ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСГИЙН САНАЛ, ДҮГНЭЛТ 

ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСГИЙН САНАЛ, ДҮГНЭЛТ 

2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр

Улаанбаатар хот 

Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн 322/a170/a270 дугаар хамтарсан тушаалаар “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшлын чиглэлээр баталсан журмуудыг судлан хянаж, шинэчлэн боловсруулах ажлын хэсэг” байгуулагдан ажиллалаа. 

Ажлын хэсэг Сангийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэл, Багшийн цалинг нэмүүлэх түр хорооны төлөөллөөс бүрдэж байна. 

Ажлын хэсэг багшийн цалинг нэмэгдүүлэх асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд харилцан ойлголцол, хамтын оролцоо, нээлттэй зарчмаар хэлэлцэж, шийдвэрлэх байр суурийг баримталж байна. 

Ажлын хэсэг цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багш, бусад албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх, цалин хөлсний шинэчлэлийг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэн, дараах санал дүгнэлтийг гаргаж, шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд: 

  1. Төрийн болон орон нутгийн өмчийн хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын 2017 онд батлагдсан төсвөөс хэмнэгдсэн, зарцуулагдаагүй үлдэгдлийг багш, бусад албан хаагчийн цалин хөлсөнд зарцуулах шийдвэр гаргах эрхийг цэцэрлэг, сургуульд олгох; 
  2. Төрийн болон орон нутгийн өмчийн хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш, бусад албан хаагчийн 4 дүгээр улирлын үр дүнгийн урамшлыг хүн бүрт үндсэн цалингийн 36 хувьтай тэнцэх хэмжээтэй ногдохоор 2017 оны 12 дугаар сарын 20- ны дотор бүрэн тооцож, олгуулах бололцоог хангах; 
  3. Урамшил, нэмэгдэл, нэмэгдэл хөлсний журмын нөхцөл шаардлагыг өөрчлөн шинэчилж, 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж, бодит орлогыг нэмэгдүүлэх;
    • 3.1. Үр дүнгийн урамшлын хувь хэмжээг 20 хүртэл хувь болгож нэмэгдүүлэх;
    • 3.2. Үр дүнгийн урамшлын хувь хэмжээ нь багш, бусад албан хаагч бүрд адил байх;
    • 3.3. Хөдөлмөрийн сахилга, хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж, албан чиг үүргээ хэрэгжүүлсэн нөхцөлд өөр нэмэлт шаардлага, шалгуургүйгээр үр дүнгийн урамшлыг олгодог болох;
    • 3.4. 3 сард нэг удаа олгодгийг сар бүр олгох;
    • 3.5. Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” 393 тогтоолыг хүчингүй болгох; 
  1. Улирлын амралт болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас сургууль хичээллээгүй боловч багш нар үндсэн ажлаа гүйцэтгэж байгаа тохиолдолд нэмэгдэл, нэмэгдэл хөлс, үр дүнгийн урамшлыг тооцож олгох, 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөх; 
    • 4.1. Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 2007 оны 307/91/237 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан ”Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын норм тогтоох, багш, зарим албан тушаалтны цалин хөлсийг тооцож олгох журам”-ын 25 дахь заалтын “Сурагчийн улирлын амралт болон онцгойлон хүндэтгэх шалтгаанаар хичээллээгүй байсан хугацаанд багшид албан тушаалын үндсэн цалин олгоно. Энэ хугацаанд багш өөрөө хүсвэл ээлжийн амралтаа урьдчилан эдэлж болно” гэснийг “Сурагчийн улирлын амралт болон давагдашгүй хүчин зүйлийн улмаас сургууль хичээллээгүй боловч багш нар үндсэн ажлаа гүйцэтгэж байгаа тохиолдолд үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшлыг олгоно” гэж өөрчлөх; 
