“БАГШЛАХУЙГААС СУРАЛЦАХУЙД ШИЛЖИХ ШИЛЖИЛТИЙГ ХУРДАСГАХ НЬ” СЭДЭВТ ЦАХИМ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ
БШУЯ-ны харьяа Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн Дээд боловсролын багшийн хөгжлийн албанаас ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвтэй хамтран их, дээд сургуулийн багш нарт зориулан “Багшлахуйгаас суралцахуйд шилжих шилжилтийг хурдасгах нь” сэдэвт 5 модуль сургалтыг 2021 оны 09 дугаар сарын 28, 29, 30-ны өдрүүдэд Microsoft Teams болон Edx.edu.mn платформуудаар цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Тус сургалтад Монгол улсын төрийн ба төрийн бус өмчийн 78 их, дээд сургуулийн багш нарын төлөөлөл болон БМДИ-ийн сургалт хариуцсан арга зүйчид зэрэг нийт 167 хүн хамрагдаж байна.
Өнөөдөр буюу сургалтын нээлтэд БМДИ-ийн захирал Ж.Болормаа оролцож, цаашид зохион байгуулах үйл ажиллагаануудын талаар товч мэдээлэл өгч, сургалтыг зохион байгуулагчид болон оролцогчдод амжилт хүслээ. Мөн БМДИ-ийн Дээд боловсролын багшийн хөгжлийн албаны дарга Б.Лхагвабаяр “Их, дээд сургуулийн багшийн хөгжлийг дэмжих чиглэлээр 2021-2022 оны хичээлийн жилд зохион байгуулах сургалт, үйл ажиллагаанууд”-ын талаар танилцуулга хийв.
Тус сургалт нь Дээд боловсролын сургалтын байгууллагын багш нарт багшлахуйгаас суралцахуйд шилжих хэрэгцээ, шаардлага, суралцахуйн дизайн төлөвлөлт, Андрагог болон Хьютагог сурган заах арга зүй, нээлттэй боловсролын үзэл баримтлал, багшлахуй, суралцахуйн аргыг шинжих чиглэлийн мэдлэг, ур чадварт нь дэмжлэг үзүүлэхэд зорилготой юм.
Сургалтыг хамтран зохион байгуулж байгаа ШУТИС-ийн Нээлттэй боловсролын төвийн багш, мэргэжилтнүүд болон сургалтад оролцож байгаа нийт багш нартаа #БАЯРЛАЛАА
Төстэй мэдээ