Бид хамттай хөгжих эрхтэй

III СУРГУУЛЬ / ХОВД АЙМАГ
ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ХҮҮХДҮҮДИЙГ БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНД ТЭГШ ХАМРУУЛЖ БУЙ САЙН ТУРШЛАГА

ТУРШЛАГЫН НЭР: Бид хамттай хөгжих эрхтэй (аутизм)

БАГШИЙН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ: Ховд аймгийн Жаргалант сумын ЕБ-ын гуравдугаар сургуулийн бага ангийн багш М.Туул

ХҮҮХДИЙН БЭРХШЭЭЛ БОЛОН АНГИ НИЙТЭД ҮҮСГЭДЭГ АСУУДЛУУД:

Сурагч А нь ангидаа маш их хөдөлгөөнтэй, дуулгаваргүй, хүнээс айж эмээдэггүй, хичээлийн үеэр нохой болох зэргээр заримдаа эвгүй дуу чимээ гаргадаг. Хүүхдүүдийн анхаарал татахаар нэг хөдөлгөөнөө ихээр давтдаг. Багш ажиглалт хийсний үндсэн дээр ар гэрт нь хэлж Улаанбаатар хотод Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд онош тодруулан аутизмын хүрээний эмгэг болохыг тогтоосон. 
ХҮҮХДИЙГ ДЭМЖИХ ЗААХ АРГА ЗҮЙН ТОХИРУУЛГА, ҮР ДҮН:

ДЭМЖИХ АРГА 1. Судалгаа хийх

Танай ангид аутизмын эмгэгтэй суралцагч элсэн орвол та түүний гэр бүлтэй маш сайн танилцаж хүүхдээ сайн судлаарай. Юунд дуртай, юунд дургүй болохыг тун сайн асууж ярилцдаг. Эхний үед өөр орчинд орж ирж байгаа тул хичээлд нь гэр бүлийнхэнтэй нь хамт суулгадаг. Бусдын анхаарал татахгүй байхын тулд бүр урд биш, ард биш дунд хэсэгт суулгахаар суудлыг тохируулсан. Анхнаас нь түүнд туслах найзыг зөв сонгоход анхаарч ажилладаг. Энэ тал дээр сурагч хэзээ ч надад саналаа хэлж найзаа сонгохгүй гэдгийг бодолцож байнга хамт сууна гэдгийг бодолцоно. Тэд суудал, найзаа солиход тун дургүй байдаг. Энэ нь түүнд маш хүндээр тусдаг. Бүр янз бүрийн дуу авиа гаргах зэргээр тогтворгүй байдалтай болдог.
Тэд нэг үг үйлдлээ байнга давтаж байдаг. Энэ зуршлыг нь ангийнхандаа хэлж зөвөөр ойлгуулдаг. Хүүхдүүд эхэндээ гайхдаг боловч сүүлдээ түүнд бүгд туслахыг хичээж эхэлсэн. Аливаа зүйлийг өөрөөр нь хийлгэхийг эрмэлзэж ирлээ. Уншиж сургахад маш их хичээл зүтгэл шаарддаг. Заримдаа сурсан чадвараа маш хурдан алддаг. Энэ нь багшид хэцүү санагддаг. Цээжээр бичих, зурах дуртай, байгаль шинжлэл хичээлийн туршилт хийх дуртай. Дуртай зүйлээр нь дамжуулж мэдлэгийг өгөхийг хичээн ажиллаж ирлээ. Энэ чадварыг ашиглан шүлэг цээжээр бичүүлж, хүрд зэргийг бичүүлж тогтоолгосон. 
ХҮҮХДИЙГ

ДЭМЖИХ АРГА 2. “Бүтээлийн 7 хоног”

