Үйл явдлын мэдээ

Цэнгэг уст Хөвсгөл нуурын эрэг дахь Хатгал тосгоны сургуулийн нэг өдөр

2019-05-28 12:06

Хатгал тосгоны ерөнхий боловсролын сургууль дээр 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр БМДИ-ээс зохион байгуулж буй Бага ангийн сургалтын хөтөлбөрт STEM боловсролыг интеграцчилан хэрэгжүүлж буй сургалтын явц, хэрэгжилт, бодит байдалтай танилцах мониторингийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр БМДИ болон Хөвсгөл аймгийн БСУГ-ын төлөөлөл ажиллав.

Хөвсгөл аймгийн  Алаг-Эрдэнэ сумын харъяа, цэнгэг уст Хөвсгөл нуурын эрэг дахь Хатгал тосгоны ерөнхий боловсролын сургууль нь хоймор нутгийнхаа олон ястнууд буюу Дархад, Хотгойд, Урианхай, Халх, Буриад зоны үр хүүхдийг сурган хүмүүжүүлдэг баялаг түүхтэй сургууль юм. Тус сургууль 1923 оны намар үүсэн байгуулагдсан, Хөвсгөл аймгийн төдийгүй Монгол улсын анхны 10 сургуулийн нэг бөгөөд 2018-2019 оны хичээлийн жилд 700 сурагч 83 багш, ажилтантай сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна. Хатгал тосгоны ерөнхий боловсролын сургууль дээр 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр БМДИ-ээс зохион байгуулж буй Бага ангийн сургалтын хөтөлбөрт STEM боловсролыг интеграцчилан хэрэгжүүлж буй сургалтын явц, хэрэгжилт, бодит байдалтай танилцах мониторингийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр БМДИ болон Хөвсгөл аймгийн БСУГ-ын төлөөлөл ажиллав.

Мөн энэ өдөр,  тус сургуульд аймгийн төв, Алаг-Эрдэнэ, Түнэл сумын сургуулиудын бага боловсролын сургалтын менежер, багш нарын төлөөлөл тус сургуулийн багш Эрдэнэжаргалын тайлбартай дасгалын аргаар сурагчдын зөв бичих, зохион найруулан бичих чадварыг хөгжүүлж буй туршлага, арга зүйгээс суралцахаар ирсэн байсан бөгөөд 5,9,12 дугаар анги төгсөгчдийн эрдмийн баярын үйл ажиллагаа ч зэрэгцэж таарсан юм.  Хатгалын сургуулийн багачууд эрдмийн баяраараа аав, ээж, найз, ах эгч, багш нартаа сурсан, мэдсэнийхээ дээжээс тайлагнаж, анги бүр нийтээрээ ардын бүжиг, найрал дуу зэрэг үзүүлбэрүүдийг тун чадварлаг үзүүлж, хүүхэд бүр өөртөө итгэлтэй, урам зориг, баясал дүүрэн байгааг анзаарахгүй байхын аргагүй. Хоймор нутгийн олон ястны төлөөлөл болохын хэрээр ардын язгуур урлагийн баялаг өвийг тээж, өвлөж яваа багачууд,  багш нарынх нь уйгагүй хөдөлмөр, авъяас, зүтгэлийн шимийг эндээс харж болно.

Бага ангийн сурагчдид эрдмийн баяраараа сурсан дуу, бүжгээ аав, ээж, багш, найз нартаа үзүүлэв.

5 дугаар ангийн сурагчид бишгүүр хөгжмөөр ардын дууны эвлүүлгийг чадварлаг тоглов.

