
/Багшийн хөгжил сэтгүүлийн 2020 оны 4 дүгээр улирлын дугаараас/
Доктор Sc.D, Профессор, МУ-ын гавьяат багш О.Пүрэв (Боловсролын хүрээлэн )
Түлхүүр үг: Хүн судлал, монгол хүн, боловсрол, суралцахуй, үнэт зүйл
I.Онолын хэсэг
Аль ч түвшний боловсролын багшийн хөгжил, төлөвшлийн нэг чухал бүрэлдэхүүн хэсэг бол суралцагчаа, тэр дундаа монгол суралцагчийнхаа бие, сэтгэхүй, сэтгэл, танин мэдэхүйн онцлогийг нийгэм, угсаа, соёл, аж төрөх арга ухаан болон байгаль орчны хүчин зүйлстэй нягт холбон боловсролын хүн судлалын ухааны үүднээс тогтмол судлах, үр дүнг нь оновчтой хэрэглэх явдал юм. Иймээс маш хураангуйгаар хэлбэл, хүн төрөлхтний өөрөө өөрийгөө судалдаг ухааныг хүн судлал (антропологи) гэдэг. Хүнийг байгалийн болон нийгмийн амьтан болохын хувьд цаг хугацаа, орон зайн хамааралд нь, бүх талаас иж бүрэн судалдаг антропологийг нийгмийн бүхэллэг (holistic) шинжлэх ухаан гэнэ. Орчин үеийн дэлхий нийтэд хүн судлалын ухааны боловсролд гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдэж байна.
Тухайн салбар шинжлэх ухаан бие даасан ухаан болохыг түүний судлах зүйл; судалгааны арга; зарчим; эх сурвалж; тохируулга (механизм); гэсэн шалгууруудаар тодорхойлдог. Иймээс боловсролын шинжлэх ухааны нэгэн чухал салбар болох боловсролын хүн судлал (Educational Anthropology) чухам юу судлах юу вэ?, судалгааны ямар арга, арга зүй хэрэглэдэг?, ямар зарчмыг баримталдаг[1] вэ? гэсэн асуулт юуны өмнө тавигдана. Боловсролын антропологи буюу боловсролын хүн судлал нь тухайн үндэстэн, угсаатан бүхий хувь хүн боловсрол, соёл эзэмшихэд, түүний бие, оюун ухаан, сэтгэл ямар бүтэц, мөн чанар, онцлог, хэв маяг, чадамжтай байдаг вэ?, эд бүгдэд нь нийцэн хөгжиж, төлөвших ямар мэдлэг, чадвар, харилцаа, хандлагыг бий болгох боломж, бололцоо хийгээд тэдгээрийн холбоо хамаарал, зүй тогтлыг судалдаг байна. Өөрөөр хэлбэл, боловсрол эзэмшиж буй хүний тухай тогтолцоот мэдлэгийг (анатоми, физиологи психологи,танин мэдэхүй гэх мэт) хүний нас зүй, хөгжлийн динамик, түүний ертөнцтэй харилцан үйлчлэх зүй тогтол, ертөнцийг хувийн ба нийгмийн хувьд танин мэдэх хуулиуд, тэдгээрийг хувирган өөрчилж, бүтээхүй, боловсрох, гэгээрэх үйл явцын хэв маяг, мөн чанар, боловсролын шинэ чиг үүрэг, үйл ажиллагааг бас боловсролын хүн судлал судалдаг.
Боловсролын хүн судлалын судалгааны арга, арга зүй нь хүнээс боловсрол, сургалт руу чиглэсэн онцлогтойгоороо боловсролын шинжлэх ухааны түүх, философи, социологи, эрх зүй, эдийн засаг зэрэг бусад салбаруудаас ялгагддаг. Тухайлбал, тодорхой үндэстэн, угсаатны бүрдэл хувь хүнийг амьдарч аж төрөн буй газар нутаг, орчинд нь хүн дээрээ төвлөрөн “даган судлах” (participant observation) болон түүхэн хүн судлалын арга, генетик арга, нийгэм, соёл, биологийн хүн судлалын арга, шинжлэх ухааны салбар хоорондын болон салбар дамнасан судалгааны аргуудыг хэрэглэдэг онцлогтой.
