"Багшийн судалгааны чадавхыг хөгжүүлэх нь" сэдэвт цахим сургалт амжилттай болж өндөрлөлөө
БШУЯ-ны харьяа Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн Дээд боловсролын багшийн хөгжлийн албанаас ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвтэй хамтран их, дээд сургуулийн багш нарт зориулан "Багшийн судалгааны чадавхийг хөгжүүлэх нь" сэдэвт 5 модуль сургалтыг 2021 оны 06 дугаар сарын 10, 11, 12-ны өдрүүдэд Microsoft Teams болон Edx.edu.mn платформуудаар цахим хэлбэрээр зохион байгууллаа. Тус сургалтад Монгол улсын төрийн болон хувийн өмчийн 21 их, дээд сургууль, коллеж, боловсролын салбарын мэргэжлийн байгууллагын нийт 90 багш, мэргэжилтэн амжилттай хамрагдлаа.
Сургагч багш нар оролцогчдод вебинар сургалтаар судалгааны мэдээлэл цуглуулах, судалгааны арга аргачлал сонгох, судалгааны ажилд статистик аргуудыг хэрэглэх, тайлагнах, эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, хэвлүүлэх зэрэг агуулгуудыг заасны зэрэгцээ 2, 3 дахь өдрийн сургалтын хүрээнд SCIENCE CAFE хэлэлцүүлгийг явуулж, багш нарын судалгааны ажлаа хийхэд нь тулгарч байгаа асуудал бэрхшээлийг сонсон, арга зүйн зөвлөгөө, дэмжлэг үзүүлснээрээ онцлог байлаа.
Сургалтын төгсгөлд, БМДИ-ийн Дээд боловсролын багшийн хөгжлийн албаны дарга Б.Лхагвабаяр цаашид буюу 2021-2022 оны хичээлийн жилд зохион байгуулах сургалт, үйл ажиллагаануудын талаар товч танилцуулж, сургалт удирдсан болон оролцсон нийт багш нарт талархал илэрхийлж, амжилт хүслээ.
Сургалтыг хамтран зохион байгуулсан ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвийн багш, мэргэжилтнүүд болон сургалтад идэвхтэй оролцсон нийт багш нартаа #БАЯРЛАЛАА

Сэтгэгдэл
Төстэй мэдээ