Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээ

Эрүүл мэндийн даатгал нь албан журмын болон сайн дурын нэмэлт даатгал гэсэн төрөлтэй байна. Монгол Улсын иргэн эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлээ хуваалцах зорилгоор эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулна.

2020 оны 11 дүгээр сарын 01-ий өдрөөс эхлэн бүх шатны эрүүл мэндийн байгууллагын эмч нар хөнгөлөлттэй олгодог эмийн цахим жор бичиж, бүх эмийн сангууд хөнгөлөлттэй эмээр иргэдэд үйлчилж эхлэнэ.

Тусламж үйлчилгээ:

Эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний багцад дараах тусламж, үйлчилгээ хамаарна:.

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлсөн бүх насны иргэд  эрүүл мэндийн даатгалын байгууллагатай  гэрээ бүхий төрийн өмчийн болон  хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлүүлж Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтийг эдлэх эрхтэй.

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллага нь оюутан, сурагчдад  харьяалал харгалзахгүй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ./Эрүүл мэндийн тухай хуулийн 16.18/

  1. Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ

Хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний даатгалын сангаас төлөх зардлын төлбөрийг оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, өртгийн жингээр тооцож төрийн өмчийн эмнэлэгт суурь төлбөр 300000 төгрөг, хувийн хэвшлийн эмнэлэгт  175000 төгрөгөөр тооцож санхүүжүүлдэг. Энэ нь та улсын эмнэлэгт оношоос хамаарч 145000-804000 төгрөгийн, хувийн хэвшлийн эмнэлэгт   84000-470000 төгрөгийн хөнгөлөлт эдэлнэ гэсэн үг юм.

Ажил хөдөлмөр эрхэлж байгаа болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлдөг даатгуулагч төв болон тусгай мэргэжилийн төв эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн 15 хувь, аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн төв, бүсийн оношлогоо эмчилгээний төвд 10 хувийг өөрөө хариуцан төлнө.

Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ байгуулсан  эмнэлэгт даатгуулагч харьяалал харгалзахгүйгээр хэвтэн эмчлүүлэх эрхтэй.

  1. Амбулаторийн үзлэг, хяналт

Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий төрийн өмчийн II, III шатлалын эмнэлэг болон мэс заслын тусламж, үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэж буй хувийн хэвшлийн зарим  эмнэлгийн үзүүлсэн  амбулаторийн тусламж, үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас бүрэн хариуцаж байна.

Амбулаторийн нэг удаагийн  үзлэг, хяналтад 15000-16200 төгрөгийг ЭМД-ын сангаас зарцуулдаг.

  1. Оношилгоо, шинжилгээ, эмчилгээ

Өвчний оношийг тодруулах оношилгоо, шинжилгээ хийлгэх тохиолдолд сард 55000, улиралд 165000 төгрөгийн зардлыг ЭМД-ын сангаас зарцуулдаг. Улирлын 165000 төгрөг хэтэрсэн тохиолдолд та өөрөө зөрүү төлбөрийг хариуцна.

Компьютер томограф, MRI, дуран гэх мэт өндөр өртөгтэй оношилгоо, шинжилгээний зардлаас улирлын төлбөрийн хэмжээгээр буюу 165000 төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлж, зөрүүг даатгуулагч өөрөө хариуцан төлнө.  Хэвтэн эмчлүүлэх хугацаанд хийлгэсэн дээрх өндөр өртөгтэй оношлогооны зардлын төлбөрийг ЭМД-ын сангаас хөнгөлүүлэх боломжтой.

  1. Өдрийн эмчилгээ, үйлчилгээ

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хувьсах зардлын даатгалын сангаас төлөх төлбөрийг оношийн хамааралтай бүлгийн жагсаалт, өртгийн жингээр тооцож төрийн өмчийн эмнэлэгт суурь төлбөр 135000 төгрөгөөр тооцож санхүүжүүлдэг бөгөөд  дунджаар 110000-300000 төгрөгийн хөнгөлөлтийг үзүүлж байна. Эмнэлгийн мэргэжилтний шууд хяналтанд уух эм, тарилга,  өдрийн мэс засал, хэвлийн диалез,  гемодиалез, хими, туяа, лазер эмчилгээ болон уламжлалт, сэргээн засах тусламж, үйлчилгээг өдрийн эмчилгээ, үйлчилгээгээр авч болно.

  1. Хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ /Энэ заалтыг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

Төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэгт хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх тусламж, үйлчилгээ үзүүлэх  тохиолдол бүрт төрийн өмчийн эмнэлэгт 300000 төгрөг, хувийн хэвшлийн эмнэлэгт 175000 төгрөгийг тус тус эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцдаг.

Хөнгөвчлөх тусламж үйлчилгээ нь  хүнд өвчтөний болон ар гэрийнхний биеийн ба сэтгэлийн зовиур шаналгаа, хямралыг дарах, багасгахад чиглэсэн эмчилгээ, асаргаа үйлчилгээ, эрүүл мэндийн зөвлөгөөг багтаасан цогц үйлчилгээ юм.

