БАГШЛАХ ЭРХТЭЙ ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЭЛ
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны А/305 дугаар тушаалаар батлагдсан “Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам” нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/812 дугаар тушаалаар хүчингүй болсон бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 01-ий өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж байгаа Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт “Багш мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн төгсөгч нь багшлах эрхтэй байна” гэж заасныг үндэслэн багшлах эрхийн талаар дараах мэдээллийг хүргүүлж байна. Үүнд:
1. “Багшийн хөгжлийг дэмжих тухай” хуулийн холбогдох заалтын дагуу мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн ерөнхий эрдмийн багш, сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа болон ажиллах хүсэлтэй байгаа багшаас багшлах эрхийн үнэмлэх шаардахгүй болсон.
2. Тус институт нь мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн ерөнхий эрдмийн багш, сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуулийн багш нарт багшлах эрхийн үнэмлэх олгох, сунгах, нөхөн олгох ажлыг зохион байгуулахгүй болсон.
3. 2019 оноос өмнө багшлах эрхийн үнэмлэх олгосон багш нарын мэдээлэл боловсролын салбарын мэдээллийн системд https://www.esis.edu.mn/ бүртгэлтэй байгаа тул ЕБС-ийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нь сургалтын байгууллагад багш сонгон шалгаруулж авахдаа боловсролын салбарын мэдээллийн системээс багшлах эрхтэй эсэх мэдээллийг харж болно.
4. Багшлах эрхтэй холбоотой дээрх мэдээллийг аймаг, нийслэлийн Боловсролын газар, Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төвийн удирдлагууд болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт хүргүүлсэн болно.
Төстэй мэдээ