Бага багаар амжилт өөд

ТУРШЛАГЫН НЭР: Бага багаар амжилт өөд (суралцахуйн бэрхшээл – анхаарлын дутмагшил)

БАГШИЙН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ: Ховд аймгийн Жаргалант сумын ЕБ-ын гуравдугаар сургуулийн бага ангийн багш Д.Баяртүвшин

ХҮҮХДИЙН БЭРХШЭЭЛ БОЛОН АНГИ НИЙТЭД ҮҮСГЭДЭГ АСУУДЛУУД:

Сурагч А нь эмээ өвөөтэйгөө амьдардаг. Ар гэрийн орчин нөхцөл тааруу, анхаарал халамж сул, хичээлд нь анхаардаггүй. А нь 4-р ангид шилжин ирсэн ба хичээлдээ анхааралгүй ханддаг, зөвшөөрөлгүй босч их явдаг, аливаа зүйлийн учир шалтгаан, холбоо хамаарлыг олж чаддаггүй, хүүхдээс хуулах дуртай. Үсэг холболт буруу, бичгийн хэв маш муу, эмх цэгцгүй бичдэг, үсэг холболтыг заах гэж багш есдүгээр сараас хойш уйгагүй ажилласан, минутад унших үгийн тоо цөөхөн, маш их алдаатай, өөрийнхөө үгээр бичдэг, дөрвөн аргын тоогоо бодож чаддаггүй.

ХҮҮХДИЙГ ДЭМЖИХ ЗААХ АРГА ЗҮЙН ТОХИРУУЛГА, ҮР ДҮН:

ДЭМЖИХ АРГА 1.
Итгэл өгч урамшуулах

Тухайн хүүхдэд чадах зүйлийг нь өгч итгэж урамшуулах, ялгаатай даалгавраар ганцаарчлан ажиллах, эхний эгнээнд суулгах, өдөр бүр хичээл тус бүр дээр асууж хариулт авч дэмжих, бичгийн хэвийг нь сайжруулах дасгал хийж магтах, цагаан самбарын аргаар мэдлэг эзэмшилт тандах, богино үлгэр өгүүллэг уншуулж хосоор хуруун хүүхэлдэй тоглуулах, мини театр багаар ажиллуулах зэргээр ажиллав. Ингэснээр бичгийн хэв сайжирч, 1 минутад унших үгийн тоо 30-34 байсан бол 42-45 үг уншдаг, 30 үг бичүүлэхэд 5 үг зөв бичдэг байсан бол 10-12 үг зөв бичдэг болсон. Энгийн дүрмээ нүдэлж залгаврыг залгах, гийгүүлэгч үсгийн ангиллыг цээжилж, бичсэн дүрмийн үгээ багшийн тусламжтайгаар тайлбарладаг болж байна. Санаа бодлоо өөрийн үгээр ярьж, багшийн асуултад хариулж чаддаг болсон. Суралцах идэвх сайжирч байна.

ДЭМЖИХ АРГА 2.
Гэрийн дүрэм

Тухайн сурагчийн хийх дуртай зүйлүүдийг нь бусад сурагчдын өмнө, мөн өөрт нь ганцаарчлан урамшуулж, түүнчлэн хийх ёстой зүйлийн жагсаалт гаргаж гэрийн дүрэм гаргасан. Багшийн дэмжлэгтэйгээр тооны үйлдлүүдийг бага багаар хийж сурч байгаа, нэг зүйлийг олон дахин давтан хийлгүүлж цээжлүүлж тогтоолгосноор тооны хичээлд дуртай болсон. Багшийн гэртэй ойрхон учраас зав л гарахаар багшдаа ирж мэдэхгүй, чадахгүй юмаа асуудаг, хамтран хийдэг, хичээл хийх сонирхолтой болсон. Зуу мянга дотор олон оронтой тоог уншиж чаддаг болсон. Гэрийн дүрмийн дагуу гэр бүлийнхний анхаарал ч сайжран урамшин ахицтай суралцаж байна.

ДЭМЖИХ АРГА 3.

Хувийн зохион байгуулалт

Багш өөрөө байнга үлгэрлэн захиж хэлсний дагуу гар болон амны хөндийн ариун цэвэртээ анхаарч өмнөх үеэ бодоход ахиц өөрчлөлт гарсан. Багш бохир гараар дамжин ямар өвчин тусдагийг зургаар болон видеогоор үзүүлж, ярьж өгсний үндсэн дээр өөртөө дүгнэлт хийдэг болсон. Аливаа зүйлд хандах хандлагаа өөрчилж, хичээл дээр босох нь багассан. Байгалийн ухааны туршилттай хичээлд идэвхтэй оролцдог болсон. Тест ажиллахдаа эргэцүүлэн боддог, эргэлзэж буй зүйл дээрээ багшийн тусламж авдаг болсон.

