Өөр өөрийн өнгөөр

III СУРГУУЛЬ / ХОВД АЙМАГ

ТУРШЛАГЫН НЭР: “Өөр өөрийн өнгөөр” (Сонсголын бэрхшээлтэй)

БАГШИЙН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ: Ховд аймгийн Жаргалант сумын ЕБ-ын гуравдугаар сургуулийн бага ангийн багш Г.Ариунаа

ХҮҮХДИЙН БЭРХШЭЭЛ БОЛОН АНГИ НИЙТЭД ҮҮСГЭДЭГ АСУУДЛУУД:

Сурагч Б анх сургуульд орохдоо маш их айдастай, гар нь маш их чангаралттай барьж үзэхэд их хүйтэн байдаг, бичиж чадахгүй, зураг будахдаа удаан, хүрээнээс гаргаж буддаг, суудлаасаа босохгүй, үг хэлэхгүй, мөн хүүхдүүдтэй тоглож нааддаггүй байсан. Б ярьж чадахгүй, сонсож байгаа боловч багшийн хэлсэн зүйлийг ойлгохгүй. Авиа гаргаж үг хэлүүлэхээр хүнд ойлгогдохгүй, цаана бүдэг зүйл дүрсэлж хэлэхийг оролддог. Эцэг эхтэй нь уулзаж ярилцахад чихний хэд хэдэн удаагийн хагалгаанд орсон, юм сонсдог гэж байса. Өөрийгөө илэрхийлж бусадтай харилцаж чадахгүй, сонсголын болон хавсарсан бэрхшээлтэй.

ХҮҮХДИЙГ ДЭМЖИХ ЗААХ АРГА ЗҮЙН ТОХИРУУЛГА, ҮР ДҮН:

ГСТ-гөөр ажиллах. Энэхүү төлөвлөгөөг хийснээр сурагчийн онцлогт тохируулан хэрхэн ажиллаж болох хөгжлийн түвшнийг тодорхойлох урт болон богино хугацааны зорилго тавьж ажилласнаар дараах 4 чадварыг сургахад чиглэн ажлаа төлөвлөн ажиллаж байна. Үүнд: - Өөртөө үйлчлэх энгийн чадвар - Хэл яриа танин мэдэхүй, тоо тоолол - Харилцаа нийгэмшихүй - Бие бялдар хөдөлгөөн

ДЭМЖИХ АРГА 1. Өөртөө үйлчлэх энгийн аргад суралцахад дэмжлэг үзүүлэх.

Булчин суллах дасгал хийх, бэлэн зураг будуулах, гутал үдэх, цахилгаан татах, товч товчлох, тайлах, зөөлөн тоглоом атгах, шигтгэдэг тоглоомыг дэмжлэгтэйгээр шигтгэх, угсардаг тоглоомыг дэмжлэгтэйгээр эвлүүлэх, заасан тоглоом авч ирэх, өрөх зэрэг үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа бөгөөд сургуулийн орчинд дасгахад анхааран ажиллаж ирлээ. Ингэж ажилласнаар гарын булчин сулрах, цүнхээ эмх цэгцтэй авч явах, анги хамт олноосоо суралцаж эхэлсэн зэргээр сурагч Б-д гарсан өөрчлөлт илт мэдрэгдэж байсан.

ДЭМЖИХ АРГА 2. Хэл яриа, тоо тоолол

Дэвтэр дээр үсгийг бичмэлээр бичиж өгөх, дармалыг хажууд нь наах, тоглоом, дүрс, тоог хуруугаараа зааж тоолуулах, бодит зүйл дээр дагаж хэлүүлэх зэргийг тогтмол давтуулсан. Ингэснээр 1-р ангидаа ГСТ хийсний үр дүнд сурагч маань 35 үсгээ мэддэг, бичмэлээс бичмэл рүү хуулж бичиж сурсан, 1-100 хүртэл тоог бичиж чаддаг, багшийн хэлсэн тоог 1-10 дотор бичиж чаддаг болсон. 2-р ангид дэвшин орсноор асуусан үсгийг нэрлэж дармалаас бичмэл рүү хуулж бичих, наадаг дармал үсгээр тоглонгоо тогтоох, зөв холбох бичилт дээр анхааран бичүүлэхэд дэмжих, тоог тооны машин дээр бодох аргыг заасан.

