Авлигаас урьдчилан сэргийлэх эрх зүйн зарим зохицуулалт, хасхом гаргагчдад хүргэх зөвлөгөө мэдээлэл

АВЛИГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ЭРХ ЗҮЙН ЗАРИМ ЗОХИЦУУЛАЛТ

ХАСХОМ ГАРГАГЧДАД ХҮРГЭХ ЗӨВЛӨГӨӨ МЭДЭЭЛЭЛ

            Монгол Улс Авлигын эсрэг хуулийг 2006 оны 7 дугаар сарын 6-ны өдөр шинэчлэн баталж, мөн оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн даган мөрдөж  эхэлсэн. 2007 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Авлигатай тэмцэх газар байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байна.

Авлигатай тэмцэх газар нь /АТГ/ Авлигатай тэмцэж, шударга ёсыг тогтоон хөгжил дэвшилд хүргэнэ зорилготойгоор авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын гэмт хэргийг илрүүлэх зорилгоор гүйцэтгэх ажил, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах, хуульд заасан этгээдийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгах чиг үүрэг бүхий хараат бус, бие даасан, төрийн тусгай байгууллага юм. .

Авлигын тухай хуульд тухайн албан тушаалтны Хөрөнгө орлогын мэдүүлгийг шалгах дараах үндэслэлийг заасан бөгөөд Авлигатай тэмцэх газрын Хяналт, шалгалт дүн шинжилгээний хэлтэс нь дээрх чиг үүргийг хэрэгжүүлдэг. ХАСХОМ-ийг Авлигын тухай хуулийн 4.1 заасан албан тушаалтаас гадна УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2014 оны 20 дугаар тогтоолын хавсралтад заасан албан тушаалтнууд гаргахаар зохицуулсан байдаг.

                                                            ХАСХОМ гаргахтай холбогдуулан анхаарах зарим асуудал.

МЭДҮҮЛЭГ ГАРГАГЧИЙН ҮҮРЭГ: Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т зааснаар мэдүүлгээ тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн албан тушаалыг хашиж байх хугацаандаа жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж холбогдох байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй.

            ХАСХОМ хугацаа хожимдуулж гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй бол Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.5, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт тус тус зааснаар гаргаж өгөөгүйд тооцно.

Мэдүүлэг гаргагч нь хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /цаашид “ХАСХОМ” гэх/-ээ эрх бүхий албан тушаалтан /цаашид “ЭБАТ” гэх/-д хүлээлгэн өгөхдөө Мэдүүлгийн бүрдүүлэлтийн цахим сан (https://meduuleg.iaac.mn)-д мэдүүлгээ гаргасан бол үнэн, зөв мэдүүлсэн талаарх баталгааг тухайн байгууллагын мэдүүлгийг хүлээн авах эрх бүхий албан тушаалтанд гаргана.” гэж заасны дагуу “баталгааны маягт”-аар гаргаж, “ХАСХОМ хүлээн авсан тухай бүртгэл”-ийн дэвтэрт гарын үсгээ зурах үүрэгтэй.

Мэдүүлэг нь

  • ХАСУМ,
  • ХАСХОМ,
  • Мэдэгдэл тайлбар,
  • Сонгуульд нэр дэвшигчийн ХОМ гэж 4 хэсэгт хуваагддаг байна.

ХАСХОМ-ийг дараах тохиолдолд гаргана. Авлигын эсрэг хуулийн 10.3-т Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хааж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж холбогдох байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй. Хөрөнгө, орлогын мэдүүлгийг хуульд заасан хугацаанаас хожимдуулж гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй бол гаргаж өгөөгүйд тооцно.

  • Шинээр томилогдсон,
  • Шинэчлэн гаргах /жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор/,
  • Их хэмжээний өөрчлөлт /хөрөнгө орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээгээр өөрчлөлт гарсан, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, тогтоомжийн хүрээнд 105 сая төгрөгөөс дээш өөрчлөлт/ орсон тохиолдолд 30 хоногийн дотор мэдүүлнэ. Үүнийг хөрөнгө хэлбэрээ өөрчилсөн үнийн дүн 105 сая төгрөг түүнээс дээш гэж ойлгоно.

Дараах тохиолдолд Авилгатай тэмцэх газраас албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтэд хяналт тавьж, төлөвлөгөөт хяналт, шалгалт, дүн шинжилгээ хийнэ.

  1. Мэдүүлгээ хожимдуулсан
  2. Мэдүүлгээ хуулийн хугацаанд гаргаагүй
  3. Авилгатай тэмцэх газрын төлөвлөгөөт хяналт, шалгалт
  4. Өргөдөл гомдол, мэдээллийн мөрөөр
  5. Хөрөнгийн эх үүсвэрийг заагаагүй, түүнийг хэрхэн олсон талаар хангалттай тайлбарлаагүй зэрэг болно.

