Н.Булгантамир: Дижитал эриний хүүхдүүдийг зургаан нас хүртэл нь "хүн болгож" авахгүй бол болохгүй гэдэг

Ерөнхий боловсролын сургуулийн мэдээллийн технологийн хичээлийн хөтөлбөр, багшийн заах арга зүй болон кодчилол, програмчлалын хичээлийн талаар Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн Мэдээлэл зүйн багшийн хөгжил хариуцсан арга зүйч Н.Булгантамиртай ярилцлаа.

-Дижитал эриний хүүхдүүдийг ерөнхий боловсролын сургуулиуд мэдээлэл зүйн хичээлээр хэрхэн бэлдэж байгаа талаар ярилцлагаа эхэлье. 
-Дижитал хүүхэд, дижитал эрин… Эртхэн барьж авахгүй бол болохгүй. “Би робот” киног үзсэн үү? Яг тэрэнтэй адилхан орчинд амьдрах хүүхдүүд одоо хөгжиж байна. Зохиолч Айзек Азимов “Дижитал эринд амьдрах хүүхдийг таван нас хүртэл нь ээж аав, элгэн садантай нь ойр байлгаж, хүнийг хайрлаж сургахгүй бол хүн машин нь ялгагдаж мэдэгдэхгүй орчинд амьдарна. Машиныг устгаж байна уу, хүн устгаад байна уу гэдгийг нь мэдэх аргагүй нийгэм дижитал хүүхдүүдийг хүлээж байгаа. Хүн хүнээ хайрлах сэтгэлтэй болгохгүй бол маш харгис хүн болж магадгүй" гэж хэлсэн байдаг. “Дижитал эриний дижитал хүүхдүүдийг зургаан нас хүртэл нь хүн болгож авахгүй бол болохгүй” гэж ярьж эхлээд байна шүү. 

Хүүхэд таван нас хүртлээ харсан болгоноо амархан цээжилдэг. Энэ насандаа хүүхэд гадаад ертөнцөөс авдаг мэдээллийнхээ бараг 90 хувийг авдаг гэсэн судалгаа бий. 

2011, 2012 оноос ухаалаг утсыг зөвхөн насанд хүрэгчид ч биш хүүхдүүд хэрэглэж эхэлсэн. Ингэснээр хүүхдүүд сургуульд орох насандаа хэлд орохгүй, хэлний бэрхшээл хүүхдүүд олшрох тохиолдол их болж байна. Хүүхдүүд нь яагаад гэдэг асуултыг хариулж чадахгүй болтол нь асуухад хариулж чадаагүй залуу эцэг эхчүүд гадаа гаръя, тоглоё, салхинд явъя гэсэн хүүхдээсээ залхсандаа утсаа өгч саатуулж байгаа их том алдааны эхлэл болж байна. 

Манай хүүхэд ухаалаг утсыг амархан сурч байна, надаас илүү мэддэг гэдэг. Гэхдээ энэ нь тийм биш. Хүүхэд таван нас хүртлээ харсан болгоноо амархан цээжилдэг. Ухаалаг төхөөрөмж дээрх зүйлс хэдэн ч насны хүн ажиллаж сурахад маш хялбархан байхаар бодож хийсэн байдаг. Энэ насандаа хүүхэд гадаад ертөнцөөс авдаг мэдээллийнхээ бараг 90 хувийг авдаг гэсэн судалгаа бий. Тэгээд үлдсэн насандаа бусад мэдээллээ олж авдаг. 

Мэдлэг чадвар гэдэгт их сонин юм яригддаг. Бид таван мэдрэхүйгээрээ авч байгаа бүх юм мэдлэг байдаг. Бидний мэддэггүй мэдлэг их байдаг шүү дээ. Жишээ нь, зуны үүл, өвлийн үүл ялгаатай байдгийг хүүхэд мэддэг. Цэцэрлэгийн хүүхдүүд цонхоор тэнгэр лүү хараад бороо орох нь, цас орох нь, өвлийн үүл, зуны үүл байна гэж ялгаж харж чаддаг. 
Тийм мэдлэгийн ихэнхийг нь ухамсаргүй болон санамсаргүйгээр хэрэглэж байдаг. Ухамсарлахгүйгээр, анзаарахгүйгээр хэрэглэж болдог өргөн их мэдлэгийг мэдээллийн технологийн хичээлд оруулж ирэх хэрэгтэй. 2014 оны арваннэгдүгээр сард Мэдээлэл зүйн хичээлийг Мэдээллийн технологи болгон өөрчилсөн. Ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангид орж байна.