Боловсролын хүн судлал нь судалгааны нэн хүмүүнлэг зарчмыг баримтлана. Тэдгээр нь хувь хүний өөрийн болон нийгмийн хэрэгцээг харгалзах; соёл ба иргэншлийн онцлогийг тооцох; ялгаатай байдлыг онцлох; эрх тэгш хандах; шударга ёсыг баримтлах; эрх, эрх чөлөөг дээдлэх; зэрэг болой.
Боловсролын хүн судлал нь боловсролын шинжлэх ухааны бие даасан салбар ухаан, бас мэдлэг, боловсролын салбар тогтолцоо юм. Боловсролын хүн судлал манай улсад хүн судлал, нийгэм, соёлын болон улс төрийн, анагаахын, биологийн хүн судлалтай харьцуулахад бараг хөгжөөгүй байна.
Боловсролын хүн судлалын бусад шинжлэх ухаантай холбогдох бүтцийг дүрсэлбэл: Бүдүүвч 1.
[1] Пүрэв.О, (2007). Монголын боловсрол, сургалтыг хүмүүншүүлэх онол, арга зүйн асуудал. УБ., 145 дахь тал.
-
Түүх, Этнографи,Соёл судлал,Сурган хүмүүжүүлэх ухаан
II.Судалгааны арга зүй
Монгол хүний дүр төрхийн тухай түүхэн харьцуулсан шинжилгээ: Монголчууд, монгол хүний талаар бидний дээд өвөг Хүннүгийн үеэс эхлэн,түүхэн эх сурвалж, ном зохиолд бичиж, тэмдэглэсэний сацуу Монголын их бичгийн хүмүүс, эрдэмтэд ч судлан тэмдэглэсэн нь цөөнгүй бий. Эдгээрээс бид түүхэн өөрчлөлт бүхий голлох он цаг, монгол хүний тухай хамгийн анхлан тэмдэглэсэн сурвалж бичгүүд, ном зохиолыг шалгуур болгон контент анализ, харьцуулалт, үнэлэлтийн аргаар шинжилгээ хийсэн юм. Үүнд:
Монгол хүний гадаад, дотоод дүр төрхийн тухай сурвалж бичгүүд, ном зохиолд хэрхэн тэмдэглэсэн талаар хийсэн шинжилгээ Хүснэгт 1
Түүхэн он цаг
Сурвалж бичгүүд, ном зохиолд хэрхэн тэмдэглэсэнд хийсэн шинжилгээ
Үнэлэлт
НТӨ II-I
“Модун шаньюйн удмын Өмнөд Хүннүгийн шаньюй Ло инь 10 настайдаа 7 чи 5 цун өндөр(172-177 см) байсан ба түүний хөмсөг, чамархайн үс нь зурсан юм шиг. Насанд хүрсэн хойноо гайхам зүс царайтай, гоо сайхнаараа бусдаас ялгардаг.Түүний өндөр 8 чи 2 цун (188-193 см) Толгойн үс нь өсгий хүрдэг. Асар их хүчтэй, нум сумаар гайхамшигтай харвадаг. Салхинд хөөгдсөн үүлийг барагдуулам шаламгай хөдөлгөөнтэй.
Хэ лянь бобо-Шаньюйгийн удам биш боловч сурвалжит Хүннү овгоос гаралтай.8 чи 5 цун өндөр (195-200), бүсэлхий 100 вэй. Маргаанд мэргэн цэцнээрээ ялгардаг. Гоо сайхан зүс царайтай.” гэжээ.