  1. Нормативаас хэтэрсэн бүлэг дүүргэлтийг ажлын нэмэлт ачаалалд тооцож, шинэ нэмэгдэл хөлс олгодог болох, 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөх; 
  2. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад хуулиар хориглоогүй, үндсэн чиг үүрэгт нь зөрчилгүй, суралцагчийн эрх ашигт хохиролгүй үйл ажиллагаа эрхэлж, орлого олох, зарцуулах эрхийг нээж, 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөх; 
    • 6.1. Хэмнэсэн, давсан, өөрийн үйл ажиллагаагаар олсон орлогыг сар бүр зарцуулах эрхийг нээх;
    • 6.2. Орлогын 30-40 хувийг улсын болон орон нутгийн төсөвт төвлөрүүлдгийг зогсоох;
    • 6.3. Данс нээх, ашиглах, захиран зарцуулах эрхийг хяналттай, уян хатан болгох;
    • 6.4. Энэхүү орлогыг багш, бусад албан хаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн санхүүгийн тусламж үзүүлэх, багш, ажилтны бодит орлогыг нэмэгдүүлэхэд зарцуулдаг болгох;
    • 6.5. Хэмнэсэн, давсан, өөрийн үйл ажиллагаагаар олсон орлогын зарцуулалт, гүйцэтгэлийг хамт олон , байгууллагын үйлдвэрчний эвлэл, эцэг эхийн хяналтад шилжүүлэх;
    • 6.6. Цайны газрыг түрээслэх эрхийг сургуульд шилжүүлэх;
    • 6.7. Спорт заалыг түрээслэх эрхийг нээх;
    • 6.8. Гүнзгийрүүлсэн сургалтын төлбөрийн орлогыг зөвхөн багшийн хөлс, сургалтын хэрэглэгдэхүүнд зарцуулдаг болгох;
    • 6.9. Туслах аж ахуй эрхлэх бүх талын бололцоог нээх; 
  1. Цалин хөлсийг шийдвэрлэх бүх эрх мэдлийг хариуцлагын хамт цэцэрлэг, сургуульд шилжүүлж, 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөх; 
    • 7.1. Багшийн цалин хөлс тооцон олгохтой холбоотой гардаг бүх шийдвэрийг цэцэрлэг, сургууль, хамт олонд нь шилжүүлэх; 
    • 7.2. Кабинет, лаборатори нээн ажиллуулах, шийдвэрлэх эрхийг сургуульд шилжүүлэх;
    • 7.3. Мэргэжлийн зэрэг олгодог шийдвэрийг сургууль хамт олонд нь шилжүүлэх; 
  1. Үр дүнд суурилсан багшийн ажлын үнэлгээний тогтолцоог бий болгож, 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөх; 
    • 8.1. Сурагчийг үнэлэх үнэлгээний зорилт, шалгуур, үзүүлэлтийг шинэчлэх;
    • 8.2. Багш, сургуулийн сургалтын чанар, үр дүнг хөндлөнгөөс бодитойгоор хянадаг үнэлгээний тогтолцоо, шалгалтын системтэй болох;
    • 8.3. Багшийн дүн, шалгалтын дүн үнэн, бодитой байдаг өөрийн үнэлгээний тогтолцоотой болох;
    • 8.4. Багш, сургуулийн сургалтын чанар, үр дүнг ил тод, нээлттэй болгох; 
  1. Багшийн мэргэжлийн зэрэгт тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг багшлах үйл ажиллагаа, сургалтын чанар, үр дүнтэй нь хамааралтай болгож шинэчилж, 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөх; 
