ЭЭЛЖИЙН АМРАЛТ

                 

Ээлжийн амралтыг хэн эдлэх боломжтой вэ?

Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна гэж тодорхойлжээ.

Ээлжийн амралтыг хэдий хугацаанд ажилласны дараа авах боломжтой талаар:

Та төрийн албан хаагч болон хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг бол Хөдөлмөрийн тухай хуульд заасан ээлжийн амралт эдлэх эрхтэй. Ээлжийн амралтыг хэдийд ч авч болно. Ажилтныг ямар хугацаагаар ажиллуулсаны дараа хэдийд ээлжийн амралт олгох болон хоёр амралтын хоорондох хугацааг байгууллага хөдөлмөрийн дотоод журмаараа зохицуулсан байдаг.

Өөр байгууллагад шилжин ажиллах бол ээлжийн амралтыг хэрхэн олгох вэ? Нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжин ажиллаж буй ажилтан урьд ажиллаж байсан байгууллагатай ээлжийн амралтын мөнгөн тооцоог заавал хийж дуусгасан байна. Харин ээлжийн амралтаа биеэр эдлээгүй тохиолдолд дараагийн ажил олгогч өмнөх ажил олгогчийн тодорхойлолтыг үндэслэн тодорхой хугацааны дараа түүнд ээлжийн амралт олгож болно.

Ээлжийн амралт, түүний хугацаа: 

Ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна. Ажилтан өөрийн хүсэлтээр ээлжийн амралтыг тухайн жилдээ багтаан хэсэгчлэн эдэлж болно. 18 насанд хүрээгүй, хөгжлийн бэрхшээлтэй ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 20 өдөр байна.

Хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажиллаж байгаа ажилтанд түүний ажилласан хугацааг харгалзан үндсэн амралт дээр нь дор дурдсан нэмэгдэл амралт олгоно:

 6-10 жилд ажлын 3 өдөр;

11-15 жилд ажлын 5 өдөр;

16-20 жилд ажлын 7 өдөр;

21-25 жилд ажлын 9 өдөр;

26-31 жилд ажлын 11 өдөр;

32, түүнээс дээш жилд ажлын 14 өдөр.

Ээлжийн амралтын хугацаанд баярын өдрүүд орохгүй

Ээлжийн амралтыг нийт ажилчдад яаж зохицуулж эдлүүлэх вэ?

Ажил олгогч ээлжийн амралтын хуваарийг гаргана. Ингэхдээ ажилчдын саналыг үндэслэн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр зохицуулж, календарийн жилийн эхний улиралд багтаан гаргаж, хуваарийг баталдаг. Хэрэв та хүсвэл ээлжийн амралтаа хэсэгчлэн эдэлж болно.

Ээлжийн амралтын олговрыг хэрхэн тооцдог вэ?

Ээлжийн амралтын олговрыг тодорхойлохдоо амралт олгохын өмнөх 12 сарын цалин хөлсний нийлбэрийг 12-т хувааж 1 сарын дундаж цалин хөлсийг гаргах бөгөөд гарсан тоог байгууллага нэгжид мөрдөж буй сарын ажлын өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцон гаргана. Нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилтны ээлжийн амралтын өдрөөр үржүүлэн ажилтанд олговол зохих ээлжийн амралтын олговрын хэмжээг тодорхойлно. /Дэлгэрэнгүйг Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалын 2 дугаар хавсралт Ээлжийн амралтын олговор тооцох журмаас харна уу./

Бүх нийтийн амралтын өдөр ажилласан бол нөхөн амрах уу?

Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд ажилтныг амраах ёстой. Харин ажил олгогчийн санаачилгаар тодруулбал Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэгт зааснаар “Ажил олгогч ажилтантай тохиролцсоноор нийтээр амрах баярын болон долоо хоног бүрийн амралтын өдөр ажиллуулж болно” гэж заасан байдаг. Ажиллуулсан тохиолдолд ажилтныг өөр өдөр нөхөн амруулах, эсхүл амралтыг ээлжийн амралттай нь хамтатган олгож болно. Хэрэв нийтээр амрах баярын өдөр ажилласан ажилтныг нөхөн амруулаагүй бол дундаж цалин хөлсийг нь 2.0 дахин нэмэгдүүлж олгоно.

Ажилласан хугацаа нь жил хүрэхгүй тохиолдолд ээлжийн амралтын олговрыг хэрхэн тооцох тухайд:

Ажилтны ажилласан хугацаа 12 сар хүрээгүй бол түүний ээлжийн амралтын олговрыг ажилласан хугацааны дундаж цалин хөлсөөр тооцно. Жишээ нь: Ажилтан А байгууллагад 2006 оны 11 дүгээр сарын 1-нд ажилд ороод 2007 оны 7 дугаар сарын 1-нээс ээлжийн амралтаа эдлэхээр бол түүний нийт ажилласан 8 сарын дундаж цалин хөлсний хэмжээгээр тодорхойлно.

Ээлжийн амралтаа эдэлж байх хугацаандаа эмнэлэгт хэвтсэн тохиолдолд листний мөнгө олгогдох эсэх

Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмж олгох тухай хуульд зааснаар Ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө З, түүнээс дээш сарын хугацаагаар тэтгэмжийн даатгалын шимтгэл төлж ажилласан даатгуулагч хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж авах эрхтэй. Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 166 тоот тушаалд зааснаар ээлжийн амралт үргэлжлэх хугацаанд жирэмсний болон амаржсаны амралт, хөдөлмөрийн чадвар алдсан (эмнэлэгт хэвтсэн хугацаа), ажил олгогчоос албан ёсны чөлөөтэй байсан хугацааг оруулдаггүй. Тиймээс ээлжийн амралтаа эдэлж байх хугацаандаа эмнэлэгт хэвтсэн тохиолдолд листний мөнгө авах эрхтэй.

Ээлжийн амралтын үргэлжлэх хугацаанд дараах тохиолдлыг оруулж тооцохгүй.

  • Нийтээр амрах баярын өдрүүд;
  • Долоо хоногийн амралтын өдрүүд;
  • Жирэмсний болон амаржсаны амралт;
  • Хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацаа;
  • Ажил олгогчоос албан ёсны чөлөөтэй байсан хугацаа.
Төстэй мэдээ