БИД ЯАГААД ХӨГЖИХГҮЙ БАЙНА ВЭ? ХЭРХЭН ХӨГЖИХ ВЭ?
Хүний хөгжилд орчны нөлөө хамгийн чухал байдаг. Нийгмийн орчин нь их орчинд хамаардаг бол бага орчин нь гэр бүл болдог. Өнөөдөр бидний амьдарч байгаа орчин ямар байна вэ?
  • Хөдөлмөрлөж олоогүй орлого
  • Ухамсаргүй зугаа цэнгэл
  • Төлөвшөөгүй боловсрол
  • Ёс суртахуунгүй бизнес
  • Хүмүүнлэг бус шинжлэх ухаан
  • Итгэл үнэмшилгүй шашин
  • Зарчимгүй улс төр
Ийм нөхцөл байдал дунд бид бухимдан амьдарч байна. Мөн ертөнцийг үзэх зөв үзэл төлөвшөөгүй, буруу зөв үйлдлээ ялган салгаж мэдэхгүй өөртөө болон бусдад төвөг болж, нийгмийн стресс бухимдал үүсгэдэг хүмүүс ч их байна. Нөгөө талаас бүх зүйлийг сөрөг байдлаар бодож, бичиж бусдыг муулж сэтгэл нь амарч, буруу мэдээллээр тархиа цэнэглэж байна. Хүнийг муулж, муугаар бодож, цаанаа өөрийгөө өмөөрч, би энэ хүнээс илүү гэсэн мэдрэмж сэтгэлийн мухартаа тээж, бусдыг үгүйсгэн доош нь хийж өөрийгөө өндөрт бодож хүнийг муулаад ч хамаагүй түүнээс илүү гэдгээ өөртөө мэдрүүлэх ЭГО-той хүмүүс олон болжээ...
Хүний бие бол сэтгэлийн орон. Унтаж байхад сэтгэл далд байдлаар ажиллаж л байдаг. Сэтгэлийн төлөв байдал нь:
1.Цусны судас
2. Мэдрэлийн судас
3. Хийн судас гэсэн гурван судсаар дамжин хүний биеийн эд эрхтэнд сайн муу мэдээллээ дамжуулан эерэг, сөрөг нөлөө үзүүлдэг.
Өвчний гол шалтгаан бол буруу сэтгэл. Өвчин гэдэг бол зовлон, зовлонг үүсгэгч нь мунхаг сэтгэл байдаг. Олон улсад эдгээх боломжгүй хөгшрөлийн тэнэгрэл өвчин газар авч байна. Үүнээс сэргийлэх арга бол оюун ухаанаа насан туршид нь зөв мэдлэгээр тэтгэж хөгжүүлж байх 60, 70 нас хүрлээ гээд одоо эрдэм мэдлэг хэрэггүй гэж бодож болохгүй, харин ч сэтгэлийн хөгжлийг маш сайн анхаарах нь чухал. Хүн эрүүл, зөв, эрч хүчтэй амьдарч, урт насалж, аливаа сайн үйлийг бүтээхийн тулд Сэтгэлийн хөгжил, Оюун ухааны хөгжлийг насан туршдаа байнга өдөөж хөгжүүлж байх хэрэгтэй. Тэгэхээр хөгжлийн гарц бол хандлагаа өөрчилж, гадны орны тусламж, эргэн төлөгдөх зээл аль болох авахгүй байх хэрэгтэй. Төр төвшин байя гэвэл хууль хүчтэй байх, амьдралд нийцсэн боловсронгуй хуулийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Хуулийг зөв хэрэгжүүлэхэд сэтгэлийн сахилгатай байж, буруугаа засаж, алдсанаа нөхөж, дотоод дархлаа бий болно. Өнөөдөр аливаа зүйлийг хэлбэрийг чухалчилж, агуулгыг орхигдуулах нь ихэсжээ. Ном уншихгүй, мэдлэгийг өөрөө эрэн хайж олж авахгүй бол ижил түвшний хүмүүсээс хөгжих дэвших сайн зүйл