Хэвлэлийн мэдээ

Д.Сүрэнчимэг: Боловсролын салбар бүтэн арми болж хамтран ажиллах шаардлагатай байна

2018-05-28 16:17

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирал Д.Сүрэнчимэгтэй ярилцлаа.

-Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирлаар томилогдоод удаагүй байна. Гэхдээ та боловсролын салбарт олон жил ажилласан туршлагатай хүн. Тэгэхээр салбартаа ямар шинэ ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна вэ?

 -БСШУС-ын сайдын тушаалаар Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн захирлаар томилогдоод сар хэртэй болж байна. Ажлаа авсан даруйдаа багшийн хөгжлийг тасралтгүй хангахын тулд ямар системээр ажиллаж, ямар үр дүнд хүрэх вэ гэдэгт голчлон анхаарлаа. Ажлаа хоёр үндсэн үйл ажиллагаанаас эхэлж байна.Эхнийх нь багшаа сонсох. Багш нарын дэвшүүлж буй шинэ санаа, санаачилгыг сонсож байж бидэнд байгаа хэрэгцээг илүү тодоор мэдрэх болно. Багш нар энэ салбарын тэргүүлэгч, түүчээ. “Гал тогоо”-нд юу болж байгаа, бас болохгүй байгааг биеэр мэдэрдэг хүмүүс. Тиймээс долоо хоног бүрийн лхагва гарагт сургуулийн удирдлага, багш нартай уулзаж байхаар төлөвлөлөө. Хамгийн эхний уулзалтаа Архангай аймгийн ахмад багш н.Шагдарсүрэн гуайтай хийсэн. Хоёрдугаарт, багш нар, дан ганц багш нар гэлтгүй нийгмээрээ унших хэрэгтэй байна. Бид уншихаа байж. Хүн уншихаа болихоор сэтгэл нь хатаж, үг нь хатуурдаг. Тэгэхээр нийгмээрээ унших хөдөлгөөн өрнүүлэхээр ажиллаж байна. Багш болохоор бэлтгэгдэж байгаа оюутнуудынхаа хүчээр судалгаа хийх, өөрсдөө унших, хүүхдүүддээ уншуулах номын сонголтууд дээр ажиллаж байна. Гэртээ аав ээж нь уншихгүй байгаа бол хүүхэд уншиж сурахгүй л дээ. Үүнийг эцэг эхчүүд ойлгож өөрөө биеэрээ хүүхдүүддээ үлгэрлэх хэрэгтэй болж байгаа нь нийгмийн шаардлага. Харин бидний зүгээс аргыг нь залах, чиглүүлэхэд анхаарч ажиллах ёстой гэж харж байгаа.

-Боловсролын салбар, ялангуяа багштай холбоотой шүүмж сүүлийн жилүүдэд тасрахаа больсон. Нийгэмд ажил олгогчдын шаардлагад нийцэх боловсон хүчнийг бэлтгэн гаргах, улмаар багшийг чадавхижуулах чиглэлд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Хэн багшийн мэргэжлийг сонгож байна вэ гэдгээс эхэлж асуудалд хандах нь зүйтэй болов уу. Хүүхдийн нас бага байх тусам ямар мэргэжилтэй болох вэ гэсэн асуултад багш болно гэж хариулах нь олон байдаг. Анги ахих тусам цөөрдөг. Өнөөдөр багш болж байгаа элсэгчдийн ихэнх нь өөр сургуульд орж чадаагүй учир энэ мэргэжлээ сонгосон болсоноо нуухгүй илэрхийлдэг. Мэргэжил дээшлүүлэхээр ирсэн эхний жилдээ багшилж байгаа багш нараас “Багш болно” гэж мөрөөдөж зүүдэлж байгаад энэ мэргэжлийг эзэмшсэн хүн байвал гараа өргөөч гэхэд оролцогчдын 10  ч хүрэхгүй хувь байдаг. Үнэн хатуу ч хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Яагаад гэдэг асуулт эндээс ургаж байгаа биз. Бидний үед том болоод багш болно гэж хүсэж, мөрөөддөг олон хүүхэд байсан төдийгүй тэд зорилгынхоо төлөө ч тууштай тэмцдэг, шилдгүүд нь багш болдог байсан. Харин өнөөдөр…

