Сурагч А-гийн мөрөөдөл (сонсгол болон хэл ярианы бэрхшээл)

39-Р СУРГУУЛЬ / УЛААНБААТАР ХОТ

ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ ХҮҮХДИЙГ БОЛОВСРОЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНД ТЭГШ ХАМРУУЛЖ БУЙ САЙН ТУРШЛАГА

ТУРШЛАГЫН НЭР:

Сурагч А-гийн мөрөөдөл (сонсгол болон хэл ярианы бэрхшээл)

БАГШИЙН ТОВЧ МЭДЭЭЛЭЛ:

Нийслэлийн ЧД-ийн Ерөнхий боловсролын 39 дүгээр дунд сургуулийн 5д ангийн багш М.Мунара

ХҮҮХДИЙН БЭРХШЭЭЛ БОЛОН АНГИ НИЙТЭД ҮҮСГЭДЭГ АСУУДЛУУД:

Сурагч А нь төрөхдөө сонсгол хэвийн гэж оношлогдсон боловч 5 нас хүртлээ авиа хэлээгүй, эцэг эх нь эмнэлгээр явж онош тодруулахад чихний дунгийн хүлээн авах чадвар муу, баруун чих нь 30 хувийн сонсголтой, зүүн чих нь 0 хувийн сонсголтой гэж оношилсон.Тухайн үед нас болон А-гийн онцлогт тохирох сонсголын хэрэгсэл байгаагүй учир 1-4 ангидаа сонсголын аппарат зүүгээгүй.

- 1-4-р ангидаа сонсдоггүй, ярьдаггүй байсан учир бусадтай харилцаа үүсгэдэггүй, зожиг, ганцаардмал, үе үе хичээлээ тасалдаг, сурлагын хоцрогдолтой, хичээлд суух сонирхолгүй, өөрийгөө илэрхийлэх чадваргүй,эцэг эхийн анхаарал сул байсан.

- Багшийн зүгээс А-тай харилцахад бэрхшээлтэй байсан.Эцэг эхтэй нь хамтран ажиллаж байх хугацаанд тэд салсны улмаас хүүхдэд тавих анхаарал бүр суларсан.

Сургалтын явцад:

- Багш сургалтын үйл явцыг өөрийн биеэр дагуулан үйл хөдлөлөөрөө дамжуулан гүйцэтгэдэг байсан.

- Ангийн унших, бичих, бодох чадвар сайтай хүүхэдтэй хамт суулгаж, түүний хийж бүтээж буй үйлийг даган дуурайж хийх аргад сургасан.

- Сурагч өөрөө хэдий сонсохгүй, ярихгүй боловч маш сэргэлэн тул бусад хүүхдийн хийж гүйцэтгэж байгаа зүйлийг даган дуурайж чаддаг.Гэвч бүрэн гүйцэд ойлгодоггүй тул сурлагын хоцрогдолтой.

- Тухайн хүүхэд нь хичээлийн явцад бусдад ямар ч саад, бэрхшээл учруулдаггүй, хичээлийн уур амьсгал эвддэггүй боловч гэрийн даалгавар болон бие даан гүйцэтгэх ажлыг хийж чаддаггүйн улмаас өөрт нь сэтгэл зүйн хувьд хүндрэлтэй байдаг нь ажиглагдсан.Тухайлбал, гэрийн даалгавар хийх юм уу ганцаарчилсан даалгавар өгөх үед уншиж бичих, даган дуурайх зүйлгүй тул хийж чадахгүй ирдэг.Учрыг асууж лавлахад “Багшаа би юу ч ойлгоогүй тул хийж чадаагүй” гээд уйлдаг.

- Тухайн сурагч нь сонсохгүй, ярихгүй тул өөрийгөө нээж бусадтай харилцаж чаддаггүйн улмаас цаашид амжилттай сурах боломжгүй.

ХҮҮХДЭД ГАРСАН ТОДОРХОЙ, ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТҮҮД:

Туслах хэрэглэгдэхүүнийг хэрэглүүлэх нь чухал.5-р ангиасаа эхлэн сонсголын аппарат хэрэглэж эхэлснээр сул сонсдог болсон.Авиа үсгээ бүтэн хэлж чаддаггүй боловч бусдыг даган дуурайх чадвар нь илүү хөгжсөн (зөв бурууг үл ялгана).

ДЭМЖИХ АРГА 1.

Бусад сурагчдад А-гийн онцлог байдлыг ойлгуулсан.

туслахыг хүснэ, хичээнэ.А сонсохгүй учир ангийн найзууд нь дохио зангаагаар болон биеийн хэлээр өөрсдийгөө ойлгуулна.

Ангийн найзын хүрээ тэлж, ангийн сурагчид ойртон дотносож туслахыг хичээдэг болсон.Ингэснээр хүүхдийн сэтгэл ханамж илэрхий сайжирч хичээлдээ ирэх сонирхолтой, бусадтай харилцахын тулд өөрөө их хичээдэг, авиа болон дохиогоор харилцдаг болсон.

