Нэвтрэх | Цахим хуудасны бүтэц | Тусламж

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШИЙН МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТЫН ХЭРЭГЦЭЭ-АГУУЛГА СОНГОЛТ

Нийтлэлч багш нарын клуб | 2017-02-23

    (Түүх, нийгмийн ухааныболовсролын багшийн жишээн дээр)

            Б.нацагдорж (Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийнарга зүйч, докторант)

Түлхүүр үг. Мэргэжил дээшлүүлэх, сургалтын хэрэгцээ, Түүх, нийгмийн ухааны багш,  судалгааны үр дүн

Судалгааны үндэслэл:

Дэлхийн олон улс орон “Боловсролыг нэгдүгээрт” санаачлагад нэгдэж, чанартай, хүртээмжтэй, цаг үеийн шаардлагад нийцсэн боловсролыг хүүхэд бүрт үр дүнтэй эзэмшүүлэх үүргийг биелүүлж чадах багшийг бодлоготойгоор бэлтгэх[1], мэргэжлийг нь тасралтгүй дээшлүүлэх асуудлыг тэргүүний зорилго болгон тавьж байна.

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны А/287 дугаар тушаалаар “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх журам”-ийг шинэчлэн баталж өнөөдөр сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд ажиллаж буй багшийн мэргэжил дээшлүүлэх сургалт, үйл ажиллагааг зохицуулж байна. Монгол улсын засгийн газрын тогтоолоор сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтны мэргэжлийг тасралтгүй дээшлүүлэх сургалт, арга зүйн төв байгууллагыг үндэсний хэмжээнд 2012 оны 10 сард дахин сэргээн байгуулж эрхлэх үйл ажилллагааны хүрээ, эрх үүргийг нь холбогдох дүрмээр баталгаажуулж өгсөн байна. Ийнхүү Багшийн мэргэжил дээшлүүлэх институт нь  сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуульд эхний болон 5,10 дахь жилдээ ажиллаж буй багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтыг үндэсний хэмжээнд танхимын болон танхимын бус (онлайн сургалт, туршлага судлах үйл ажиллагаа) хэлбэрийг хослуулан сургалт болон үйл ажиллагааг зохион байгуулж байна.

Зорилтот бүлгийн хэрэгцээнд тулгуурлаж мэргэжил дээшлүүлэх сургалт болон үйл ажиллагааны агуулга, арга зүйг оновчтой сонгох нь нэг талаас багшийн мэргэжил дээшлүүлэх чиг үүрэг бүхий сургалт, арга зүйн төв байгууллагын зайлшгүй анхаарах асуудал мөн бөгөөд нөгөө талаас буй багш бэлтгэж буй их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийн агуулгын сонголтод зарим талаар дэмжлэг болохуйц практик ач холбогдол бүхий сэдвийг сонгож авахыг хичээсэн болно. 

Судалгааны зорилго: Ерөнхий боловсролын сургуулийн Түүх, нийгмийн ухааны багшийн мэргэжил дээшлүүлэх агуулгыг хүрээг тодруулах,  үр дүнг энэ чиглэлээр багш бэлтгэж буй их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгах

Судалгааны зорилт:

·         Ерөнхий боловсролын сургуулийн Түүх, нийгмийн ухааны багшийн мэргэжил дээшлүүлэлт, багшийн хөгжих хэрэгцээг тодорхойлох зорилгоор өөрийн болон олон улсад хийгдсэн зарим судалгааны материалуудыг судлах, чиг хандлагыг шинжлэх

·         Түүх, нийгмийн ухааны багш нарын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын дараах судалгааны зарим үр дүнд шинжилгээ хийх, санал зөвлөмж боловсруулах

Судалгааны хамрах хүрээ: Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн 2013-2015 оны Түүх, нийгмийн ухааны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад хамрагдсан багш нар

Судалгааны арга: Судалгааны мэдээллийг цуглуулахдаатоон болон чанарын судалгааны арга болох баримт бичиг, асуулга, ярилцлагын аргыг хэрэглэсэн бөгөөд мэдээллийн боловсруулалтыг EXCEL болон судалгааны SPSS 20.0 программ ашиглан гүйцэтгэв.  