ДЭМЖИХ АРГА 4.
Оргил өөд

Сурагч А нь барилдах сонирхолтой тул сонирхлын дагуу бөхийн секцэд хамруулсан. Ангидаа бөхөөр 2-3-р байр эзэлж байсан. Энэ сонирхлыг нь дэмжин биеийн тамирын багштай хамтарч ажиллахаас гадна спортын амжилт гарган улсынхаа нэрийг дуурсган яваа тамирчдын амжилт бүтээлээс сонгон судлуулж бахархах үзэл төлөвшүүлж, өөртөө зорилго тавьдаг түүндээ хүрэхийн тулд цаг дэмий өнгөрөөдөггүй өөрийн амжилтдаа өөрөө болон гэрийнхэн нь ч урамшин дэмжиж байна. Өөрөө том болоод “Алдартай бөх” болно гэж ярьдаг.

ХҮҮХДЭД ГАРСАН ТОДОРХОЙ, ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТҮҮД:

Сурагч А нь 1-р түвшнээс ахиж 3 түвшинд суралцаж байна. Цаашид 4-р түвшин рүү ахиулах зорилт тавин ажиллаж байна. Өөрөө суръя, мэдье гэж хичээдэг болж байгаа нь суралцахад гол түлхэц болж байна. Багш хамгийн гол нь хүүхдийн алдаан дээр нь бус зөв хийсэн үйлдэл бүр дээр нь үнэлэлт өгч урамшуулан сайшааснаар тухайн хүүхдэд эерэг өөрчлөлт гарсан. Ялангуяа тооны хичээлд эрс өөрчлөлт гарч 4 үйлдлийн тоогоо бодохдоо бага алддаг болсон, бичгийн хэвд ахиц амжилт гарсан. Мөн уншаад ойлгох чадварт ахиц гарсан. Багшаас хамгийн гол нь уйгагүй ажиллагаа шаардаж байгаа бөгөөд хүүхэд бага багаар ахиц амжилт гарган, хүүхдийн нүдэнд итгэл үнэмшил төрж, багш сурагчийн харилцаанд өөрчлөлт орж, багш ч гэсэн ажиллах урам зориг нэмэгдэн, илүү хайрлан, хамгаалах сэтгэл төрдөг. Энэ хүүхдийг илүү улам сайн сургана гэдэгтээ би итгэлтэй байна. Хамгийн гол нь багш хүүхдэд зөвхөн мэдлэг дамжуулах бус амьдралтай холбон хэрэглүүлэх, систем дэс дараатай, хялбар аргаар, сурагчийн ой тоонд ортол уйгагүй харуулж үзүүлж хоногшуулах, өөрөөс нь буцаагаад хэрэглээ болгох хариулт авах, харилцан ярилцах нь чухал гэдгийг суралцахуйн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллахдаа мэдэрч авлаа.


Сэтгэгдэл
Зочин
1 сарын өмнө
66.181.161.92
Манай багшийн дугаар 99269427
Horloo
1 сарын өмнө
202.126.90.68
Ямар сайхан мэдээ уншчихваа. Энэ багштай холбогдох утасны дугаар байна уу? Өнөө цагт өрөөлийн хүүхдийн төлөө ингэж зүтгэдэг багш ховор шүү. Энэ багшийн холбогдох утасны дугаар байвал өгөөч хүмүүсээ. Жинхэнэ багш шавь нараа ялгаварладаггүй гэдгийг яруу тодоор харуулжээ.
Uyanga
1 сарын өмнө
202.126.90.68
Shan setgeltei bur ninjin setgeltei bagshdaa eruul enhiig husie. Tanii setgel yamar aguu we ? Bagsh shawi 2t ulam ih amjiltiig husch hunii deed, amjiltiin deed, erdmiin orgild hureerei gej yeruuye. Mongold min iim bagsh olon turuh boltugai. Bagsh hun sudlaach bdag gedgiig ulgerlej yawaa bagshdaa ulam ih amjilt, az jargaliig chin setgeleesee yeruuj husch bnaa. Neg ch gesen Mongol huuhdiig zuw zam ruu hutulj erdmiin amtiig zugiin bal met amttai shu gedgiig medruulsen tand talarhahad ch bagadaj bnaa.
Төстэй мэдээ