ЕБС, СӨБ-ын байгууллагад эхний жилдээ ажиллаж буй багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хуваарь

ЕБС, СӨБ-ын байгууллагад эхний жилдээ ажиллаж буй багш, ажилтны мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хуваартай доорхи хавсаргасан файл дээр дарж танилцана уу. 

Үндсэн сургалт

Залуу нас эрч хүчээ төрөлх орон нутагтаа зориулах шиг хүндтэй сайхан зүйл байхгүй

2018-05-17 14:09

Ерөнхий боловсролын сургуульд эхний жилдээ ажиллаж буй захирлуудын мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад хамрагдаж буй Дорноговь аймгийн Айраг сумын ЕБС-ын захирал Н.Насанжаргалтай завсарлагааны үеэр уулзлаа.  

-Багш байх, сургууль удирдах хоёр мэдээж ялгаатай байгаа байх. Таныг харахад эрч хүч, урам зориг мэдрэгдэж байна?    

2010 онд Монгол улсын боловсролын их сургуулийг компьютер англи хэлний багш мэргэжлээр төгссөн. Төрөлх сургуульдаа мэдээлэл зүйн багшаар ажиллаад зургаадахь жилдээ захирал гэдэг хариуцлагатай ажлыг хүлээж авлаа. Анх ажил аваад маш их сандрал, хариуцлагыг мэдэрсэн. Бүх зүйл шинэ, гэртээ ч орох завгүй шахуу л байлаа. Энэ нэг жилийн хугацаанд их зүйлийг сурч, хамт олон маань ч түшиг болж, зааж зөвлөж хэлж байгаад маш их талархдаг. Тэдний минь намайг хүлээн зөвшөөрч байгаа байдал, итгэл үзүүлж байгаа сэтгэл хоёр үнэхээр агуу. Дэмжсэн уур амьсгал сургуулийн хаалгаар орж ирэхэд л үнэртдэг.

Сумын сургуульд хамгийн их тулгамдаж байгаа зүйл юу вэ?

-Багшлах боловсон хүчин. Яг одоо гэхэд бага ангийн багш нэн шаардлагатай байна. Орос хэлний багш маань хүүхэд асрах чөлөөгөө авчихсан. Төрөх үе нь азаар өвлийн урт амралт таараад, хүүхэд нь төрөөд 2 -3 сартай байхад нь гуйж байж ажилд нь орууллаа. Багш маань нялх хүүхэдтэй ч сурч боловсрох хэрэгцээтэй түмний хүүхдүүдийг бодож ажилдаа орсонд тун их талархаж байна. Аймгийн хэмжээнд дуу хөгжим, бага анги, гадаад хэлний багш дутагдалтай байна.

-Гэтэл нийслэлд багшаар төгссөн олон хүн ажилгүй байна гэсэн судалгаа бий.  Таны сумандаа ажиллаж амьдрах шийдвэр тохиолдлын байсан уу,  бодож төлөвлөсөн байсан уу?

-Багш болох миний багийн мөрөөдөл. Бага ангийн Мөнхжаргал багшийгаа анх хараад л ийм багш болно гэж өөртөө хэлсэн юм шиг байгаа юм. Дунд ангид математикийн багш Должин энэ мөрөөдлийг минь бүр бэхжүүлж өгсөн. Арай ухаан суугаад ирсэн үедээ их сургуульд сураад буцаад сумандаа заавал ирнэ, сумандаа сайхан амьдарна гэж бодох болсон. Залуу хүн сурсан мэдсэн зүйл, бас залуу нас, эрч хүчээ төрөлх орон нутагтаа зориулах шиг хүндтэй сайхан зүйл үгүй болов уу. Намайг төгсөхийг сургуулийнхан маань, багш нар маань их хүлээж байсанд бас баярладаг. Оюутан байхдаа маамуулаад сурах хугацаа сунгагдсан болохоор  зун очих бүрд одоо хэзээ төгсөх билээ гээд л асуудаг байсан. Хүмүүсийн хүлээлтийг хөсөр унагаж болохгүй.

Залуу хүний дотор эрч хүч хуйларч байдаг. Тэрийг зөв тийш нь чиглүүлэхгүй, хотын түгжрэл, чимээ шуугиан дунд хий дэмий үрэх харамсалтай санагддаг.  Өөрийнхөө амьдралд ч хэрэгтэй, бусдад ч хэрэгтэйгээ бодож сумандаа сайхан амьдаръя, орон нутаг чинь биднийг алгаа тосон хүлээж байдаг шүү гэдгийг хэлмээр байна.

Намайг ажлын сайхан гараа, сайхан хамт олон угтсан. Цаашид ч Дорноговь аймгийнхаа хөгжлийн төлөө ихийг хийж бүтээнэ гэж зорьж байна.

Танд амжилт хүсье!

Манай портал сайт

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвшөөрөлгүйгээр хуулбарлах, мэдээллийн эх сурвалжийг ашиглахыг хориглоно © 2018