Сургалтын байгууллагад арга зүйн дэмжлэг хэрэгтэй юу?

Жайка олон улсын байгууллагаас хэрэгжүүлж байгаа “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах нь” төслийн хүрээнд гаргасан “тэгш хамруулах боловсролыг хэрэгжүүлэх сургалтын байгууллагын дэмжлэгийн тогтолцоог бүрдүүлж ажиллах загвар”-ыг танилцуулъя. (Тэгш хамруулан сургах боловсрол Сургуулийн дэмжлэгийн тогтолцоо, цуврал хичээл 4, 2018)

Сургуулийн дэмжлэгийн зөвлөл байгуулан ажиллаж байгаа Хөвсгөл аймгийн туршилтын сургуулийн жишээтэй https://www.youtube.com/ watch?v=m7V0JPGsjDE хаягаар зочилж, дэлгэрүүлэн танилцаарай. Хөгжлийн онцлог ялгаатай хүүхдүүдийг ердийн сургуульд тэгш хамруулан сургахад дэмжлэгийн зөвлөл байгуулан үр дүнг тооцон ажиллах нь тохиромжтой. Тэгш хамруулан сургах боловсрол хүртээмжээс гадна чанараар үнэлэгдэнэ гэдгийг анхаас нь ойлгох хэрэгтэй. (Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудал 2018) Хөгжлийн онцлог ялгаатай хүүхдүүдийг сургуульдаа бүртгээд, ангид хуваарилаад, аль нэг багшид хариуцуулаад орхих нь өрөөсгөл юм.

Хэрхэн? Яаж? Дэмжих вэ?

  • Дэмжлэгийн зөвлөлөө байгуулах
  • Дэмжлэг хэрэгтэй хүүхдүүдийг тодорхойлох
  • Сургууль ангийн орчныг сайжруулж, тохирох орчин бүрдүүлэх
  • Хүүхэд бүрд үзүүлэх төлөвлөгөө гаргах, хэрэгжүүлэх
  • Төлөвлөгөөг хэрэгжүүлэх, үнэлж сайжруулах
  • Шаардлагатай үед мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах /эрүүл мэнд, халамж гэх мэт/ • Багш, ажилтнууд, эцэг эх, үе тэнгийхэн, орон нутгийнханд хандсан сургалт зохион байгуулах
  • Тодорхой нэг хүүхдийн жишээгээр хэлэлцүүлэг өрнүүлж, сургууль хамт олныг нэгдсэн ойлголт, мэдээллээр хангах
  • Сайн үр дүн, арга зүйн туршлагаа бүс нутгийн сургалтын байгууллагуудад түгээх, хуваалцах
  • Дэмжлэгийн зөвлөлийн үйл ажиллагааны үр дүнтэй ажлуудыг баримтжуулах зэргээр ажиллах нь хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулан сургах бодитой үйл ажиллагаа болон хэрэгжинэ. Хөгжлийн онцлог ялгаатай хүүхдийг ердийн сургуульд тэгш хамруулан сургаж байгаа сайн туршлага манай оронд нэлээдгүй байна. НҮБ-ын Хүүхдийн сангийн төслийн хүрээнд Налайх дүүргийн 2 сургууль, Хөвсгөл аймгийн 5 сургууль, Говь -Алтай аймгийн Есөнбулаг сумын 3 дугаар сургууль, Баян-Уул сумын сургууль, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 4 дүгээр сургууль, Заг сумын сургууль, Завхан аймгийн 4 дүгээр сургууль Шилүүстэй сумын сургуулиуд бүс нутагтаа тэгш хамруулан сургах боловсролын загвар сургууль болж, туршлага хуримтлуулж байна. Жайка байгууллагын “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах START төсөл”-ийн хүрээнд нийслэлд 8 сургууль, Хөвсгөл аймагт 2 сургууль, Японы Хүүхдийг Ивээх сангийн “Монгол улсын хүүхэд бүрийг боловсролд тэгш хамруулах зарчмыг дэмжих нь” төслийн хүрээнд нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг болон Өвөрхангай, Ховд аймгийн 8 сургууль, насан туршийн боловсролын төвүүд тэгш хамруулан сургах боловсролын загвар сургалтын байгууллагаар сонгогдон үйл ажиллагаагаа явуулж, туршлага хуримтлуулж байна. Орон нутаг, бүс нутагтаа байгаа загвар сургуулиудын үйл ажиллагаа, туршлагаас суралцаарай.
Төстэй мэдээ