Хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал

Товч:  Хүүхэд гэж 18 нас хүрээгүй хүнийг хэлнэ. Хүний эрхийн нэг томоохон салбар нь хүүхдийн эрх юм.

Хүүхэд ямар эрхтэйгээ, хэрхэн хамгаалах талаар мэдэх нь чухал тул эцэг эх, асран хамгаалагч, сурган хүмүүжүүлэгч нар тэднийг энэ талаарх ойлголттой болгоход анхаарч байвал зохилтой. Улс орон нэг нийгмийн тогтолцооноос нөгөөд шилжих завсрын үед (аномия) хүүхдийн хүмүүжил, хүүхэд хамгааллын асуудлыг тодорхой хугацаанд орхигдуулснаас хүүхдийн эрхийн зөрчил, сурч боловсрох асуудал орхигдож, нийгэм дэх гэр бүлийн тогтвортой байдал алдагдснаас хүүхэд гэр бүлээс дайжих, хараа хяналтгүй хүүхэд гэмт хэргийн хохирогч болох, хүчирхийлэлд өртөх, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэх гэмт хэрэгт холбогдох хүн худалдаалах гэмт хэрэг, бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгт өртөх, сэтгэл зүйн болон бие махбодийн шийтгэл амсах зэрэг асуудал улам нэмэгдсээр байгаа нь сэтгэл түгшээсэн асуудал болсоор байна.

Хүүхдийн эсрэг хүчирхийлэл гарсаар л байна. 1-14 насны хүүхдийн 47 хувьд сахилга, хүмүүжлийн арга хэмжээг авахдаа хүчирхийллийн арга хэрэглэснийг судалгаагаар тогтоосон байдаг. Хүүхдүүд интернэт ашиглах боломж нэмэгдэхийн хэрээр цахим орчин дахь доромжлол, сэтгэл санааны болон бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгт өртөх эрсдэл нэмэгдэж байна.

Хүүхдийг эерэг аргаар хүмүүжүүлэх 3 алхам

Эерэг орчин бүрдүүл –хайрла, хуваарь гарга, хүүхдээ хөгжүүл, өөртөө анхаар

Эерэг харилцааг эрхэмлэ - Магтан урамшуул, идэвхтэй сонс.

Уур уцаараа хяна - Тайван ханд, тайвшир, уучлалт гуй.

НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенцид хүүхэд аливаа дарамт, хүчирхийлэл, мөлжлөг, үл хайхрах явдлаас хамгаалуулах эрхтэй бөгөөд насанд хүртлээ эцэг эх, гэр бүл ба төрийн онцгой халамж, хамгаалалтанд байх шаардлагатай болохыг заажээ.

Хүүхдийн эсрэг дарамт, хүчирхийлэл, мөлжлөг, үл хайхрах байдал зэрэг зүй бус бүх хандлага нь хүүхдийн жам ѐсны эрх болох айдас хүйдсээс ангид, халдашгүй дархан байх эрхэмсэг чанарыг үгүйсгэсэн хүүхдийн эрхийн ноцтой зөрчил мөн бөгөөд хэзээ ч зөвтгөж болохгүй, харин урьдчилан сэргийлж болох, ѐсзүй, хууль эрх зүйн хүрээнд хүн бүрт хамаатай асуудал юм.  

Хүүхдийн эрх гэж хүүхдийн эдлэх ёстой эрх, эрх чөлөө, төрөөс болон эцэг эхээс нь үзүүлэх ёстой халамж, үйлчилгээний цогц. Хүүхэд нас, бие бялдар, сэтгэц, сэтгэл зүйн онцлогоос хамааран өөрийгөө хамгаалах чадвар, чадамж нь өөр өөр, хязгаарлагдмал, зарим тохиолдолд насанд хүрэгчдээс хамааралтай байдаг тул хүүхдийн эрхийг онцгой хамгаалах ёстой.

Хүүхдийн эрхийг Хүүхдийн эрхийн тухай хуульд дараах 4 төрлийн эрхийн хүрээнд багцлан тодорхойлсон байна.