Эх сурвалж: Таскин.В.С, (1973) Материалы по истории сюнну (по китайским источником) Вып.2 Москва
Эртний монголчууд , ялангуяа эрчүүд нь бага балчираасаа зэвсэг эзэмшиж сураад ихэвчлэн зэр зэвсэг- нум сум агсаж явдаг ба үзсэн өмнийн тариачин иргэд зэвсэгтэй монголчуудаас айн ширвэгдэх тэднийг аюултай догшин бөгөөд араатан шинжтэй гэж тэмдэглэсэн байдаг.
Эх сурвалж: Лидай (Хоуханьшу)728 дахь тал
Эртний хятадын түүхийн сурвалж бичгүүдэд Цагаан хэрэмнээс хойшхи Монгол угсааны улсуудын хүмүүсийг омголон, түрэмгий, дайн байлдаанд сайн, чийрэг, хүчирхэг шинжтэй, сэргэлэн цовоо хөдөлгөөнтэй гэж нийтлэг онцлогийг тэмдэглэжээ.
Харин
Хятадын нийгмийн ихэс дээдсийн зүгээс тэднийг мунхаг, ухаан мөхөс, бүдүүлэг гэж үзжээ.
НТ I-II зуун
Сянбичуудыг хятад сурвалж бичигт “... Тэд чийрэг хүчтэй, авхаалж самбаа сайтай... Хүннүг бодвол зэвсэг хурц, морь хурдан”
Эх сурвалж: Лидай (Хоуханьшу) 734,752 дахь тал
“ . . .Баруун хойт нутагт газар нь өндөр . . . Өндөр, хүйтэн тэр нутагт чийрэг биетэй, хүч тэнхээтэй хүмүүс амьдардаг, тэдний зан араншин догшин, хүсэл тэмүүлэл зориг шийдэмгийгээр онцлог” гэжээ
Одоогоос 9 зууны тэртээ Хятадын бичгийн хүн Ли-гоу ийнхүү тэмдэглэсэн.
XII-XIY зуун
“ ... Өөрийн эзэндээ үг дуугүй захирагдаж юу юунаас илүү тэднийгээ хүндэтгэж, хэзээ ч эзнээсээ урвадаггүй.Тэд хоорондоо хэрэлдэх, зодолдох, өвөр зуураа дайтах, муудалцах бие биенээ алж шархдуулах явдал гэж огт үгүй. Дээрэмчин ба хулгайч үгүй учраас гэр нь цоожгүй, онгорхой. Ямар нэг мал алдаж гэмээ нь тэр алдуул малтай дайралдсан хэн боловч нэг бол ийм мал харж адуулах албатай тусгай хүмүүс тууж аваачих буюу үгүй бол зүгээр орхин явна.
... Тэд бусад хүмүүсийг бодоход хамаагүй огцом, дүрэлзүүр зантай бөгөөд ясны болхи байдалтай. Түүнчлэн бусад хүмүүсээс үлэмж илүү худалч, бараг үнэн ярина гэж үгүй. Эхлээд уулзахад зуйрган загнах авч сүүлд нь хилэнцэт хорхой мэт хатгах бөлгөө. Тэд залхай бөгөөд мэхтэй болж л өгвөл бүгдийг хуурчих санаатай. ... Маш шунахай сувдаг, харамч улс бөгөөд бусдаас юм гуйж салгахдаа асар чадамгайн дээр эд юмандаа харам, бусдад өгөх тун дургүй болой...”
Плано Карпин. (2006)., “Монголчуудын түүх” УБ., 25 дахь тал
“Монголчууд нэгэн нь нэгийг хүндэлж хоорондоо эвтэй найрамдалтай, хоол идшээ хувааж идэлцэнэ. Хоёр гурван хоног хоол идэхгүй явавч цатгалан мэт дуулж наадах зэргээр ер бачимдахгүй, халуун хүйтнийг сайнаар өнгөрүүлж чадна. Харилцан нэгэнд муу санах, хорлох явдалгүй, чадах чинээгээр бие биед туслалцана.” Рашид-Ад-Дин Судрын чуулган 1-р боть, УБ.,2002, 137 дахь тал
12-14-р зууны монголчуудын тухай бичсэн гадаадынхны ном зохиол, замын тэмдэглэлүүдээс энэ мэт зүйл олныг үзэж болно.