Авилгатай тэмцэх газрын 2020 оны хяналт, шалгалтаар ХАСХОМ-ийг хамгийн их зөрчилтэй мэдүүлсэн хэсэгт: Орон сууц, барилга байгууламж, Их хэмжээний өөрчлөлт, Орлого, хадгаламж бэлэн мөнгө, хувийн болон харилцах данс, картын үлдэгдлээ зөв мэдүүлээгүй, тээврийн хэрэгсэл, зээлээ мэдүүлээгүй орхигдуулсан зэрэг хамаарч байгаа бөгөөд мэдүүлэг гаргагч гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийн мэдээллийг үнэн зөв тусгаагүй байсан байна.

ХАСХОМ-ийг гаргахдаа алдаа гаргахгүй, үнэн зөв мэдүүлэхэд онцгойлон анхаарах шаардлагатай байна. Үүнд:

  1. Мэдүүлэг гаргагч өөрийн оршин суух хаяг, email хаяг, утасны дугаарын өөрчлөлтийг заавал тусгаж байх
  2. Хамаарал бүхий этгээдүүдийг дутуу мэдүүлэх алдаа гаргахгүй байхад анхаарах /эх, эцэг, ах, эгч, дүү, хадам аав, ээж, ах, дүү, эхнэр, нөхрийн дүү гэх мэт/
  3. Ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбогдсон хувь хүн, хуулийн этгээдийн талаар тусгах /компаний хувьцаа эзэмшигч, эсвэл үүсгэн байгуулагч эсэх талаар, нөхрийн дүүтэй эсвэл найзтайгаа хамтран автомашины худалдаа эрхэлдэг гэх мэт/
  4. Гишүүнчлэл, хуулийн этгээдийн удирдах зөвлөлийн гишүүнчлэлтэй эсэх талаар /тайлбар хэсэгт 2017 оноос одоог хүртэл гэх мэт/
  5. Бэлэг /нэг сарын цалингаас дээш бэлэг болон үйлчилгээ авсныг бичих./ Хандив, тусламж, өв залгамжлалаар бий болсон хөрөнгийг орхигдуулахгүй байх, үнэлгээг тухайн үеийн зах зээлийн үнээр мэдүүлэхэд анхаарах
  6. Хөрөнгө орлого, шагнал, үйл ажиллагааны орлого, эх үүсвэрийг мэдүүлэх /өөрийн болон гэр бүлийн гишүүний цалин хөлс, тэдгээртэй адилтгах орлого/
  7. Өөрийн болон гэр бүлийн гишүүдийн бэлэн мөнгө, орлого, төлбөрийн данс, хадгаламж, хадгаламжийн хүүгийн орлого, хадгаламж, харилцах дансны, картын үлдэгдэл, зээл, зээлийн үлдэгдлийг зөв нягталж, тодруулж мэдүүлэх /гэр бүлийн гишүүдэд буруу мэдүүлсэн тохиолдолд ажлаас халагдах хүртэл хариуцлага тооцох болохыг ойлгуулах, зөв мэдээллийг гаргуулан авах/

8.Үйл ажиллагаа явуулдаг компанитай бол орлого, хөрөнгийн үнэлгээ /тухайн үеийн зах зээлийн үнээр бичих/ зэргийг үнэн зөв мэдүүлэх

  1. Шинээр бий болсон хөрөнгө /орон сууц, байшин, барилга, автомашин гэх мэт/ хөрөнгөө худалдах замаар өөр хөрөнгө бий болгосон, түүнд зориулж зээл авсан бол мэдүүлэх

10.Автомашин эзэмшдэг бол эцсийн өмчлөгчийг тодорхой бичих /ихэвчлэн бусдад автомашинаа зарж борлуулсан атлаа өмчлөгчийн нэр шилжүүлээгүй тохиолдол гардаг болохыг анхаарах/

  1. Түрээсийн орлого, компаний орлого зэрэг бусад олсон орлогыг үнэн зөвөөр мэдүүлэх
  2. Өөрийн болон гэр бүлийн гишүүдийн өмчлөл, эзэмшилд байгаа болон ашиглаж байгаа газраа мэдүүлэхэд анхаарах

Хууль болон дүрэмд ХАСУМ, ХАСХОМ гаргагчийн эрх, үүрэг

 “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн

3.1.1.б. хууль зөрчсөн, авлига авсан, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан аливаа үйлдэлтэй эвлэршгүй байж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд мэдээлэх;

3.1.7.г. авлигын орчин үүсэхээс урьдчилан сэргийлэх; 

Авлигын эсрэг хууль:

4 дүгээр зүйл.Хуулийн үйлчлэлд хамаарах этгээд

4.1.Доор дурдсан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарна:

4.1.1.төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан;

4.1.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч, ахлах нягтлан бодогч;

4.1.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан;

4.1.4.олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн дарга, гишүүн, ерөнхий захирал;

4.1.5.улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжилт авч төрийн тодорхой чиг үүргийг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэж байгаа төрийн бус байгууллагын удирдах албан тушаалтан;

4.1.6.Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч;

4.1.7.бүх шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, төлөөлөгч;

4.1.8.эрх бүхий байгууллагаас баталсан жагсаалтад заасан албан тушаалтан;

4.1.9.Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 4.1.7-д заасан Ирээдүйн өв сан корпорацийн эрх бүхий албан тушаалтан, хяналтын зөвлөлийн гишүүн.

