгийн чухал байна. Мөн багшийн хөгжлийн олон улсын судалгаануудаас харахад “Мэргэжлээрээ суралцахуй” болон “Хамтран суралцахуй”-г чухалчилж байгаа учраас гадаад болон дотоод хамтын ажиллагаагаа сайжруулан хөгжих хэрэгцээ үүсч байна.Манай инстиутээс сургалтуудынхаа төрлийг нэмэгдүүлэх, хэрэгцээнд тулгуурласан сонголттой болгох, багшийн ажлын байранд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр зөвлөн туслах үйл ажиллагаа зохион байгуулдаг. Мөн сүүлийн жилүүдэд гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх тал дээр онцгой анхааран ажиллаж байна.

-Бидэнтэй ярилцсан таньд баярлалаа.

-Баярлалаа

Мэдээллийн эх сурвалж: erennews.mn 

http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=24065&fbclid=IwAR3pSSRM2aP_zOB1mUlaoqYCHP8aI_H1FKbyMDxiPTDU-31bXtOUsx55Ei8

Түгээмэл асуулт хариулт

Багшаар ажиллах эрх нь багшаар ажиллах хүртэл 3 жилийн хугацаанд хүчинтэй байх ба Багшаар ажиллаж эхэлснээс хойш нэг жилийн хугацаанд хүчинтэй байдаг.

Багшаар ажиллах эрхтэй багш ажиллаж эхэлсэн тэр жилдээ эхний жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдаж, зохих материал бүрдүүлж өгснөөр 5 жилийн хугацаанд хүчинтэй байх "Багшлах эрх"-тэй болно. Үүнийг 5 ба 10 дахь жилдээ ажиллаж буй багш нарын үндсэн сургалтад хамрагдсанаар сунгуулна..

Багшлах эрхийн үнэмлэхээ хаанаас авах вэ?

Багшаар ажиллах болон багшлах эрхийн үнэмлэхийг орон нутгийн боловсролын газраар дамжуулан олгодог.

ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.ЕБС, цэцэрлэгт 1, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багшлах ба багшаар ажиллах эрхтэй багш нарт зориулсан үндсэн сургалтыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулна. Мөн 2, 3, 4 дэх жилдээ ажиллаж байгаа багш нарт зориулсан үндсэн сургалтыг орон нутгийн боловсролын газраас зохион байгуулна.

Холбоос

Гадаадад суралцах

Хандалт

  • Өнөөдөр 2617
  • Өчигдөр 5460
  • Сүүлийн 7 хоног 8077
  • Энэ сард 155591
  • Нийт 287206

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019