1. АЖИЛ ЭРХЛЭЛТ, АМРАЛТЫН ЦАГ
Хөдөлмөрийн тухай хуульд ажилтны ердийн ажлын өдрийн үргэлжлэл 8 хүртэл цаг, долоо хоногийн ажлын цаг 40 хүртэл цаг, Ажлын дараалсан хоёр өдрийн   хоорондох тасралтгүй амралт нь 12 цаг ба түүнээс дээш байхаар хуульчилсан бөгөөд уг хязгаарыг баримтлан байгууллага хөдөлмөрийн дотоод журмаараа   ажлын өдрийн үргэлжлэх цагийг тогтооно.  Ажил олгогчийн санаачилгаар буюу хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон ажлын цагийн хуваарийн дагуу  ажилтныг өдөрт 8 цагаас хэтрүүлэн ажиллуулсан бол илүү цагаар ажиллуулсан гэж үздэг.

   1. Хуулийн зохицуулалт

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй” гэж заасан байдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 70-80 дугаар зүйлд ажил, амралтын цагийн талаар зохицуулсан байдаг.

    2. Асуудлыг шийдвэрлэх байгууллага    

- Тухайн ажилтны ажиллаж буй байгууллага.

 

   3. Асуудлыг шийдвэрлэх дараалал

Ажилтан та ажил, амралтын цагийн талаарх гомдлоо эхлээд байгууллагын дэргэдэх Хөдөлмөрийн маргаан таслах комисст, Хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй тохиолдолд байгууллагын захиргаанд гомдол гаргах эрхтэй. Шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд шүүхэд хандах эрх нээлттэй.

Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана.

Хөдөлмөрийн гэрээний талууд дээрхээс бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй.

Ажил олгогч буюу ажилтан нь хөдөлмөрийн маргаан таслах комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл, түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор зохих сум, дүүргийн шүүхэд давж заалдах эрхтэй.

    Хөдөлмөрийн тухай хуульд дараах зохицуулалтыг тусгасан байдаг. Үүнд:

  • Ажлын цагийг богиносгох: 
  • Долоо хоногийн ажлын цаг нь 14-15 насны ажилтанд 30 цаг хүртэл, 16-17 насны болон хөгжлийн бэрхшээлтэй ажилтанд 36 цаг хүртэл байна.
  • Хөдөлмөрийн стандарт болон мэргэжлийн байгууллагаас хийсэн үнэлгээг баримтлан ажлын байрны хэвийн бус нөхцөлийг эрх бүхий байгууллагаас тогтоосон бол ажил олгогч нь түүнийг үндэслэн ажилтны ажлын цагийг богиносгох үүрэгтэй.
  • Ажилтны ажлын цагийг Эмнэлэг-хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрийн дагуу богиносгоно.
  • Үйлдвэрлэл дээр мэргэжил эзэмшүүлэх, мэргэшил дээшлүүлэх сургалтад хамрагдсан ажилтны ажлын цагийг суралцаж байх хугацаанд нь ажил олгогч богиносгох үүрэгтэй.
  • Тахир дутуу болон одой хүний гүйцэтгэж байгаа ажлын шинж байдлаас хамааран ажилтны саналыг харгалзан ажлын цагийг богиносгож болно.

         Шөнийн цаг:

Орон нутгийн цагаар 22 цагаас 06 цаг хүртэлх хугацааг шөнийн цагт тооцно.

  • Илүү цагаар ажиллуулахыг хязгаарлах:

 Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлийн дагуу хөдөлмөрийн дотоод журмаар тогтоосон өдрийн ажлын цагийг ажил олгогчийн санаачилгаар хэтрүүлэн ажиллуулахыг илүү цагаар ажиллуулсан гэж үзнэ.

Хамтын болон хөдөлмөрийн гэрээнд тохиролцоогүй бол дор дурдсанаас бусад тохиолдолд ажилтныг ажил олгогчийн санаачилгаар илүү цагаар ажиллуулахыг хориглоно.