төдий л гарахгүй болсноор нийтээрээ оюун тархины хоосролд орж байна гэж хэлж болно. Өөрөө боловсроогүй, сайтар суралцаагүй, бусдаар хэлүүлсээр байх хэрнээ, өөрөө түүнийгээ мэдэж байж санаа зовохгүй, бодож санах юмгүй яваа хүмүүс олон байна. Монголын нийгэм дэх сэтгэлийн эрүүл мэндийн талаар ярихад хувь хүн, гэр бүл, хамт олон, боловсрол, эрүүл мэндийн бүх шатны байгууллагын хамтын үйл ажиллагаа маш чухал байна. Түүнчлэн өнөөдөр хүн бүр өөртөө дотоод сэтгэлийн хувьсгал хийх хэрэгтэй байна. Бид өөрсдөө юм хийхгүй хэн нэгэн хүн хийж өгөөсэй гэж хүлээгээд байна. Зүй нь өөртөө хамаатай зүйлээ өөрөө л хийх ёстой гэсэн зарчимтай байх ёстой юм. Бидний энэ цаг үед шинэ үе гарч ирж байна. Дахиад нэг шинэ үе гарч ирж байж харилцаа хандлага үнэлэмж нь ойртож, мэдлэг чадвар ойлголцол нь нэг болж, одоо давамгайлж байгаа хуучин үеийн үзэл бодол байр суурь, хандлага өөрчлөгдөнө. Өнөөдөр туршлагагүй, мэдлэггүй, яах ёстойгоо мэдэхгүй, олж харахгүй хүмүүс олширч, тэр хэрээр сөрөг мэдээллийн дарангуйлалд бид автаж байна.
Ковид-19 бидний ажил, амьдралын хэв шинж, хэмнэлийг өөрчиллөө. Цаашид цар тахал биднээс тийм ч богино хугацаанд салахгүй гэдийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй.
Тэгвэл ковидтой яаж зэрэгцэж аж төрөх вэ? гэдэг асуудал чухал болоод байна. Ковид хүний зан байдал үйл хөдлөл мөн чанарт ямар нөлөө үзүүлж байна вэ? Бид хаа хамаагүй аялж, зугаалж явдаг зуршлаа багасгах, зохистой зөв сонголт хийж эхлэх, өмнөх шигээ сэтгэлийн хөдлөлд автаж үйлдэл хийдэг байдлаа багасгаж, хандлагаа өөрчлөх цаг болсныг анхааруулсаар байна. Өмнөх нийтлэлдээ дэлгэрэнгүй бичсэнийг сануулбал:
  • Хүн хүнтэйгээ харилцах хандлагаа өөрчлөх
  • Хүн байгальтайгаа харилцах хандлагаа өөрчлөх
  • Мэдээлэл мэдлэгийн дарангуйлалд дархлаагүйгээр өртөх хандлагаа өөрчлөх
  • Хэрэглээний хандлагаа өөрчлөх
  • Баялаг бүтээх, хуваарилах хандлагаа өөрчлөх хэрэгтэйг цар тахал бидэнд ойлгуулж, хүн төрөлхтөн нэг саванд багтдаг, дэлхий нийтийн, нийгмийн хөгжил хамтаараа асуудлаа шийдвэрлэж, хүн хүнээ хүндэтгэх, хүний мөн чанарыг дээдлэх, хүнийг ялгаварлан алагчлахгүй байх нь чухал гэдгийг ойлгож, тогтвортой хөгжих цаг ирлээ гэдгийг амьдран буй орчин, цаг үе маань бидэнд анхааруулсаар байна.
СЭТГЭЛИЙН БОЛОВСРОЛ ХАМГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ БАЙДАГ.
Зөв сэтгэлтэй бол буруу үгийг ч ойлгоно. Буруу сэтгэлтэй бол зөв үгийг ч хардана.
Төстэй мэдээ