Тэр үеийн аянчин, гийчид монголчуудыг өөлж, муулах бус монгол хүний зан чанарыг ихэвчлэн сайнаар үнэлсэн байна. Гэхдээ монгол хүний зан чанар, үйлдлийн сул талыг ийнхүү дүрсэлсэн ч бий.
XVIII-XIX зуун
“... Чамайг шинжиж бодоход Хятад, Тангад, Монгол гурван улсын авир ёс ямар хэлбэртэй байна” хэмээсэнд:
Хятад хүн луус адгуусны язгууртай тул ногоо идэштэй, урин ихтэй, ичгүүр үл мэдэх, алсын бодлоготой, хомголзох, хонжих буй.
Тангад хүн рагшаа язгуур тул гурил идэштэй, тачаангуй ихтэй, самбаа хурдан, бодлын гол атаа хар санаатай.
Монгол хүн мангас язгууртай тул мах идэштэй, омог ихтэй, үгэнд дуртай, оюун бодол батгүй бөгөөд тэрсэлдэн дайрахыг хичээнэ. ...Монгол хүн сэтгэл батгүй бөгөөд омгоо шатах цагт үүл мэт овойно, даруй шантрах цагт хив мэт зөөлөрнө. ...үйлдсэн явдал нь жаалхан, назгайрч залхуурах нь их”
Данзанравжаа.Д (1962) Зохиолын эмхэтгэл УБ хот., 360-362 дахь тал
“ ...5. Хүний идэх нь мах, цус, сүү, тос, 6.Өмсөх нь арьс хөрс, нэхий, унгас 7.Хүний зан нь хэдүй чигч шулуун боловч сэтгэл нь атхагтай, зан нь цухал, явдал нь цөлс /хянамж боломжгүй, цочмог түргэн/, санаа нь битүү, 8. Төрөх нь /аж төрөх нь/ түгдэг тагдаг, харанхуй бурангуй, хэлэлцэх нь хэрцгий догшин, оморхог бардам, 9. Байдал нь болхи бүдүүлэг сүрхий муухай, явдал нь огт бод үгүй, тэнэг оморхог баахан байвч урт хол зүрх сөс үгүй, 10. Хүч маш сайн бөгөөтөл, өнө удаан зориг тамиргүй, 11. Ёслол дүрэм, цээр ичгүүр хэмээгчийг нэг мөсөн мэдэхгүй.” гэжээ
В.Инжиннаши. (2006) Хөх судар УБ хот., 77 дахь тал
“Өргөн хавтгай нүүртэй, тийм ч том бус жартгар нүдтэй, нармигар хамартай, өнцөглөг духтай, цүлхийсэн чихтэй, ширүүн хар үстэй, зарим нь сахалтай, наранд шарагдсан хүрэн бор арьстай, бадириун биетэй.” гэж Оросын нэрт эрдэмтэн М.Позднеев 1871 онд бичжээ.
Мөхөж байгаа үндэстний төлөөлөгчид, ядуу зүдүү амьдралтай, бүдүүлэг, соёлгүй, иргэншээгүй гэсэн үнэлэлтийг 19-р зууны сүүлч болон 20-р зууны эхэн үеийн Монголчуудад өгсөн байна.
