ТХБ-ын зорилтот 4-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд бид юу хийж байна

Дэлхийн, бүс нутгийн болон манай орны хөгжлийн ололт амжилт, бэрхшээл, зөрчил нь бидэнд цаашид хөгжих шинэ нөхцөл, боломжийг нээж өгч байна. Улс орнууд энэ чиглэлээр өргөн хүрээний судалгаа хийж өөр өөрийн боловсролын асуудлыг шийдэж байна. Энэ хүрээнд манай оронд бодлогын болон судалгааны түвшинд зарим ажлууд хийгдэж, бид их ярьж бичиж байгаа боловч тодорхой үр дүнд хүрч хэрэгжүүлж буй ажлууд хомс, бас удаашралтай гэж үзэхээр байна. Энэ хүрээнд БХ-ийн захиалгаар МУИС, МУБИС-ийн судлаачдын баг мэдлэг, чадвар, хандлага нь ажиглагдахуйц, хэмжигдэхүйц байх шалгуурыг тооцож үзэн дэлхийн чиг хандлага болон өөрийн орны боловсролын түүх, онцлогийг тусган боловсруулсан ирээдүйд монгол суралцагчийн эзэмших компетенцийн нэгэн судалгааны ажлын үр дүнг танилцуулья (Оюунцэцэг. Н ба бусад, 2017). 21 дүгээр зуунд монгол суралцагчийн зайлшгүй эзэмших 8 түлхүүр компетенц (8К)-ийг сонгож, “Тоонон” загварыг бүтээлээ. Нүүдэлчин монголчуудын эдийн соёлын нэг үндсэн хэсэг болсон гэр юм. Тооно нь гэрт гэрэл гэгээ оруулж, утаа уурыг гаргах зориулттай бөгөөд хөндлөн гулд чагт тэмдэгтэй дугуй цагираг хүрээтэй. Бас тооныг ертөнцийн бичил загвараар нарны бэлгэдэл болж байсан бол хүний бие эрхтнээр бэлгэдэхэд толгой, тэргүүнээр төсөөлөн ойлгодог байна. Иймд бид дээрх бэлгэдлийн үүднээс гэрийн тооныг монгол сурагчийн эзэмших түлхүүр компетенцийн загвараа болгож сонгон авсан. Зураг 2.4. 21 дүгээр зууны монгол суралцагчийн компетенцийн загвар Тус тоонон загварт суралцагчийн эзэмших компетенцийн 4 багц, тэдгээрт хараглзах 8 компетенцийг тооны чагттай дугуйд тус тус харуулсан байна.

Хэл, соёл: • Хэлний компетенц • Соёл, түүхийн компетенц Шинжлэх ухаан: • Математик, байгалийн шинжлэх ухаан, технологийн компетенц • Мэдээлэл, харилцааны технологийн компетенц Хөгжил, шинэчлэл: • Суралцахуй, шинэчлэхүйн компетенц • Санаачилга, ажил хэргийн компетенц Хүн, нийгэм: • Хувь хүний компетенц • Нийгэмшихүйн компетенц

