Яриа хүүхэд – Багын зан

ТУРШЛАГЫН НЭР: Яриа хүүхэд – Багын зан (суралцахуйн бэрхшээл)

БАГШИЙН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ: СХД-ийн Албан Бус Насан туршийн боловсролын төвийн багш И.Чанцалдулам

ХҮҮХДИЙН БЭРХШЭЭЛ БОЛОН АНГИ НИЙТЭД ҮҮСГЭДЭГ АСУУДЛУУД:

Манай ангийн сурагч М нь их яриасаг хүүхэд. Гэвч ангийнхан маань заримдаа чалчаа чавганц гэх үе ч бий. Тэр санаанд орсон юу ч хамаагүй ярина. Түүний хэт ярих, хов зөөх нь хүүхдүүдэд төвөгтэй бөгөөд таалагддаггүй. Багшийг хичээл заахад зэрэгцэж ярих нь хүүхдүүдийн анхаарлыг их сарниулдаг.

Анхаарлын төвлөрөл маш сул, тоглоомоор тоглох дуртай ч сатаардаггүй, амархан уйддаг. Энэ тоглоомоор тоглож болох уу? гээд авна 2, 3 минут болоод энэ тоглоомоор тоглож болох уу гээд өөр тоглоом заан огт тоглож байгаагүй юм шиг сонирхон аваад амархан уйддаг.

Багш тоглоомын тавиурын хажууд суулган сонирхсон тоглоомуудыг нь өрж тавиулаад ганцаарчлан ажиллана. Энэ үед л хийх ёстой зүйлд анхаарал нь 2-3 минут төвлөрч хичээлийнхээ агуулгыг судалж чаддаг.

Сурагч М яах ёстойгоо ойлгодог ч ярих хүсэл нь дийлээд байдаг. Ярихаа болъё гэсэн бодол төрдөг ч энэ зүйлийг багшид, эд нарт ярих ёстой гэж бодогдоод яриад байдаг гэж өөрөө хэлдэг. Тухайн агшинд хичээл орж байгаа, ямар ч чухал зүйл хийж байсан юм ярих хүсэл бодол түүнээс салдаггүй. Энэ байдал нь хичээлийн агуулгыг ойлгохгүйд хүргэдэг, бичихээсээ их залхуурдаг.

ХҮҮХДИЙГ ДЭМЖИХ ЗААХ АРГА ЗҮЙН ТОХИРУУЛГА, ҮР ДҮН:

ДЭМЖИХ АРГА 1. Сонирхлыг нь дагуулах

Иймд бичих дасгалыг ажиллуулахдаа 1 мөр бичүүлээд ярих зүйлийг сонсож, 2 дахь мөрийг нь бичүүлээд дахиад 1 минут орчим яриулна.

Эхэндээ бичсэний дараа юуны тухай яримаар санагдсан бэ? гэдэг асуултаар яриулдаг байсан бол II улирлаас ярих зүйлийг нь зорилготой болгон “Наадам” гэдэг сэдвийг үзэхдээ эхлээд уншуулж, наадмын талаар өөрийнх нь дурсамжийг яриулна, дараа нь бичүүлж, дасгал даалгаврыг ажиллаж дууссаных дараа ямар бодол төрөв? гэхэд энэ жил ингэе гэж бодож байна гээд ярьж эхэлнэ. Ийм аргаар бага багаар унших, бичих дасгалыг зүгшрүүлж байна.

ДЭМЖИХ АРГА 2. Ангийн дэг

Манай ангийнхан хичээлд баримталдаг дэгээ ангийн урд хананд байрлуулаад цээжилсэн. Даваа болон Лхагва гарагт хичээл эхлэхийн өмнө Төрийн дууллаа дуулчхаад хичээлийн дэгийг нэг нь уншиж бусад нь даган түрдэг.

Хичээлийн явцад ангийн дэгийг зөрчвөл сануулна. Харин дэгийг баримталсан хүүхдийг урамшуулдаг. Сурагч М нь эхний үед яагаад ингээд байгаа юм гээд асууна. Харин мартсан тохиолдолд Багш хуруугаа имэрч анхааруулна. Энэ үед толгойгоо дохиод хичээлээ цааш үргэлжлүүлэх боловч 2-3 минут болоод дахин ярих үед дахин хуруугаа имрээд болихоор нь “like” гээд эрхий хуруугаа гаргахад инээмсэглээд цааш хичээлээ хийж эхэлнэ. Эхний үед тоодоггүй байснаа II улирлын эхний долоо хоногоос эхлээд багш намайг ярихаа болиход 15 “like” гаргасан гэдэг болов. Сурагч М ангийн дэгийг баримтлаад зөрчсөн тохиолдолд өөрийнхөө буруугаа хүлээж, уучлалт гуйгаад хичээлээ үргэлжлүүлж хийдэг болсон. Тэгэхээр М нь өөрийгөө удирдаж чадаж байна.

ДЭМЖИХ АРГА 3. Зөв байршилд суулгах:

Багш сурагч М-г 1 дүгээр баг буюу өөрийнхөө өмнө суулгадаг болсон нь хийж байгаа зүйл, хэлэх үгийг нь байнга хянах боломжтой болсон. Ярих үед нь хуруугаа имрэх, ширээ тогших зэргээр анхааруулж, тухайн хүүхэд ярихаа болиод сонсох хэрэгтэй болсон үед багш сануулах зэргээр ойроос харилцахад хурдан ойлголцдог давуу талтай. Мөн хичээлийн явцад анги нийтээр нь анхаарал сарниулахгүйгээр багш сурагч М-тэй чимээгүй ярилцах боломжтой болсон.

ДЭМЖИХ АРГА 4. Үйл ажиллагааны хийх дарааллыг бичиж мөрдөнө

Ингэснээр цагийг үр дүнтэй өнгөрүүлнэ. Тухайлбал, дасгал ажиллаж эхлэх цаг минутыг тавиад дуусахад нь цагийг харж хэдэн минут зарцуулсныг тооцно. Үүнийг өөрт нь байнга сануулна. Багш хүүхдүүдийг ээлж дараагаар яриулах дүрэм гаргаснаар сурагч бусдыгаа анхааралтай сонсож өөрийнхөө хэмжээнд буруу, зөв гэсэн үнэлгээ өгөх нөхцөл бүрдсэн ирсэн.

ДЭМЖИХ АРГА 5. Хичээлийн бус цагаар ажиллах

Завсарлагаагаар эсвэл хичээлийн дараа ярих цаг гаргаж, орчныг нь бүрдүүлж өгнө. Сурагч М-г ганцаарчлан сонсох цаг гаргаж, орчныг бүрдүүлж, ярилцаж байхдаа бусадтай хэрхэн харилцах, бусдад төрөх сэтгэгдлийг хэрхэн ойлгохыг тайлбарлаж, хамт дадлага хийнэ. Завсарлагаагаар М-тай ярилцахад хичээлийн эхний үед ярих нь бага болж, цаашид хийх зүйлээ анхааралтай хийдэг болсон.

ХҮҮХДЭД ГАРСАН ТОДОРХОЙ, ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТҮҮД:

Анхаарахгүй бол хичээлээ ойлгохгүй юм байна гэдгийг ойлгосон. Элдэв юм ярих нь багасаж байгаа. Ярих зүйлээ хичээлтэй холбож ярьдаг болсон.


Сэтгэгдэл
Төстэй мэдээ