XX зуун
...” Халх овог аймгийн монголчууд дунд зэргийн нуруутай, чийрэг биетэй, өргөн нүүртэй, чамархайны доод яс нь товойсон, навшгардуу хамартай, царайны өнгө боровтор бөгөөд европчуудаас арай харавтар арьстай, ташуу нарийхан жартгай хэлбэртэй гялалзсан хар нүдтэй, тана шиг гялалзсан цагаан шүдтэй, дэлдгэрдүү чихтэй, үсгүй шахам мулзгар нүүртэй, сахалтай хүн ховор, хэрээний далавч мэт хар өтгөн үстэй
Монгол хүний оюун санааны хамгийн чухал шинж бүхий л сэтгэцийн үндэс нь назгай байдал лав мөн... Зан төрхийн найзгай байдалтай нягт холбоотой байдаг монгол хүний өөр бас нэг шинж байдал бол түүний ямар нэгэн тийм зарчимлаг залхуурал юм. Монгол хүнийг ажил хийх авъяас чадваргүй гэж хэлж болохгүй. Тийм биш. Шаардлага гарвал /жишээ нь, аян жин тээх гэх мэт/ тэрбээр удаан бөгөөд мэрийлттэй ажилладаг.
Монголчууд цагийг ер нь ойшоодоггүй, ойшоох арга ч мэдэхгүй. ... Хэрэв та монгол хүнтэй баасан гаригт тэмээн хөсөг хөдөлгөхөөр тохиролцсон бол тэр хөсгийг миний нөхөр нямд юмуу ирэх даваа гаригт л авч ирнэ гэж маш итгэлтэй найдаж болно...
...Гайхмаар ажигламтгай байдал бол монгол хүний шинж гэлтэй. Монгол хүний нүд цаанаа нэг онцгой, Аливаад их нүдтэй. Айлын олон хонинд нийлсэн өөрийн олон хонийг андахгүй ялгаж авна.
... Монголчууд бас маш сониуч. Ёстой л хүүхэд шиг.
...Монгол хүний сэтгэл оюуны талаар хийх тодорхойлолтоо би монгол хүний үнэнч сэтгэл, эв найрын тухай хэдэн үгээр өндөрлөх бодолтой байна...
Эх сурвалж: И.Майский (2001) Орчин үеийн Монгол
...“Монголчууд биологийн талаасаа бусад үндэстнүүдээс илүү ухаалаг, хүчтэй хүмүүс төрөх байгаль, цаг уур, газарзүйн буюу экологийн нөхцлөөр хүрээлэгдсэн байдаг.”
Эх сурвалж: Л.Н.Гумилёв Эртний орос ба аугаа их тал нутаг УБ.,2017
19-р зуунаас
20-р зуунд Европынхон, хөрш Оросын хаант улсын зүгээс Монголын газар нутаг, байгаль болон Монголчуудыг танин мэдэхэд их анхааран судалж, тэдний давуу, сул тал хийгээд онцлог байдлуудыг нь илрүүлж байжээ.
XXI зууны эхэн
“...Ер монголчууд нүдэнд харагдах ашгаас өөр сонирхолгүй, юу ч хэлээд нэмэргүй... монголчуудыг харахаар юмыг зөвхөн хэлбэрдээд л, агуулгыг орхисон шиг бодогдож, санаа зовоох юм... Мэдлэг нь өөрөө олж авсан биш, дандаа бусдаас л дуулсан зүйл байдаг. Ижилхэн санаа бодолтой, нэг түвшний хүмүүс уулзаж ярилцлаа ч хөгжиж дэвшихэд ямар ч нэмэргүй ... Тархины тураал. Сайн сураагүй гэж хэлүүлсэн хэрнээ, бас өөрөө түүнийгээ мэдэж байгаа хэрнээ бодож санах юмгүй явааад л байна ... Хэрэг болбол залхтал гуйж хоргооно, хэргээ бүтсэн хойноо таг чиг болно.... Дэлхий нийтээс ялгарах монголчуудын нэг онцлог бол дээр дурьдсан хэргээ бүтмэгц таг чиг болдог зан”
Кимура Аяако “Тархины тураал” УБ.,1999
Орчин үед техник технологи өндөр хөгжиж, улс төр, нийгэм, соёл, эдийн засаг өөрчлөгдөхийн хэрээр монгол хүний зан чанар, хандлага, ёс суртахуунд ихээхэн хувьсал, өөрчлөлт гарч байна.