Үүний нэг жишээ бол Paint.NET программ бөгөөд зургийн давхаргатай ажиллаж сурдаг. Энэ нь ирээдүйд хүүхэлдэйн киноны суурь болдог юм. 

Мэдээллийн технологийн хичээлд сонгон судлах, гүнзгийрүүлэн судлах гэсэн хоёр чиглэл нэмэгдсэн байгаа. Хүний таван нас хүртэлх хүлээгээд авчихдаг, мэдлэг чадвар болчихдог зүйлийг нь программчилж болдог. Ирээдүйн дижитал хүүхэд, дижитал эрин гэдэг рүү орох гэж байгаагийн эхлэл нь манай мэдээллийн технологийн хичээлд тавигдах гэж буй робот технологи, робот технологийн ба визуаль программчлал юм.

Мэдээллийн технологийн хичээлийг сайн харвал суурь боловсролын зургаа, долоодугаар ангид хүүхэд багшаараа программыг заалгаж, даган дуурайж гүйцэтгэнэ. Дижитал бичиг үсэгт тайлагдана. Хүүхдийг хэлд ороход бид үг зааж өгдөггүй харин засаж өгдөг. Нэг үгийг маш олон удаа сонсож байж ярих боломжтой болсон үедээ л хүүхэд хэлж эхэлдэг. Яг үүнтэй адил дижитал бичиг үсэгт зургаа, долоодугаар ангидаа суралцдаг. Хүүхдэд бүх нийтээр ашигладаг мэдээллийн технологийн хэдхэн зүйлийг энэ үед нь зааж өгдөг.

- Жишээ нь ямар хичээлүүд багтдаг вэ?
-Oффисийн программууд байна. Эхний ээлжид Paint, Paint.NET гэх мэт энгийн зургийн программ заадаг. Энгийн хялбараас ангиас анги руу алхам алхмаар хүндрүүлэн илүү ярвигтай программуудыг сурах арга аргачлалд сургуульд сурдаг. Үүний нэг жишээ бол Paint.NET программ бөгөөд зургийн давхаргатай ажиллаж сурдаг. Энэ нь ирээдүйд хүүхэлдэйн киноны суурь болдог юм. 

Хүүхдэд үүний цаана ямар шинжлэх ухаан байна вэ гэдгийг заахаас илүүтэй энд байгаа зүйлийг ингэж ашиглавал ийм юм хийж болно гэдгийг заадаг. 

Теле хичээлийг цахим орчинд байршуулахад доор нь “Энэ ийм гоё хичээл байсан юм уу? Дараагийн хичээлийг хурдан оруулаач, яасан уддаг юм? Манай багш ийм хичээл орж байгаагүй шүү дээ” гэх мэт сэтгэгдлүүд харагдаж байсан. 

Тэрийг манай монгол ухаанд хуран эс үүдэх сургалтын арга зүй гэдэг. Энэ сургалтын арга барилыг нэрээр нь хүмүүс бараг мэддэггүй. Юу гэсэн үг вэ гэхээр сургуульд орж байгаа зургаан настай хүүхдэд үсэг тоо заагаад байдаг. Гэтэл түүнийг сурдаггүй. Харин таван настай дүү нь сурчихдаг шүү дээ. Үүнийг хуран эс үүдэх сургалтын арга барил гэж байгаа юм. Хүүхэд хүчлээд байхад юм сурдаггүй ч зөнгөөрөө сурсан байдаг.