 Бид нийгмээрээ багшийгаа хэрхэн харж байна вэ.  Энэ гажуудсан системийг л зөв болгохын тулд бид хамтдаа ямар бодлого хэрэгжүүлж, яаж ажиллах вэ гэдэг асуудалд анхаарал хандуулах цаг нь болжээ. Энд бас нэг зүйлийг онцлон ярих нь зүйтэй. Өнөөдөр багшийн мэргэжил сонгож байгаа хүмүүсийн хүйсийн асуудлыг ярих хэрэгтэй байх. Багш нарын 18 хувь нь эрэгтэй, 82 хувь нь эмэгтэй багш байна. 18-хан хувийг эзэлж байгаа эрэгтэй багш нар маань гол төлөв технологи, биеийн тамирын хичээл зааж байна. Байгалийн хуулиараа эр хүн, эцэг хүн гэдэг өрх гэрийн ноён нуруу, түшиг тулгуур болдог. Эрэгтэй багшаас хүүхдийн сурах зүйл ч ааваасаа сурдагтай ижил уужуу ухаан, холч хараа, асуудлыг томоор харах чадвар. Хүүхдүүд ээжээсээ, эмэгтэй багшаас аливаад дэс дараалалтай хандах, эмх цэгцтэй, нягт нямбай байх арга ухааныг өвлөдөг. Энэ бол байгалийн хууль. Ингээд болохоор улс орныхоо ирээдүйн төлөө төр төмөр нүүрээ гаргах хэрэг болохыг ч үгүйсгэхгүй юм. Эрэгтэй багш бэлтгэх бодлого зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ энэ бол эмэгтэй багш нар муу гэсэн үг биш. Би өөрөө ч эмэгтэй хүн, багш хүн. Байгалийн зохицол ийм байгааг л хэлэх гэсэн санаа. Тиймээс энэ бүх асуудалд төрийн бодлогоор хандах хэрэгтэй. Хамгийн чухал нь, зөв хүн, сайн боловсон хүчин бэлтгэхэд зөвхөн боловсролын салбар бус нийгэм, гэр бүлийн хамтын оролцоо зайлшгүй шаардлагатай. Багш хүн дэлгүүрт талх худалдаад зогсож байгаа хүнтэй адилгүй. Тэд Монголын нийгмийг ирээдүйд авч явах хүнийг бүтээж байна. Тиймээс багшаа харах өнцгөө бид өөрчилж, хайрлах, хүндлэх сэтгэлээр нийгмээрээ хандах ёстой.

-Төрийн зүгээс багшийн тасралтгүй хөгжлийг хангахын тулд ямар бодлого хэрэгжүүлбэл үр дүнтэй байх бол?

-Төрд эрх мэдэл бүгд байгаа мэт бид хардаг ч боломжид бас хязгаар бий. Багшийн цалин хөлсийг нэмэгдүүлэх нь гарцаагүй нэг том хөшүүрэг мөн боловч үүнээс илүү менежментийн, системийн түвшинд зөв удирдлагаар хангах нь хамгийн том алхам юм. Багш өөрийнхөө ур чадварыг бүрэн дүүрэн харуулж, хийсэн ажлаа үнэлүүлдэг зөв системийг бүрдүүлэх нь төрийн үүрэг гэж би хардаг. Мөн олон талт хамтын ажиллагаа чухал байр суурьтай. Яамд, тэдгээрийн салбарын хамтын ажиллагаа, төлөвлөсөн ажлууд урагшилж, үр дүнд хүрэх нь чухал. Зөвхөн манайх л хариуцах ёстой мэтээр харах бус чиглэл, чиглэлээр ажиллаж байгаа зорилгуудаа энэ нийгмийн ирээдүй болсон хүүхдүүд рүү, тэдний хөгжих орчин болсон сургууль ба түүний систем рүү, хүүхдүүдийг чиглүүлэн хөгжүүлж буй багш нар руу хандуулбал үр дүн өөрөөр гарах болно. Учир нь үр дүнг хүртэх эцсийн хэрэглэгч болсон хүн шүү дээ. Боловсролын салбарыг дамжилгүй амьдралд хүрэх гарц гэж үгүй. Энэ үр  дүнгийн төлөө нэг баг болон хамтран ажиллах ёстой.

