Нийгэмшсэн хүүхэд

БОЛОВСРОЛЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ХҮҮХДҮҮДТЭЙ АЖИЛЛАЖ БУЙ САЙН ТУРШЛАГА НОМНООС

НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ТӨВ / ӨВӨРХАНГАЙ АЙМАГ

ТУРШЛАГЫН НЭР:

Нийгэмшсэн хүүхэд (оюуны бэрхшээлтэй)

БАГШИЙН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ:

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын НТБ-ын нэгжийн менежер-багш С.Солонго

ХҮҮХДИЙН БЭРХШЭЭЛ БОЛОН АНГИ НИЙТЭД ҮҮСГЭДЭГ АСУУДЛУУД:

Сурагч Н нь ой санамжийн өөрчлөлт, менингитийн үлдэцтэй.Хөгжлийн бэрхшээлтэйн улмаас сургуульд огт сураагүй.Дуртай зүйлээ хурдан цээжилдэг ч амархан мартана.Ангид хашхирч орилдог.Олон хүнтэй газар удаан хугацаагаар байж үзээгүй учир хичээл үймүүлдэг, янз бүрийн зан авир гаргаж хүүхдүүдийн анхаарлыг татдаг.Тухайн агшинд болж байгаа зүйлд ямар хариу үйлдэл үзүүлбэл зохилтойг мэддэггүй.Нэг л мэдэхэд ааш зан өөрчлөгдсөн байж байдаг.Ярьж байхад нь өөрийг нь сонсохгүй байвал их уурладаг.Өгсөн үүрэг даалгаврыг хийхгүй залхаж зүгээр сууж, өөр зүйлд их сатаардаг.

ХҮҮХДИЙГ ДЭМЖИХ ЗААХ АРГА ЗҮЙН ТОХИРУУЛГА, ҮР ДҮН:

ДЭМЖИХ АРГА 1.

Ангийн дүрэм гаргана

“Ангид яаж суух, бусадтай хэрхэн харилцах вэ?” гэсэн дүрэм гаргаад дүрмээ дагахгүй байгаа үед уншиж өгөөд ойлгосон эсэхийг нь шалгана.Дүрмийг уншиж өгөхөд сурагч Н яах ёстойгоо илүү сайн ойлгож, өөдөөс инээмсэглэдэг болсон.

ДЭМЖИХ АРГА 2.

Багш сурагч Н-д тохиромжтой суудал сонгоно

Сурагч Н-г голын салааны урд суулгаад анхаарал тавьж байгаагаа мэдрүүлнэ.Сурагч Н-д өөрийг нь сонсохгүй байгаа мэдрэмж төрүүлэхгүйн тулд хэзээ ярьж болохыг нь хэлж өгнө.Багш хичээлийн дундуур сурагч Н-тэй бусдад саад бололгүй харилцаж, ингэснээрээ анги нийтээр нь анхаарлыг нь сарниулах хэрэггүй болсон.

ДЭМЖИХ АРГА 3.

Хичээлийн явц, үйл ажиллагааны дэс дарааг тодорхой болгосон.

Ингэснээр сурагчид хэзээ ярьж, хэзээ томоотой сууж, бусдад саад болохгүй өөрийнхөө хичээлийг хийх ёстойг ойлгож авна.

Багш өөрт нь анхаарал хандуулж байгаагаа мэдрүүлж, ангийн бүх хүүхэд бие биедээ анхаарал тавьж хүндэтгэдэг талаар ярьж өгснөөр ангийнхаа бусад сурагчдыг анхааралтай сонсох, ойлголцох нөхцөл бүрдсэн.

Хүүхдэд гарсан тодорхой, эерэг өөрчлөлтүүд: Өгсөн даалгаврыг хичээнгүйлэн хийдэг болсон.Ангид хашхирч элдэв дуу чимээ гаргахаа больсон.Гэрээс нь зөөх хүнтэй бол хичээлдээ ирэх сонирхолтой болсон.

Сурагч Н-ийн ээжийн сэтгэгдэл:

Манай охин заримдаа жигтэйхэн ууртай болчихдог. Юу ч заагаад сурдаггүй, би бүүр аргаа бараад байсан. Одоо миний охин инээмсэглээд л, ааш зан нь засраад байгаа. Заримдаа амралтын өдөр ч хичээлдээ явна гээд зүтгээд байдаг болсон. Үсэг, тоогоо хөөрхөн цэвэрхэн бичдэг болсон байна лээ. Хичээлдээ явж ирээд даалгавар хийнэ гээд суудаг болсон. Охины минь төлөө санаа тавьж, сэтгэл гарган ажилладаг та бүхэндээ баярлалаа.

Төстэй мэдээ