Бага боловсролын STEM буюу байгалийн ухаан, технологи, инженерчлэл, математикийн чадварыг цогцоор хөгжүүлэх зорилготой интеграц хичээлийн ажиглалт, хэлэлцүүлгийг энэ өдөр зохион байгууллаа. Бага боловсролын багш Э.Цолмонзаяа, Ш.Адъяахүү багш нарын 3,4  дүгээр ангид тус тус STEM-ийн хичээл зааж, БМДИ-ийн мэргэжилтэн Д.Даваасүрэн,  аймгийн БСУГ-ын мэргэжилтэн Э.Ундрах, Мөрөн, Алаг-Эрдэнэ, Түнэл сумын ЕБС-ийн сургалтын менежер, багш. нарын төлөөлөл хичээлд ажиглалт хийж, хэлэлцүүлэг зохион байгуулав. Тус сургуулийн бага боловсролын багш нар хамтран  сургуулийнхаа STEM сургалтын хөтөлбөр, даалгавар, ажлын хуудасны санг боловсруулсан байна. Хөвсгөл аймгийн хэмжээнд БСУГ-аас STEM олимпиад, фестивал зэргийг зохион байгуулж, сургууль багш нар бие биенээсээ суралцах боломжийг бүрдүүлж өгсөн нь энэ хичээлийг бага  боловсролд амжилттай нэвтрүүлэхэд ихээхэн тустай арга хэмжээ байсныг багш нар онцлон хэлж  байв. 

STEM хичээлийн ажиглалт, хэлэлцүүлэгт оролцсон багш нар

Тус сургуулийн бага боловсролын багш нар STEM сургалтыг хичээлээс гадуурх үйл ажиллагааны цагт багтаан байгалийн ухаан, математик, дүрслэх урлаг, тенологийн хичээлүүдтэй интеграц байдлаар уялдаа холбоотой зааж хэвшсэнээр сурагчдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлж, багаар ажиллах, асуудал шийдвэрлэх чадварт сургах сурагч төвтэй сургалтын нэгдмэл арга зүйг бүтээх зорилгыг багаараа амжилттай хэрэгжүүлж байна. Ингээд сургуулийн захирал Л.Энхбат болон бага боловсролын сургалтын менежер Э.Ундармаа нартай сургуулийн сургалтын бодлого, ололт, амжилтын талаар ярилцсан тэмдэглэлээс хүргэе.

Захирал Л.Энхбат: 

Манай сургуулийн эрхэм зорилго бол “Англи хэлний хэрэглээний хөгжсөн мэдлэгтэй, байгальд ээлтэй, суралцагч, төгсөгчдийн насан туршийн бахархал, хүндлэлийг хүлээсэн

сургууль байх” юм.

