2021 онд Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад хамрагдах багш, удирдах болон бусад ажилтны бүртгэл хийгдэхгүй.
БМДИ-ийн дэд захирал Д.Энх-Амгалантай (Ph.D) 2020, 2021 оны Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын тухай ярилцлаа.
  • 2020 он дуусахад 2 сар хүрэхгүй хугацаа үлдлээ. Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт дууссан уу? Явцын талаар мэдээлэл өгнө үү?
  • 2020 онд 25 судлагдахууны чиглэлээр эхний, 5, 10 дахь жилдээ ажиллаж буй багш, удирдах болон бусад ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг БСШУСЯ-аар батлуулан сургалтаа амжилттай зохион байгууллаа.

Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын танхимын өмнөх онлайн сургалт 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний хооронд хуваарийн дагуу амжилттай зохион байгуулагдан нийт 6509 багш, удирдах бусад ажилтан буюу 85 хувь нь амжилттай хамрагдаж, танхимын сургалтдаа хамрагдах эрхтэй болсон. Улмаар 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрөөс 31-ний хооронд 10 дахь жилдээ ажиллаж буй 12 судлагдахууны танхимын сургалтыг зохион байгуулсан боловч цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан 999 багш буюу 15.3 хувь нь хамрагдсан.

  • Яагаад танхимын сургалтад цөөхөн хамрагдах болов, бусад хүмүүс хэрхэн хамрагдсан вэ?
  • Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхий нийтэд хурдацтай тархаж буйтай холбогдуулан Улсын онцгой комиссоос хорио цээрийн дэглэм тогтоож, "Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тухай" Засгийн газрын 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 64 дүгээр тогтоолын 2 дугаар зүйлийн 2.хоёр дахь заалт, “Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтыг онлайн хэлбэрт шилжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/105 дугаар тушаал гарч, тус институтээс 2020 оны 02 дугаар сараас 05 дугаар сард танхимд зохион байгуулагдах байсан үндсэн сургалтыг цахимаар зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

Иймээс цахим сургалтын эхний шатыг БСШУСЯ-аас зарласан тендерт Эй Плас интернэйшнл (A Plus international) компани шалгарч, 04 дүгээр сарын 15-ны өдрөөс 05 дугаар сарын 31-ний хооронд зохион байгуулсан бөгөөд эхний шатанд 1,5,10 дахь жилдээ ажиллаж буй багш, удирдах болон бусад ажилтны 4787 хүн буюу 73.5 хувь нь шалгалтаа амжилттай өгсөн ба хоёр дахь шатны сургалтад хамрагдах эрхтэй болсон.

  • Энэ сургалтын үеэр хүндрэл байсан болов уу?
  • Оролцогч багш, удирдах болон бусад ажилтны хувьд маш их асуудал тулгарсан тухай уг компани тайландаа тусгасан байсан. Тайлантай танилцаж байхад хамгийн сонин асуулт нь “Цахим хаягаа мартсан, нууц кодоо мартсан, сургалтын хугацаагаа сунгаж өгөөч, шалгалтаа өгөөгүй байтал хугацаа дуусчихлаа, яагаад намайг өөр компанид өгчихсөн юм” гэх мэт асуудал маш их үүссэн талаар онцолсон байсан. 

Манай байгууллагын сервер ачаалал даах чадвар тэр үед муу байсан учир дээрх компанитай хамтарч сургалтынхаа эхний шатыг дуусгасан. Энэ хугацаанд боловсролын салбарын мэдээллийн төвтэй хамтран хөгжүүлэлт хийснээр дараагийн шатны сургалтаа цахимаар зохион байгуулах боломж бүрдсэн юм. Энэ дашрамд хэлэхэд цахим сургалт тодорхой хугацаанд үргэлжилдэг, бас шалгалт өгдөг, эхний агуулгаа бүрэн судалж байж дараагийн агуулга руу шилждэг болохыг оролцогчид маань анхаарах хэрэгтэй байна.

Мөн аль ч шатандаа хариуцлагатай, цаг баримталдаг, бүтээлч, шударга, зөв хандлагатай байх нь чухал байна. 
  • Та эхний шат гэж дурдлаа. Дахиад шат байсан уу, эдгээр нь юугаараа ялгаатай байсан вэ?
  • 2020 оны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын танхимын сургалтыг  2 үе шаттайгаар цахим сургалтаар зохион байгуулсан. Эдгээр нь агуулгаараа ялгаатай байсан. Эхний шат “Хичээл төлөвлөлт, МХХТ, Судалгааны арга зүй” хэмээх 3 агуулгаар бүх оролцогч суралцах цахим сургалт, хоёр дахь шат зорилтод бүлгээрээ ялгаатай арга зүйд суурилсан агуулгатай цахим сургалт байсан. Хоёр дахь шатыг 2020 оны 10 дугаарын 01-ээс 11 дүгээр сарыг 11-ны хооронд байгууллагынхаа “Moodle” системээр зохион байгуулсан бөгөөд 1,5,10 дахь жилдээ ажиллаж буй багш, удирдах болон бусад ажилтны 4046 хүн буюу 62.2 хувь нь мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад амжилттай суралцаж, батламжаа татаж авах боломжтой болсон байна.

