Хэвлэлийн мэдээ

БОЛОВСРОЛЫН ХҮЧ

2018-05-17 07:56

Тогтвортой хөгжинө гэдэг технологийн шийдэл, улс төрийн зохицуулалт, санхүүгийн хэрэгсэл ашиглаад хүрчих хялбар даваа биш. Зөвхөн иргэн бүрийн дадал, хандлагыг өөрчилснөөр тэрхүү хөгжилд хүрэх боломжтой.

Харин энэ хэвшлийг бий болгох хөшүүрэг түлхүүр бол боловсрол, тэр дундаа тогтвортой хөгжлийн талаарх мэдлэгийг бүх насныханд буюу насан туршийн боловсролоор дамжуулан олгох юм. Энэ ажлыг эхлүүлэхгүйгээр тогтвортой хөгжих тухай ярих нь хэт эрт байж мэдэх юм.

 

Яг үүнийг Тогтвортой хөгжлийн 17 зорилтын дөрөвдүгээрт “Чанартай боловсролыг дэмжих” хэмээн заасан байгаа. Өөрөөр хэлбэл чанартай боловсрол эзэмших нь өмсөж зүүх, идэх, эрүүл амьдрах гэсэн хүний анхан шатны хэрэгцээний яг ард эрэмбэлэгдэж буй. Яагаад гэвэл хязгаарлагдмал байгалийн баялаг бүхий нэг бөмбөрцөг дээр долоон тэрбум гаруй хүн зэрэгцэн амьдрах шаардлагатай тул бусдынхаа эрх ашгийг хөндөхгүйгээр, байгаа нөөцөө үр ашигтай зарцуулах, үүссэн нөхцөл байдлын талаар хангалттай мэдлэг мэдээлэлтэй байх ёстой. Ингэхгүйгээр бүх амьд бодгал удаан хугацаанд оршин тогтнох боломжгүй.

Тийм ч учраас ЮНЕСКО уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал, байгалийн гамшгийн эрсдэлийг бууруулах, ус, соёлын олон янз байдал, тогтвортой хотжилт болоод тогтвортой амьдралын хэв маягийн талаар мэдлэг мэдээлэл, дадал хэвшлийг боловсролоор дамжуулан нийтэд олгохыг дэлхийн улс орнуудад зөвлөж буй юм. Ялангуяа, бага наснаас нь эхлэн энэ төрлийн боловсрол олгох нь илүү үр дүнтэй хэмээн тооцдог. Энэ нь дунд сургуулийн бага анги биш, цэцэрлэгийн нас гэсэн үг. Японы алдарт “Sony” компанийг үүсгэн байгуулагч Ибүка Масарүгийн бичсэн “Хүүхдийн боловсролд цэцэрлэгт орохоор нь анхаарч эхэлнэ гэвэл оройтно” номонд хүний насан туршид өөртэй нь хамт явах амьдралын хандлага гурван нас хүртэл олж авсан боловсрол хүмүүжлээс шууд хамаардаг тухай бичсэн байдаг. Олон улсын эрдэмтэд ч хүний төлөвшил бага насанд нь бүрэн суусан байдаг талаар дүгнэдэг.

Монгол Улсын хувьд цэцэрлэгүүд гэлтгүй дунд сургуулиудад ч өнөөдөр энэ төрлийн боловсролын цаг байдаггүй. Боловсролын салбарын системд дадал хандлагын талаар төлөвшүүлэх төрөлжсөн хичээл ордоггүй нь манай сул тал юм. Тиймээс 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхийн тулд Монгол Улс хамгийн түрүүнд боловсролын системдээ энэ талаарх хөтөлбөрийг тусгаж, иргэдээ цэцэрлэгийн наснаас нь эхлэн боловсрол эзэмшүүлэхээс гадна бусад бүх насныханд боловсрол олгох хөтөлбөр бий болгох шаардлага тулгарч байна. Гэхдээ энэ нь зүгээр нэг заагаад өнгөрөх биш, тухайн хүний амьдралын хэв маяг болтол нь дадал хэвшил суулгах. Ингэж байж тэр чанартай боловсрол болж, далайд дусал нэмэр гэдэгчлэн массаараа үр дүнд хүрэх юм.

Яг үнэндээ тогтвортой хөгжихийн тулд хувь хүн юу хийх хэрэгтэй талаар манай иргэд мэдээлэл нимгэнтэй. Тэгвэл хэрхэн хувь нэмрээ оруулж болох талаар жижигхэн жишээ татах гээд үзье. Хэрэв та орон сууцанд амьдардаг бол зөвхөн угаалгын өрөөнийхөө угаалтуурын холигчийг мэдрэгчтэй холигчоор солиод үзээрэй. Анх холигч буюу гоожуур энгийнээс нь авахад та дунджаар 45,000 төгрөгт боломжийныг тавиулчихна. Харин мэдрэгчтэй холигч үүнээс дөрөв дахин өндөр үнэтэй. Гэхдээ та энэ холигчийг тавиулснаар эдийн засгийн маш том хэмнэлтийн эхлэлийг тавьж байна гэдгээ дараа нь ойлгох болно. Байрны мөнгө тань сар бүр дор хаяж 5000 төгрөг ба түүнээс дээш төгрөгөөр хэмнэгдэнэ. Цөөн ам бүлтэй бол хамгийн багадаа 3000 төгрөгөөр бага мөнгө гардаг болно гээд тооцоод үзэхэд жилд 36,000 төгрөг хэмнэж чадах нь. Энэ мөнгө бага мэт сонсогдож болох ч олон жилийн хугацаанд таны ачааг ихээр хөнгөлөх болно. Зөвхөн тухайн өрхийн үр ашиггүй урсгадаг байсан цэвэр усыг нийслэлийн орон сууцанд амьдардаг 100 гаруй мянган өрхийн хэрэглээнд шилжүүлэхэд ямар том тоо гарч болох нь харагдана. Энэ бүхнийг насан туршийн боловсролын хүчээр иргэдэд хүргэснээр амьдралд бага багаар нэвтрэх боломжтой гэдгийг улс орнууд хэдийнэ олж хараад байгаа билээ.

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018