Хэт хөдөлгөөнтэй хүүхэдтэй ажиллах

ТУРШЛАГЫН НЭР: Хэт хөдөлгөөнтэй хүүхэдтэй ажиллах (суралцахуйн бэрхшээл)

БАГШИЙН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ: Ховд аймгийн Жаргалант сумын ЕБ-ын гуравдугаар сургуулийн бага ангийн багш Б.Түвшинтөлөв

ХҮҮХДИЙН БЭРХШЭЭЛ БОЛОН АНГИ НИЙТЭД ҮҮСГЭДЭГ АСУУДЛУУД:

Сурагч Т нь тус сургуулийн 2-р ангид сурдаг. Анх сургуульд орж байхдаа нэлээд хөдөлгөөнтэй, тогтвортой сууж чаддаггүй, байнга хөдөлж дураараа босож явдаг. Ямар ч өнгө нэрлэж мэдэхгүй, цифр нүдлээгүй, дугуй дүрсээс бусад дүрс танихгүй, ярих чадвар муу, хүний асуусан асуултад хариулж чаддаггүй, заримдаа ганц нэг үг хэлдэг, хэлж байгаа үг нь мэдэгдэхгүй, бичих чадвар маш муу, үзгээ маш чанга барьдаг, зураг зурж чаддаггүй, будах зүйлээ хаана ч хамаагүй буддаг, аливаа хийж байгаа зүйлдээ эмх цэгцгүй ханддаг. Биеийн эрүүл мэнд сайн, 5 настайдаа хэлд орсон, ой тогтоолт удаан, сэтгэн бодох чадвар сул учраас хичээлийн хоцрогдол маш их. Бие даан сурах чадвар сул, элдэв янзын хөдөлгөөн үйлдэл байнга хийдэг. Зарим үед хичээлийн дундуур дэвтэр номоо цүнхлээд хувцсаа өмсөөд харина гээд зогсчихдог. Хамт суудаг хүүхдэдээ их саад болдог. Анги хамт олон дотроо нийтэч биш.

Эцэг эхэд нь хандан тухайн сурагчийг эмчид үзүүлэхийг зөвлөсөн боловч аав нь зөвшөөрөөгүй. Хичээлийн хугацаа нэлээн өнгөрсний дараа ээж нь эмчид үзүүлэхийг зөвшөөрөөд хамт явж хүүхдийн эмчид үзүүлсэн. Тухайн эмчийн өөрийнх нь хэлснээр анхаарал тогтворгүй, хэт хөдөлгөөнтөх эмгэгтэй хүүхэд гэж дүгнэсэн.

Иймээс тухайн сурагчтай ганцаарчилж ажиллах, хичээл тус бүрээр болон анги хамт олон дотор нийгэмшүүлэх, амьдралын энгийн зөв дадал хэвшилд суралцах хэрэгцээ шаардлага гарч байна

ХҮҮХДИЙГ ДЭМЖИХ ЗААХ АРГА ЗҮЙН ТОХИРУУЛГА, ҮР ДҮН:

ДЭМЖИХ АРГА 1. Тоглонгоо тоолъё:

Цифр нүдлэх, тоолох, ихээс бага руу багаас их рүү хэлэх, тоог жиших, хуруу болон тоолох хэрэгсэл ашиглан, тоглоом, дүрсээр тоглонгоо 1-10 дотор нэмэх хасах үйлдэл хийж сурах, юмсыг тоолуулж цифрээр илэрхийлж бичих, ангид байгаа эд юмсыг тоолуулах, зурагт үзүүлэн дээр юмсыг тоолж будах, хөлтэй том сампинд тоо хийх, тоолох гэх мэт үйлдэл хийснээр тухайн сурагч 1-10 хүртэлх цифрээ нүдэлж багшийн уйгагүй тусламжтайгаар нэмэх хасах үйлдэл хийж сурсан.

