Сургалтад амжилттай суралцаж батламжаа авсан багш, ажилтны мэдээллийг боловсролын салбарын мэдээллийн системд бүртгэх ажлыг хийж байна

БМДИ-ийн БТМА-ны дарга Д.Энх-Амгалантай 2021 оны Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын талаар ярилцлаа.

  • 2021 оны Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад хичнээн багш ажилтан хамрагдсан бэ? 
  • Монгол улсын “Боловсролын тухай хууль”-ийн 40.8 дахь хэсэг, “Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль”-ийн 16 дугаар зүйл, Засгийн газрын 2012 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 180 дугаар тогтоолоор батлагдсан “Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дүрэм”-ийн 2.1.3, 2.2 дугаар заалтын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд багш, удирдах болон бусад ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалтыг удирдамж, төлөвлөгөө, тайлан боловсруулах ажлыг амжилттай зохион байгууллаа. БСШУСЯ-ны 2020 оны 12 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөрөөр ерөнхий боловсролын сургалтын байгууллагад эхний, тав болон арав дахь жилдээ ажиллаж буй нийт 9633 багш, удирдах болон бусад ажилтан суралцсанаас 64 хувь нь амжилттай суралцлаа.
  • Энэ жилийн сургалтын онцлог нь юу байв?
  • Цар тахлын онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор 2021 оны мэргэжил дээшлүүлэх сургалт нь 100 хувь цахимаар болсон. Зохион байгуулалтын хувьд http://esurgalt.itpd.mn/ цахим сургалтын систем болон “Google meet”, “Google Classroom” системүүдийг ашиглан “вебинар” буюу нээлттэй хэлбэрийг ашиглалаа. Вебинар сургалтын үед нэг арга зүйчид цахим орчинд ажиллах ачаалал маш их нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл бүтэн 8 цагийн турш онлайнаар ажиллана гэдэг үнэхээр хүнд шүү. Гэхдээ хамт олон маань тухайн ачааллыг үл харгалзан сургалтаа амжилттай зохион байгууллаа. Мөн сургалтад хамрагдсан ерөнхий боловсролын сургалтын байгууллагад эхний жилдээ ажиллаж буй удирдах болон бусад ажилтны 75 хувь амжилттай суралцсан.
  • Сургалтад оролцогчдод хүндрэл бэрхшээл үүсэв үү?
  • Энэ жил цахимаар зохион байгуулсан болохоор цахим хаяг ашиглаж буй байдал, боловсролын салбарын мэдээллийн системд бүртгэлтэй цахим хаягаа мартсан, нууц үгээ мартсан, сургалтын явцад хайнга хандах, агуулга цаг хугацаандаа сонгож амжихгүй, судлахгүй байх зэрэг асуудал байлаа. Сургалтыг дараах хуваарийн дагуу зохион байгуулсан.

Зорилтот бүлэг

(Багш, удирдах болон бусад ажилтан)