3-р ангидаа нэг үетэй үгийг уншиж чаддаг, нэрээ бичиж өөрийгөө танилцуулах зэрэг үйлийг хийж хэвшиж байна. Тооны их бага хэмжээг бодит үйл дээр тулгуурлан тоглох замаар ойлгуулах, мөнгөн дэвсгэрт таниулсан ба зааж байгаа хичээлээ интеграцчилан нэгдмэл байдлаар таниулахад анхааран, хэрэглэгдэхүүнээ сонгож үр дүнтэй ажиллаж байна.

ДЭМЖИХ АРГА 3. Харилцаа нийгэмшихүй

Тоглоом тоглох, тараан өгч ажиллуулах материал (ТӨАМ)-ыг бусдад тараалгах, хичээлээс гадуурх үйл ажиллагаанд заавал оролцуулах, ангийн сурагчидтай жижүүр хийлгэх, хосоор ажиллуулж тоглуулах гэх мэтээр дэмжин ажиллаж байна. Ингэснээр сурагч Б нь ангийн хүүхдүүдийн нэрийг хэлэхээр очиж заах, асуулт асуухаар нэг үгээр хариулах гэж оролдох, бүжиг, гимнастик хийх, зураг зурах сонирхол ихтэй болсон. Энэ жилээс дэвтэртээ хийсэн дасгал, даалгавраа хурдан хийгээд багшдаа үзүүлдэг болсон. Ангийн сурагчид түүнтэй тоглох, сурсан зүйлийг нь хараад “чаддаг болсон байна, багшаа” гэсэн бахархах сэтгэлээр ханддаг болсон.

ДЭМЖИХ АРГА 4. Зааж байгаа хичээлтэйгээ холбож ялгаатай байдлын даалгавар хийж өгөх.

Зааж байгаа хичээлтэй уялдуулж тухайн цаг дээр юу хийлгэж болох талаар боловсруулах нь чухал байсан Жишээ нь, ялгах ангилах гэсэн математикийн хичээл орвол жимс, хүнсний ногоог ялгуулах, монгол хэлний хичээлтэй холбож тухайн зургийн нэрийг бичиж нэрлүүлэх, хүн ба орчин хичээлтэй холбож ангилуулж бяцхан ном хийх, зургийг хараад зурах, ногооны талбай орж үзүүлэх зэргээр дэмжин ажиллаж байна. Нэг зүйлийг маш олон хичээлтэй холбож бусад зүйлсийн холбоо хамаарлыг ойлгуулах зорилгоор хичээл хоорондын уялдаа холбоог гаргахад анхаарч ирлээ.

ДЭМЖИХ АРГА 5. Сурагчийн чадах зүйлд тулгуурлан хөгжүүлэх

Багш, эцэг эх хамтарч ажиллах ба ГСТ хийхдээ эцэг эхийг хамт байлгаж тухайн хүүхдийн юу хийж чаддаг, юунд сонирхолтой, юу хийж сургахыг хүсэж байгааг ярилцан төлөвлөгөөндөө тусгаж, цаашид багш, эцэг эх хэн хэн нь төлөвлөснөө хэрэгжүүлэхэд анхааран, багш сурагчтай хэрхэн ажиллаж байгаагаа тухайн эцэг эхэд тайлагнаж танилцуулах гэсэн хамтын үйл ажиллагааг хэрэгжүүлж ирлээ. Үүний үр дүнд тухайн хүүхдийг хөгжүүлж, хэн хэн нь юу хийхээ мэддэг болсон (эцэг эх гэртээ юу хийлгэх, багш ангидаа болон ганцаарчилж хэрхэн ажиллах арга зүй нь ил тод байхад хүүхэд юу хийхээ тодорхой мэдэж төөрөлдөхгүй гэсэн үг).

Зураг зурах сонирхолтой бөгөөд түүнд нь тулгуурлаж үгийн баялаг нэмэгдүүлэхийг зорьж байгаа бөгөөд хичээлдээ ирэх дур сонирхлыг идэвхжүүлж, нийгэмших талыг хөгжүүлэхэд анхаарснаар энэ хичээлийн жилд нэг ч удаа хичээл таслаагүйгээр барахгүй багшийн өгсөн зүйлийг заавал хийдэг хэвшилтэй болж байгаа ба энэ онцлогт нь тулгуурлаж өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлэхэд анхаарч ажиллаж байна.

