Энэ сургалт бол бидэнд олдож буй алтан боломж

ХИЛИЙН ЧАНАДААС СУРГАЛТАД ХАМРАГДСАН БАГШИЙН СЭТГЭГДЭЛ

Хилийн чанадад амьдарч буй монгол хүүхдэд эх хэл, соёлын хичээл заадаг монгол багш нарын эрэлт хэрэгцээг харгалзан, цахим сургалт зохион байгуулахад нь мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэн, Хилийн Чанад дахь Монголчуудын Зөвлөлийн боловсролын хороо хамтран “Даалгавар боловсруулах арга зүй-3: Үнэлгээний даалгаварыг цахим хэлбэрээр боловсруулж, ашиглах боломж” сэдвээр цахим сургалт зохион байгуулж байна. Тус сургалтад ХБНГУ-ын Дюссельдорф хот дахь "Соёл" сургуулийн багш Ц. Батцэнгэл хамрагдаж байгаа бөгөөд тэрээр өөрийн сэтгэгдлээ илгээжээ.

Хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй сургуулиудын багш, сурган хүмүүжүүлэгчдэд сургалт, хэлэлцүүлэг  зохион байгуулж байгаа нь миний хувьд өөрийн мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх боломжийг олгож буй сайхан арга хэмжээнүүдийн нэг юм. Энэ сургалт бол хилийн чанадад анхны алхмуудыг алдаа, оноотой эхлүүлж улс, эх орон, хувь хүн, хүүхэд багачуудын хөгжилд цуцалтгүй цаг зав, хичээл зүтгэл гарган, оюун ухаанаа уралдуулж ирсэн сайн дурын ажилтан, багш, сурган хүмүүжүүлэгчдэд олдож буй алтан боломж гэж харж байна. Мөн төрөөс бодлого хэрэгжүүлж мэргэжилтэн томилон хилийн чанадад ажиллаж амьдарч буй хүүхэд багачуудад эх хэл, соёл, уламжлал, зан заншлаа өвлүүлэх үйлсэд хамтран ажиллах, харилцан суралцах эхлэл тавигдсанд олзуурхан баярласнаа нуух юун. Бидэнд заах арга зүйн тал дээр дэмжлэг үзүүлэхээс гадна сайн багш байх нэгэн чухал мэдрэмжийг төрүүлж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд тус дэм болоод зогсохгүй, сайн дурын ажлыг шантралгүй хийх урам зоригийг бадрааж, эрч хүч бэлэглэлээ.

Хамтын ажиллагаатай харилцан үйлдэлтэй, шинэ техник төхөөрөмж программыг ашиглан туршсан, сонирхолтой соён гэгээрүүлэх ажил болон өрнөж байна. Мөн сургалтаар орчин үеийн программтай танилцан  өөрөө төдийгүй эцэг, эхчүүд болон хүүхэд багачуудад техник технологийн хөгжилтэй хөл гар нийлүүлэн дэвшилттэйгээр цахим хичээлийг амжилттай явуулж байна. Сургалтад оролцох боломжгүй тохиолдолд эсвэл ойлгоогүй зүйл байвал нөхөх боломж нь энэхүү программын тусламжтайгаар бүрдсэн. Оролцож амжаагүй багш нар минь энэхүү боломжуудыг бүү алдаасай гэсэндээ бусдадаа түгээн, танин мэдүүлж идэвхи чармайлт гаргахыг бодоорой гэж зөвлөмөөр байна. Миний хувьд сургалтаар ээлжит хичээлийн төлөвлөгөө, үнэлгээг хэрхэн боловсруулж дүгнэх мөн сургалт явуулах нэгэн шинэ арга барил, шинэ санааг олж авснаар цагийг үр бүтээлтэй өнгөрүүлж чадсан. Tүүгээр ч зогсохгүй  дараагийн  сургалтаа хүлээсэн  сайхан үйл ажиллагаа байна. Одоо харин цаашид сурснаа хэрэгжүүлэх нь чухал зүйл болон үлдлээ.

Одоогоор нийт 19 оронд 60 гаруй эх хэл, соёлоо түгээж буй сургууль, соёлын төвүүд бүртгэгдсэн бөгөөд тэдгээрийн төлөөлөл багш нар оролцон мэргэжлийн ур чадвараа дээшлүүлсээр байна.

Дашрамд дурдахад улс орны цагийн зөрүү, ажил алба тохируулан таарах гэх мэтийн шалтгаанаар бүх багш нар оролцох боломж бүрдэхгүй байгааг харгалзан үзэж дараа дараагийн сургалтуудыг бүсчлэн тогтмол явуулбал олон багш нар хамрагдаж мэргэжил ур чадвараа дээшлүүлэх боломж бүрдэнэ.

Эцэст нь эх хэл, соёлыг хилийн чанадад заан сургаж буй сайн дурын байгууллагууд, багш нар, бидний ирээдүй болох Монгол улсынхаа хүүхэд багачуудад төрөөс тогтоосон бодлого хэрэгжүүлэх  зайлшгүй шаардлагатай байгааг илэрхийлье.

Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэн болон Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулсан энэхүү сургалтын нийт сургагч багш нартаа баярлаж талархсанаа илэрхийлээд цаашдын ажилд нь улам их амжилтыг хүсье.

ХБНГУ-ын Дюсселдорф хот дахь "Соёл" сургуулийн багш Ц. Батцэнгэл

ОРОН ЗАЙ, ЦАГ ХУГАЦААГ ҮЛ ХАМААРАН ТАСРАЛТГҮЙ СУРАЛЦАЖ, ХАМТДАА ХӨГЖИЦГӨӨЕ!

#Багшдаа баярлалаа


Сэтгэгдэл
Төстэй мэдээ