    • 9.1. Мэргэжлийн зэрэгт тавигдах шаардлагыг ажилласан жилийн хугацаанаас илүүтэй ажлын үр дүн, чанараас шууд хамааралтай болгох; /“багш үр дүнтэй, амжилттай ажиллаж байгаа тохиолдолд цалингийн 10 хувийн нэмэгдэлтэй арга зүйч мэргэжлийн зэргийг авах гэж 5 жил, 15 хувийн нэмэгдэлтэй тэргүүлэх мэргэжлийн зэргийг авах гэж 10 жил, 20 хувийн нэмэгдэлтэй зөвлөх мэргэжлийн зэргийг авах гэж 15 жил хүлээх шаардлагагүй болно”/
    • 9.2. Мэргэжлийн зөвлөх зэрэг олгох эрхийг БМДИ-ээс, тэргүүлэх зэрэг олгох эрхийг аймаг, нийслэлийн БСУГ-аас сургууль, хамт олонд нь шилжүүлэх; 
  1. Нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын норматив, багш бус ажиллагсдын орон тооны жишгийг шинэчлэн тогтоож, хувьсах болон тогтмол зардлын санхүүжилт, санхүүгийн хяналтын системийг бий болгож, 2018 оны I улиралд шийдвэрлэх; 
    • 10.1. Төсвийг зориулалтын дагуу бүрэн ашигладаг болгох;
    • 10.2. Нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын нормативыг шинэчлэх;
    • 10.3. Цэцэрлэг, сургууль хувьсах зардлаар бүрэн санхүүждэг болох;
    • 10.4. Хувьсах зардлыг зориулалтын дагуу хуваарилдаг, зарцуулдаг хяналтын системийг бий болгох;
    • 10.5. Цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирал нь байгууллагын төсвийн цалингийн сандаа багтаан багш, бусад албан хаагчдын цалинг тогтоох, нэмэгдүүлж шийдвэрлэх эрхийг хангах;
    • 10.6. Бүлэг дүүргэлт нь нормативт хүрэхгүй хөдөөгийн сумын сургуулийн хувьсах зардлын индексийг шинэчилж, санхүүжилтийн хэвийн байдлыг хангах;
    • 10.7. Багш болон багш бус ажиллагсдын цалингийн санг тусад нь төлөвлөх, багш бус ажиллагсдын орон тооны жишиг нормативтай болгож төсвийн захирагч багшийн цалингийн зардлаас шаардлагагүй үйл ажиллагаа, орон тоог санхүүжүүлдгийг зогсоох; 
  1. Багшийн цалин, хөлсний шинэ тогтолцооны эрх зүйн орчныг бий болгох. Ажлын туршлага, ур чадвар, ачаалалд суурилсан, ажлын үр дүн, бүтээмж, чанараар цалинждаг цалин хөлсний шударга, ил тод, нээлттэй, тогтолцоог бүрдүүлэх; 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөх; 
    • 11.1. Багшийн хөдөлмөрийн нөхцөл, ажлын байрны үнэлгээг хийж, үндсэн цалинг нэмэгдүүлэх, албан тушаалын ангилал, зэрэглэлийг шинэчлэх;
    • 11.2. Багшийн хөдөлмөрийн үнэлэмж, ачааллыг хянан судалж, багшийн ажлын чиг үүргийг шинжлэх ухааны үндэстэй тогтоож, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэх; 11.3. Цэцэрлэгийн багш, бага ангийн багшийн үндсэн цалинг хөдөлмөрийн онцлог, нөхцөл, ачаалалтай нь уялдуулж ялгаатай тогтоож, үндсэн цалинг нэмэгдүүлэх;
    • 11.4. Багшийн ажлын норм, нормативуудыг хянаж, шинэчлэх;
    • 11.5. Сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, сургалтын менежер, цэцэрлэгийн арга зүйчийн цалин хөлсийг ажлын чиг үүрэг, ачаалалтай нь уялдуулан шинэчлэх;
    • 11.6. Багшийн цалин хөлсийг мэргэжлийн ур чадвартай нь уялдуулан ялгаатай тогтоох, багшийг мэргэжлээ тасралтгүй дээшлүүлэх нөхцөлийг хангасан мэргэжил дээшлүүлэх үндэсний тогтолцоог бий болгох;
    • 11.7. Багшийн мэргэжлийн үнэлэмжийг дээшлүүлэх, сургалтын арга, технологийг хөгжүүлэх зорилгоор жил бүр боловсролын түвшин, мэргэжлийн чиглэл тус бүрээр “Улсын аварга багш”-ыг шалгаруулдаг болно. Улсын аварга багш 10.0 сая төгрөгийн мөнгөн шагналтай байна. 

