Хоёулаа чадна аа (сонсголын бэрхшээл)

37-Р СУРГУУЛЬ / УЛААНБААТАР ХОТ

ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ХҮҮХДҮҮДИЙГ БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНД ТЭГШ ХАМРУУЛЖ БУЙ САЙН ТУРШЛАГА

ТУРШЛАГЫН НЭР:

Хоёулаа чадна аа (сонсголын бэрхшээл)

БАГШИЙН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ:

ЧД-ийн ерөнхий боловсролын 37-р сургуулийн багш Д.Мөнхсувд

Төслийн үр дүнд багш бид өөрсдийгөө хөгжүүлж, улмаар шавь нарынхаа өмнөх мэдлэг, туршлагад тулгуурлан сургалтаа явуулж байна.Өөр өөрийнхөөрөө хөгжих, тэгш боломжийг бүрдүүлж сургах энэ л арга барилыг багш сурагч хамтдаа хичээж ахиц амжилтаа тооцох нь өнөөдөр бидний гол шугам болж үүний төлөө ажиллаж байна.

ХҮҮХДИЙН БЭРХШЭЭЛ БОЛОН АНГИ НИЙТЭД ҮҮСГЭДЭГ АСУУДЛУУД:

Сурагч Ц нь томоотой, дуу багатай, инээмсэглэсэн хүү.Хичээлээс бусад үед аливааг ярьж тайлбарлахдаа маш хурдан шулганаад л ярьдаг.Тогтоож яриулахгүй л бол ойлгомжгүй байдаг.Ерөнхийдөө унших чадвартай, цээжлэх тогтоох үйлд дуртай.Өгсөн даалгаврыг хийж чадахгүй ч бусдаасаа хуулаад л ирдэг.Энэ нь үнэн бат чадвар биш ч гэсэн багш хүний хувьд хийх хүсэл эрмэлзэл байна, зүгээр суухыг бодсонгүй гэж хүлээж авдаг.Ганцаарчлан даалгавар өгч, мэдлэг, чадвар, дадал олгоход анхаарч байна.Ц-гийн аав, ээж нь хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй (сонсголгүй) хүмүүс байдаг.4-р ангиас Ц-гийн сонсгол тааруу гэдгийг ажиглаж мэдээд үүнийгээ ээжтэй нь бичгээр харилцаж хэлэхэд зүгээр ээ гэж байсан ч эмчид хандаж чих хатуу гэдгийг оношлуулсан.Ерөнхийдөө сонссоноо хүлээж авах чадвар сул.

ХҮҮХДИЙГ ДЭМЖИХ ЗААХ АРГА ЗҮЙН ТОХИРУУЛГА, ҮР ДҮН:

ДЭМЖИХ АРГА 1. Сайн хийж чаддаг зүйл дээр нь тулгуурлах:

Унших чадвар сайн.Судалгаанаас харахад унших чадвар сайн л эзэмшээгүй бол хоцрогдол үүсдэг гэсэн нийтлэг ойлголт байдаг.Гэтэл манай Ц унших чадварыг харьцангуй сайн эзэмшсэн тул уншлагын цаг, эхийг харааны уншилтаар унших, уншилтын олон арга хэлбэрүүдээр анги нийт дунд уншуулахад өөрт оногдсон үүрэг даалгаврыг сайн биелүүлдэг. Математикийн хичээлийн хоцрогдлыг арилгахдаа өмнөх мэдлэгийг бататгаж алхам алхмаар сайжруулж ажиллахад их хугацаа шаардагдаж байна.

ДЭМЖИХ АРГА 2. Олон удаа давтах

Ерөнхийдөө олон удаагийн давталттай хийсэн зүйлдээ их амжилт, ахиц гаргаж чаддаг нь ажиглагдсан.Тухайлбал, шүлэг цээжлэх, хүрд тогтоох зэрэг үйлийг бусдаас дутахгүй тогтоочихсон байдаг.

ДЭМЖИХ АРГА 3. Амжилтыг урамшуулах

Сурагч Ц-д гарсан ахицыг бахархан бусдад нь түгээж урамшуулан дэмжиж байна.Долоо хоног бүр авдаг нүдлэх цээж бичгийн сорилоор 4 дүгээр ангидаа нэг ч оноо авч чаддаггүй байсан бол одоо бүр хамгийн дээд оноог олон удаа авч өөрийн амжилт ахицаа дээшлүүлсэн.

ДЭМЖИХ АРГА 4. Сайн хийж чаддаг зүйл дээр нь тулгуурлах

Сурагч Ц-д тавьж байхад хялбар тул 1-р салааны урд суудалд суулгаснаар тулгарч буй бэрхшээлийг давахад нь туслах боломж бүрддэг.Мөн чих хатуу учраас багшийн дуу хоолойг сайн сонсох нөхцөл бүрдсэн.

ДЭМЖИХ АРГА 5. Завсарлагаагаар эсвэл хичээлийн дараа ярих цаг гаргаж, орчныг нь бүрдүүлж өгнө.

Сурагч Ц-г ганцаарчлан сонсох цаг гаргаж, орчныг бүрдүүлж, ярилцаж байхдаа зан байдал, бусадтай харилцах, цаашид дунд ангид үүсэх бэрхшээлийг давахад юуг мэдсэн байх ёстойг хэлэлцэж, хамтарч ажилладаг.

ХҮҮХДЭД ГАРСАН ТОДОРХОЙ, ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТҮҮД:

Юуны өмнө өөртөө итгэх итгэл нь дээшилж, хийх урам орсон.Тухайлбал, энэ эхийг сайн давтаж оноогоо авна аа гэж урдаа зорилго тавьж ажиллаж байгаа нь хамгийн том өөрчлөлт юм.Гэрт нь ганцаарчлан даалгавар өгөхөд маш сайн гүйцэтгэдэг болсон.Танил биш эхээр цээж бичиг авахдаа үелэн хэлж, сонсголыг нь хөгжүүлж ажиллахад ахиц гарч байна.

Ц-гийн ээжийн сэтгэгдэл:

Хүүхэдтэйгээ хамтарч ажиллахад манай гэр бүлд маш их бэрхшээлтэй байдаг. Манай хүүхэд нэгдүгээр ангиасаа эхлэн хичээлээсээ хоцорч тооны хичээлд их дургүй байдаг байсан. Одоо харин гэртээ хичээл даалгавраа хийх нь ихсэж байгаад их баярлаж байна. Ялангуяа би өнөөдөр бүтэн оноогоо авч чадлаа гэж хэлэхэд нь овоо доо миний хүү гэж хэлж чадахгүй ч дохионы хэлээрээ харилцаж урам өгдөг.


Сэтгэгдэл
Rinchin
1 сарын өмнө
66.181.161.126
Amjilt hamtran ajillah huseltei
Төстэй мэдээ