Манай мэдээлэл зүйн хичээл дээр хүүхэд багшийн заасан ямар нэг сонирхолтой сэдвийг хэрхэн хийх тухай бага зэрэг ярилцаад, аргыг заагаад дуусгалгүй орхиход цааш нь хүүхэд заавал дуусгаж чадах үеийг багш хичээл сургалтдаа оновчтой олж хэрэглэж сурах хэрэгтэй. Цуврал киноны төгсгөл дээр маргааш заавал үзэх сонирхол төрүүлсэн “гоё” юм гарч байгаад дуусчихдаг. Яг үүнтэй төстэй аргаар мэдээллийн технологийн хичээлийг заах аргын элементүүдийг 2013 оноос багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтдаа бага багаар бэлтгэн оруулж эхэлсэн.

Теле хичээлээ мөн энэ арга барилаар багш нараа заалгахыг хичээсэн. Өмнөх төсөөлөл, мэдлэг дээр нь тулгуурлаад шинэ юмыг сонирхолтой аргаар заасан юм. Хичээл яг сонирхолтой болж эхэлтэл сурах бичгээ хараад хийгээрэй гээд дуусгадаг.
Теле хичээлийг цахим орчинд байршуулахад доор нь “Энэ ийм гоё хичээл байсан юм уу? Дараагийн хичээлийг хурдан оруулаач, яасан уддаг юм? Манай багш ийм хичээл орж байгаагүй шүү дээ” гэх мэт сэтгэгдлүүд харагдаж байсан. 

-Тэгвэл аравдугаар ангид жишээ нь, ямар сэдвүүд багтдаг вэ?
-Аравдугаар ангид мэдээлэл харилцаа холбооны технологи, техник хангамж, программ хангамж, үйлдлийн сан үздэг. Хичээлийн жилийн төгсгөлд цахим орчны эрх зүй, ёс зүй, өөрийгөө эрсдэлээс хэрхэн хамгаалах агуулгатай хичээл ордог.
Нийгмийн сүлжээний талаарх хичээл 2015 оноос нэмэгдсэн. Фэйсбүүк, Твиттер, Инстаграм зэрэг нийгмийн сүлжээ гарснаас хойш зөвхөн хүүхэд ч гэлтгүй эмэгтэйчүүд, өндөр настан руу дайрсан халдлагууд гарч байна.

Биеийн тамирын багш байж байгаад мэдээлэл зүйн багш болно гээд 45 хоногийн сургалтад суусан багш ч байна.

-Эдгээр хичээлүүдийг заадаг багш нарын чадварыг сайжруулахад анхаарч байгаа юу?
-Мэдээллийн технологийн ЕБС-ийн хөтөлбөр мэргэжлийн багшид хэцүү биш. Гол нь сурган заах арга зүйг орхигдуулдаг. Багшаар суралцаж байхдаа мэдээллийн технологийн инженер, программистуудаас ялгардаг багш хүний мэддэг байх ёстой чадваруудыг оюутан байхдаа анзаарахгүй хаяснаас өөрийн сайн мэддэг сэдвээ хүүхдүүдэд хүргэж чадахгүй тохиолдол гарч байдаг. Тиймээс 2013-2020 онд манай институт жил бүр заах арга зүй, дидактикийн сургалтуудыг багш нарт зориулан явуулж ирсэн. Ийм сургалт явуулахад залуучууд хурдан сайжирч байгаа нь харагдсан. 

Багш бэлтгэдэг сургуульд манай залуу багш нарын заах арга зүйн хичээлийн тэмдэглэлийг уншихад заах арга зүйн талаар бичиж авсан байдаг юм байна лээ. Тэгэхээр багш бэлтгэж байгаа сургуулиудыг шүүмжилж болохгүй. Тухайн заах гэж байгаа судлагдахууныг муулж болохгүй.  

Ганцхан “Би ирээдүйд багш болно” гэж зорьсон бол “багш” мэргэжлийнхээ гол хичээлийг үзээгүй хаясан хувь хүний буруу болж байгаа юм. Манай мэдээлэл зүйг өөр хичээлийн багш нар орох нь бий. Монгол улсын хэмжээнд зөвхөн мэдээлэл зүйн мэргэшсэн 1000 орчим багш байдаг.

