Хүүхдийн хөгжлийн ялгаатай байдал

Хүүхэд – Тэгш боломж

Хүүхдийн хөгжлийн ялгаатай байдал

Хүн болгон адилгүй Хүлэг болгон жороогүй

Ялгаатай байх нь сул тал гэж үү?

Хаа сайгүй бүх юм ижилхэн, хүн бүр ялгагдахын аргагүй адилхан, өндөр нам, сайхан муухай, сайн муугийн ялгамжгүй, ганцхан өнгө, нэгхэн хэлбэр, дуу хүртэл нэг үг, аятай байна гээд хоромхон төдийд бодоод төсөөлөөд үз дээ. Танд ямар санагдав? Ялгаатай байх нь амьдралыг улам сонирхолтой болгож, анхаарч үзэх, бодож цэгнэх, хийж бүтээх илүү олон санаа хувилбар, төсөөлөл бий болгоод, өөрийн ертөнцийг бүтээх, өөрөөрөө байх боломжийг олгож байна шүү дээ. Суралцагч бүр хөгжлөөрөө, суралцах арга барилаараа хоорондоо адилхан, ялгагдах онцлоггүй бол багш танаас арга зүйн хувилбар, бүтээлч байдал гарахгүйд хүрнэ шүү дээ. Суралцагчид хүйс, яс үндэс, шашин шүтлэг, үндэс угсаа, нийгмийн гарал, эрүүл мэндийн байдлаараа ялгаатай. Мөн зан төлөв, төрх, араншин, сэтгэлийн хөдөлгөөний илрэл, сурах хэв маягаараа өөр хоорондоо адилгүй байдаг. (Мягмар. О бусад, 2018) Хүүхэд бүр давтагдашгүй өвөрмөц онцлогтой, өөр өөрийн ертөнцтэй. Ангид байгаа хүүхдүүд байтугай нэг айлын хүүхдүүд ааш авир, сонирхол, авьяас чадвар, бие бялдар, сэтгэл зүйн хувийн онцлогоороо ижилхэн байдаггүйг та бид мэднэ.

  • Суралцагч бүр өөрийн гэсэн чадвартай, сонирхолтой, хэрэгцээтэй, хүсэл мөрөөдөлтэй.
  • Суралцагчид зан төлөв, олж авсан туршлага, суралцах арга барилаараа ялгаатай.
  • Сургууль цэцэрлэгийн амьдралд амархан дасан зохицож, найз нөхөдтэйгөө төвөггүй харилцдаг хэсэг байхад багш болон нөхөдтэйгөө харилцах дургүй, шинэ орчинд дасахдаа удаан хүүхдүүд ч байдаг.
  • Охид хөвгүүд ч хоорондоо суралцах, өөрийгөө илэрхийлэх, мэдээллийг хүлээж авах, ойлгох, тогтоох, сэргээн санах, хийсвэрлэн ялгах, нэгтгэн дүгнэх үйлээрээ ялгаатай суралцдаг.
  • Хүүхдүүд хөгжлийн онцлог, харагдах байдал, хэлэх, сонсох, харах, танин мэдэх, өөрийгөө, сэтгэл хөдлөл мэдрэмжээ илэрхийлэх чадвараараа харилцан адилгүй байдаг.
  • Суралцагчдын олонх нь бие даан суралцах чадвартай байхад, нөгөө хэсэгт нь бусдын дэмжлэг, халамж анхаарал шаардлагатай байдаг. Хүүхэд бүрийн өвөрмөц нандин онцлог, хэрэгцээ, сонирхлыг таньж, ойлгож, хүлээн зөвшөөрч, хөгжлийг дэмжиж, давуу талд нь суурилж ажиллах нь багшид нэмэлт ачаа биш, мэргэжлийн үндсэн үүрэг нь болдог. Хүүхдэд олгох боловсрол нь хүүхдийн хувийн онцлог, авьяас чадвар, оюуны болон бие бялдрын чадварыг бүрэн дүүрэн хөгжүүлэхэд чиглэгдсэн байна. НҮБ-ын Хүүхдийн Эрхийн тухай Конвенц, 29 дүгээр зүйл Хүүхдийн зарим хувийн онцлог шинж чанар нь сургууль, цэцэрлэгийн орчинд дасан зохицох, сурах явцад хүчтэй нөлөө үзүүлдэг. (Тэгш хамруулан сургах боловсрол 2018) Хүүхдэд бүр оюуны чадамж, биеийн хөгжлийн чадвар, хэл соёлын ялгаа, онцгой авьяас, ар гэрийн дэмжлэг, өөрийгөө удирдах, өөртөө итгэлтэй байх, өөрийгөө илэрхийлэх, харилцах, бие даан суралцах зэрэг ялгаатай чадваруудаасаа шалтгаалаад өөрийн хэрэгцээнд тохирсон боловсролын чанартай үйлчилгээ авч чадахгүйд хүрэх шалтгаан нөхцөл бүрддэг. Хүүхэд бүр суралцаж чадна. Хөгжлийн онцлог ялгааг сургалтад хэрхэн харгалзаж, тусгай хэрэгцээг нь дэмжиж амжилттай сургах талаар JICA олон улсын байгууллагын “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл” Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн хамтран бэлтгэсэн “Тэгш хамруулан сургах боловсрол” цуврал видео хичээлээс хөгжлийн онцлог ялгаатай хүүхдийн, суралцах онцлог, дэмжлэгийн орчин бүрдүүлэх талаар дараах хаягаар зочилж илүү дэлгэрүүлэн судлаарай.

Хөгжлийн онцлог ялгаатай хүүхдүүдийг боловсрол тэгү хамруулах арга замуудын алийг нь оновчтой гэж та үзэж байна вэ?

Арга замууд

  1. Тусгай цэцэрлэг, сургуулийг нэмж байгуулах
  2. Тусгай хэрэгцээт боловсролын мэргэжлийн багшийг олноор бэлтгэх
  3. Багш бүр хөгжлийн онцлог ялгаатай суралцагчидтай ажиллах арга зүйд суралцах
  4. Хүүхэд бүр суралцах чадвартай гэдгийг хүлээн зөвшөөрөх
  5. Хүүхэд бүр ялгаатай тохирсон хөтөлбөр арга зүйн хувилбар бий
Төстэй мэдээ