ХӨДӨЛМӨРИЙН МАРГААНЫГ ШИЙДВЭРЛҮҮЛЭХ НЬ

ХӨДӨЛМӨРИЙН МАРГААНЫГ ШИЙДВЭРЛҮҮЛЭХ НЬ

Хөдөлмөрийн маргаан үүсэх тохиолдол:

Хөдөлмөрийн маргаан нь хэн, юуны талаар маргаж байгаагаас хамаарч 2 янз байдаг бөгөөд маргах журам нь өөр өөр байна.

Хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, биелүүлэх, биелэлтэд нь хяналт тавих явцад гэрээ, хэлэлцээрт оролцогч талуудын хооронд саналын зөрүү үүсвэл хөдөлмөрийн хамтын маргаан болдог.

Ажилтан ба ажил олгогчийн хооронд хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлын хүрээнд саналын зөрүү үүсвэл хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан гэж үздэг.

Хөдөлмөрийн хамтын болон ганцаарчилсан маргаан нь түүнийг шийдвэрлэх явц, талуудын хүлээх эрх, үүргээр ялгарна. Тухайлбал:

  • ажил хаялт нь хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэх зорилготой арга зам бөгөөд үүнийг зөвхөн хөдөлмөрийн хамтын маргааны үед хэрэглэдэг.
  • Хєдєлмєрлєх эрх, тvvнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлын хvрээнд хєдєлмєрийн гэрээний талуудын хооронд vvссэн саналын зєрvvг "Хєдєлмєрийн ганцаарчилсан маргаан" юм.

Хөдөлмөрийн маргааныг хэн шийдвэрлэдэг вэ

  • Хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисст буюу шүүхэд хандан шийдвэрлүүлнэ.
  • Хөдөлмөрийн маргааны агуулгаас хамаарч зарим маргааныг заавал комиссоор эхэлж шийдүүлэх ёстой байдаг. Комисс нь шүүхэд хянан шийдвэрлэхээр зааснаас бусад маргааныг шийдвэрлэнэ.

Хөдөлмөрийн ямар маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх вэ

ü  Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай ажилтны гомдол;

ü  Ажилтнаас хөдөлмөрлөх үүргээ биелүүлж байхдаа аж ахуйн нэгж, байгууллагад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажил олгогчийн нэхэмжлэл;

ü  Хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үед эрүүл мэнд нь хохирсны улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухай ажилтны нэхэмжлэл;

ü  Буруу халсан буюу шилжүүлсэн үеийн олговрын талаар гарсан маргаан;

ü  Сахилгын шийтгэл буруу ногдуулсан тухай ажилтны гомдол;

ü  Хөдөлмөрийн гэрээний нөхцөлийг дордуулсан тухай ажилтны нэхэмжлэл;

ü Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар өөрийн онцлогт тохируулан тогтоосон байгууллагын бусад тушаал, шийдвэр хууль тогтоомжид нийцээгүй тухай ажилтны нэхэмжлэл.

Шүүхээр маргааныг шийдвэрлүүлэх тохиолдолд ажил олгогчийн харьяалагдах сум, дүүргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргана. Мөн шүүхэд эвлэрүүлэн зуучлалын журмаар хөдөлмөрийн маргааныг шийдвэрлүүлж болно.

Гомдол гаргах хугацаа

  • Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргана.
  • Бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор гомдлоо гаргах эрхтэй.
  • Хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаа хожимдуулсан зарим тохиолдолд маргааныг шийдвэрлэж болно.

Шүүх хөдөлмөрийн маргааныг ямар хугацаанд шийдвэрлэх вэ

Шүүхэд хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор хэргийг шийдвэрлэх ба шаардлагатай бол 30 хоногоор нэг удаа хугацааг сунгадаг.

Комисс маргааныг шийдвэрлэх бол байгууллагын дэргэдэх хөдөлмөрийн маргаан таслах комисст хандана. Комисст ажил олгогчийн болон ажилтны төлөөлөгчдийн тоо нь тэнцүү байдаг.

  • Комиссын хуралд өргөдөл гаргасан ажилтныг биеэр байлцуулан маргааныг шийдвэрлэдэг бөгөөд өргөдөл гаргасан ажилтан комиссын хуралд оролцохоо мэдэгдээд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй тохиолдолд маргааныг хянан шийдвэрлэх ажлыг дараагийн хурал хүртэл хойшлуулна.
  • Өргөдөл гаргасан ажилтан комиссын хуралд оролцохоо мэдэгдээд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тохиолдолд өргөдлийг хэлэлцэхгүйгээр маргааныг хэрэгсэхгүй болгож болно.

Комиссын шийдвэрийг давж заалдах хугацаа Ажил олгогч буюу ажилтан нь комиссын шийдвэрийг эс зөвшөөрвөл, түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор зохих сум, дүүргийн шүүхэд давж заалдах эрхтэй.

Маргаан шийдвэрүүлэхэд төлөх улсын тэмдэгтийн хураамж

Комисс болон шүүхээр маргааныг шийдвэрлэх үед ямарваа нэг төлбөр төлдөггүй.  Эвлэрүүлэн зуучлалын журмаар маргаанаа зохицуулахаар шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл гаргахад 30000 төгрөгийн тэмдэгтийн хураамж төлнө.

Төстэй мэдээ