Үйл явдлын мэдээ

Үндэсний сургалтын хөтөлбөрөө 10 жилээр төлөвлөх аргачлалтай боллоо

2018-10-19 13:36

 “ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгох аргачлал”-ыг Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын үнэлгээний төв, багш бэлтгэдэг их дээд сургуулийн төлөөлөл бүхий эрдэмтэн судлаачид БСШУСЯ, Жайка олон улсын байгууллагын хамтран хэрэгжүүлсэн “Суралцахуйг дэмжих мэргэжлийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх“(PROCESS) төслийн хүрээнд боловсруулж, БСШУС-ын сайдын тушаалаар батлуулан, үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр болж байна.

Мэргэжлийн байгууллагуудын сүүлийн гурван жилийн хамтын ажиллагааны үр дүн болох энэхүү цэнхэр ном нь төрийн захиргааны төв байгууллага, мэргэжлийн байгууллага, боловсролын байгууллагын хөтөлбөр шинэчлэлийн хүрээнд хийх ажлын дараалал, хэрхэн хийх  аргачлалыг тодорхой заасан удирдамж бичиг юм.

Ингэснээр үндэсний сургалтын хөтөлбөр 10 жилийн давтамжтайгаар өөрчлөгддөг болно. Сургалтын хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх, сайжруулах үе шат бүхий хоорондоо уялдаа холбоотой үйл ажиллагааг үндэсний түвшинд 10 жилээр төлөвлөх юм. Ингэснээр боловсролын тогтолцоо тасралтгүй, төлөвлөлт, менежмент нь тогтвортой болж боловсролын чанар сайжрах юм.

Монгол улсын нийгмийн хөгжил, боловсролын салбарын дэвшүүлж байсан үндсэн зорилт, нам улс төрийн баримталж ирсэн бодлого, чиглэл зэрэгт үндэслэн 1921 оноос өнөөг хүртэл ЕБС-ийн түвшинд 9 удаагийн боловсролын шинэчлэл, түүнийг даган сургалтын хөтөлбөр 10 гаруй удаа өөрчлөгдөн хөгжиж ирсэн байна.

Сургалтын хөтөлбөрт хийгдсэн өөрчлөлтийг цаг хугацааны хувьд авч үзэхэд:

  1. 1921-1940 (20 жил)
  2. 1940-2000 (10 жил)
  3. 2000- өнөөг хүртэл (4 жил) гэсэн давтамжтайгаар хөгжиж иржээ.

Сүүлийн жилүүдэд мэдээллийн эрин зууны хөгжлийг даган боловсролын салбарын шинэчлэл, өөрчлөлт хурдасч байна. 1990-ээд оноос манай улсын ЕБС-ийн бүтцэд хийсэн өөрчлөлт (2006 онд 10 жилийн тогтолцооноос 11 жилийн тогтолцоонд, 2008 онд 11 жилийн тогтолцооноос 12 жилийн тогтолцоонд шилжсэн)-ийг даган боловсролын салбарт шинэчлэл эрчимжсэн. Сүүлийн 20 жилийн хугацаанд сургалтын хөтөлбөрт 4 жилийн давтамжтай (2004, 2008, 2012) 3 удаагийн өөрчлөлт оржээ.

 

 

Иймд сургалтын хөтөлбөрийг төлөвлөх, боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх, сайжруулах цогц үйл ажиллагааг тогтвортой хэрэгжүүлдэг улс орны туршлагыг судлан, Монголд хэрэгжүүлсэн ажилдаа дүгнэлт хийж, өөрийн орны онцлогт тохирсон “Хөтөлбөрийн менежментийн цикл”-ийн удирдамж, аргачлал боловсрууллаа.

Энэхүү аргачлалыг хөтөлбөр судлалын практикт нэвтрүүлж, судалгаа, нотолгоонд суурилсан тогтвортой бодлого, төлөвлөлтийг бүрдүүлэх нь сургалтын чанар, суралцагчийн сурлагын амжилт, нийгмийн эрэлт хэрэгцээнд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна.

Яагаад 10 жилийн төлөвлөлт хэрэгтэй вэ? Энэ нь сургалтын хөтөлбөрийг тогтвортой, тасралгүй, уялдаатай байх шаардлагыг хангаж чадах уу?

Сургалтын хөтөлбөрийг шинэчлэхэд зайлшгүй дамжих 7 үе шат байх бөгөөд аль нэгийг алгасах, товчлох боломжгүй юм. Үүнд:

  1. Үзэл баримтлал боловсруулах
  2. Сургалтын хөтөлбөр боловсруулах
  3. Сургалтын хөтөлбөрийн зөвлөмж боловсруулах
  4. Сурах бичиг зохиох
  5. Багшийн ном, таниулах хэрэглэгдэхүүн боловсруулах
  6. Сургууль, багш нар, олон нийтэд таниулах
  7. Агуулгын зөрүү гаргах шилжилт хийх зэрэг болно.

Хөтөлбөр өөрчлөгдсөн тохиолдолд зайлшгүй дагаж өөрчлөгдөн боловсруулж, хэрэгжүүлэх дээрх 7 үе шатыг дамжихад 10 жил хугацаа шаардагдаж байна.

  1. Өнгөрсөн хугацаанд хийсэн шинэчлэлийг 6 жилд багтаан хийхээр төлөвлөсөн боловч сурах бичиг боловсруулж дуусах хүртэл 8 жил зарцуулаад байна. Цаашид суралцагчийн үнэлгээний асуудлыг шийдвэрлэхэд цаг хугацаа шаардлагатай байна.
  2. Нэгдүгээр ангид элссэн суралцагч 9 жилд суурь боловсрол эзэмших хугацаанд хөтөлбөрийг тогтвортой хэрэгжүүлэх. 10 дахь жилдээ дүгнэж, шинэ хөтөлбөрийн үр дүнг 10 жилээр гаргаж, үнэлж, үр ашиг, үр шимийг тооцдог байх.
  3. Олон нийт, сургууль, багш нар үндэсний хэмжээнд нэгдмэл ойлголттой болоход цаг хугацаа зарцуулах шаардлагатай байна. Тухайлбал: Сургууль, багш нар сургалтын хөтөлбөрийн шинэ үзэл санааг ойлгоогүйгээс хүүхэд төвтэй сургалтын арга зүйд дорвитой ахиц өөрчлөлт гарахгүй байна.
  4. Өндөр хөгжилтэй орнуудын ихэнх нь 7-10 жилийн давтамжтайгаар хөтөлбөрөө шинэчилдэг байна. Ялангуяа олон улсын сурлагын амжилтын судалгаанд эхний байруудыг эзэлдэг Япон, Финланд зэрэг орнууд ойролцоогоор 10 жилд 1 удаа шинэчилдэг тогтвортой тогтолцоотой  байна.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018