МУИС-тай хамтран "Их, дээд сургуулийн багшийн хөгжил, тулгамдаж буй асуудал" сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа
Өнөөдөр Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн Дээд боловсролын багшийн хөгжлийн албанаас зохион байгуулдаг "SCIENCE" цуврал хэлэлцүүлгийн 2021-2022 оны хичээлийн жилийн эхний хэлэлцүүлгийг Монгол Улсын Их Сургуулийн Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн зөвлөх профессор, доктор Ж.Даваа, Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор М.Дэлгэржав, Багшийн хөгжил, цахим сургалтын төвийн эрхлэгч, доктор, дэд профессор С.Отгонцэцэг нартай хамтран "Их, дээд сургуулийн багшийн хөгжил, тулгамдаж буй асуудал" сэдвийн хүрээнд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг нээж БМДИ-ийн Дэд захирал Р.Золзаяа дээд боловсролын сургалтын байгууллагын багшийн хөгжлийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлсэн болон цаашид хэрэгжүүлэх ажлын талаар товч мэдээлэл өгч, хэлэлцүүлэгт оролцогчдод амжилт хүсч, ДББХА-ны дарга Б.Лхагвабаяр "2021-2022 оны хичээлийн жилд зохион байгуулах сургалт, үйл ажиллагаа"-ны талаар танилцууллаа.
Хэлэлцүүлэгт Монгол улсын төрийн болон хувийн өмчийн 64 их, дээд сургууль, боловсролын салбарын мэргэжлийн байгууллагын 125 багш Microsoft Teams-ээр, 78 багш шууд лайв холболтоор буюу нийт 203 багш, мэргэжилтэн оролцож, "Их, дээд сургуулийн багшийн хөгжил, тулгамдаж буй асуудал" сэдвийн хүрээнд доктор, дэд профессор С.Отгонцэцэг "МУИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын төвийн үйл ажиллагаа, туршлага", Доктор, дэд профессор М.Дэлгэржав "Монголын багшийн хөгжлийн түүхэн тойм, бодлого, шинэчлэл", Доктор, профессор Ж.Даваа "Багшийн хөгжилд тулгамдаж буй асуудлууд"-ын талаар тус тус мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүлэн харилцан санал солилцлоо.
БМДИ-ийн Дээд боловсролын багшийн хөгжлийн албанаас 2021-2022 оны хичээлийн жилд төрийн болон хувийн өмчийн 10 их сургуультай хамтран нийт 10 удаагийн цахим хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд тус хэлэлцүүлгүүд нь профессор багш нарыг судалгаа, туршлагаа түгээх, харилцан туршлага солилцох боломж олгоход чиглэж байна.
Энэ удаагийн хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулсан МУИС-ийн Багшийн хөгжил, цахим сургалтын төв, хэлэлцүүлэг удирдсан Багшийн хөгжил, цахим сургалтын төвийн эрхлэгч, доктор, дэд проф С.Отгонцэцэг, Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн зөвлөх профессор, доктор Ж.Даваа, Боловсрол, сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор М.Дэлгэржав багш нартаа болон хэлэлцүүлэгт оролцсон, санал солилцсон нийт багш нартаа талархал илэрхийлье.
 
Төстэй мэдээ