ДЭМЖИХ АРГА 2.

Багш сурагч А-д тохиромжтой суудал сонгох. 1-р салааны эхний эгнээнд багшийн урд суулгадаг.Багштайгаа чөлөөтэй харилцах, гүйцэт сонсож ойлгоогүй зүйлээ дахин асуух боломжийг олгодог.Ингэснээр илүү сонсох, багштайгаа ойр дотно болох, өөрөө бие даан суралцах эрмэлзэлтэй болох зэрэг чадварт ахиц гарч байгаа нь ажиглагдсан.

ДЭМЖИХ АРГА 3.

Багш хичээлээ явуулахдаа ГСТ боловсруулан, үүнийхээ дагуу өдөрт тухайн сурагчтай 15-25 минут хамтран ажиллаж байна.

Үүнд, бодит байдлын үнэлгээний дагуу дараах зорилгыг гаргасан.

Урт хугацааны зорилт:

- Уншиж сурах, зөв алдаагүй бичиж, тоо тоолол сурах

- Бусадтай харилцах, өөрийгөө илэрхийлж сурах

- Бие даах чадвартай болох

Богино хугацааны зорилт:

- Авиа дуудуулах, өгүүлэх эрхтний дасгалууд

- Харилцан ярилцах

- Унших, бичих

- Тоо тоолох

Дээрх зорилгуудыг тавьж ажилласнаар,

- 100 хүртэл тоо тоолж, цифр бичиж чаддаг болсон, үндсэн 7 эгшгээ мэддэг болж, м,н,л,х- дуудаж, ялган бичиж чаддаг болсон.

- Асуултыг ойлгож сонсоод хариулахыг хичээдэг болсон.

- Найз нөхдийн хүрээ нэмсэн.

- Сурах эрмэлзэлтэй, өөртөө итгэлтэй болж байгаа.

ДЭМЖИХ АРГА 4.

Хүүхэд хөгжлийн танхимд ярих цаг гаргаж орчныг бүрдүүлсэн. Ганцаарчилсан сургалт орохын өмнө буюу хойно 5-10 минут өөрийнхөө болон гэр бүлийн тухай ярьдаг.

Хүүхдэд гарсан тодорхой, эерэг өөрчлөлтүүд: Сонсголын аппарат хэрэглэдэг болсноор сонсож ойлгодог болсон, авианы дуудлага сайжирсан, ярих сонирхолтой болсон, найз нөхөдтэй болсон, өөртэй итгэлтэй, хэл заслын дасгалыг идэвхтэй хийдэг болсон.

Сурагч А-гийн сэтгэгдэл (ээжтэйгээ хамтран бичлээ): Би сонсдог болсон.Манай багш намайг буруу хийсэн ч уурладаггүй, загнадаггүй, багшийн ширээний урд суух гоё байдаг.Багштайгаа хоёулхнаа хичээллэх гоё.Би 100 дотор тоолж, бичиж, нэмж, хасаж чадна.Дуурайн бичиж чадна.

Аавын сэтгэгдэл: Хүүхдийнхээ багшид баярладаг. Миний охин А олдмол хөгжлийн онцлогтой болсныг бид 6 настайд нь мэдсэн. Өөрийн амьдралын боломжгүйгээс эмчилгээний өөр хувилбараар хөөцөлдөж явж чадаагүй явсаар 39-р сургуулийн 1д ангид оруулж бусад жирийн хүүхдүүдтэй хамт сургах хүсэлтэй байгаагаа багшид уламжилсан. М.Мунара багш маань өдий 5-р анги хүртэл нь дэвшүүлэн сургаж онцлогт нь тохирсон ганцаарчилсан сургалтад хамруулдаг мөн үе тэнгийн найз нөхөдтэйгөө суралцаж байгаад нь талархдаг. Охин маань өөртөө итгэлтэй, сурах хүсэлтэй болсонд багшдаа баярлалаа.

АНУ-д ЗААХ АРГАЗҮЙН ТОХИРУУЛГА ХИЙСЭН ЖИШЭЭ

Дээр дурьдсан зорилтот сургуулиудад хэрэгжүүлж байгаа сайн туршлагуудаас гадна АНУ-ын Сэтгэл Судлалын Нийгэмлэгээс хэрэглэсэн заах аргазүйн тохируулгын хоёр жишээг төгсгөлд нь хүргэж байна.