Сургалт, үйл ажиллагааны хэлбэр, хугацаа

Цахим сургалт

Вебинар сургалт

10 дахь жил

01 сарын 15-аас 02 сарын 05

02 сарын 08-аас 03 сарын 01

5 дахь жил

03 сарын 02-оос 03 сарын 23

03 сарын 24-өөс 04 сарын 14

Эхний жил

04 сарын 15-аас 05 сарын 06

05 сарын 07-оос 05 сарын 28

  • Энэ жилийн мэргэжил дээшлүүлэх сургалтыг 100 хувь цахимаар зохион байгууллаа. Танхимын сургалтаас ялгаатай зүйл юу байв?
  • Танхимын сургалт мэдээж үр өгөөжтэй, цахим сургалт ч бас үр өгөөж их шүү. Өмнөх жилүүдэд энэхүү хоёр хэлбэрийг мэргэжил дээшлүүлэх сургалтад ашиглаж байсан. Гагцхүү нөхцөл байдлын улмаас танхимын сургалт хийх боломжгүй болсон тул бид үүнийг вебинар байдлаар хийлээ. Үр өгөөжийн талаар сургалтад оролцсон багш, ажилтан илүү тодорхойлдог. Манай байгууллага сургалт бүрийн дараа сэтгэл ханамжийн судалгаа авч ажилласан. Тэрхүү судалгааны ерөнхий үр дүнгээс харахад судалгаанд хамрагдсан оролцогчдын 93.4 хувь нь мэргэжил дээшлүүлэх сургалтыг ерөнхийд нь “маш сайн” хэмээн үнэлсэн байсан. Бид 2021 оны мэргэжил дээшлүүлэх сургалтыг 2 үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөсөн. Нэгдүгээр үе нь энэхүү сургалт л даа, хоёрдугаар үе нь ажлын байран дээр зөвлөн туслах үйл ажиллагааг намар зохион байгуулахаар төлөвлөсөн. Энэхүү үйл ажиллагааны зорилго нь мэргэжил дээшлүүлэх сургалтаар суралцсан мэдлэг, чадвараа ажлын байран дээрээ хэрхэн ашиглаж байгаа, ямар хүндрэл үүсэж байгаа талаар судалж, зөвлөн туслан ажиллах юм л даа.
  • Цаашид анхаарах зүйл юу байсан бэ?
  • Мэргэжил дээшлүүлэх сургалтыг амжилттай зохион байгуулахад маш олон байгууллага, хамт олны оролцоо, тэдний үйл ажиллагааны нягт уялдаа холбоо, бүтээлч, хариуцлагатай байдал, цаг хугацаандаа мэдээлэл дамжуулах, хянах, хувь хүний хариуцлагатай суралцах хандлага зэрэг нь чухал үүрэг, оролцоотой байдаг. Дашрамд хэлэхэд бидэнтэй хамтран ажилласан аймгийн БСУГ, дүүргийн БХ, Боловсролын мэдээллийн технологийн төвийн хамт олон болон сургалт удирдсан зочин багш нартаа талархаж буйгаа илэрхийлэхэд таатай байна аа. Эдгээр байгууллагаас мэдээлэл татаж авах, хянуулах, тодруулах зэрэг ажлыг олон удаа богино хугацаагаар хийж гүйцэтгэхээр албан бичиг илгээх, утсаар залгах зэргээр ажиллаж байлаа. Энэ явцад олон шийдэх, сайжруулах ажил, хүндрэлтэй асуудлууд байгаа нь ажиглагдсан. Асуудал, хүндрэлээ харж байна аа гэдэг нь ажил хийж байгаагийн илрэл гэж харж байна. Манай хамт олон үүсэж буй хүндрэл, асуудлыг хэрхэн шийдэх талаар судалж, дараа жилийн сургалтын бэлтгэлийг хэрхэн хангах талаар ажиллаж байна. Хамгийн чухал нь боловсролын салбарын мэдээллийн системд багш, ажилтны мэдээллээ үнэн зөв оруулах, цахим хаягаа ашигладаг байх, нэвтрэх нэр, нууц үгээ мартахгүй байх явдал юм. Үүнийг нийт багш, ажилтан нартаа анхааруулмаар байна.
  • Сургалтад амжилттай суралцсан багш, ажилтнууд мэдээллээ хаанаас харж болох вэ? 
  • Манай байгууллага мэргэжил дээшлүүлэх сургалтад амжилттай суралцаж батламжаа авсан ерөнхий боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэдээллийг боловсролын салбарын мэдээллийн системд бүртгэх ажлыг зохион байгуулахаар БСУГ, БХ, БМТТ-д албан бичиг илгээж байгаа. Албан бичигт бүх мэдээллийг хавсаргасан. 

Боловсролын салбарын мэдээллийн системд бүртгэл хийх талбар нь бэлэн байгаа, гагцхүү тухайн байгууллагын удирдах ажилтан мэдээллийг үнэн зөв оруулах нь маш чухал. Мөн хувь багш, ажилтан өөрийн мэдээллээ тус системээс бүрэн харах боломж байгаа.

Төстэй мэдээ