Судалгааны зарим үр дүн:

Сургалтад нийт 850[2] түүх, нийгмийн ухааны багш хамрагдсан бөгөөд тэдний 52,5 хувь буюу 447 багш судалгаанд хамрагдав. 

 График 1. Судалгаанд хамрагдсан багш нар (ажилласан жил ба оноор)

scheme1

2015-2016 оны хичээлийн жилд нийт 1570[3]түүх, нийгмийн ухааны үндсэн багш ажиллаж байгаа бөгөөд багш нарын 54.0 орчим хувь нь багш мэргэжил дээшлүүлэх институтийн зорилтод бүлгийн сургалтад хамрагдсан гэж үзэж болохоор байна.

Улсын хэмжээнд ажиллаж буй Түүх, нийгмийн ухааны багш нарын 71,5 хувийг багш бэлтгэдэг томоохон их сургуулиуд болох  МУБИС, МУИС, Ховд их сургууль төгсөгчид эзэлж байгаа бол багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн үндсэн сургалтад хамрагдсан багш нарын 42.0 хувийг дээрх сургуулиас бусад багш бэлтгэдэг их, дээд сургуулийн төгсөгчид эзэлж байна.

График 2. ТНУ-ны үндсэн багш (мэргэжил)

scheme2

Тухайн чиглэлээр багш бэлтгэж буй их, дээд сургуулиудын хөтөлбөр тус тусдаа боловсруулагдаж мэргэшсэн бакалаврын түвшний боловсролыг эзэмшүүлж байгаа хэдий ч төгсөгчид ажлын байранд очоод сургуулийн хэв шинж, хүүхдийн тоо, сургалтын төлөвлөгөө, багшийн хангалт зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалж өөрсдийн мэргэшсэн чиглэлээр хичээл заах байдал хомс байна. Тодруулан үзвэл, судалгаанд хамрагдсан багш нарын 83.8 хувь нь мэргэшсэн чиглэлээс өөр давхар судлагдахуун зааж байгаагаа илэрхийлжээ.

scheme3


Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн үндсэн сургалтын хөтөлбөрийн агуулгын хүрээг дараах байдлаар тодорхойлж байна.

 Бүдүүвч 1. Багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөрийн агуулгын хүрээ

scheme4

Эхний болон 5, 10 дахь жилдээ ерөнхий боловсролын сургуульд ажиллаж буй түүх, нийгмийн ухааны багш нарын сургалтын агуулгын хэрэгцээг тандан үзэхэд дараах үр дүн нийтлэг байдлаар  ажиглагдаж байна.  Үүнд:

Эхний жилийн багш нарт:

-Ээлжит хичээлийг үр дүнтэй зохион байгуулах сургалтын аргууд

- Сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах, ашиглах     (Сургалтын хөтөлбөр, Сурах  бичиг зэрэгтэй хэрхэн ажиллах    г.м)

            - Түүхийн шинжлэх ухааны талаарх ойлголт, мэдлэг                      (Дэлхийн түүх...)

                                    - Ээлжит хичээлд ашиглах асуултыг                                                             боловсруулах

Тав дахь жилдээ ажиллаж буй багш нарт:

- Сургалтын арга

- Эдийн засгийн бодлого бодох арга, аргачлал

- Сурагчдын ялгаатай байдалд тохируулан дасгал, даалгавар                                боловсруулах

- Үнэлгээний даалгавар боловсруулах

Арав дахь жилдээ ажиллаж буй багш нарт:

- Судалгааны арга зүй (Хүүхэд судлах оношлох арга зүй...)