10.2. Мэдүүлэг гаргагч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлого, зээлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй.

3.1.5. “хамаарал бүхий этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг;

3.1.6. “нэгдмэл сонирхолтой этгээд” гэж тухайн нийтийн албан тушаалтантай ашгийн төлөө үйл ажиллагаагаар холбоотой хувь хүн, хуулийн этгээдийг,

3.1.7. “ашгийн төлөө үйл ажиллагаа” гэж компани, нөхөрлөл, хувиараа эрхлэх аж ахуй зэрэг аж ахуй, худалдаа, зээл, санхүүгийн бүх төрлийн байгууллагын үйл ажиллагааг;

3.1.8. “хандив” гэж нийтийн албан тушаалтанд тодорхой зориулалтаар, үнэ төлбөргүй, эсхүл нийтэд санал болгож байгаа хөнгөлөлтөөс илүү хөнгөлөлттэй үнээр санхүүгийн эх үүсвэр, эд хөрөнгө шилжүүлэх болон үйлчилгээ үзүүлэхийг;

3.1.9. “бэлэг” гэж нийтийн албан тушаалтанд үнэ төлбөргүй эд хөрөнгө өгөх, үйлчилгээ үзүүлэх болон эрх шилжүүлэх, үүргээс чөлөөлөх, нийтийн албан тушаалтантай хамаарал бүхий этгээдийн тусын тулд эрхээс татгалзах зэрэг бусад хэлбэрийн санхүүгийн үр ашгийг;

3.1.11. “ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал” гэж тухайн нийтийн албан тушаалтан өөрийн нэг ангид сурч байсан болон сурч байгаа этгээд, мөн гишүүнчлэлд нь хамаардаг холбоо, сан, хамтын шийдвэр гаргадаг байгууллага, тэдгээрийн гишүүд, нэг нутгийн хүн гэх зэрэг олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгохуйц этгээдтэй холбоотой асуудлаар үйл ажиллагаа явуулахыг.

10.3. Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ тухайн албан тушаалд томилогдсон буюу сонгогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн алба хааж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй.

10.4. Мэдүүлэг гаргагч 30 хоногийн хугацаанд мэдүүлгээ мэдүүлсний дараа хөрөнгө, орлого нь нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу түүнээс дээш хэмжээгээр өөрчлөгдсөн бол түүнийг тухай бүр 30 хоногийн дотор мэдүүлнэ.,

13.3. Хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх эрх бүхий албан тушаалтан мэдүүлэг засваргүй, бүрэн гүйцэд бөглөгдсөн, хугацаандаа өгсөн эсэхэд хяналт тавьж, мэдүүлгийг зохих журмын дагуу гаргаж өгөхийг шаардах, хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл байвал бүрэн эрхийнхээ хүрээнд хянан шалгах буюу Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулах үүрэгтэй.,

13.7. Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын эх үүсвэрээ бодитой, үнэн зөв тайлбарлах үүрэгтэй.

13.8. Мэдүүлэг гаргагч хөрөнгө, орлогын мэдүүлгээ хугацаа хожимдуулж гаргасан, эсхүл бүртгүүлээгүй буюу худал мэдүүлсэн бол дараах хариуцлага хүлээлгэнэ:

13.8.1. Нэг сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн, хөрөнгө, орлогын мэдүүлгийг заасан хугацаанаас хожимдуулсан нь хүндэтгэн үзэх шалтгаантай бол сануулах;

13.8.2. Зургаа хүртэл сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн, хөрөнгө, орлогын мэдүүлгээ удаа дараа хугацаа хожимдуулж гаргасан бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах;

13.8.3. Зургаан сараас дээш нэг жил хүртэлх хугацааны цалинтай тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй буюу худал мэдүүлсэн бол албан тушаал бууруулах, эсхүл албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах;

13.8.4. Нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль:

8.2. Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхэд ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсч болзошгүй нөхцөлд албан үүргээ гүйцэтгэхээс татгалзаж, энэ тухай эрх бүхий байгууллага, албан тушаалтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй.

23.2. Мэдүүлэг гаргагч хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ өөрөө үнэн зөв гаргах үүрэгтэй.

23.3. Албан тушаалтан хувийн ашиг сонирхлын мэдүүлгээ тухайн албан тушаалд сонгогдсон буюу томилогдсон өдрөөс хойш 30 хоногийн дотор, цаашид тухайн албан тушаалыг хашиж байгаа хугацаандаа жил бүрийн 02 дугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргаж, энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан байгууллага, албан тушаалтанд өгөх үүрэгтэй.

27.1. Албан тушаалтан өөрийн мэргэжил, салбар, байгууллагад даган мөрдөж байгаа ёс зүйн дүрэмд үйл ажиллагаагаа нийцүүлэн ажиллана.

27.2. Албан тушаалтан өөрийн үйл ажиллагааны шударга, төвийг сахисан байдалдаа ёс зүйн шалтгаанаар эргэлзээ төрвөл албан үүргээ гүйцэтгэхээс, эсхүл давхар ажил, албан тушаал эрхлэхээс татгалзах үүрэгтэй.

 

 Амжилт хүсье.

Төстэй мэдээ