Харин өөр мэргэжилтэй ч мэдээлэл зүй рүү хөрвөж, давтан суралцаж мэдээллийн технологийн багш болсон багш нар мэргэжлийн технологийн хувьд хүнд агуулгатай хичээлийг орхигдуулаад байгаа харагддаг. Жишээ нь өгөгдлийн сан, кодчилол буюу программчлал, алгоритм, үйлдлийн дараалал гэсэн мэргэжлийн чиг хандлагатай хичээлүүдийг давтан мэргэжлээр сурсан багш нар бараг заадаггүй. Жилийн жилд мэдээлэл зүйн багш нараас онлайнаар санал асуулга авдаг. Хэн ямар гэдгийг би мэднэ. Хүнд хичээлийг заахгүй байгаа нөхдүүдэд зорилтот даалгавар өгдөг. Өгсөн даалгаврыг нь хэдэн сар хуримтлуулаад гурван сарын хугацаанд хамтраад таван хичээл босгодог. Тэрийгээ сургуулиудад зааж турших зэргээр явахад багш нарын олонх нь сайжирч байна.  Биеийн тамирын багш байж байгаад мэдээлэл зүйн багш болно гээд 45 хоногийн сургалтад суусан багш ч байна.

Хүнд чухал биш хэрнээ хэрэглээний түвшний мэдлэг хэрэгтэй. Кодчиллоор юу хийж болдгийг зааж өгч болно. 

-Тэдгээр багш нарт ямар дутагдал ажиглагдаж байна вэ?
-Багш нарын 10-15 хувь нь зарим хичээлийн сэдвээ заалгүй орхидог. Тухайн багш орон нутгийн онцлогоос шалтгаалаад зарим сэдвээ орхиж болдог, хэрэгтэйг болон сайн мэддэгээ сургуулийн хөтөлбөр гэдэг нэрээр нэмчихдэг. Үүнийг зоригтой, чадвартай багш нар л хэрэгжүүлж чаддаг.

Аймаг болгонд мэдээлэл зүйн 20-40 багш бий. Тэдний цөөхөн нь таван ухаанд мэргэшсэн мэт чадвар сайтай байдаг. Тэдний тусламжтайгаар бусад багш нараа чадваржуулдаг. Онлайнаар заах боломжгүйг нь сургагч багш нараараа дамжуулан заадаг. Гэх мэтээр хичээл заахгүй орхигдуулдгийг байхгүй болгохоор зорьж байна.

Боловсрол бол маш том систем. Сурсан зүйлийн үр өгөөж нь 10-15 жилийн дараа гарч ирдэг. Тийм болохоор 2012 оноос хэрэгжүүлсэн хөтөлбөр маань 2022 он гэхэд үр дүнгээ өгч эхлэх байх гэж бодож байна. 2012 онд БМДИ-д ажилд ороход аймаг, нийслэлийн мэдээлэл зүйн багш нар нэгдсэн нэг холбоо болж чадаагүй, хүндхэн байсан. Тиймээс хамгийн түрүүнд бүгдийг нь нэгтгэн нэг бүлгэмд оруулж ажлаа эхэлж байлаа. Аймаг бүрт бүлгэм байгуулаад тэрийг нь манай байгуулагын мэдээлэл зүйн багшийн бүлгэмд нэгтгэсэн. Мэдээлэл зүйн багш нарын маань 2012 онд бичиж байсан зүйл одоо бичиж байгаа зүйлээсээ эрс ялгаатай болсон. Хувьсал өөрчлөлт гарч байна. Зарим нь надад заах хэмжээнд маш сайжирсан.

Би Массачусетсийн технологийн их сургуулийн SugarLab-н Turtle art, Scratch гэсэн хоёр программыг монгол хэл рүү хөрвүүлж нутагшуулах ажлыг хийж байгаа. Дараа дараагийн хувилбар нь бүр томорч олон Монгол залуучууд хамтран орчуулж байна. 