Ийнхүү түлхүүр компетенцийг хувь хүний болон нийгмийн түвшинд амжилт гаргахад хувь нэмэр оруулах, нэгдмэл шаардлагыг хэрэгжүүлэх түүнчлэн янз бүрийн нөхцөл байдалд төвөгтэй шаардлага, сорилттой тулгарахад хэрэглэгдэх, хувь хүн бүрд ач холбогдолтой байх гэсэн шалгууруудыг хангасан байхаар боловсруулжээ. МкКлеландын онолын дагуу энэ 8 компетенц тус бүрд харгалзах мэдлэг, чадвар, төлөвшлийг тодорхойлж өгчээ. Энэхүү загварын компетенцийн “Хөгжил шинэчлэл” багцын “Суралцахуй, шинэчлэхүйн” компетенцийн мэдлэг, чадвар, төлөвшлийг хэрхэн тодорхойлсныг жишээлэн харуулъя. Жишээ 1: ХЭЛ, СОЁЛ: Хэлний компетенц а) Эх хэлээрээ харилцах Хэлний компетенц нь хэл шинжлэл (үгсийн сан, дуудлага, зөв бичгийн дүрэм), нийгмийн хэл шинжлэл (мэдлэгээ хэрэглэх), санаа бодлоо солилцох, хэлээр харилцах явц дахь гарах бэрхшээлийг даван туулах гэсэн хэсгээс бүрдэнэ. Энэ нь ойлголт, бодол санаа, мэдрэмж, бодит байдал, үзэл бодлоо амаар болон бичгээр илэрхийлэх, тайлбарлах; нийгэм соёл, гэр бүлийн харилцаа, боловсрол эзэмших, ажил хөдөлмөр эрхлэх гэх мэт бүхий л орчинд хэлийг бүтээлчээр хэрэглэх, тухайн нөхцөлд тохируулан харилцагчдаа зүй зохистой хариу үйлдэл үзүүлэхэд ашиглах мэдлэг, чадвар, хандлага юм. Эх хэлний компетенц нь төрөлх хэлээ эзэмшихээс эхлэх бөгөөд ертөнцийг таньж мэдэх, тайлбарлах, бусадтай харилцах чадвартай салшгүй холбоотой. Хэл бол нийгэм болон хувь хүмүүсийн харилцааг зохицуулж байдаг төдийгүй мэдлэг бүтээх гол хэрэглүүр болдог. Сонсох-ярих, унших-бичих чадвар нь бичиг үсгийн боловсролын суурь болж, улмаар мэдээллийг хүлээн авах, боловсруулах, санаа бодлоо солилцох, өөрийн үзэл бодлоо илэрхийлэх, мэдлэгээ хуваалцах, өөртөө мэдлэг бүтээх боломжийг олгодог.

Энэ компетенцэд харгалзах үндсэн мэдлэг, чадвар, төлөвшил:

Мэдлэг

  • Хэлний нэгжийн бүтэц, холбоо, бүтэх арга, хэлбэр, хэв шинж, үүрэг
  • Хэл зүй, үгийн сан, дуудлага, зөв бичгийн дүрэм, хэл ярианы үүрэг
  • Ярианы найруулга ба бичгийн найруулгын төрөл, үүрэг
  • Аман ярианы хэв шинжүүд
  • Зохиолын болон уран зохиолын бус эхүүд
  • Хэл ярианы өөр өөр хэв маяг
  • Янз бүрийн орчин нөхцөлд хэрэглэгдэх хэл яриа, мэдээлэл солилцооны онцлог
  • Үг хэллэгийн бусдад үзүүлэх нөлөө (эерэг болон сөрөг)

 Чадвар (Сонсох, ярих, унших, бичих)

  • Уншсан зүйлийг ойлгох, бүтээлчээр унших
  • Бичгээр зохиомжлон илэрхийлэх
  • Эхийг утга, үүрэг, зориулалт, үүргээр нь ялгах, хэрэглэх
  • Янз бүрийн орчин, нөхцөлд тохируулан санаа бодлоо амаар, бичгээр мөн биеийн хэлээр ойлгомжтойгоор илэрхийлэх
  • Харилцааны явцад харилцагчийнхаа сэтгэл хөдлөлийг мэдэрч, харилцан ойлголцох
  • Зорилго, нөхцөл байдалдаа тохируулан ярианыхаа өнгө аясыг өөрчлөн тохируулж харилцах (Жишээ нь, мэдээлэх, зааварчлах, сэдэлжүүлэх)
  • Өөрийнхөө санаа, сэтгэл хөдлөл, сэдлийг харилцаж байгаа хүндээ тохируулан илэрхийлэх
  • Олон эх сурвалжаас мэдээлэл цуглуулж, мэдээлэлд задлан шинжилгээ хийх, нэгтгэн дүгнэх
  • Мэдээллийг эрж хайх, цуглуулах, боловсруулах, бусдад түгээх, мэдлэгээ хуваалцах
  • Үзэл бодол, шинэ санааг бодит баримт, нотолгоонд үндэслэн амаар болон бичгээр ойлгомжтойгоор томьёолж, илэрхийлэх
  • Албан харилцаанд оролцохдоо бичгийн хэлийг хэрэглэх
  • Мэдээлэл солилцох үйлээ тухайн орчин нөхцөлдөө зохицуулан удирдах
  • Эх зохиолоор дамжуулан амьдралын мөн чанарыг ухаарч, олон талт үзэл бодлыг хүндэтгэх
  • Үг, хэл ярианы баялаг орчин бүрдүүлэх