ТОХИОЛДЛЫН ЖИШЭЭ 1: ДИСЛЕКСИ (УНШИХ БЭРХШЭЭЛ)

ХУРААНГУЙ

Оюутан С нь унших бэрхшээлтэй бөгөөд тусгай хөтөлбөрөөр суралцдаг төгсөх ангийн охин юм.Тэрбээр үйлчлүүлэгчидтэй өөрийн биеэр буюу нүүр тулан ажиллах дуртай бөгөөд лекцийг сайн ойлгодог байсан ч унших, хичээлийн үеэр тэмдэглэл хөтлөх, уран зохиолын тойм хийх, бичгийн шалгалт авах, бичиг баримтаа цаг тухайд нь бөглөх зэрэгт нэлээд хүндрэлтэй, хичээх шаардлагатай байсан.Өмнө нь тэр уншиж дуусгахын тулд өдөр бүр хичээлийн дараа үлдэж давтдаг ба шалгалт өгөхдөө нэмэлт цаг авч байсан.Түүнд шалгалтын нэмэлт цаг үр дүнтэй байсан боловч хөтөлбөрөө ахиулах, гүнзгийрэх тусам унших даалгавар бүр л удаан болж, хэдий хичээсэн ч хэцүү болж байлаа.Гуравдугаар семестрийнхээ дунд оюутан С стресстэн, ядарч туйлдсан тул профессоруудаас нэмэлт тохируулга авах хүсэлт гаргахаар шийдэв.Тэрээр нөхцөл байдлаа тайлбарлаж, тэмдэглэл хөтлөхийн тулд лекцийн материалуудыг урьдчилан авах, бичгийн даалгавар хийхэд нэмэлт цаг авах хүсэлт гаргасан.Тэрээр одоо “А” дүнтэй суралцаж байгаа ч түүнээс дахиад нэмэлт цаг, тохируулга хэрэгтэй эсэхийг асуудаг гэж профессоруудаас хэлж байсан юм.Сургуулиа төгсөх нь оюутан бүрт л хүнд хэцүү байдаг тул унших, даалгавраа дуусгахын тулд заримдаа оройтох шаардлага гардаг учир оюутан С-гийн хувьд заах арга зүйн тохируулга хийсэн хийгээгүй ч тэрээр сурч чадах л байсан гэж мөн нэг профессор хэлж байсан.

ДҮГНЭЛТ

Америкийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хууль буюу ADA (Americans with Disabilities Act )-ийн дагуу хөтөлбөр, сургалтын газруудад хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудыг заах арга зүйн тохируулгаар хангах шаардлагатай байдаг.Оюутан С өөрийн хөгжлийн бэрхшээлийг нуулгүйгээр, өөрт тохирсон арга зүйгээ бий болгож чадсан байна.Түүний хүссэн арга зүй (жишээ нь, шалгалт, даалгаврыг хийх хугацааг сунгасан; хичээлийн материалыг урьдчилан авах боломж) нь унших бэрхшээлтэй хүмүүст харьцангуй тохирох стандарт байна.Түүнээс гадна, хэрэв тухайн тохируулга нь түүнд хангалттай үр дүн өгөөгүй бол өөр арга зүйн тохируулга авахыг шаардах хууль ёсны эрхтэй байв.Ийм нөхцөлд оюутан С өөрийн их сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн үйлчилгээний албанд дахин хандах ёстой.Хэрвээ тэд түүний шинээр хүссэн арга зүйн тохируулгыг хөгжлийн бэрхшээлд тохирсон гэж үзэж байгаа бол түүний хүсэлтийг биелүүлэх хууль эрх зүйн үүрэг хүлээнэ.

ТОХИОЛДЛЫН ЖИШЭЭ 2: БУЛЧИНГИЙН ХАВСАРСАН ХАТАНГИРШИЛ

ХУРААНГУЙ

Оюутан Т нь хавсарсан булчингийн хатангиршилтай бөгөөд шалгалтын үеэр бичээч ашиглахыг зөвшөөрдөг байжээ.Ялангуяа бичгийн ажил, цээж бичиг хийхэд энэхүү тохируулга нь түүний хөгжлийн бэрхшээлд тохирсон арга зүй болно.Гэсэн ч тэрээр шалгалтаа өгч чадаагүй юм.Оюутан Т “бичээчтэй хамт шалгалтад орох нь надад хангалтгүй байсан.Хариултаа эргэцүүлэн бодох хэрэгтэй тул надад нэмэлт цаг хэрэгтэй байна” гээд дараагийн шалгалтад бичээч болон нэмэлт цагийг хамт хүссэн өргөдөл гаргажээ.Гэвч энэ хүсэлтийг хүлээж аваагүй байна.

ДҮГНЭЛТ

Түүний хүсэлтийг хүлээж аваагүй нь хууль ёсны гэж үзсэн.АDА нь амжилт үзүүлэх хүртэл арга зүйн тохируулга хийхийг үүрэг болгоогүй.Арга зүйн тохируулга нь оюутны амжилтад хүрэх баталгааг хангах бус хөгжлийн бэрхшээлийн улмаас ажил, үйл ажиллагаанд гарах сөрөг нөлөөллийг л багасгах зорилготой юм.Өөрөөр хэлбэл, заах арга зүйн тохируулга нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг өөрийн хөгжлийн бэрхшээлээс үл хамааран амжилтад хүрэх шударга боломжоор хангахын тулд тухайн хүнд бэрхшээлийг засах, залруулах л үүрэгтэй юм.

Төстэй мэдээ