ХҮҮХДИЙГ ДЭМЖИХ ЗААХ АРГА ЗҮЙН ТОХИРУУЛГА, ҮР ДҮН:

ДЭМЖИХ АРГА 2. Хэл засал:

Тухайн авианы хэлэгдэх байрыг үзүүлэн дээр болон өөрийн бие дээр дагуулан дуурайлган хэрхэн хэлэгдэж байгааг дахин давтан давтан хэлүүлж авиа тавилтад анхаарч ажиллалаа. Зүйр үг, түргэн хэллэг даган хэлүүлж цэвэр дуудаж сургахад анхаарч ажиллав. Үсгээ нүдлэх, авиагаа зөв дуудах, унших бичих чадвар болон өөрийгөө илэрхийлэх ярих чадварыг сайжруулахын тулд гэртээ юу хийдэг, тухайн өдөр болсон үйл явдлын талаар яриулах зэргээр эцэг эхтэй хамтран дэмжиж ирлээ. Тухайн үзсэн үсгийн үзүүлэн зурлага, тарааж өгөх материалыг өдөр бүр гэрт нь өгч явуулж, эцэг эхтэй нь хамтран ажилласнаар тухайн сурагчийн унших чадварт ахиц гарсан. Уншихаас гадна бичих чадварыг сайжруулахад нь анхааран ажиллаж байна.

ДЭМЖИХ АРГА 3. Булчин суллах дасгал:

Бүх өнгөө нэрлэж мэдэхгүй, дүрс ялгадаггүй, харандаагаа маш чанга барьдаг учраас хаа хамаагүй зурж эрээчиж бичдэг. Тиймээс гарын жижиг булчинг хөгжүүлж чангарлыг арилгах дараах дасгалууд хийлгэж байна. Тухайлбал, ширээн дээр асгасан савх түүх саван дотор байгаа шар цагаан будааг ялгах шүр хэлхэх дүрсүүдийг ижил өнгөөр нь нэг саванд хийх, ямар өнгөтэйг багшийн хэлснээр давтан хэлэх гутлаа үдэх, тайлах зэрэг дасгалыг тогтмол хийлгэж, бага багаар зурж бичүүлснээр бичих чадварт ахиц гарсан.

ДЭМЖИХ АРГА 4. Сурагчийн дэг:

Өөрийн сурах үүрэг, зорилгыг ухамсарлуулах, сурагч хүн ямар байх ёстой, сургууль болон ангидаа ямар дэг журмыг дагаж мөрдөх, амьдралын зөв дадал хэвшилд суралцахад нь тусалж дэмжих зорилгоор сурагчийн зурагт дэгийг тогтоон мөрдөж ажилласнаар анги хамт олон, багштайгаа мэндэлж сурч байгаа, хичээлийн явцад дураараа босож явахгүй багшаас зөвшөөрөл авч гардаг, үдийн цайгаа нямбай уух аргад суралцаж байгаа. Анги болон сургуулиас зохиогдсон үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог болж байна.

ХҮҮХДЭД ГАРСАН ТОДОРХОЙ, ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТҮҮД:

Тухайн сурагч 2-р ангийн 2-р улиралд 1-2 үетэй үг уншиж сурсан. Нэг минутад 10-13 үг уншиж байгаа. 3-4 шүлэг цээжилсэн Номоос эхийг хуулж бичиж чадаж байгаа. Гэхдээ бичгийн хэв муу Өөрийгөө илэрхийлж ярих чадварт ахиц гарч байгаа.

1-20 хүртэлх тоог дэс дараалуулан тоолж чаддаг, цифрээ нүдэлсэн бөгөөд 1-10 хүртэлх тоог савх, дүрс, тоглоом болон хурууны тусламжтайгаар нэмэх хасах үйлдэл хийж, их бага тоог хэлж жишиж сурсан. Зурахдаа зурах зүйлийг зааж өгсөн өнгөөр хүрээнээс гаргалгүй будаж сурсан. Ангидаа ирээд хувцсаа уутанд хийж өлгөдөг, үдийн цайны аягаа угаадаг, гэр сургууль хоёрын хооронд ганцаараа явж чаддаг, хичээл тараад явахдаа “баяртай, сайхан амраарай” гэж хэлж сурсан. Анги хамт олонтойгоо нийгэмшиж, тэдэнтэй зөв харилцаанд суралцаж байна.

 

 

 

Төстэй мэдээ