  • Хүүхдийн эсэн мэнд амьдрах эрх /Суурь үндэс нь өлсгөлөнгөөс ангид байж, эрүүл саруул байх явдал /
  • Хүүхдийн хөгжих эрх /Хүүхдийн бие махбод, оюун санаа, ой ухаан, сэтгэц, зан байдалд гарч байгаа ахиц, өөрчлөлт/
  • Хүүхдийн хамгаалуулах эрх /хүчирхийлэл, үл хайхрах байдал, мөлжлөг, хор хохирол учруулахаас хамгаалах, айдас, хүйдэсээс ангид, халдашгүй дархан байх/
  • Хүүхдийн нийгмийн амьдралд оролцох эрх / хуулиар хориглоогүй арга хэмжээнд оролцох, өөрт хамаарах асуудлаар шийдвэр гаргах,өмчлөх, өвлөх эрх гэх мэт/

Хүүхэд эрхээ мэдэх нь:

  • Өөрийгөө хамгаалах, өөртөө итгэх итгэл төлөвших
  • Эрхээ бүрэн дүүрэн эдлэх боломжтой болох
  • Зөрчигдсөн эрхээ сэргээлгэх
  • Зөрчигдсөн эрхээ хамгаалж, түүнд нийцсэн баталгаа бүрдүүлэхийг төр, төрийн байгууллага, албан тушаалтнаас шаардах

Хүүхдийн эрхийн талаар мэдээлэл өгөх, гомдол гаргах

  • Хүүхэд эрхээ зөрчигдсөн гэж үзвэл өөрөө болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, бусад иргэн байгууллагаар уламжлан эрхээ хамгаалуулахаар хууль, тогтоомжид заасны дагуу гомдол, нэхэмжлэл гаргах
  • эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хүүхэд гэр бүлийн хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллага, баг, сум, хорооны хүүхдийн асуудал эрхэлсэн мэргэжилтэн, нийгмийн ажилтан хүүхдийн эрх зөрчигдсөн гэж үзвэл хуульд заасны дагуу төрийн байгууллагад гомдол, хүсэлт, шүүхэд нэхэмжлэл, холбогдох албан тушаалтан, хуулийн этгээдэд хүсэлт, шаардлага гаргаж болно.

Хүүхэд хамгаалал нь энгийнээр бол хүн бүр хүүхдийн эсрэг зүй бус харилцаа хандлага гаргахгүй байж, түүнээс сэргийлэх мэдлэг, хандлага, чадвартай байхыг шаардаж байгаа нь хүүхдийн эрхийн хэрэгцээ билээ

Хүүхэд хамгаалал: Хүүхдийн бие махбод, сэтгэл зүй, бэлгийн хүчирхийлэл, үл ойшоогдох зэрэг аливаа хүчирхийллээс нийгмийн бүхий л орчинд хамгаалах, урьдчилан сэргийлэх, хариу үйлчилгээ үзүүлэхэд чиглэсэн ажиллагаа бөгөөд хүүхэд хамгааллын тухай ойлголт нь Монгол Улсын хууль тогтоомж болон Олон улсын гэрээ, конвенцээр 18 нас хүрээгүй хүн бүрд олгогдсон хамгааллуулах эрхийг хангах явдал.

Хүүхэд хамгаалагдаагүйн хор уршиг. Хэрэв хүүхдийн хамгаалуулах эрхийг хангаж чадахгүй бол үр дагавар нь хүүхэд бие махбод, сэтгэл санааны гэмтэл бэртэл авах, өвчлөх, биеийн болон сэтгэцийн хөгжил, төлөвшил нь хоцрогдох, сургууль завсардах, гэр бүлийн халамж асрамжаас гадуур гудамжинд амьдрах, улмаар амь зогоохын эрхээр хөдөлмөр эрхлэх, мөлжлөгт өртөх, худалдагдах, хууль зөрчих, гэмт хэрэг үйлдэх, архи, тамхи, мансууруулах бодист донтох, амиа хорлох зэрэг нийгмийн сөрөг үзэгдлийг бий болгодог.

Хүүхдэд зүй бус хандах бүх хэлбэрээс хамгаалах арга хэмжээ:

  1. Урьдчилан сэргийлэх
  2. Эрсдэлийг бууруулах
  3. Хүүхэд хамгааллын зөрчил гарсан тохиолдолд дуугүй өнгөрөхгүй, зохих байгууллагад мэдээлдэг соёлыг нэвтрүүлэх

Байгууллага, хамт олон нь Хүүхэд хамгааллын бодлого баталж хэрэгжүүлснээрээ хүүхдэд ээлтэй нийгмийн хэм хэмжээг хэвшүүлэх, хүүхдийг хүндэтгэдэг, хамгаалдаг нийгмийн орчинг төлөвшүүлэх, хүүхдийг хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Боловсролын салбар дахь хүүхэд хамгаалал

1.Сургалтын байгууллага хүүхэд хамгааллын бодлогыг тухайн байгууллагад хэрэгжүүлэхдээ хөтөлбөр, төлөвлөгөө гарган, мөрдөж ажиллана.

