Сэтгэлтэй хүү

БОЛОВСРОЛЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ХҮҮХДҮҮДТЭЙ АЖИЛЛАЖ БУЙ САЙН ТУРШЛАГА НОМНООС

II СУРГУУЛЬ / ӨВӨРХАНГАЙ АЙМАГ

ТУРШЛАГЫН НЭР:

Сэтгэлтэй хүү (Оюуны бэрхшээлтэй)

БАГШИЙН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ:

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын ЕБ-ын II сургуулийн тусгай бүлгийн багш Н.Цэвэлбадам

ХҮҮХДИЙН БЭРХШЭЭЛ БОЛОН АНГИ НИЙТЭД ҮҮСГЭДЭГ АСУУДЛУУД:

Сурагч Д нь бусдыг дуурайх чадвар сул, шүд хоорондоо нийлэхгүй, хэлний хөвч богино учир хэл ярианд маш ихээр нөлөөлдөг.Авиа үсэг буруу хэлж, үсэг байнга сольж хэлдэг.Өөрөө бие даан ярих чадвар сул, багшийн тусламжтай ярьдаг.Зураг хараад өөрийн үгээр онож хэлэх чадвар дутмаг.Багшийн өөдөөс эгц харахгүй, бусад хүмүүстэй яриа өрнүүлэх дургүй, ганцаардмал, гутранги, ноомой, сэтгэхүйн чадварууд илт дутуу.Хэл яриа нь дультраа учир бусдаас ичдэг.Ой тогтоолт сул бөгөөд эргэн тойрон эд зүйл харах сонирхолтой.

ХҮҮХДИЙГ ДЭМЖИХ ЗААХ АРГА ЗҮЙН ТОХИРУУЛГА, ҮР ДҮН:

Авиа үсгийн ялгаан дээр тулгуурлан ажиллаж, үгийн баялаг нэмэгдүүлэх шаардлагатай.

ДЭМЖИХ АРГА 1.


Монгол хэлэнд С-Ш, З-Ж, Ц-Ч, Д-Т сийгсэн-шуугьсан авиаг
сольж хэлдэг. Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдийн
хувьд сийгсэн авиаг буруу дуудах, өөр авиагаар сольж
дуудах, огт дуудахгүй орхих ерөнхий алдаанууд нийтлэг
байдаг. Иймээс хэл заслын хичээлээр тухайн авиаг тавьж, зөв
хэрэглэх, засан сайжруулах үйл ажиллагааг шинжлэх ухааны
үндэстэйгээр зохион байгуулах нь чухал юм.
Багш сурагч Д болон эцэг, эхэд авиаг зөв хэлэх, ярих, унших
дүрмийн тухай тайлбарлан таниулж өгснөөр сурагч Д болон
ээж нь маш идэвхтэй, өөрөө хичээх ёстойгоо ухамсарлаж,
багшийн асуултад зохих ёсоор хариу үйлдэл үзүүлдэг болсон.

 

ДЭМЖИХ АРГА 2.

Багш хичээлийн бусад цагаар сурагч Д-тэй ганцаарчлан ажиллаж, өдөр бүр 20 минутын дасгал хийж ажиллав.

Авиаг зөв амжилттай тавих эх үндэс нь амьсгалын болон өгүүлэх эрхтний дасгалыг зөв сонгон хийх явдал юм.Авиаг тавих үед дараах дасгал хийнэ.Дасгал хийлгэх бүр толь ашиглан хийлгэнэ.Дасгалыг хэт удаан хийлгэж болохгүй.Өгүүлэх эрхтний дасгалыг тоглоомын арга ашиглан хийлгэх үр дүнтэй байдаг.

Уруулын дасгал

- Уруулаар инээмсэглэх

- Уруулаа цорвойлгох

- Бүрээ хэлбэртэй болгох

- Уруулаа долоох, уруулаа дээш, доош, болгох

Хэлний дасгал

- Хэлээ өргөн болгох

- Хэлний үзүүрийг дээд, доод, шүдэнд хүргэх

- Хэлээр шүдний гадна, дотор талыг цэвэрлэх

- Хэлний үзүүр рүү үлээх, лаа үлээх, хөвөн үлээх,

- Хэлээ гулсуур хэлбэртэй болгох.