- Мэдээлэл харилцааны технологийн мэдлэг, чадвар

- Сургалтын шинэлэг аргууд

- Үнэлгээний даалгавар боловсруулах

Дээрх судалгааны үр дүнгээс үзэхэд зорилтод бүлгийн хэрэгцээт агуулга  ялгаатай байгаа хэдий ч зарим агуулгуудын хувьд давхцал байгаа нь ажиглагдаж байна. Тухайлбал, сургалтын арга, үнэлгээний даалгавар боловсруулалт гэх мэт агуулгууд ажилласан жил, туршлагаас үл хамааран зорилтот бүлгүүдэд ажлын байран дээрх хамгийн их хэрэгцээтэй агуулга болж байгаа нь судалгааны үр дүнгээс илэрч байна.

Багшийн хөгжил хөтөлбөрийн хүрээнд Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захиалгаар Боловсролын хүрээлэнтэй хамтран 2013 онд “Багшийн хөгжих хэрэгцээ”-ний судалгааг үндэсний хэмжээнд зохион байгуулсан бөгөөд уг судалгаанд түүх, нийгмийн ухааны  112 багш хамрагдсан бөгөөд “Та хичээлээ сонирхолтой явуулдаг уу” гэсэн асуултад сонирхолтой явуулдаггүй   гэж түүхийн багш нар бусад мэргэжлийн багш нараас  хамгийн өндөр хувьтай хариулсан[4] байгаа (хүснэгт 1) нь дээрх хэрэгцээт агуулгын үр дүнг нотолж байна гэж үзэж болохоор байна.

                                                  Хүснэгт 1

Би хичээлээ сонирхолтой явуулдаг

Санал

Маш сайн

Сайн

Дунд

Муу

Нийт

1

Монгол хэл

0

0

100.0

0

100.0

2

Уран зохиол

0

0

100.0

0

100.0

3

Англи хэл

6.5

68.8

23.4

1.3

100.0

4

Орос хэл

12.5

81.2

6.2

0

100.0

5

Түүх

0

60.0

20.0

20.0

100.0

6

Нийгмийн тухай  мэдлэг

0

33.3

66.7

0

100.0

7

Биеийн тамир

23.0

68.9

8.2

0

100.0

8

Хөгжим

29.6

63.0

7.4

0

100.0

9

Иргэний боловсрол

0

100.0

0

0

100.0

10

Математик

5.9

64.7

28.2

0

100.0

11

Эрүүл мэнд

0

100.0

0

1.2

100.0

12

Физик

5.9

76.5

17.6

0

100.0

13

Хими

0

77.8

22.2

0

100.0

14

Биологи

14.3

78.6

0

0

100.0

15

Газарзүй

9.1

77.3

9.1

7.1

100.0

16

Технологи

8.0

76.0

12.0

4.5

100.0

17

Зураг зүй

0

100.0

0

4.0

100.0

18

Бусад

14.8

85.2

0

0

100.0

 19

Бага

11.3

77.7

9.3

0

100.0

 

Мөн  “Өөрийн хичээл зохион байгуулах арга барилаа өөрчлөх”-ийг их хүсдэг гэдэгтэй маш их санал нийлж байна гэж судалгаанд хамрагдсан нийгмийн ухааны багш нарын 66.7 хувь үзсэн бол түүхийн багш 100 хувь өөрийн хичээл зохион байгуулах арга барилаа өөрчлөх хүсэлтэйгээ мөн дээрх судалгаанд илэрхийлсэн байна.    

Түүх, нийгмийн ухааны багшид ажлын байранд хамгийн их тулгамддаг сургалт, үйл ажиллагааг судлан үзэхэд хичээлийг сургалтын идэвхитэй аргаар зохион байгуулах гэж судалгаанд хамрагдсан багш нарын 35.0 хувь буюу 156 багш үзсэн бол, сургалтын хэрэглэгдэхүүнийг оновчтой сонгох, ашиглах гэж 28.0 хувь нь тус тус үзжээ.  

