ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХ

ХӨДӨЛМӨРЛӨХ ЭРХ

Өмчийн олон хэвшил бүхий зах зээлийн харилцаанд хүмүүс хөдөлмөр эрхлэлтэд ямар нэгэн байдлаар хамаардаг. Тухайлбал: Иргэд зөвхөн төрийн албанд ажиллах бус хувийн хэвшилд ажиллаж хөдөлмөрийн харилцаанд өдөр тутам оролцож байдаг.

Ажилтан ажиллах явцдаа өөрийн хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах, эрхээ эдлэх, үүргээ биелүүлэхэд хөдөлмөрийн эрх зүйн асуудлыг танин мэдэх, амьдралд хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага бий болдог.

МУ-ын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4. МУ-ын иргэн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх эрхтэй. Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй.

Ажил олгогч, ажилтантай хөдөлмөрийн харилцаа үүсгэхдээ хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, хөдөлмөрийн гэрээний нэг хувийг ажилтанд өгч, ажил олгогч нь ажилтныг ажил авсан тухай тушаал гаргана. Хөдөлмөрийн гэрээ нь талууд гарын үсэг зурсан өдрөөс хүчин төгөлдөр болно. Хөдөлмөрийн гэрээг байнгын ажлын байранд хугацаагүйгээр, талууд харилцан тохиролцсоноор хугацаатайтайгаар байгуулж болно. Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажил олгогч ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардах болохгүй./Хөдөлмөрийн тухай хуулийн 24.3. /

Хөдөлмөрийн хугацаагүй гэрээ

Ажил олгогч байнгын ажлын байранд ажиллах ажилтантай хөдөлмөрийн хугацаагүй гэрээ байгуулах үүрэгтэй. Хугацаагүй гэрээг тодорхой үндэслэл, шаардлага үүссэн тохиолдолд ажилтантай харилцан тохиролцсноор хугацаатай байгуулж болно. /Хугацаагүй гэрээг хугацаатай байгуулахыг ажилтан, ажил олгогчийн ямарч шахалт, шаардлага, зүй бус нөлөөлөл зэрэг хөндлөнгийн дарамтгүйгээр, өөрийн хүсэл зоригийн дагуу сайн дураар зөвшөөрсөн байх учиртай./

Хугацаатай хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусмагц талууд түүнийг цуцлах санал тавиагүй бөгөөд ажилтан ажлаа гүйцэтгэсээр байгаа бол уг гэрээг анх заасан хугацаагаар сунгагдсанд тооцдог.

Ажилд авах туршилтын хугацаа

Ажилтныг ажилд авахдаа мэргэжлийн ур чадвар, ажлын дадлага, туршлага тухайн ажлыг гүйцэтгэхэд тохирох эсэхийг шалгах зорилгоор туршилтын хугацаа тогтоож болох бөгөөд туршилтын хугацаа гурван сар хүртэл байна. Хөдөлмөрийн гэрээнд туршилтын хугацааг заагаагүй бол ажилтныг туршилтын хугацаагүйгээр ажилд авсанд тооцно.

Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээний гол нөхцлийг тохиролцохоос өмнө дараах бичиг баримтыг боловсруулж мөрдүүлсөн байх ёстой.Үүнд:

  • Ажил албан тушаалын жагсаалт гаргах
  • Албан тушаалын тодорхойлолт боловсруулах
  • Үндсэн цалингийн сүлжээ, жишиг цалин олгох нөхцөл журмыг тогтоох
  • Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээг хийлгэсэн байх зэрэг.