Хатгал тосгон нь Хөвсгөл аймгийн төдийгүй Монгол улсын аялал жуулчлалын бүс нутаг, тулгуур төв болох онцлогтой тул 2017-2018 оны хичээлийн жилээс Хатгал ЕБС нь англи хэлний гүнзгийрүүлсэн сургалт явуулах болж хэв  шинжээ өөрчилсөн. Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалтыг зохион байгуулах багш, боловсон хүчний чадавхийн хувьд бүрэн боломжтой гэдгийг багш сурагчдын амжилтууд харуулж байна.  Тухайлбал, англи  хэлний багш Ж.Сэрдамба  2018 оны 10 дугаар сард ELTAM-2018 олон улсын англи хэлний багш нарын хуралд  багш ‘’Organizing Summer Training Using the VAK  learning styles’’ сэдвээр, мөн 2019 оны 3 дугаар сард АНУ-ын Атланта хотод болсон World TESOL- 2019 дэлхийн англи хэлний багш нарын их хуралд  оролцож, “Монголын ЕБС-д  судалдаг англи хэлний сурах бичгийн судалгаа ба хэрэглээ” сэдвээр илтгэл хэлэлцүүлжээ. АНУ-ын FLEX хөтөлбөрийн шалгалтанд 9-өөс 11дүгээр ангийн 4 сурагч оролцсоноос 11 дүгээр ангийн сурагч О.Болор 1 дүгээр шатны дүрмийн болон 2 дугаар шатны эсээ бичлэгийн шалгалтанд  тэнцэж улмаар 3-р шатны ярилцлагад оролцсон. Ярилцлагын шатандаа тэнцсэн тохиолдолд О.Болор  нь АНУ-ын засгийн газрын бүрэн тэтгэлэгээр АНУ-ын ахлах сургуульд 1 жил суралцах юм. Манай сургууль жил болгон 5-9 сар хүртэл нийтдээ 240 орчим жуулчдыг сургууль дээрээ хүлээн авч англи хэлний зуны сургалтанд хамрагдаж байгаа нийт 60 гаруй суралцагчдын ярианы чадварыг хөгжүүлэх зорилгоор 30 цагийн хэл ярианы чадвар сайжруулах сургалтыг хамтран зохион байгуулдаг. Үүнээс гадна жуулчдын хандиваар сургуулийн дотуур байрны засварын асуудлыг шийдвэрлэж сүүлийн 3-н жилд 80 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж хүүхдийн сурч амьдрах орчныг сайжруулж чадсан. Хүүхдийн сурах арга барилын суурь бага боловсролд тавигддаг тул бага боловсролын сургалтын чанарт онцгой анхаарч, дунд, ахлах ангийн залгамж холбоог сайжруулж ажилласнаар үр дүнд хүрч, аймгийн сургуулиуд дотроо  бага боловсролын сурлагын массын амжилтаар гуравдугаарт эрэмбэлэгдэж байна. Дунд, ахлах ангийн математикийн болон байгалийн ухааны хичээлийн сургалтын чанар стандартад тогтмол хяналт үнэлгээ хийж, ахиц амжилтыг тооцож ажилласны үр дүнд физикийн хичээлийн багийн улсын олимпиадад сүүлийн 3 жил дараалан алт, мөнгө, хүрэл медаль, 2017-2018 онд улсын биологийн багийн олимпиадад  алтан медаль хүртсэн зэрэг амжилт гаргалаа. Манай сургууль нь жил бүр хамт олноороо туршлага судлах аялал зохион байгуулж багш нарын мэргэжил ур чадварыг байнга дээшлүүлдэг. Тухайлбал: 2016-2017 оны хичээлийн жилд Орхон аймгийн “Орхон эмпати” сургууль, “Эрдмийн сан” сургууль, нийслэлийн тэргүүний 76 дугаар сургууль, 2017-2018 онд Булган аймгийн “Эрдмийн өргөө” лабротори сургууль дээр туршлага судалж “Тайлбартай дасгал”-ын арга зүйд суралцаж, бага, дунд ангийн Монгол хэлний хичээл мөн дунд ангийн математикийн хичээлд энэхүү аргыг туршин хэрэгжүүлж байна. Жил бүр хичээлийн жилийн эхэнд багш нараасаа өөрсдийгөө хэрхэн хөгжүүлэх талаар хэрэгцээний судалгаа авч, сургуулийн үйл ажиллагааны жилийн төлөвлөгөөнд тусгаж, хэрэгжүүлж ажиллаж байна. 

Танай сургууль бага, дунд боловсролын сургалтын агуулгын залгамж холбоонд ихээхэн анхаарч байгаа гэсэн мэдээллийг жаахан тодруулж өгнө үү. Багш нар хэрхэн хамтран ажиллаж байна вэ? 

Бага боловсролын сургалтын менежер Ундармаа:

Багш бүр сурагчдаа хөгжүүлэхдээ өөрийн гэсэн арга зүй, технологитой болох, улмаар манлайлагч багш нарыг бий болгох чиглэлээр зорилт тавин ажиллаж байна.

Байгалийн ухааны хичээлийн онолын суурь, мэдлэг төсөөллийг бага ангийн сурагчдын нас, сэтгэхүйн онцлогт суурилан төлөвшүүлэхийн тулд дунд ангийн багш нартайгаа хамтран ажиллаж, багшид зориулсан онолын гарын авлагыг боловсруулан STEM-ийн сургалтад хэрэглэж байна. Багш Э.Цолмонзаяа нь “Зорилго, дүнэлтийг уялдуулах нь” арга зүйгээрээ аймгийн технологийн сангийн батламж авсан бол багш Б.Эрдэнэжаргал “Тайлбартай дасгалын аргаар хүүхэд бүрийг хөгжүүлэх нь” арга зүйгээр  аймгийн хэмжээнд туршлагаа түгээн дэлгэрүүлж байна. Мөн залуу багш нараа ажлын байрандаа мэргэжил, арга зүйн туршлагаа ахиулах боломжоор хангах үүднээс ахмад багш нартайгаа хамтран ажиллаж, зөвлөн туслах ажлыг сургуулийн захиргаанаас санаачлан хэрэгжүүлдэг. Жишээлбэл АБТА Л.Алтанцэцэг, АБТА Б.Оюунцэцэг, АБТА Ж.Энхжаргал нарын ахмад багш нар маань гавъяаны амралтаа эдэлж байгаа хэдий ч байнга сургуультайгаа холбоотой байж, залуу багш нарыг дагалдуулан идэвх, санаачлагатай бүтээлчээр хамтран ажиллаж байна. 100 жилийн түүхтэй буурал сургуулийн маань хамт олны хүн хүнээ гэсэн халуун дулаан уур амьсгал, тиүмэн шавь нарынхаа төлөөх сэтгэл зүтгэлээр бахархахгүй байхын аргагүй юм. Төрөлх сургуулийнхаа залуу багш нарт өөрийн арга зүй, туршлагаа өвлүүлэн, зөвлөн тусалж ажилладаг ахмад багш нарын төлөөлөлтэй уулзаж,  арга зүй, туршлага болон залуу багш нарт хэрхэн зөвлөн тусалж, ажиллаж байгаа талаар  тодруулснаа хүргэе.