Хөгжлийн онцлогтой сурагчид тохирсон ялгаатай байдлын даалгавар өгч, математик – өгөгдөлтэй ажиллах, монгол хэл – зурагт тохирсон үгийг олж наах тогтоох, хоорондын хамаарлыг ойлгуулах, хүн ба орчин – хүнсний ногоо, жимс, эрүүл аюулгүй хоол хүнс зэрэг нэг зүйлээр олон хичээлийн агуулга өгөхөөр ажиллаж байна.

ДЭМЖИХ АРГА 6. Галерей аялал

Ангийн бүх хүүхдүүд хэд хэдэн бяцхан ном хийсэн ба сурагч Б нь мөн бяцхан номууд хийж, галерей үзэх аяллаар өөрийн номоо үзүүлж ангийн хүүхдүүд түүний юу хийснийг нь түүний өмнөөс хуудас бүрээр нь ээлжлэн тайлбарлан ярьж гоё зурсан байна, зөв хийсэн байна, баяр хүргэе гэх мэтээр урамшуулахад баярласнаа нүүр царай, үйл хөдлөлөөрөө илэрхийлдэг

ХҮҮХДЭД ГАРСАН ТОДОРХОЙ, ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТҮҮД:

Багш нэг улирлын хичээл хоорондын интеграци хийснээр сурагч эхлээд математикийн хичээл дээр жимс, хүнсний ногоог ялгаж чадахгүй байсан бол олон давталтын үр дүнд ялгаж чаддаг болсон. Хүн ба орчин хичээл дээр тухайн ногоог ангилж, зурж бяцхан номоо хийж чадсан. Зурагт тохирох үгийг олж тавьж чаддаг болсноор үгийн баялаг нэмэгдэж өөрийгөө илэрхийлж сурахад ахиц гарч байгаа.

Тоо тоолол 1-100 хүртэлх тоогоо мэддэг болсон. Их бага хэмжээг ойлгох, тоглонгоо хөгжих нөхцөлийг бий болгох, амьдрах чадварт сургахад анхаарч ажиллаж байна. Мөн тооны машин дээр тоогоо бодох аргад суралцаж байгаа.

Тухайн зургийг хараад нэрлүүлэх, уншуулах, бичүүлж тогтоолгох үйл ажиллагааг хийсний дараа бичсэн үгийг дарж, зургийг харуулж үгийг харгалзах зураг нь дээр тавих, түүний дараа зургийг харуулж үгийг бичүүлэх гэх зэрэг дадлага хийлгэдэг Ингэснээр тухайн сурагч аливаа зүйлийн утга хамаарал унших, бичих, бодох, нийгэмших гэх зэрэг бүх зүйлд ахиц гарч суралцаж чадаж байна.

Хүүхэд хөгжлийн танхимд сурлагын хоцрогдолтой хүүхдийн хэл яриа хөгжүүлэх, тоглонгоо суралцах нөхцөлийг бүрдүүлэн хүүхэд хүүхдээсээ суралцах аргыг дэмжин хөтөлбөр тохиргоо хийн, тодорхой ахиц гарган ажиллаж байна.

Ангийн сурагчидтай хамт суралцах нөхцөлийг бүрдүүлснээр бусдаас суралцах, тусалж дэмжих, ширээнээсээ босдоггүй байсан бол босож тоглох зэрэг өөрчлөлт гарч цаашид биеэ авч явах энгийн чадварыг эзэмшин суралцаж байна.

Цаашид анхаарах зүйл нь өөрийгөө илэрхийлж чаддаг болоход нь туслах. Үүний тулд дохионы хэл заахад анхаарч ганцаарчлан ажиллах, үгийн баялаг нэмэгдүүлэх нь чухал гэж үзээд гэр бүлийн гишүүдтэй зөвшилцсөний дагуу дохионы хэл сургахаар тодорхой зорилт тавьж, төлөвлөн ажиллаж сурагч Б нь өөрийн өнгөөр өөрийгөө дохионы хэл сургахаар тодорхой зорилт тавьж, төлөвлөн ажиллаж сурчээ.

Төстэй мэдээ