Амьсгалын дасгал

- Амьсгалаа богино ба уртаар авах, гаргах

Ингэснээр Д-гийн уруулын хөвч жигдэрч, дээд доод шүд хоорондоо нийлж, өөрөө толинд харж дасгалаа бүрэн хийж сурсан.

ДЭМЖИХ АРГА 3.

Өгүүлэхийн эрхтний дасгалыг зурган хэлбэрээр өгснөөр тухайн сурагчид их сонирхолтой байсан.

Хэл заслын хичээлийн үндсэн хэсэг нь авиа тавих үе шат юм.Авиаг тавихдаа дараах 3 аргаас сонгон ашиглана.

Даган дуурайх арга \зөв дуудлагыг даган дуурайж хэлэх\

Механик арга \зонд, савх зэрэг багаж хэрэглэх\

Хосолсон арга \дээрх 2 аргыг хослуулан хэрэглэх\

Дараагийн алхам нь авианы зүгшрүүлэлт болно.Авианы зөв дуудлагыг тавьсны дараа уг авиаг зүгшрүүлэхдээ эхлээд задгай, битүү үед урт, богиноор дуудуулна.Мөн дуу, шүлгийн богино үг хэллэг хэлүүлнэ.Үүний дараагийн үе шат болох авианы ялгаварчлал- ыг ойролцоо дуудлагатай авианаас эхэлж хийнэ.Жишээ нь, “С” авиаг “Ш” авиатай сольж дуудах нь элбэг байдаг тул олон дахин давтах, тоглоом тоглуулах замаар хийлгэх нь илүү үр дүнтэй байна /сал-шал, хас-хаш, хус-хуш гэх мэт үгсийг хэлүүлэх, үгийн утгыг тайлбарлах замаар ойлгуулах нь зүйтэй/.Үр дүнд нь өгөгдсөн зураг хараад чөлөөтэй ярьдаг болсон.Үсэг хоорондын дуудлага болон бичвэрийн ялгааг ялгаж сурч байна.

ДЭМЖИХ АРГА 4.

Зураг нэрлүүлэх, шүлэг цээжлүүлэх нь илүү үр дүнтэй байдаг.

Шаахай

Чогсом, Шарав хоёрт шаахай бий.

Шаахайг гэр ба ангидаа үргэлж хэрэглэж сур.

Шал угаах тийм амар ажил биш.

Шаахайг үргэлж хэрэглэвэл

Шал үргэлж цэвэр байна.

Цэвэр шал сайхан харагдана.

Цэвэр байранд суух сайхан шүү.

ХҮҮХДЭД ГАРСАН ТОДОРХОЙ, ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТҮҮД:

Сурагч Д нь зураг хараад чөлөөтэй ярьдаг болсон.Авиа үсэг зөв дуудаж, 3-4 үсэгтэй үг, 2-3 үетэй үг унших, зураг хараад өгүүлбэр зохиох, цөөн мөртэй шүлэг уншаад цээжлэх зэрэг чадвартай болсон.Багшийн өгсөн үүрэг даалгавар маш сайн гүйцэтгэдэг.Бусад хүүхдүүдэд туслах их сонирхолтой.Бичгийн соёл сайжирч, үгийн баялаг эрс нэмэгдсэн.Ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө (ГСТ)- ний дагуу хичээллэснээр цаашид амжилттай сурах суурь болж байна.Маш цэвэрч, нямбай хүү юм.

Ээж О-ын сэтгэгдэл:

Оюуны ундраа” хувийн сургуульд 3 жил суралцаад уншиж бичиж сураагүй, багш нь ийм бэрхшээлтэй сурагчтай ажиллах арга зүй дутмаг учраас тус сургуулийн “Тусгай хэрэгцээт боловсрол олгох” ангид шилжүүлсэн. Энэ ангид ороод маш өөр хүүхэд болсон. Хүнтэй харилцах харилцаа нь сайжирсан. Мөн өнгө ялгаж, тоо бодож, зураг зурж, дүрс мэдэж, уншдаг болсон. Гэр бүлийн зүгээс II сургуулийн хамт олондоо маш их баярлаж байна”.


Сэтгэгдэл
Төстэй мэдээ