График 3. Ажлын байранд тулгамдсан асуудал

scheme5

Дүгнэлт, санал:

Нэг. Олон улсад багшийн мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг зөвхөн төвлөрсөн сургалт төдийгээр ойлгох нь учир дутагдалтай болж байгаа бөгөөд багш нарын ажилласан жил, хуримтлуулсан туршлагатай холбоотойгоор мэргэжил дээшлүүлэх ялгаатай хэрэгцээг тооцож, төвлөрсөн сургалтаас гадна бусад хэлбэрээр зохион байгуулах нөхцөл байдал үүсэж байгаа нь баримт бичгийн шинжилгээнээс ажиглагдаж байна.

Хоёр. Судалгаанд хамрагдсан багш нар нэгд, ээлжит хичээл зохион байгуулах сургалтын арга, хоёрт, үнэлгээний даалгавар боловсруулах, гуравт, сурган хүмүүжүүлэх зүй, сэтгэл судлалтай холбоотой мэдлэг, чадваруудаа хөгжүүлэх хэрэгцээтэй байгаагаа илэрхийлсэн байна. Мөн сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах, түүнийг оновчтой сонгох, суралцагчдын ялгаатай байдалд тохирсон дасгал, даалгавар боловсруулах зэрэг агуулгуудын хүрээнд мэдлэг, чадвараа нэмэгдүүлэх хэрэгцээ байгаа нь холбогдох судалгааны зарим үр дүнгээс илэрч байна. 

Гурав. Багшийн мэргэжил дээшлүүлэх чиг үүрэг бүхий сургалт, аргазүйн төв байгууллагаас зорилтод бүлэгт чиглэсэн ялгаатай агуулга бүхий сэдвүүдээр танхимын болон танхимын бус сургалт, үйл ажиллагааг зохион байгуулж буй хэдий ч багш бүрийн хэрэгцээг хангах боломжгүй байгаа нь сургалтын дараах үнэлгээний зарим үр дүнгээр тодорхойлогдож байна.  

Дөрөв. Судалгаанд хамрагдсан түүх, нийгмийн ухааны багш нарын дийлэнх нь зорилтот бүлгээс үл хамаарч ээлжит хичээлийг зохион байгуулах арга зүйгээ өөрчлөх хүсэл эрмэлзэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. Үүнээс үзэхэд сургалтын гол амин сүнс болох арга зүйн асуудал түүх, нийгмийн ухааны багш нарт чухал хэрэгцээтэй асуудал болж байгааг судалгаанд хамрагдсан багш нарын багагүй хувь нь хөндсөн байна.

Тав. Багш бэлтгэж буй их, дээд сургуулийн сургалтын хөтөлбөрийн агуулгад судалгааны үр дүнгээр хамгийн өндөрт эрэмблэгдэж буй агуулгуудын эзлэх хувийн жинг нэмэгдүүлэх, хөтөлбөрийг сайжруулах замаар төгсөгчдийн ажлын байранд тулгамддаг асуудлуудад дэмжлэг үзүүлэх

Зургаа. Сургалтын хөтөлбөр, хэрэглэгдэхүүний шинэчлэлтэй холбоотойгоор их, дээд сургуулийн мэргэжлийн ангиудын дидактикийн хөтөлбөрт шинээр тусгагдаж буй цөм өөрчлөлтүүдийн үзэл санааг тусгасан агуулгуудыг нэмэгдүүлэхэд анхаарах, Тухайлбал, Ажлын хуудас боловсруулах, ажиглалтын тэмдэглэл хийх, түүхийн эх сурвалжтай ажиллах, бичвэр бус мэдээллийг сургалтад оновчтой ашиглах гэх мэт агуулгуудыг нэрлэж болох юм.