Бие махбодь
- Эрүүл чийрэг
- Өлчир
- Хурдтай
- Хүчтэй
- Хөдөлгөөнтэй
- Хатуужилтай
- Түргэн дасан зохицдог г.м.
Оюун ухаан/ танин мэдэхүй
- Саруул
- Цэцэн цэлмэг
- Хурдан, холч ухаан
- Сониуч
- Ажигч гярхай
- Эрдэм номыг эрхэмлэдэг
- Байгальтайгаа харилцаж эрчим авдаг (байгаль орчны оюун ухаан)
- Нүдэн баримжааны өндөр мэдрэмж г.м.
Сэтгэхүй/ сэтгэлгээ
-Хурц, гүн, цэгцтэй
-Тасралтгүй нэлэнхүй сэтгэдэг
-Зоригтой
-Тогтвортой
-Тэгш сэтгэхүйтэй
-Бусдыг магтан сайшаах,
уран сайхнаар шүлэглэн ярих
-Яруу тансагаар өгүүлэх г.м.
Сэтгэл/ нийгэмшил
-Тайван
-Хүнлэг, энэрэнгүй
-Элгэмсэг
-Цайлган, өгөөмөр
-Сэтгэлийн тэнхээтэй
-Хамтач
-Тусч
-Зочломтгой
-Халамжтай
-Хүмүүнийг хайрлах сэтгэл
-Хүний мөс
-Мал, амьтныг хүмүүнчлэн хайрлах сэтгэл г.м.
III. Судалгааны үр дүн
Аливаа улс, үндэстний үнэт зүйл гэдэг нь тэдний түүхэн хувьсал, хөгжлийнхээ явцад бүтээн бий болгосон, өвлөж, хөгжүүлж байх ёстой оюун, сэтгэлийн болон эдийн дээд эрхэмлэлт зүйлийн цогц юм. Хүмүүс үндэснийхээ үнэт зүйлд үнэмшиж итгэдэг, зан үйл, сурч боловсрохдоо удирдлага болгодог онцлогтой. Судалгаанаас үзэхэд, үнэт зүйлийг хэмжээ далайцаар нь шалгуур болговол, хувь хүний, гэр бүлийн, бүлэг хамт олны, орон нутгийн, улс үндэстний, дэлхий нийтийн үнэт зүйл хэмээн ангилж болно. Харин хувь хүний буюу хүнийг хамгийн дээд үнэт зүйл гэж үзэж, монгол хүн, түүний сурах боломж, өгөгдлүүдийг үнэт зүйл хэмээн тусгайлан судалж, тодорхойлох оролдлого хийлээ. Бид Монголчуудын дүр төрх, шинж байдлын тухай түүхэн харьцуулсан шинжилгээ, орчин үеийн дотоодын болон гадаадын эрдэмтдийн судалгаа, ажиглалтандаа тулгуурлан монгол хүн, түүний суралцах цөм үнэт зүйлийн 4 хэмжээс бүхий ерөнхий тогтолцоог хүмүүний суралцахуйн хүрээний дагуу дараах байдлаар дэвшүүлж байна. Үүнд:
Монгол хүний суралцахуйн үнэт зүйлийн ерөнхий тогтолцооДүгнэлт
- Манай дэлхийн үндэстэн, угсаатнуудын, тэрчлэн хувь хүний оршин буй нутаг, аж төрөх хэв маяг, соёл олон янз байна. Ийнхүү хүмүүний сэтгэл зүй, аж төрөх арга, ахуй, соёлын олон янз байдал, төрмөл шинж-суралцах хэв шинжид нийцсэн боловсрол олох, олгохыг боловсролын хүн судлал судалдаг байна. Өөрөөр хэлбэл, боловсролын хүн судлал нь өөрийн гэх судлах зүйлтэй, судалгааны өвөрмөц онол, арга зүй, зарчимтай, боловсролын шинжлэх ухааны бие даасан салбар ухаан юм.