Өөрөөр хэлбэл 2020 онд танхимын өмнөх онлайн сургалтад амжилттай суралцсан 6509 багш, удирдах болон бусад ажилтны 4046 хүн буюу 62.2 хувь нь цахимаар, 999 багш буюу 15.3 хувь нь танхимаар, нийт 5045 буюу 77.5 хувь нь мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад бүрэн хамрагдаж, өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийж чадсан байна (Зураг 1).

Зураг 1. 2020 оны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалт (тоон мэдээлэл)

Үнэндээ мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад бүрэн хамрагдаагүй 2613 хүний хувьд сургалтаасаа хоцорсон, явцын дунд суралцаж чадаагүй, шалгалтаа өгч амжаагүй, тэнцээгүй зэрэг шалтгаан элбэг. Энэ жил тэдэнд танхимын өмнөх онлайн болон цахим сургалтын бүх агуулгыг дахин судлах боломж олгохоор бэлтгэл ажил эхлүүлээд байна. Гэхдээ эдгээр 2613 хүний мэргэжил дээшлүүлсэн батламж нь хугацаандаа амжилттай суралцсан 5054 хүний батламжаас ялгагдах тэмдэглэгээтэй байх юм.

  • Боловсролын цахим шилжилтийн талаар их яригдах болсон, энэ талаар ямар ажил хийж байна вэ?
  • Танхимын сургалтыг вебэд суурилсан, видео холболтоор цахим сургалтаар зохион байгуулах боломжтойг тодотгосон мэргэжил дээшлүүлэх болон төрөлжсөн сургалтыг зохион байгууллаа. Заримаас нь дурдвал 2020 оны 8 сард 19848 багш, удирдах болон бусад ажилтанд зохион байгуулсан “Сайжруулсан хөтөлбөрийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх” сургалт, Нийслэлийн боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтэс, аймгийн БСУГ-ын 234 мэргэжилтэнд “Мэргэжил дээшлүүлэх сургалт”, Боловсролын хүрээлэнтэй хамтран хилийн чанад дахь монгол хүүхдэд эх хэл соёлын хичээл явуулж буй 30  багшид мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтыг тус тус зохион байгуулсан.

Мөн гадаад, дотоодын хамтын ажиллагаатай байгууллагын удирдах ажилтантай хурал, хэлэлцүүлгийг цахимаар зохион байгуулж ажиллаж байна. Одоогоор бид гадаадын 4 байгууллагын онлайн хуралд 2-3 удаа оролцлоо. 

Боловсролын үнэлгээний төвийн даалгаврын сан, чанарын үнэлгээний судалгаа болон элсэлтийн ерөнхий шалгалтын цахим тайлангийн системд байгууллагынхаа эрхээр хандаж, зөвлөн туслах үйл ажиллагаа, захиалгат сургалт авах хүсэлт гаргасан сургуультай холбоотой үзүүлэлтийг үндэслэн агуулгаа боловсруулан ажиллаж байна.

Онцлож хэлэхэд Боловсролын салбарын мэдээллийн төвтэй хамтран боловсролын удирдлагын системд томоохон хөгжүүлэлт хийж хамтран ажиллаж байна.

  1. Монгол улсын хэмжээнд ажиллаж буй 2016-2019 онуудад  “Зөвлөх” зэрэг авсан СӨБ, ЕБС-ийн багш, удирдах болон бусад ажилтны мэдээлэл нягтлах
  2. Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад 2016-2019 онуудад хамрагдсан СӨБ, ЕБС-ийн багш, удирдах болон бусад ажилтны бүртгэл
  3. Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад 2020 онд хамрагдсан СӨБ, ЕБС-ийн багш, удирдах болон бусад ажилтан батламжаа татаж авах талбар 
  4. Тухайн жилд буюу 2021 он болон дараагийн жилүүдэд мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад хамрагдах СӨБ, ЕБС-ийн багш, удирдах болон бусад ажилтанд сургалтад хамрагдах тухай захидлыг боловсролын салбарын мэдээлийн төвийн удирдлагын системд бүртгэлтэй хаягаар нь илгээх

Эдгээр нь боловсролын удирдлагын системд бүртгэснээс СӨБ, ЕБС-ийн удирдах ажилтан өөрийнхөө эрхээр  багшийн тухай шаардлагатай бүхий л мэдээллийг бүрэн харах, нягтлах боломж бүрдүүлнэ. Нэг талаар цаасан мэдээллийг бууруулж, мэдээллийн үнэн бодит байдлыг хангах зэрэг олон асуудлыг шийдэх юм.

  • 2021онд мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад хамрагдах эхний, 5, 10 дахь жилдээ ажиллаж буй багш, удирдах болон бусад ажилтны бүртгэлийг хэрхэн зохион байгуулах вэ?
  • 2021 онд мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад хамрагдах эхний, 5, 10 дахь жилдээ ажиллаж буй багш, удирдах болон бусад ажилтны бүртгэл гэж хийгдэхгүй. Бид боловсролын салбарын мэдээллийн төвийн удирдлагын системээс санхүүгийн жилээр нь уг мэдээллийг татаж авна. Ингэхдээ эхний, 5, 10 дахь жилдээ ажиллаж буй багш, удирдах болон бусад ажилтны цахим хаягаар сургалтад хамрагдах урилга илгээхээр хөгжүүлэлт хийж байна. Иймээс цахим хаягаа тогтмол ашигладаг байх нь чухал юм. 

 

Төстэй мэдээ