Ажилгүйдлийн тэтгэмж авах эрхийн талаар

 АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖ АВАХ ЭРХИЙН ТАЛААР

Ажилгүйдлийн тэтгэмж гэдэг нь даатгуулагч нь ажилгүй болох үед ажилгүйдлийн даатгалын сангаас олгох мөнгөн хөрөнгө юм.

Ажилгүйдлийн тэтгэмж нь Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын конвенцийн заалтад нийцүүлэн Монгол Улсад 1995 оноос хойш бий болсон даатгалын шинэ төрөл юм. Ажилгүйдлийн даатгалын сангаас 1997 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс ажилгүйдлийн тэтгэмж олгож эхэлсэн.

Монгол улсын Үндсэн хууль-ийн хоёрдугаар бүлэг, арван гурав дугаар зүйлийн 5 дахь хэсэгт өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах эрхтэй гэж заасан байдаг.

Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хууль-ийн 2 дугаар зүйлд Ажилгүйдлийн тэтгэмж авах эрхийн тухай зохицуулсан.

Ажилгүйдлийн тэтгэмж авахыг хүссэн иргэн тодорхой нөхцөл болзлыг хангасны үндсэн дээр, шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэн харьяа сум, дүүргийн нийгмийн даатгалын байгууллага, нийгмийн даатгалын ажилгүйдлийн тэтгэмж хариуцсан байцаагчид хандаж ажилгүйдлийн тэтгэмж авах эрх үүснэ.

Ажилгүйдлийн тэтгэмж авах болзол хангасан даатгуулагч ажилгүй болсноос хойш 6 сарын дотор мэргэжил олгох болон давтан сургалтад хамрагдвал сургалтын зардлыг нь ажилгүйдлийн даатгалын сангаас санхүүжүүлнэ.

Ажилгүй болсноо бүртгүүлэх

Ажлаас халагдсан даатгуулагч ажил олгогчтойгоо тооцоо хийж дууссанаас хойш 14 хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 3 хүртэл сарын дотор оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ хөдөлмөр эрхлэлтийн алба, уг бирж байхгүй бол нийгмийн даатгалын байгууллагад бүртгүүлэх үүрэгтэй

АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖ АВАХАД БҮРДҮҮЛЭХ БИЧИГ БАРИМТ

  • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний алба ажилтны баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл,
  • Нийгмийн даатгалын дэвтэр сар бүрийн хөдөлмөрийн хөлс шимтгэл төлөлт, ажилд авсан болон халагдсан тушаалыг бичүүлж, тамга тэмдгээр баталгаажуулж, шилжилт хөдөлгөөн хийгдсэн
  • Ажлаас халсан тухай шийдвэр зэргийг бүрдүүлнэ.

Даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэлийг ажилгүй болохоосоо өмнө 24 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 9 сард нь тасралтгүй төлсөн нөхцөлд ажилгүйдлийн тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх анх үүснэ.

Урьд нь ажилгүйдлийн тэтгэмж авсан даатгуулагч ажилгүйдлийн даатгалын шимтгэл 12 сар төлсөн нөхцөлд тэтгэмж авах, мэргэжлийн сургалтад хамрагдах эрх нь дахин үүснэ.

Ажилгүйдлийн тэтгэмж олгох хугацаа

Хөдөлмөр эрхлэлтийн алба буюу нийгмийн даатгалын байгууллага нь ажилгүйдлийн тэтгэмж олгох, мэргэжлийн сургалтад хамруулах асуудлыг өргөдөл, холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.

Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг бүртгүүлсний дараагийн өдрөөс эхлэн ажлын 76 өдрийн хугацаанд олгоно.

Ажилгүйдлийн даатгал

Хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос дараах хувь хэмжээгээр шимтгэл төлнө.

Ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээ

0.2%

 

Даатгуулагчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээ

0.2%

 

Даатгуулагчид ажилгүйдлийн тэтгэмжийг шимтгэл төлсөн сүүлийн 3 сарын дундаж хөдөлмөрийн хөлс, орлогоос дараах хувь, хэмжээгээр бодож олгоно.

Шимтгэл төлсөн хугацаа

Тэтгэмж бодох хувь

5 хүртэл жил

45%

5-10 хүртэл жил

50%

10-15 хүртэл жил

60%

15 ба түүнээс дээш жил

70%

АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖИЙГ ЗОГСООХ

  • хөдөлмөр эрхлэлтийн албанаас боловсролын түвшин, мэргэжлийн чиглэлийг нь харгалзан санал болгосон ажлын байранд ажиллахаас 2 удаа татгалзсан;
  • хөдөлмөр эрхлэлтийн алба, нийгмийн даатгалын байгууллага, ажил олгогчоос зохион байгуулсан цалин хөлстэй түр ажилд хүндэтгэх шалтгаангүйгээр ороогүй;
  • даатгалын байгууллагаас сургалтын зардлыг нь хариуцаж зохион байгуулсан мэргэжлийн сургалтанд ороогүй;
  • хорих ял эдлүүлэх тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон.

АЖИЛГҮЙДЛИЙН ТЭТГЭМЖИЙГ БУЦААН ТӨЛҮҮЛЭХ ТУХАЙ

Даатгуулагчийн хууль бусаар ажлаас халагдсаныг шүүхээс тогтоож, түүний ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгож, ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч нь Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцож зохих санд төлсөн тохиолдолд тухайн даатгуулагчийн ажилгүй байх хугацаанд авсан ажилгүйдлийн тэтгэмжийг санд буцаан төлүүлж, тооцоо хийнэ.

ГОМДОЛ ГАРГАХ

Иргэн та гомдол гаргахдаа тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллага, албан хаагчид эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.

Хэрэв таны гаргасан гомдлыг дээд шатны байгууллага, албан хаагч хүлээн авахаас татгалзсан эсхүл үндэслэлгүй байна гэж үзвэл Захиргааны хэргийн шүүхэд харьяаллын дагуу хандах бүрэн эрхтэй.

Мөн та нийгмийн даатгалын байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрт санал нийлэхгүй гомдолтой гэж үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 92-р зүйлийн 92.1; 92.2 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                   

Төстэй мэдээ