Ном зүй:

 Нэг. Эрх зүйн акт

  1. Бага, дунд боловсролын чанарын шинэчлэлийн үзэл баримтлал /БШУ-ны сайдын 2013 оны А/155 дугаар тушаал/
  2. Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх журам /БШУ-ны сайдын 2013 оны А/287 дугаар  тушаал/
  3. Багшийн хөгжил хөтөлбөр /2012.11.22 өдрийн А/136 тоот тушаалын хавсралт/
  4. Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дүрэм /2012/

Хоёр. Судалгааны тайлан

  1. Багшийн хөгжих хэрэгцээ судалгааны тайлан, 2013
  2. Багш мэргэжлийн стандартын харьцуулсан судалгаа-2011, МУБИС
  3. Багш мэргэжлийн тасралтгүй хөгжил: ОУ-ын чиг хандлага, туршлагын харьцуулсан судалгаа, 2013,  Багшийн мэргэжил дээшлүүлэх дэд баг-МУБИС
  4. Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн 2013-2015 оны сургалтын дараах судалгааны тайлан
  5. Үндэсний статистикийн хороо,  Боловсролын салбар тоон хэлээр 2015-2016 оны хичээлийн жилд, 2015
  6. Багш боловсролын шинэчлэл, ОУ-ын эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэл, 2013
  7. Философи, эрхзүйн боловсрол, Эрдэм шинжилгээний бичиг, 2014/08
  8. Joanne, B., &Emer, S., (2012). Continuous Professional Development among Primary Tearchers in Ireland.
  9. OECD study report, (2009). The Professional Development of Teachers.
  10. Janet, G., Christopher, D., Geoff, L., Daniel, M., & Alma, H., (2005). Evaluating the Impact of Continuing Professional Development.

[1] Багш боловсролын шинэчлэл, ОУ-ын эрдэм шинжилгээний бага хурлын эмхэтгэл,  31-р тал

[2] Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн 2013-2015 оны сургалтын дараах судалгааны тайлан

[3] Үндэсний статистикийн хороо,  Боловсролын салбар тоон хэлээр 2015-2016 оны хичээлийн жилд, 2015,

[4] Багшийн хөгжих хэрэгцээ” судалгааны тайлан, УБ., 2013, 24-р тал

 

Багшийн хөгжил
Багшийн хөгжил
Боловсролын байгууллагууд
Боловсрол, шинжлэх ухааны яам
Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөл
Насан туршийн боловсролын үндэсний төв
Боловсролын үнэлгээний төв
Монгол Улсын Боловсролын Их Сургууль
Монгол Улсын Их Сургууль
Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль
Сургалтын төрийн сан
Шинжлэх ухаан технологийн сан
Боловсролын технологийн хөгжлийн үндэсний сан
Боловсролын хүрээлэн
Нийслэл
Дархан-Уул аймгийн боловсролын газар
Орхон аймгийн боловсролын газар
Баян-Өлгий аймгийн боловсролын газар
Хэнтий аймгийн боловсролын газар
Увс аймгийн боловсролын газар
Хөвсгөл аймгийн боловсролын газар
Говь-Алтай аймгийн боловсролын газар
Завхан аймгийн боловсролын газар
Булган аймгийн боловсролын газар
Сэлэнгэ аймгийн боловсролын газар
Баянхонгор аймгийн боловсролын газар
Архангай аймгийн боловсролын газар
Өвөрхангай аймгийн боловсролын газар
Өмнөговь аймгийн боловсролын газар
Дундговь аймгийн боловсролын газар
Төв аймгийн боловсролын газар
Дорнод аймгийн боловсролын газар
Дорноговь аймгийн боловсролын газар
Сүхбаатар аймгийн боловсролын газар
Говьсүмбэр аймгийн боловсролын газар
Ховд аймгийн боловсролын газар
Хан-уул дүүргийн боловсролын газар
Баянгол дүүргийн боловсролын газар
Баянзүрх дүүргийн боловсролын газар
Чингэлтэй дүүргийн боловсролын газар
Сонгинохайрхан дүүргийн боловсролын газар
Налайх дүүргийн боловсролын газар
Багануур дүүргийн боловсролын газар
Багахангай дүүргийн боловсролын газар
Сүхбаатар дүүргийн боловсролын газар
ЧӨЛӨӨТ БУЛАН

Санал асуулга

  • Хүүхэд бүрийг хөгжүүлэхэд хамгийн чухал хүчин зүйлийг сонгоно уу?