ХАМТЫН АЖИЛЛАГАА

Голомт банк хамтран ажиллах санал тавилаа

2018-05-18 09:31

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Д.Сүрэнчимэг Голомт банкны ерөнхийлөгч Г.Ганболд тэргүүтэй тус банкны төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Голомт банк нь нийгмийн хариуцлагын хүрээнд олон төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлдэг бөгөөд 2017 оноос эхлэн монгол хүнд санхүүгийн боловсролыг бага наснаас нь олгох “Үндэсний хуримтлал бий болгоё” төсөлт ажлыг эхлүүлжээ. Тус банкны ерөнхийлөгч Г.Ганболдын хэлснээр “Дэлхийн өндөр хөгжилтэй улс орны иргэдийн 60-70 хувь нь орлогынхоо 50-аас дээш хувийг хуримтлуулдаг гэсэн судалгаа бий. Хуримтлалын зуршил хүний амьдралд тун чухлаас гадна үүний ард хувь хүний зөв амьдралын хэв маяг, хүмүүжил, төлөвшлийн асуудал явж байдаг. Өргөн утгаараа иргэдийн хуримтлалыг үндэсний тогтвортой, аюулгүй байдлын баталгаа гэж харах хэрэгтэй юм” гэлээ. Харамсалтай нь манай иргэдийн санхүүгийн боловсрол хангалттай бус, орлого бага зэрэг нь урт хугацаанд тогтвортой хуримтлал үүсгэх боломжийг хааж буй нь үнэн юм.

Гэвч манай ард түмэн “дуслыг хураавал далай, дуулсныг хураавал эрдэм” хэмээж бага багаар цуглуулснаа эд хөрөнгө, эрдэм мэдлэг болгох ухааныг үр хүүхдэдээ сургаж ирсэн түүхтэй. Монгол хүн хуримтлал хийдэг, ирээдүйдээ итгэлтэй байх боломжийг олгох ажлыг хүүхэд наснаас нь сургахын чухлыг ярилцан энэ тал дээр ЕБС-ийн сургуулийн түвшинд хамтран ажиллах саналыг Голомт банкны зүгээс Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд тавилаа.

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018