Төлөвшил

  • Эх хэлээ хүндэтгэдэг, бүрэн эзэмшихийг эрмэлздэг
  • Эх хэлээрээ бусадтай мэдээлэл солилцох, харилцах дуртай
  • Бусдын ярьж, танилцуулж байгаа зүйлд хүндэтгэлтэй, хүлээцтэй ханддаг байх
  • Гэр бүр болон нийгэмд эерэг харилцааны орчин бүрдүүлэх, шийдэлд хүрэх, бүтээлч яриа өрнүүлэхэд хувь нэмрээ оруулдаг байх
  • Эх хэл, утга соёлын үнэт зүйлсийг эзэмших, хамгаалах, хөгжүүлэх, өвлүүлэх үйлсэд идэвхтэй оролцдог байх
  • Бусдын хэрэгцээ, шаардлага, үзэл бодол, сэтгэл хөдлөлийг ойлгож, хүндэтгэлтэй ханддаг байх
  • Хэл яриаг нийгэмд эерэгээр, хариуцлагатайгаар ашигладаг байх

Жишээ 2: ХӨГЖИЛ, ШИНЭЧЛЭЛ: Суралцах, шинэчлэхүйн компетенц XXI зуунд амьдрал, ажлын орчин улам бүр өрсөлдөөнтэй, төвөгтэй болж байгаа учир хүүхэд, залуучуудыг бэлтгэхэд тэдэнд бүтээлч байдал, шүүмжлэлт сэтгэлгээ, харилцааны соёл, хамтын ажиллагаа чухлаар шаардагдаж байна. Энэ компетенц нь суралцагчаас амжилттай суралцахын тулд өөрийнхөө суралцах үйл явц, хэрэгцээ хийгээд боломжийг тодорхойлох арга замыг мэдэх, саад бэрхшээлийг даван туулах чадвартай байх зэрэг суралцагчийн мета танин мэдэхүйд чухал үүрэгтэй болно. Энэ нь шинэ мэдлэг, чадвар эзэмших, боловсруулах, ашиглах болон удирдамж зөвлөгөөг эрж хайж, ашиглана гэсэн үг. Мета танин мэдэхүйн мэдлэгтэй байх нь тухайн орчны хүнд тасралтгүй өөрчлөлтийн эсрэг хамгийн сайн хамгаалалт болж өгдөг.

Энэ компетенцэд харгалзах үндсэн мэдлэг, чадвар, төлөвшил:

Мэдлэг

  • Суралцах арга барил болон шинжлэх ухаанч арга барил
  • Өөрийн сонирхол, чадвар, суралцах стратеги
  • Зорин суралцаж байгаа боловсрол болон ажил, мэргэжилд тавигдах шаардлага
  • Шинэчлэлийн ач холбогдол
  • Бүтээлч байдал, шинэчлэл нь бэрхшээл, эрсдэлтэй ч үүнийг суралцах боломж болдог тухай
  • Шинэ санаа хэрэгжүүлэхэд шаардагдах амьдралын бодит боломж

Чадвар

  • Шинэ мэдлэгийг зорилготой, өөрийн удирдлагатай эзэмших
  • Өөрийнхөө суралцаж буй үйл явцыг удирдах, хувийн сахилга баттайгаар суралцах
  • Суралцаж буй үйл явц, зорилго, туршлагадаа шүүмжлэлтэй хандаж, дүгнэлт хийх
  • Суралцах үйл явцад бусадтай хамтран ажиллах, янз бүрийн бүлгийн давуу талыг ашиглах, сурч мэдсэн зүйлээ бусадтай хуваалцах
  • Өөрийн суралцах үйл явцыг зохион байгуулах, зөвлөгөө, мэдээлэл, дэмжлэг авах боломжийг эрж хайх
  • Суралцах үйл явц, мөн саад бэрхшээл, өөрчлөлтийг зохицуулан даван туулах
  • Бүтээлч амжилтаа сайжруулахын тулд өөрийн санаагаа эргэцүүлэн бодох, сайжруулах, боловсронгуй болгох, дүн шинжилгээ хийх, үнэлэх
  • Инновацийг бий болгоход бүтээлч санаа сэдэх, бодитой, ашигтай хувь нэмэр оруулах
  • Тухайн нөхцөл байдалд үр дүнтэйгээр задлан шинжлэх, нотолгоо, баримт, ойлголт, төсөөллөө хянаж үзэх
  • Янз бүрийн үзэл бодлыг тодруулж, илүү сайн шийдэл гаргахад ач холбогдолтой асуудлыг тодорхойлох
  • Хамгийн оновчтой шийдэлд хүрэхийн тулд дэмжлэг болохуйц асуудлуудыг олон талаас авч үзэх, асууж тодруулах, харьцуулах
  • Ерөнхий үр дүнг бий болгоход цогц систем доторх бүх хэсгүүд нь хоорондоо хэрхэн нөлөөлж байгаад дүн шинжилгээ хийх, үр дүнтэйгээр задлан шинжлэх, нотолгоо, баримт, ойлголт, төсөөллөө хянаж үзэх, томоохон хувилбарт санаануудыг судлах, дүгнэж үзэх