-Кабинет ашиглалт хэр сайн байна?
-2015 онд Монгол орон даяар бүх багш нарыг “Lenovo” компьютертой болгосон. Сургууль бүрт 20-40 компьютертой кабинет байгуулснаар их том үсрэлт гарсан. Урьд нь манай багш нар лицензгүй, зохиогчийн эрх зөрчсөн программ хангамжийг ашигладаг байлаа. Өөрөөр хэлбэл оюуны өмчийн зөрчилтэй гэсэн үг л дээ. Одоо тухайн өгсөн, олгосон компьютерийн бүх программууд лицензтэй болсон. Манай улс оюуны өмчийн зөрчилтэй орнуудын жагсаалтын дундаас дээш ахин ирсэн. Мөн зарим тусгай программуудын үйлдвэрлэгчид 30 хоног программаа туршиж үзэх боломж олгодог. Үүнийг багш нар ашиглаад тэр хугацаанд багтаан хичээлээ заах тохиолдол ч бий.

ЕБС-аа 2015 оноос хойш төгсөж байгаа хүүхдүүд оюуны өмч, зохиогчийн эрх, барааны тэмдгийн мэдлэгтэй болсон. Учир нь 12-р ангид нь энэ талаар өөрсдөөр нь судалгаа хийлгээд, танилцуулга бэлдүүлээд ямар хохирол амсдаг зэргийг тооцоолуулдаг.

Хөл хорио эхэлсний дараа  биет ойртохыг мэдрээд, гар ариутгагч цацдаг төхөөрөмжийг би хийсэн юм. Ач нар маань надад тусалсан. Жижигхэн мотор хийгээд, кодчилоод, гараа ойртуулахаар гар ариутгагч шингэн нь гоождог юм л даа. Нэг литрийн санитолтой саванд угсарч орхиод ажилдаа яваад орой иртэл дуусчихсан байсан...

-Гадаадад хүүхдүүд код бичиж тоглоом зохиож байна. Манайд код бичих сургалт хэд хэд байдаг. Мэдээлэл зүйн хичээлд ийм хичээл багтдаг уу? Түүний давуу талуудаас ярихгүй юу?
-11,12-р ангийн хөтөлбөрт тусгагдсан. Бүүр программчлал, кодчилол гээд нэг, нэг улирал заахаар байгаа. 8, 9-р ангид нь үйлдлийн дараалал сэдвийн хүрээнд Scratch, Turtle art -г хэрэглэж заах хичээл ордог. Хүнд чухал биш хэрнээ хэрэглээний түвшний мэдлэг хэрэгтэй. Кодчиллоор юу хийж болдгийг зааж өгч болно. 

Би Массачусетсийн технологийн их сургуулийн SugarLab-н Turtle art, Scratch гэсэн хоёр программыг монгол хэл рүү хөрвүүлж нутагшуулах ажлыг хийж байгаа. 2008 онд орчуулаад, 2013 онд дахин сайжруулалт хийгдсэн. Дараа дараагийн хувилбар нь бүр томорч олон Монгол залуучууд хамтран орчуулж байна. Цахимаар мөнгө олно гэдгийн л нэг юм даа. Мэдээлэл зүйн багш нар өөрсдөө бүтээлч байх юм бол зөвхөн хичээл заахаас гадна, гадаадаас онлайнаар мөнгө олох боломжтой болоод байна. Манай багш нарын хэлний мэдлэг, чадварыг дээшлүүлмээр санагддаг. 

Багш нь чиглүүлээд өгвөл хүүхдүүд өөрсдөө дороо сурчихдаг программууд ч олон байна лээ. Манай ач зургаан настай, нэгдүгээр анги. Scratch-ийг ашигладаг. Scratch чинь их амархан шүү дээ.
Англид тоглоом зохион бүтээсэн хоёр монгол хүүхдийг тийм юм хийх сонирхолтой болгосон багш байж байгаа. Хүүхдийн сонирхлыг татахгүй бол тэд юм сурахгүй. Чингис хааны “сэтгэлийг нь барьсан байхад бие нь хаа холдох вэ” үг бий.