Багш, анги хамт олны зүгээс бид ингэж дэмжсэн. Анги нийтийн жилийн төлөвлөгөө гаргасан. Цээжээр бичих сэдвийн эхээ гаргасан. Долоо хоног бүр минутын уншлага авч ахицыг дүгнэсэн. Бүтээлээ хэн сайхан урлах вэ, найздаа хэн тайлбарлах вэ гэсэн бүтээлч байдлаар зургийн хичээлээ явуулдаг болсон. Хүн ба байгаль хичээлийн туршилтын lV багийг сурагч А нь ахлан оролцож байна.
Биеийн тамирын хичээл дээр заалыг маш олон тойрч гүйдэг, энэ үйлдлээ их давтдаг бэрхшээлтэй байсан тул ангийнхан нь хэлж ойлгуулж болиулах болсон. “Хүний дуу авиа, бид амьтнаас ялгаатай” бичлэг үзүүлсэн. Ангидаа эвгүй дуу авиа гаргах үед нь буруу гэдгийг ойлгуулж байна.

ДЭМЖИХ АРГА 3. Бусад багш, гэр бүлийнхэнтэй нь хамтран ажиллах.

Зан үйлийн хувьд ширээн доогуур орох, булан тохойд ганцаараа суух, зарим үед чоно нохой, мал амьтан шиг дуугарах, нүүрээ эвгүй болгох зэргээр хувирал гаргадаг. Биеийн тамир, дуу хөгжмийн багшид бас хүүхдийнхээ тухай ярьж хамтран ажиллаарай. Миний хувьд багшид хүүхдээ танилцуулаагүйгээс болж заал тойрон удаан гүйснээс болж тавгүйдсэн удаа бий. 
Аутизмтай хүүхэд эмгэгээсээ болж бусад хүүхдүүдээс оюуны хөгжлийн хувьд хоцрогддог. Ийм учраас багш ГСТ боловсруулан ажилладаг. Төлөвлөгөөндөө ойрын ба хэтийн зорилгоо тодорхойлж, төлөвлөгөөгөө эцэг эхэд нь бас танилцуулж хамтран ажиллав. Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд 7 хоногт 2-3 удаа сурагчтайгаа ганцаарчлан ажиллана. Судлагдахууныг судлахын зэрэгцээ өөрөө өөртөө үйлчлэх, ахуй засал зэргийг бас алхам алхмаар заан сургаж байна. Аутизмтай зарим хүүхдүүд үдээс үдэж, товчоо товчилж чаддаггүй. Энэ нь тэдэнд хэцүү ядаргаатай юм шиг санагддаг байж болох юм. Эхлээд үдээс үдэж, товч товчлохыг үзүүлэн загвар дээр зааж өгнө. Бусад найзуудаар нь хааяа туслуулж байгаарай. Аутизмтай хүүхэд бараг айж цочих зан үйлгүй байдаг. Өөрөө хийж үзмээр байвч тэгье гэж хэлэх нь тун ховор учир зарим үед хүслийг нь дэмжин ажиллаж ирлээ.

ХҮҮХДЭД ГАРСАН ТОДОРХОЙ, ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТҮҮД:

  • Дээрх аргуудыг хэрэглэснээр, цээжээр бичих, унших чадвар нь ахисан
  • Зургийн хичээлээ бүтээлчээр хийдэг болсон
  • Давталттай үйлдэл хийх бүрд нь ангийн бүх сурагчид анхааруулж, болиулахыг хэлэх болсноор давталттай үйлдэл хийх нь цөөрсөн
  • Хичээлийн цагаар гадагш гарах нь багасаж байна
  • Аангидаа эвгүй дуу чимээ авиа гаргах нь багасаж байна
    Цаашид ГСТ-г сайн төлөвлөж \багш, гэр бүл, анги хамт олны орчинд\, улирал сар бүрээр ахиц амжилтын үр дүнг тооцох, биелээгүй ажилдаа анализ хийн ахиц гаргах, олон нийтийн газар биеэ зөв авч явах, бусдын анхаарал татахгүйгээр өөртөө үйлчлэх тал дээр нь илүү анхаарах, амьдралд бэлтгэх сургалтыг илүү түлхүү оруулж өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Төстэй мэдээ