Төлөвшил

  • Суралцах сэдэл, тэмүүлэлтэй, өөртэй итгэлтэй
  • Тэвчээр, махруу зантай
  • Амьдралын ямар ч нөхцөлд суралцах хүсэл эрмэлзэлтэй
  • Өөрийгөө суралцах үйлд дайчилдаг, суралцах боломжуудыг эрэлхийлдэг
  • Суралцах үйлийг насан туршийн үйл явц гэж үздэг
  • Ирээдүйдээ ахиц дэвшил гаргахын тулд өнгөрсөн үедээ дүгнэлт, шүүмжлэлтэй ханддаг
  • Шинийг сэдэж, санаачилдаг

XXI зууны боловсролыг эзэмшүүлэх сургалтын хөтөлбөр, арга зүй, үнэлгээ, мэргэжлийн хөгжил, сургалтын орчин нь өнөөдрөөс эхлэн өөр хоорондоо нийцэж нэг шугам дээр давхацсан байхыг судлаачид зөвлөсөөр байна. Шинэ зууны компетенцэд суурилсан сургалтын хандлагыг хангахын тулд төлөвлөсөн мэдлэг, чадварыг хэрэглүүлэхэд сургалтын үйл ажиллагааг чиглүүлэх, судлагдахууны салбар дундын сэдэв, тэдгээрийн хоорондын залгамж холбоог анхаарах, гүехэн мэдлэгийг биш, гүн гүнзий мэдлэг, ойлголтыг онцлох, суралцагчийг бодит ертөнцийн мэдээлэл, багаж хэрэгсэлтэй ажиллах болон асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй татан оролцуулах, компетенцийг олон талаас хэмжих, үнэлгээний технологийн тэнцвэрийг сайжруулах зөвлөмжийг өгч байна. XXI зууны суралцагчийн компетенцийг төлөвшүүлэх багшийн хөгжлийг хангахын тулд багш нар хичээлийн практикт ашиглаж болох арга, хэрэгсэл, сургалтын стратеги, үйл ажиллагаагаа шинэчлэх боломж, дэмжлэгийг тодорхойлох, багшлах арга зүйг чиглүүлэх, асуудал шийдвэрлэх, шүүмжлэлт сэтгэлгээ болон бусад XXI зууны ур чадварыг тухайн судлагдахуун дээр гүнзгий мэдлэг ойлголтыг хэрхэн бүтээхийг харуулах, анги танхимын сургалтын загварыг бий болгох, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, багш нарын чадварыг ялангуяа ялгаатай болон ганцаарчилсан сургалтын хэв маяг, оюуны чадамж, давуу талыг хөгжүүлэх, сул талыг сайжруулах, ялгаатай багшлах/суралцах орчныг бий болгох, төрөл бүрийн сургалтын стратегийг ашиглах багшийн чадварыг хөгжүүлэхэд туслах, тасралтгүй үнэлэх үнэлгээг хөгжүүлэхийг дэмжих, нүүр тулсан, виртуал болон холимог харилцааг ашиглан мэдлэгээ хуваалцахыг дэмжих, мэргэжлийн хөгжлийн масштабчилсан болон тогтвортой загварыг ашиглахыг “XXI зууны ур чадварын төлөөх түншлэлийн холбоо” байгууллага санал болгож байгааг бид сургуулийн хөгжил, сургалтдаа анхаарах шаардлагатай болж байна.

Төстэй мэдээ