- Өмнө авч үзсэнчлэн Монголын түүхэн өөрчлөлт бүхий голлох он цаг, зуунд гарсан сурвалж бичгүүд, ном зохиолууд дахь гадаадын жуулчид, эрдэмтэд, дотоодын бичгийн хүмүүсийн монгол хүний гадаад, дотоод төрх байдал, давуу, сул талын тухай илэрхийлэл, баримтууд нь Монгол хүний антропологи болон боловсролын антропологийн элементүүдийг агуулсан анхны судалгаа байжээ хэмээн дүгнэж байна.
- Монгол хүний сурах боломж, өгөгдлүүд буюу суралцах цөм үнэт зүйл болох бие мах бодь, оюун ухаан-танин мэдэхүй, сэтгэхүй- сэтгэлгээ, сэтгэл-нийгэмшлийн талаар бидний дэвшүүлж буй эл 4 хэмжээст ерөнхий тогтолцоо нь шинжлэх ухааны үндэслэлтэй юм. Тодруулбал, бидний судалгааны хүрээн дэх бүх бүтээлд Монгол хүн бие бялдарын хувьд хурдтай, хүчтэй, хөдөлгөөнтэй, мөн хурдан, сэцэн сэтгэдэг гэсэн үнэлэлт хамгийн олон давтамжтай байгаа зэргээр нотолж болно. Эл суралцах ерөнхий тогтолцооны дэд бүрдэл, үзүүлэлтүүд болон сул талуудыг нь гэтлэх асуудлуудыг цаашид лавшруулан судлах нь зүйтэй юм.
Ном зүй, ишлэл
- Бэгз.Н,Санжаабадам.С,Энхбаяр.Б,Лхагвасүрэн.Ц,Баярмаа.Б,Баярсайхан.,Б (2018). Хүүхэд, залуучуудын хөгжлийн онол, арга зүй УБ.,
- Дорж.Т, (2016) Эзэн Чингис хааны удирдахуйн увдис. УБ.,
- Инжиннаши.В, (2006) Хөх судар УБ ., 77 дахь тал
- Майский.Й, (2001) Орчин үеийн Монгол УБ.,
- Рашид-Ад-Дин, (2002) Судрын чуулган 1-р боть, УБ., 137 дахь тал
- Монгол соёл урлаг судлал (2019). Боть-31, дэвтэр 1-20, Батсуурь.Ж, “Монголчуудын генийн сувгийн нууцад нэвтрэхүй” 175 дахь тал
- Данзанравжаа.Д (1962) Зохиолын эмхэтгэл УБ., 360-362 дахь тал.
- Одхүү.С, (2019) Монгол менталитет УБ.,
- Пүрэв.О,(2007).Монголын боловсрол, сургалтыг хүмүүншүүлэх онол, арга зүйн зарим асуудал. УБ.,
- Плано Карпин. (2006) “Монголчуудын түүх” УБ.,
- Энхтүвшин.Б, Сумьяа. Б, (2015) Нүүдлийн ба суурин соёл.УБ., 52-58 дахь тал
- Сы Ма Чянь.,(2016) Түүхэн тэмдэглэл Хүннүгийн шаштир (Орчуулсан Ба. Батжаргал) УБ.,
- Таскин.В.С, (1973) Материалы по истории сюнну (по китайским источником) Вып.2 Москва
- Barnard A., Spencer J. 1996. Encyclopedia of Social and Cultural Anthropolog. London: Routledge.
- Kottak C.P,(2004) Anthropology: The Exploration of Human Diversity. Montreal: McGraw-Hill.