Хичээл зүтгэлтэй хүүхэд

/БОЛОВСРОЛЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ХҮҮХДҮҮДТЭЙ АЖИЛЛАЖ БУЙ САЙН ТУРШЛАГА НОМНООС/

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ / ӨВӨРХАНГАЙ АЙМАГ

ТУРШЛАГЫН НЭР:

Хичээл зүтгэлтэй хүүхэд (тулгуур эрхтний бэрхшээлтэй)

БАГШИЙН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ:

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын НТБ-ын нэгжийн менежер багш С.Солонго

ХҮҮХДИЙН БЭРХШЭЭЛ БОЛОН АНГИ НИЙТЭД ҮҮСГЭДЭГ АСУУДЛУУД

Сурагч Э нь түнхний мултралтай, явж чадахгүй, тэргэнцэртэй.ЕБС-д сурч байсан боловч удаан хугацаагаар сууж хичээллэхэд хүндрэлтэй байсан тул сургууль завсардсан.Ангийнхан болон багш онцгойлон анхаарахгүй байсан нь завсардахад нь нөлөөлсөн.Бухимдал ихтэй бусад хүмүүс өөрийг нь ойлгохгүй байгаа мэт мэдрэмж төрдөг.Хөгжлийн бэрхшээлийнхээ улмаас сурагч Э өөрийгөө бусдаас дорд үзэх хандлагатай.Түүнийг өөртөө итгэх итгэлтэй болоход нь сэдэлжүүлэх, дэмжлэг хэрэгтэй байна.

ХҮҮХДИЙГ ДЭМЖИХ ЗААХ АРГА ЗҮЙН ТОХИРУУЛГА, ҮР ДҮН:

ДЭМЖИХ АРГА 1.

Багш гэрээр нь очиж, сургуульд үргэлжлүүлэн суралцуулах хэрэгтэйг зөвлөсөн.

Гэрт нь очих үед сурагч Э болон гэрийнхэн нь их баяртай хүлээн авсан.Гэр бүл рүү нь нөлөөллийн ажил хийх үүднээс ээжтэй нь тусгайлан уулзаж хүүхдээ сургуульд сургах ач холбогдлын талаар зөвлөгөө өгсөн.Ингэснээр Э-г II сургуулийн тусгай бүлэгт суралцуулахаар болсон.

ДЭМЖИХ АРГА 2.

Эцэг, эхэд нь тусгай хэрэгцээтэй хүүхдээ хэрхэн асарч халамжлах талаар сургалтыг гэрээр очих үеэр НТБ-ын нэгжийн менежер багш өөрөө зохион байгуулсан.

Эцэг эхэд нь хэрэгтэй заавар зөвлөгөө өгснөөр тэд хүүхдэдээ илүү анхаарал тавьдаг болсон.

ХҮҮХДЭД ГАРСАН ТОДОРХОЙ, ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТҮҮД:

Суралцагч Э өөртөө итгэлтэй, хүсэл тэмүүлэлтэй болж аливаа зүйлд чин сэтгэлээсээ ханддаг болсон.Анх 2011 онд 1-р ангиа төгсөөд сургууль завсардсан байсан нь 2019 онд төслийн хүрээнд хийсэн сургуулийн гадна байгаа хүүхдүүдийг илрүүлэх судалгаагаар илэрсэн байна.Суралцагч Э НТБ-ын нэгжийн дүйцсэн хөтөлбөр болон гэрээр боловсрол нөхөн олгох хөтөлбөрт хамрагдан 2-р ангийн боловсролыг эзэмшсэн бөгөөд 2019-2020 оны хичээлийн жилд 2-р сургуулийн тусгай бүлэгт орж суралцан 3-р ангид амжилттай суралцаж байна.Хүүгийн ааш зан нь засарч ангийн хүүхдүүдтэйгээ эерэг харилцаатай, нийтэч болсон ба ангийн багш болон ангийн найзууд нь түүнд анхаарал сайн тавьж, туслан дэмждэг байна.Тусгай бүлгийн багш тухайн суралцагчид тохирсон арга зүйгээр, ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө (ГСТ) болон сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулан ажиллаж байна.Ангийн багш болон үе тэнгийн найзуудын дэмжлэг, сурах таатай орчин зэрэг нь хүүг сурах хүсэл эрмэлзэлтэй болоход нь нөлөөлж байна.

Сурагч Э-ийн сэтгэгдэл:

“II сургуулийн тусгай бүлэгт суралцаж байгаад сургууль завсардсан. Сургуульд сурах гоё байсан. Би шал дэмий сургуулиас гарсан байна лээ. Энгийн ангид ороод удаан хугацаагаар суугаад надад хүндрэлтэй байсан болохоор сургуулиас гарсан. Дахиад сургуульд сурмаар л байсан. Багш нар ирж хичээл зааж урмын үг хэлж, надтай ярилцаж, намайг ойлгосонд би маш их баярласан. Сурмаар санагдаж байсан. Би хүнтэй зөв харилцдаг болсон. Магадгүй ууртай байсан бол гайгүй болсон, бичих дургүй байсан бол одоо хичээж бичиж байгаа. Би монгол хэлнээс илүү англи хэл сурмаар санагддаг. Англи хэл илүү сонирхолтой”.

Түүний ээжийн сэтгэгдэл:

“Манайх унаа байхгүй хүүхдээ сургуульд зөөж чадахгүй учир сургуулиас гаргасан. Энэ үед ирж хичээл зааж өгсөн багшид маш их баярласан. Хүн ингэж анхаарал тавьж байхад хүүхдээ боловсролтой болгох ёстой байсан юм байна гэсэн сэдэл төрж байлаа. Миний хүүд их эерэг өөрчлөлт гарсан. Сургуульдаа дуртай, зөндөө найз нартай болсон. Хүү маань сурах эрмэлзэлтэй болж уншихдаа ч сайн болж байгаа” гэжээ.

Төстэй мэдээ