Хөл хорио эхэлсний дараа  биет ойртохыг мэдрээд, гар ариутгагч цацдаг төхөөрөмжийг би хийсэн юм. Ач нар маань надад тусалсан. Жижигхэн мотор хийгээд, кодчилоод, гараа ойртуулахаар гар ариутгагч шингэн нь гоождог юм л даа. Нэг литрийн санитолтой саванд угсарч орхиод ажилдаа яваад орой иртэл дуусчихсан байсан. Ач хүү, охин хоёр маань эхлээд гараа цэвэрлээд байсан гэнэ. Сүүлдээ гоожиж байхад нь оногдохгүй гээд гараа холдуулж тоглосоор байгаад бүтэн литр санитол дуусгачихсан байгаа юм. /инээв/ Шинэхэн сонихон байсан болохоор тоглосоор байгаад дуусгачихаж л дээ. 
Хүүхэд кодчилох аргыг олоод дур сонирхолтой болчихоороо багшаасаа түрүүлээд хийгээд явчихдаг. Хүүхдийг чиглүүлээд зөв замд оруулчихвал ямар ч хүүхэд чадна сурна. 

Англид тоглоом зохион бүтээсэн хоёр монгол хүүхдийг тийм юм хийх сонирхолтой болгосон багш байж байгаа. Хүүхдийн сонирхлыг татахгүй бол тэд юм сурахгүй. Чингис хааны “сэтгэлийг нь барьсан байхад бие нь хаа холдох вэ” үг бий.  Сонирхол гэдэг чинь сэтгэл байхгүй юу. Бид хүүхдүүдэд ахлах ангид нь мэргэжлийн чиг баримжаа гээд олон юм яриад байдаг. Гэхдээ яг тэр хүүхдэд тухай мэргэжил эзэмшсэн хүн юу хийдэг тухай хэлдэггүй. Мэдээллийн технологийн хичээл хэрэгтэй гээд байдаг. Гэртээ компьютертой хүүхэд ухаад сурчих юмыг хичээлийн хөтөлбөрт оруулна гэдэг дэмий санагддаг. Арван хуруугаараа бичиж сурах нь зөв. Гэхдээ хэрэглэх түвшний хичээлийг багасгаад хүүхдэд яг юу хэрэгтэй байна гэдгийг олж заавал зөв санагдаад байгаа юм. 

Сонирхуулж ярихад, насанд хүрсэн мэргэжлийн программистууд хүүхэлдэйн кино үзэх дуртай байдаг. Яагаад гэвэл хүний ертөнцөөс харж болохгүй зүйлийг тэндээс олж харж болдог.  

Сонирхуулж ярихад, насанд хүрсэн мэргэжлийн программистууд хүүхэлдэйн кино үзэх дуртай байдаг. Яагаад гэвэл хүний ертөнцөөс харж болохгүй зүйлийг тэндээс олж харж болдог.  Жишээ нь “Tom and Jerry” хүүхэлдэйн кинонд муураа баганаар цохисоор байгаад шалчийлгаад яст мэлхий шиг болгочихдог. Тэрэн шиг хэлбэртэй ухаалаг тоос сорогч хийгээд жижигхэн процессор бүхий төхөөрөмж суулгаад код бичиж өгөөд л ажилладаг болгочихож байна.
Бас өөр нэг жишээ ярья. Өглөө би 06:00 цагт босохоос цагийн өмнө будаа агшаагч ажиллаад босоход хоол бэлэн болгосон байх, мөн гэрээсээ 07:30 цагт гараад явахад гэрийн дотоод дулааны хэмийг +10 болгоно гэх мэтчилэн программчилж болно. Орой гэртээ 19:00 цагт ирдэг байлаа гэхэд 18:30 цагт өрөөний температурыг +22 градус болго гэдгийг Scratch-аар программчлах боломжтой болсон. 

Солонгосын LG компанийн Green City ухаалаг хорооллыг сонирхож үзэж байлаа. Манай гэрт бүтэн өдөржин хүн байхгүй байхад гэрийн температур +22 градус байсан хэвээр байна. Хэрвээ программчилчихвал цахилгаан эрчим хүч хэмнэхээс эхлээд олон асуудлыг шийдэх боломжтой. Ирээдүйд бараг тийм болох байх.