Ахмад багш, АБТА Л.Алтанцэцэг:

Хатгал ЕБС-д 35 жил ажиллах  хугацаандаа “Сурагчдын зөв, алдаагүй бичүүлж сургах”,  “Сурлагын хоцрогдолгүй анги, хамт олон болох” зорилго тавин тайлбартай дасгалын аргыг Монгол хэл, математикийн хичээлд хэрэглэж, сурагчдыг хичээлд 100% оролцуулж ажиллаж ирсэн. Үүний үр дүнд сурагчид маань 5 дугаар анги төгсөхдөө бүгд тайлбарлан, дүрсэлж ярих чадвар маш сайн хөгжиж, алдаагүй, цэвэр бичдэг болсон байдаг. Сурагчдаа судалж, тэдэнтэйгээ ганцаарчлан ажиллах ба эцэг эх-сурагч-багш гэсэн гурвалсан холбоогоор ажиллаж ирсэн туршлагаа залуу багш нартаа өвлүүлөн зааж, хамтран ажиллаж байна. Зөвлөх ажлын хүрээнд 2018-2019 оны хичээлийн жилд 2б ангийн сурагчид болон багш С.Баттуяа багштай хамтран ажиллаж, хичээлд сууж зөвлөгөө өгөх, унших чадвараар дэмжлэг шаардлагатай 12 сурагчтай ажиллан чадварыг нь ахиулсан зэрэг ажлыг зохион байгууллаа.

 

Ахмад багш, АБТА Б.Оюунцэцэг:  Би Хатгал ЕБС-даа 38 жил ажиллах хугацаандаа сурагчдыг хоцрогдолгүй, өөрийн амжилтаа байнга ахиулан сургах зорилт тавин ажиллаж  ирсэн. Хүүхдийг амжилттай сургахын тулд:

1. Дэвтэртэй цэвэр, нямбай ажиллаж сургах

2. Хүүхдээс хүүхдэд гэсэн аргачлалыг хэрэгжүүлж, хамтран сурах аргад сурах 

3. Сурагч-багш- эцэг эхийн гурвалсан холбоонд түшиглэх

4.  Хүмүүжил сурлага хоёр салшгүй холбоотой тул зөв хүн болж төлөвшихөд нь үлгэрлэн дагуулах гэсэн зарчмаар ажиллаж ирсэн.

Тэтгэвэртээ гарсан ч сургуультайгаа байнгын холбоотой ажиллаж, тайлбартай дасгалын аргыг залуу багш нартаа өвлүүлөн дадлагажуулж байна. Энэ аргын давуу тал нь хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх, гол зүйлийг олж, цэгцтэй зөв ярьж сургадагт оршдог. Мандолин хөгжмөөр сүүлийн 3 жил дугуйлан хичээлүүлж, 30 гаруй хүүхдийг утсан хөгжмийн анхны мэдэгдэхүүнтэй болгосон.

 

Мэдээлэл бэлтгэсэн: БМДИ-ийн Багшийн хөгжил сургалтын технологийн албаны дарга Д.Даваасүрэн  

 

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2019