  1. Уламжлалтын тусламж, үйлчилгээ

Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай гэрээ бүхий төрийн болон хувийн  хэвшлийн уламжлалт анагаах ухааны эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд нийт төлбөрөөс 117000 төгрөг, сэргээн засах тусламж, үйлчилгээ бүхий сувилалд сувилуулахад 110000 төгрөгийг тус тус эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцдаг.

  1. Сэргээн засан болон сувиллийн тусламж, үйлчилгээ

Даатгуулагч рашаан сувиллаар үйлчлүүлэн нөхөн сэргээх үйлчилгээ авах эрхтэй. Эрүүл мэндийн даатгалын байгууллагатай даатгалын гэрээтэй рашаан сувиллаар үйлчлүүлсэн тохиолдолд даатгуулагч хөнгөлөлт эдэлнэ. Жишээ нь: Даатгуулагч рашаан сувилалд нөхөн сэргээх үйлчилгээ авсан бол тухайн сувиллын тогтоосон тарифаас даатгалын сангаас хөнгөлөх 110 000 төгрөгийг хасч үлдэх төлбөрийг өөрөө хариуцна. Өөрөөр хэлбэл сувиллын 1 хоногийн тариф 25.000 төгрөг гэвэл даатгуулагч 10 хоног нөхөн сэргээх үйлчилгээ авахад 250 000 төгрөгийг төлөх естой. Харин эрүүл мэндийн даатгалд даатгуулсан даатгуулагчийн 110 000 төгрөгийн тусламж, үйлчилгээний зардлыг даатгалын сангаас олгох тул даатгуулагч 140 000 төгрөгөөр уг тусламж үйлчилгээг авах боломжтой юм.

  1. Өрх, сум, баг, аймаг, дүүргийн амбулаторийн төрөлжсөн мэргэжлийн эмчийн бичсэн жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх зайлшгүй шааардлагтай эмийн ерөнхий нэршлийн жагсаалт, үнийн дээд хязгаар, хөнгөвчлөх хэмжээ

Та ЭМД-ын хөнгөлөлттэй эмийг өөрийн харьяаллын өрх, сум, багийн эмчийн болон аймаг, дүүргийн амбулаторийн төрөлжсөн мэргэжлийн эмчид үзүүлж, эмчийн бичсэн цахим эмийн жороор ЭМД-ын байгууллагатай гэрээтэй эмийн сангаас авна. Та өөрт ойр байрлах гэрээтэй эмийн сангийн байрлал болон төсвийн талаарх мэдээллийг ЭМД-ын цахим хуудаснаас авч болох ба ЭМД-ын таних тэмдэг бүхий гэрэлт самбараар таньж болно. Цахим жор нь бичигдснээс хойш 7 хоногийн хугацаанд хүчинтэй байна

  1. Хорт хавдрын, химийн

Хавдрын химийн өдрийн эмчилгээг эмчийн заалтаар өвчний онош, өвчтөний биеийн байдал, зовиураас шалтгаалж хийх бөгөөд нэг удаагийн эмчилгээний зардалд 450000 төгрөгний санхүүжилтийг эрүүл мэндийн даатгалын сангаас олгодог.

  1. Хорт хавдрын туяаны өдрийн эмчилгээ

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2016 оны 19 дүгээр тогтоолоор хорт хавдрын туяаны өдрийн эмчилгээний төлбөрт өдөрт 66,000 төгрөгөөр тооцон эрүүл мэндийн даатгалын сангаас төлбөр хийдэг болсноор өвчтөний өөрөөсөө төлөх төлбөрийн хэмжээ багасч, энэхүү өртөг өндөр эмчилгээг даатгуулагч-өвчтөн санхүүгийн хүндрэл бэрхшээлгүйгээр хүртэх боломжтой болсон байна.

  1. Жирэмсний 37 долоо хоногоос өмнө ба төрсний дараах үеийн хавсарсан эмгэгийн эмчилгээ

Бусад эрхтэн тогтолцооны өвчний улмаас эмнэлэгт зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлагатай жирэмсний 37 долоо хоног хүртэл, төрсний дараах 6 долоо хоног хүртэл жирэмсэн болон төрсөн эхэд хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээний нэгэн адил оношоос хамаарч 145 500 – 804 090 төгрөгийн зардлыг даатгуулагчийн өмнөөс эрүүл мэндийн даатгалын сан хариуцан эмнэлэгт төлнө

  1. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд түүний нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн тогтоосон товлолт хугацаанд хамруулах

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн дагуу “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд түүний нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд үндэслэн тогтоосон товлолт хугацаанд хамруулан, эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь санхүүжүүлэх бөгөөд даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулна

  1. Өндөр өртөгт тусламж, үйлчилгээ, шаардлагатай эмнэлэгийн хэрэгсэл. /Энэ заалтыг 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./

Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжих өндөр өртөгтэй зарим тусламж, үйлчилгээнд шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, сэргээн засах зориулалтаар хийгдэх протезийн жагсаалт, түүний жишиг үнэ, даатгалын сангаас олгох төлбөрийн хэмжээ” –ний дагуу 18 төрлийн тусламж, үйлчилгээнд 80 гаруй нэр төрлийн эмнэлгийн хэрэгсэл, протезийн үнийн 75  хувийг даатгалын сангаас хариуцан төлнө.

Төстэй мэдээ