-Цэцэрлэг, дунд сургууль, их сургууль гээд боловсролын бүх шатанд хүүхдийг зөв хүн болгож хүмүүжүүлэх, төлөвшүүлэх үүргийг багш хүлээдэг. Гэтэл дижитал эриний хүүхдүүдэд уламжлалт хэв загвараар бус дэлхийн хөгжлийн чиг хандлагад таарахуйц мэдлэгийг олгох хэрэгцээ шаардлага тулгарч байна. Багш нарын ур чадвар, мэдлэг боловсролыг өнөө цаг үетэй хэрхэн уялдуулж хөгжүүлэх ёстой вэ?

-Цэцэрлэг, сургууль, дээд сургуулийн багш гэж тэднийг ялгаж салгаж хармааргүй байна. Угтаа энэ бүх шат дамжлага нийлж байж нэг хүнийг ирээдүйд бэлтгэн гаргадаг. Цэцэрлэгийн багш дунд сургуульд орох гэж байгаа хүүхдийг бэлтгэдэг бол дунд сургуулийнхан их, дээд сургууль, МСҮТ, коллежид элсэн суралцагчдыг бэлтгэж байна. Ингээд харахаар хэдий өөр газарт, өөр хүмүүс ажиллаж байгаа боловч хийж байгаа ажлынхаа хувьд залгамж халаатай нэг цөм систем юм. Бид бие биенийхээ хийж байгаа ажлын орцыг бэлдэж, өөрийнхөө хийсэн ажлаар гарц гаргаж дараагийн хэрэглэгчийн орц болгож байдаг нэг бүхэл систем. Тэгэхээр СӨБЕБС, мэргэжлийн боловсрол олгодог сургууль, байгууллага, их дээд сургууль гэж тус тусдаа мэтээр харалгүй цэцэрлэгт орж байгаа хүүхэд нийгэмд өөрийгөө аваад явах хүн болох тэр үйл явцыг цогцоор нь харах хэрэгтэй. Яг ийм нүдээр харвал бид өнөөдөр байгууллага удирдаж байгаа удирдагчийн нэхээд байдаг хүнийг бүтээх ажлыг хийж байна гэж хэлж болно. Тэд ямар хүнийг хүсдэг вэ. Ажил хийж чаддаг, өөрийгөө аваад явж чаддаг, зөв хүмүүжилтэй гэдгээс эхэлдэг. Тэгэхээр бид эцсийн хэрэглэгч болсон ажил олгогчидтойгоо хамтрах хэрэгтэй болж байна. Боловсрол бол төрийн үйлчилгээний алба. Энэ нийгмийн ирээдүйг бүтээхэд ард түмэнд үйлчилж байгаа газар гэсэн үг. Асуудалд энэ байр сууринаас хандаж, Монголын ирээдүйн хүний нөөцийг бид бэлтгэх ёстой. Үүний тулд боловсролын салбар бүтэн арми болж ажиллах ёстой гэж хардаг. Үүн дээр л салбарын байгууллагын уялдаа холбоо, эцэг эхчүүд багшийн хамтын ажиллагаа, бүр цаашилбал хэвлэл мэдээлэл, олон нийтийн зөв оролцоо дэмжлэг чухал болоод байна. Бид маш олон жил хэн нэгнээс бурууг хайж ирсэн одоо нэг баг болж ажиллаж боловсролоо, улс орноо хөгжүүлэх цаг нь болсон.             -Байдлыг сайжруулах, үндсээр нь засахын тулд яг юунаас эхлэх ёстой вэ.  Өнөөдөр ид ажил хөдөлмөр эрхэлж буй Х үеийнхэн буюу 25-45 насны залуус дараагийн буюу Y, Z үеийнхнийг яаж бэлтгэх вэ. Ерөөс дэлхий нийтийн боловсролын чиг хандлага хаашаа чиглэж байгаа вэ?