  1. Сургалтын байгууллага, албан тушаалтан, багш, ажилтан эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн талаар таамагласан, мэдсэн, илрүүлсэн тохиолдолд Хүүхдийн эрхийн тухай хуулиар үүрэг хүлээсэн оролцогч талуудад заавал мэдээлнэ.
  2. Сургалтын байгууллагад суралцаж байгаа хүүхэд бүрийг тухайн орчинд бие махбодийн шийтгэл, сэтгэл зүйн болон үе тэнгийнхний дарамт, үл хайхрах байдал, гэмт хэрэг, зөрчил, хорт зуршилд өртөхгүй байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:
  • Сургалтын байгууллагын багш, ажилтан хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга эзэмших;
  • Сургалтын байгууллагын багш, ажилтан суралцагчдын эрсдэлт нөхцөлд байгаа эсэхийг үнэлэх, судлах, зөвлөгөө өгөх;
  • Сургалтын байгууллагын багш, ажилтан суралцагчдын хоорондын нөхөрсөг бус харилцаа, маргаан, зөрчлийг эвлэрүүлэх, зохицуулах, гэр бүлд нь мэдэгдэх зэргээр урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах;
  • Хүүхдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд хохирол учруулж болохуйц үйл ажиллагаа, арга хэмжээнд хүүхдийг оролцуулахгүй байх;
  • Хүүхдийг согтуурах, мансуурах, донтох байдалд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах арга хэмжээг авах

Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ. Эрсдэлт нөхцөлд байгаа, гэмт хэргийн хохирогч болсон, гэмт хэрэг, зөрчилд холбогдсон, ял шийтгүүлж, албадлагын арга хэмжээ авагдсан, сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагаас суллагдсан хүүхдийг нийгэмд хэвийн амьдрахад нь тусалж, дэмжих чиглэлээр үйлчилгээ үзүүлэхэд анхаарах. .

 

 Хүүхдийн хамгаалагдах эрх, эрх чөлөөг хангах талаарх хууль тогтоомжоос:

  • Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийн 37, 39, 40 дүгээр зүйл
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 14.3.2, 14.4, 28.8, 39.1.3
  • Нялх балчир, хүүхдийн хүнсний тухай хууль
  • Хөдөлмөрийн тухай хуулийн 109.4, 110.2
  • Хүүхдийн эрхийн тухай хууль
  • Хүүхэд хамгааллын тухай хуулийн 2 дугаар зүйл
  • Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн 6.2.1, 11.1.3, 11.1.4, 12.1.8
  • Гэр бүлийн тухай хуулийн 4.1, 14.4, 14.8, 16.1, 21.5, 23.1, 24.4, 25.8, 26 зүйл
  • Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.1.5, 13.2.2, 19.1.3, 19.1.4
  • Эрүүл мэндийн тухай хуулийн 4.1.2, 24.6.8, 36.2, 391.1
  • Боловсролын тухай хуулийн 3.1.12, 28.1.18, 44.2.4-44.2.7, 43.3, 44.4
  • Бага, дунд боловсролын тухай хуулийн 2.1, 12.5, 13.12, 20.2.13-20.2.15
  • Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 5.1.4, 9.12, 11.2.9, 13.12
  • Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 7.2
  • Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 16.2, 19 дүгээр зүйл
  • Эрүүгийн хуулийн 50.4, 51.3, 55.1.8, 56.1.6, 63.1, 114-117 зүйл
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 202.6, 202.7, 213.1, 228.9, 291.2
  • Цагдаагийн албаны тухай хуулийн 13.1.4, 25.5.3, 46.5, 46.5.1-45.5.4, 46.7, 49.2, 52.2, 61.1.6
  • Хүн худалдаалахтай тэмцэх тухай хуулийн 5.8.1, 5.8.2, 13.1,13.2
  • Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 5.3, 13.2
  • Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр. 2017 он Хөтөлбөрийг 2017-2021 онд хэрэгжүүлнэ.
Төстэй мэдээ