  • улс орныг батлан хамгаалах, хүний амь бие, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгүүлэх;
  • гамшиг, аюулт үзэгдэл, ослоос сэргийлэх, тэдгээрийн хор уршгийг нэн даруй арилгах;
  • нийтийн усан хангамж, цахилгаан, дулааны эрчим хүч, тээвэр, холбооны хэвийн ажиллагааг алдагдуулсан гэмтлийг арилгах;
  • урьдчилан мэдэх боломжгүй бөгөөд яаралтай хийхгүй бол аж ахуйн нэгж, байгууллагын буюу түүний салбар, нэгжийн хэвийн үйл ажиллагаанд учирч болзошгүй саадыг арилгах хойшлуулшгүй ажил гүйцэтгүүлэх.
  • Ажилтныг хоёр ээлжид дараалан ажиллуулахыг хориглоно.

      Амрах, хооллох завсарлага:

 Ажилтанд амарч, хооллоход нь зориулан завсарлага олгоно.

  • Завсарлага эхлэх, дуусах цагийг хөдөлмөрийн дотоод журмаар тогтооно.
  • Ажил, үүргийн онцлогоос шалтгаалан завсарлах боломжгүй ажилтай ажилтныг ажил олгогч хооллох бололцоогоор хангана.

       Нийтээр амрах баярын өдөр: Дараах баярын өдөр нийтээр амарна:

  • Шинэ жил: нэгдүгээр сарын 1;
  • Цагаан сар: билгийн тооллын хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3;
  • Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр: гуравдугаар сарын 8; 
  • Хүүхдийн баяр: зургадугаар сарын 1;
  • Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: долдугаар сарын 11, 12, 13, 14, 15;
  • Их Эзэн Чингис хааны өдөр: Их Эзэн Чингис хаан мэндэлсэн билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1;
  • Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр: арван хоёрдугаар сарын 29;
  • Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр: 11 дүгээр сарын 26.
  • Бурхан багшийн Их дүйчин өдөр: билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15.

    Долоо хоног бүрийн амралт:

  • Бямба, Ням гаригт нийтээр амарна.
  • Ажил, үйлдвэрлэлийн онцлогоос шалтгаалан Бямба, Ням гаригт амрах боломжгүй ажилтныг долоо хоногийн өөр дараалсан хоёр өдөр амруулна.
  • Нийтээр амрах баярын өдөр, долоо хоног бүрийн амралтын өдөр ойрхон тохиосон тохиолдолд долоо хоногийн ажил, амралтын өдрийг Засгийн газрын шийдвэрээр зохицуулж болно.

      Нийтээр амрах баярын болон долоо хоногийн амралтын өдөр ажиллуулахыг хязгаарлах: 

  • Дор дурдсанаас бусад тохиолдолд нийтээр амрах баярын болон долоо хоног бүрийн амралтын өдөр ажил олгогчийн санаачилгаар ажиллуулахыг хориглоно.  Хөдөлмөрийн тухай хуулийн 74.2.1, 74.2.2, 74.2.3, 74.2.4-т заасан;
  • Ажил олгогч ажилтантай тохиролцсоноор нийтээр амрах баярын болон долоо хоног бүрийн амралтын өдөр ажиллуулж болно. Дээрх тохиолдолд ажилтныг өөр өдөр нөхөн амруулах, эсхүл амралтыг ээлжийн амралттай нь хамтатган олгож болно.

   Ээлжийн амралт, түүний хугацаа: Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна.

Ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна.

Ажилтан өөрийн хүсэлтээр ээлжийн амралтыг тухайн жилдээ багтаан хэсэгчлэн эдэлж болно.

Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд түүний ажилласан хугацааг харгалзан үндсэн амралт дээр нь дор дурдсан нэмэгдэл амралт олгоно:

  • 6-10 жилд ажлын 3 өдөр;
  • 11-15 жилд ажлын 5 өдөр;
  • 16-20 жилд ажлын 7 өдөр;
  • 21-25 жилд ажлын 9 өдөр;
  • 26-31 жилд ажлын 11 өдөр;
  • 32, түүнээс дээш жилд ажлын 14 өдөр.

 


Сэтгэгдэл
Төстэй мэдээ