Хөдөлмөрийн гэрээний гол нөхцөл:

  • Ажлын байрны буюу албан тушаалын нэр
  • Ажлын байрны /Албан тушаалын/ тодорхойлолтод заасан ажил, үүрэг.
  • Үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ
  • Хөдөлмөрийн нөхцөл /хэвийн, газар доорх, халуун, хортой, хүнд гэх мэт/
  • Ажил олгогч болон ажилтны эрх, үүрэг

Хөдөлмөрийн гэрээний бусад нөхцөлийг байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд тусгасан байна.Тухайлбал:

  • Хөдөлмөрийн гэрээний хугацаа
  • Илүү цагаар болон 7 хоногийн амралтын өдөр, нийтээр амрах баярын өдөр, шөнийн цагаар ажилласны хөлсийг олгох зохицуулалт
  • Цалин хөлс олгох журам
  • Ажил, амралтын цагийн үргэлжлэх хугацаа
  • Шагнал, урамшуулал, бүх төрлийн хөнгөлөлт, тэтгэмж тэдгээрийг олгох нөхцөл, журам
  • Хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлага ногдуулах журам

Ажил олгогчийн эрх.

  • Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам батлан мөрдүүлнэ.
  • Ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах
  • Хөдөлмөрийн хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй.

 Ажил олгогч ажилтныхаа өмнө дараах үүрэг хүлээнэ:

  • Ажилтанд гэрээнд заасан цалин хөлс олгох;
  • Ажилтантай хөдөлмөрийн гэрээ хийх;
  • Ажилтныг хөдөлмөрлөх нөхцөлөөр хангах.
  • Ажил олгогч нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.

Ажилтны эрх:

  • Ажилдаа тохирсон цалин хөлс авах;
  • Амрах;
  • Эрүүл ахуйн шаардлагад нийцсэн хөдөлмөрийн нөхцөлөөр хангуулах;
  • Ажлын байрандаа болон ажил үүрэгтэйгээ холбоотойгоор ажил хийх байранд үйлдвэрлэлийн осол, мэргэжлийн өвчлөл зэрэг хөдөлмөрийн аливаа сөрөг хүчин зүйлээс хамгаалуулах;
  • Ажилтан нийгмийн даатгалын хууль тогтоомжид заасан болзлыг хангасан тохиолдолд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж авах;
  • Хөдөлмөрийн чадвараа алдах, хүүхэд төрүүлэх, асрах болон хуульд заасан бусад тохиолдолд эд, мөнгөний тусламж авах;
  • Өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалах зорилгоор эвлэлдэн нэгдэх

Ажилтны үүрэг:

  • Гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэх, үр дүнтэй, чанартай гүйцэтгэх;
  • Хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг чандлан сахих;
  • Ажил үүрэгтэй холбогдох шаардлагыг бүрэн хангаж, хариуцан ажиллах;
  • Мэргэжлийн ур чадвараа байнга дээшлүүлэн идэвх санаачилгатай ажиллах;
  • Хөдөлмөр хамгааллын дүрэм, зааврыг нарийн мөрдөж ажиллах;

Хөдөлмөрийн гэрээ дуусгавар болох үндэслэл.

  • Талууд харилцан тохирсон;
  • Ажилтан нас барсан;
  • Хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусаж цаашид сунгагдахгүй болсон;
  • Ажилтан цэргийн жинхэнэ албанд татагдсан;
  • Ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас уг ажил үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй гэх шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болсон;
  • Хөдөлмөрийн гэрээг ажилтны буюу ажил олгогчийн санаачилгаар цуцалсан;
  • Хууль тогтоомжид заасан эрх бүхий байгууллага шаардсан;
  • Ажлаас буруу халагдсан ажилтныг урьдах ажил, албан тушаалд эгүүлэн тогтоосон.

Хөдөлмөрийн гэрээ цуцлах

  • Ажилтан, ажил олгогч хоёрын аль нэг нь санаачилсан бол цуцална. /Ажилтан гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй,
  • Хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж болно.

 Ажил олгогч нь доорх үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцална:

  • Аж ахуйн нэгж байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн;
  • Ажилтан мэргэжил ур чавдар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон;
  • Ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн;
  • Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэл гаргасан нь тогтоогдсон;
  • Сонгууль, томилолтоор өөр орон тооны ажил,албан тушаалд ажиллах болсон;
  • Ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан.
Төстэй мэдээ