Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаанд эцэг эх, иргэд, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагаа
Ганц ганцаар хийж хүч хүрэхгүй зүйлийг хүмүүс хамтдаа бүтээж чаддаг, хүч ухаанаа нэгтгэчих юм бол тэд бараг л бүхнийг чадагчид болно. /Даниэл Уибстер/

Хамтын ажиллагааны ач холбогдол юунд оршдог вэ?

Дэлхий ертөнц тасралтгүй хувьсан өөрчлөгдөж, нийгэм эдийн засгийн хувьд даяаршин, өдөр бүр шинэ технологи, техник бий болж түүнийг хэрэглэх арга ажиллагаа, хэрэгцээ өөрчлөгдөх төдийгүй хүн өөрөө ч өөрчлөгдөх шаардлагатай болж байгаа энэ цаг үед хоорондоо ялгаа бүхий өөр амьдрах хэв маяг, шашин, соёл, үнэт зүйлстэй хүүхдүүд сургуульд хамтдаа суралцаж байна.

Эдгээр өөрчлөлтөөс сургууль, ангид багш нарын олж харж чадахгүй олон нуугдмал хүчин зүйлүүд үүсэж, зарим тохиолдолд сургууль багш нарт ирээдүйн иргэдийг хөгжүүлж төлөвшүүлэхэд хүндрэл, бэрхшээл бий болж байна.

Ийм цаг үед энэхүү өөрчлөлттэй холбоотой олон асуудыг сургууль багш, боловсролын салбарын асуудал хариуцаж байгаа тал дангаар шийдэх бус тухайн асуудалд оролцогч талууд хамтран шийдэх хэрэгцээ үүсэж байна.

Нийтийг хамарсан, тэгш боломжийг баталгаажуулсан чанартай боловсрол нь ихэнх тохиолдолд талууд дор бүрдээ үүрэг хариуцлагаа ухамсарласан хамтын ажиллагааны үр дүн байдаг. Боловсролын талаарх өргөн хүрээний зорилтыг биелүүлэхэд талуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоо бүхий харилцаа хамгийн чухал билээ. Хэрэв хязгаарлагдмал боломжийн хүрээнд хууль эрх зүйн үндэслэлтэй зорилт, биелэхүйц үйл ажиллагаа явуулж чадвал олон нийтийн итгэл, дэмжлэгийг олж авна. Хамтын ажиллагааны чиглэл нь олон нийт, байгууллага, гэр бүлийн гишүүн бүрийг тухайлбал эцэг эхчүүдийг сургуулийн үйл ажиллагаанд татан оролцуулах, хөгжүүлэх, бүтээлч оролцоо, хариуцлагыг төлөвшүүлэх нөөц, чадавхыг бүрдүүлэн хамтран ажиллахад оршино.


Сэтгэгдэл
Төстэй мэдээ