Мэдээллийн технологийн хичээлийн хөтөлбөрт заавал судлах, сонгон судлах гэсэн хоёр төрөл бий. Сэтгүүлч болох гэж байгаа хүүхэд ахлах ангидаа кодчилол үзэх шаардлага байхгүй учир үзэхгүй ч байж болно. Сонгон судлах хичээлийг доод тал нь нэг сургуульд 20 хүүхэд сонгож байж ордог. Тоо нь хүрэхгүй бол орох боломжгүй. Төсөв мөнгөтэй холбоотой байх. Тэгэхээр хүүхэд хохироод байна. Хүүхэд хохирохоос гадна манай улсын ирээдүйн мэдээллийн технологийн мундаг инженерүүд үгүй болж байгаа мэт санагдаж харамсдаг. Өөр харамсах зүйлч байна. Манай бүх багш нар компьютерийг хичээлдээ үзүүлэн үзүүлэх хэлбэрээ л ашиглаж байна. 

Сонгон судлахаар үзэх хичээлийн хүүхдийн тоог 10 болгоод төсөв санхүүг нь шийдээд өгвөл кодчилол талдаа нэлээн мундаг явах байх. Олимпиадад ирж байгаа хүүхдүүдийг харж байхад багш дээрээ хувиараа бэлдээд ирдэг. Багш нь илүү цагийн цалин урамшуулалгүй ажиллаад хүүхдүүдээ бэлтгэдэг. ЕБС-иуд нь болж өгвөл ЭЕШ өгдөг хичээлүүдээ гүнзгийрүүлээд явдаг.  Харин манай улсад кодчилол программчлал заах тал дээр хувийн ерөнхий боловсролын сургуулиуд түлхүү анхаарч, ирээдүйн программ зохиогч, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн залуу халааг бэлтгээд байна. 
Жишээ нь, Монголоос Нямдаваа гэдэг хүү өнгөрсөн жил олон улсын программчлалын олимпиадаас анхныхаа мөнгөн медалийг авлаа. Эхлээд бэлдсэн багш нь сонирхлыг нь олж хараад зөв зам руу чиглүүлж өгсөн. Тэгээд жил гаран бэлдсэн. Одоо бол багш нарыгаа хаяад алга болсон. Хүүхдүүд амархан сурдаг. Тийм болохоор би энэ хэдээсээ түрүүлж алхахгүй бол болдоггүй. Тэдэнд юм зааж өгөхийн тулд урд нь л алхах хэрэгтэй. Тэгэхийн тулд хэл хэрэг болдог. Хүүхдийн сонирхлыг олж зөв зааж чадах л юм бол заавал дунд сургууль гэхгүй амархан болгоод зааж болно. 

Зургаан настай манай ач хүү хэлж байна. Аав нь компьютер дээр ажилладаг, ээж нь компьютер дээр ажилладаг, өвөө, эмээ нь ч компьютер дээр ажилладаг. Өөрөө OLPC -н ХО дээрх Scratch дээр юм хийдэг. Ямар мэргэжилтэй болох вэ гэхээр манай гэрийнхэн бүгд компьютерчин. Би бас компьютерчин болно гэдэг. 

Би хүүхдүүдээ компьютерын чиглэлээр явуулна гэж бодоогүй л дээ. 1990-ээд онд 93-р сургуульд олон хичээл заадаг, их завгүй цаг үе байсан. Тухайн үед заримдаа охиноороо чи ийм зураг зурчих, аав нь хичээл дээр ийм танилцуулга бэлдэж байгаа юм гэж зуруулдаг байлаа. Тэгэж суулгасаар байгаад охиноо график дизайнер болгочихсон. Хүүгээ дөрөвдүгээр ангиас нь бас компьютер дээр юм хийлгэж эхлүүлсэн. Нэг мэдэхэд л нэгийг нь программист, нөгөөхийг нь график дизайнер болгочихсон байсан даа. Хүнд шууд заалгүй хөндлөнгөөс нь зааж болдог. Тэр аргыг л эзэмших хэрэгтэй. Хүн, робот хоёр ялгагдахгүй дижитал эринд тэмцэн амьдрах хүүхдүүдээ эртхэн хүнийг хайрладаг болгомоор байна шүү.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: https://gogo.mn/r/555j8?fbclid=IwAR3noyZW3kaQu0QLg3wY0pYsBX0U4igueTnxmKct3qpvm0LEeL-FVJPe0Hk


Сэтгэгдэл
Төстэй мэдээ