-Багшийн ур чадвар дутмаг гэхээс илүү ур чадвараа хэрхэн ашиглаж байна гэдэг рүү би хардаг. Өөртөө байгаа ур чадвараа өмнөө сууж байгаа хүүхэд, сурагч, оюутан амьдралдаа хэрхэн хэрэглэх вэ гэдэг өнцгөөс харвал асуудлыг өөрөөр харах боломж бүрдэх болно. Ажил, амьдрал дээр гараад тухайн хүн хэн болох вэ гэдгээ өөрөө тодорхойлдог. Гэхдээ суурийг нь багш тавилцдаг. Тавилцдаг гэж байгаагийн цаана нь эцэг эхийн үүрэг маш ихийг хэлж байгаа санаа. Учир нь хүний төлөвшлийн 70 хувь нь долоо хүртэл насанд тогтдог. Тэр насанд хэнтэй илүү их хамт байдаг билээ. Эцэг эхгүйгээр энэ насыг төсөөлөх боломжгүй. Гэртээ аав, ээж нь багшийг нь муулж байгаа бол хүүхэд багшаа хүндлэх үү гэдгээс л асуудал эхэлнэ дээ. Тэгэхээр бид салбарыг өөрчлөхийн тулд нийгмээрээ ажиллах ёстой. Ажил хийгээд цагаа зараадах гэж байгаа хэрэг бишээ. Өөрийгөө, хэлэх үгээ хүүхдийнхээ дэргэд хянаач л гэсэн санаа. Ямар ч дарга, цэрэг байлаа та гэртээ бол хүүхдэдээ аав ээж нь. Тэднийг хүмүүжүүлж байгаа үлгэр дуурайлал үзүүлэх хүмүүс. Тэгэхээр нийгмээрээ гэдэг нь энэ талаас хэлж байгаа хэрэг.

Харин багшийн хувьд бол мэргэжлийн байгууллагын хийх ажил мөн. Хамгийн дөт бөгөөд үр дүнтэй байх боломжуудыг шууд хэрэгжүүлэх талаас нь ажлаа харж байгаа. Энэ ажил багш нь удаан хугацаанд тогтвортой байгаа юм шиг боловч өмнө нь сууж байгаа хүн нь нийгмийн хөгжлөө дагаад багшдаа гүйцэгдэхгүйгээр өөрчлөгдөж байгаа ийм л цаг үед бид амьдарч байна. Тэгэхээр багшийн хөгжлийн асуудлыг хэрхэн харах хэрэгтэй байгаа нь тодорч ирэх байх. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд боловсролын салбарт маш олон өөрчлөлт хийгдсэн. Үр дүнгүүд, үр дагаврууд ямар байгааг бид нийгмээрээ харж байна. Төрөөс боловсролын салбарт ядаж хүний амьдралын нэг үе буюу 20 жилээр үргэлжлэх бодлого боловсруулах хэрэгтэй гэж боддог. Энэ бол үйлдвэрийн дамжлага, бид хүн бүтээх салбар. Хугацааны хувьд урт, үр дүн гарах нь өргөн хүрээнийх.

Дэлхий ертөнц өөрчлөгдөж, үүнийгээ дагаад хүмүүс хувьсан өөрчлөгдөж байна. Цоо шинэ эрин үеийн 6-7 настангуудыг түүнээс хэдэн үеийн өмнөх төрсөн хүмүүс төгс хүмүүжүүлж боловсруулах шаардлага тулгарч байна. Бид үе үеэрээ өөр хүмүүс. Үе үеийн хүмүүст сайн ололттой давуу талууд бий. Бас сул тал бий. Тэрхүү давуу талуудаа энэ цаг үеийн эзэд болсон шинэ мянганы хүүхдүүдэд хэрхэн ойлгуулах, эргэцүүлэн бодох чадварт сургах хэрэгтэй байгаагаа “слип тинкиг” буюу амьдралыг яг л дууны клип шигээр төсөөлж хүлээн авдаг энэ цаг үеийн эздэдээ хэрхэн ойлгуулахад бидний ажлын утга учир оршино. Гэр бүлийн дотор байгаа соёл, эцэг, эхийн үүрэг оролцоо, энэ бүхнийг гардан хийж байгаа боловсролын салбарт ажиллаж байгаа хүн бүрийн үүрэг, түүнийгээ ойлгосон байдал, илэрхийлж хэлж байгаа үг, үйлдэл чухал. Эцэст нь боловсролын системийн сайн, муу гэсэн дүгнэлтээс илүү сайн болгохын төлөө, мууг арилгахын тулд бид юу хийх вэ гэдэг нүдээр хүн бүр үйлээ, үйлдлээ хардаг болбол дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах ирээдүйг бид бүтээх болно. Бид үүнийг хамтдаа л хийнэ.

Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: https://mecss.gov.mn/news/689/

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018