АЖЛЫН ХЭСГИЙН ГИШҮҮДИЙН ГАРЫН ҮСЭГ 

Ажлын хэсгийн ахлагч: 

Ж.Болормаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга 

Гишүүд:

Д.Эрдэнэчимэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга 

Б.Алимаа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга 

О. Хуягцогт Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн зарлагын хэлтсийн дарга 

С.Нансалмаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч 

Ж.Энхтөр Нийслэлийн Боловсролын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтсийн дарга 

Ж.Батзориг Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга /зөвшилцсөнөөр/ 

М.Санжаадорж Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын Төсвийн зарлагын хэлтсийн мэргэжилтэн 

А.Цолмон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтэн 

Ж.Ганбаатар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн

А.Мөнх-Оргил Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын мэргэжилтэн 

Б.Мөнгөнбагана Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн мэргэжилтэн 

Ж.Алтантуяа Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн 

И.Наранцогт Нийслэлийн Боловсролын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн 

Ч.Билэг-Оюун Нийслэлийн Боловсролын газрын Санхүү, хөрөнгө оруулалтын, төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтэн 

З.Цогтгэрэл Монголын Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий боловсролын сургууль хариуцсан зохион байгуулагч /зөвшилцсөнөөр/ 

Ш.Оюунчимэг Сонгинохайрхан дүүргийн Ирээдүй цогцолбор сургуулийн Үйлдвэрчний хорооны дарга 

Н.Оюунбилэг Баянзүрх дүүргийн 87 дугаар сургуулийн Үйлдвэрчний хорооны дарга /зөвшилцсөнөөр/ 

О.Баянжаргал Сургуулийн өмнөх боловсролын Үйлдвэрчний эвлэлийн хорооны тэргүүлэгч, Баянгол дүүргийн 77 дугаар цэцэрлэгийн эрхлэгч /зөвшилцсөнөөр/ 

Б.Энхмаа Үйлдвэрчний эвлэлийн гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Баянзүрх дүүргийн 21 дүгээр цэцэрлэгийн арга зүйч /зөвшилцсөнөөр/ 

Б.Энхсаруул Сонгинохайрхан дүүргийн 156 дугаар цэцэрлэгийн багш /зөвшилцсөнөөр/ 

Ц.Мөнхтуяа Багшийн цалинг нэмүүлэх түр хорооны ерөнхий зохицуулагч, Баянгол дүүргийн 40 дүгээр сургуулийн багш, Үйлдвэрчний хорооны дарга /зөвшилцсөнөөр/ 

Б.Бат-Эрдэнэ Багшийн цалинг нэмүүлэх түр хорооны дэд зохицуулагч /зөвшилцсөнөөр/ 

А.Санжмятав Багшийн цалинг нэмүүлэх түр хорооны удирдах зөвлөлийн гишүүн/зөвшилцсөнөөр/ 

С.Сарантуул Багшийн цалинг нэмүүлэх түр хорооны удирдах зөвлөлийн гишүүн Баянзүрх дүүргийн 44 дүгээр сургуулийн багш, Үйлдвэрчний хорооны дарга /зөвшилцсөнөөр/ 

О.Бат-Өлзий Нийслэлийн ерөнхий боловсролын 53 дугаар сургуулийн захирал /зөвшилцсөнөөр/ 

Г.Батбаяр Багшийн цалинг нэмүүлэх түр хорооны хуулийн зөвлөх /зөвшилцсөнөөр/ 

Л.Энхтуяа Багшийн цалинг нэмүүлэх түр хорооны удирдах зөвлөлийн гишүүн, багш /зөвшилцсөнөөр/ 

Г.Энх-Амгалан Багшийн цалинг нэмүүлэх түр хорооны удирдах зөвлөлийн гишүүн, Завхан аймгийн “Дэвшил” сургуулийн багш /зөвшилцсөнөөр/ 

Нарийн бичгийн дарга: 

П.Уранчимэг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Ерөнхий боловсролын бодлогын газрын мэргэжилтэн 


Сэтгэгдэл
Төстэй мэдээ